Нийтлэл 02 сарын 11, 2015

Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас илрүүлсэн зөрчлүүд

Өнөөдөр ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Тус газраас хийсэн шалгалтад унасан байгууллагуудыг танилцуулж байна.  

Хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашигласан компаниуд

Эдгээр компани “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн  хүрээнд авсан 44.900.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон байна:

  • “Монос констракшн” ХХК
  • “Монтул” ХХК
  • “Бүрд констракшн” ХХК
  • “Очир ням” ХХК
  • “Мост интернешнл” ХХК
  • “Орд гео” ХХК
  • “Төмөр транс” ХХК"
  • “Таван богд трейд” ХХК
  • “Кью эс си” ХХК
  • “Пума” ХХК
  • “Анимук” ХХК
  • “Мөнгөн балгиа” ХХК
  • “Энх дөлгөөн далай” ХХК
  • “Баялаг говь” ХХК
  • “БОСБД” ХХК
  • “БТТ Инженеринг” ХХК

 

 Ашигт малтмалын газрын “НО”

ШӨХТГ-аас Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Илэрсэн зөрчил

АМГ нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчид өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280,000.00 төгрөгөөр худалдан авсан байх, уг төхөөрөмжийг ашиглан дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийг 500,000.00 /7 хоног/, 2,000,000.00 /1 сар/ төгрөгөөр худалдан авсан байх шаардлагыг тавьдаг байна.

Гэтэл ашигт малтмалын газарт уг төлбөрүүдийг хураан авах эрхийг олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байгаагүй, зөвхөн даргын тушаалаар аж ахуйн нэгжүүдэд хуулиар олгогдсон өргөдөл гаргах эрхийг хязгаарласан байна.

Гарсан шийдвэр:

Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох талаар арга хэмжээ авна.

 

МУИС-д оюутан шилжин суралцахад төлбөр төлөхгүй

 Монгол Улсын их сургуулийн шилжин суралцсан оюутнаас шилжилтийн төлбөр авдаг гэсэн мэдээлэл ШӨХТГ-т удаа дараа ирж, үүний дагуу тус сургуулийг шалгажээ.

Илэрсэн зөрчил:  

Монгол Улсын их сургуулийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаалуудыг гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 оюутнаас хууль бусаар 347,182,000 төгрөг хураан авсан болох нь тогтоогдсон. Уг зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.

Гэтэл шийдвэрийг МУИС-ийн зүгээс эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагч хууль бус шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэргийг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд:

 -ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шилжин суралцах хүсэлт гаргасан нэг оюутнаас 3 сая төгрөг хүртлэх төгрөг авч байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргасан.

 Харин ШӨХТГ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын дагуу уг захиргааны хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэр:

ШӨХТГ-ын байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хууль тогтоомжид нийцсэн

МУИС-ийн захирлын тушаалаар баталсан оюутан шилжүүлэн суралцуулах журмын төлбөртэй холбоотой хэсэг, шилжилтийн төлбөр тогтоох захирлын тушаалыг бүхэлд нь хүчингүй болгохыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг тус тус хууль тогтоомжид нийцсэн гэж хэвээр үлдээжээ.

Харин 241 оюутнаас хууль бусаар авсан 347,182,000 төгрөгийг буцаан олгохыг шаардсан нь ШӨХТГ-ын бүрэн эрхэд  хамаарахгүй тул хохирсон оюутнууд өөрсдөө нэхэмжлэх боломжтой гэж дүгнэсэн байна. Ийнхүү МУИС-д шилжин суралцахад нэмэлт төлбөр төлөхгүй боллоо.

 

Мобиком хэрэглэгчдийн эрхийг зөрчдөг

“Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргажээ.

Илэрсэн зөрчлүүд:  

  1. “Мобиком корпораци” ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг. Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж зөрчсөн.
  2. Хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдлын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд  өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан.
  3. Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход үүнээс хэд дахин илүү байдаг.

Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг “Мобиком корпораци” ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгож хэрэглэгчдийг хохиролгүй болгохоор ажиллаж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon