Нийтлэл 02 сарын 16, 2015

'Хэмнэлттэй цагаан сар' сурвалжлага - Бид 54 тэрбумын бууз иддэг

 

Монгол улсын нийт өрхийн тоо 2013 оны байдлаар 794,090. Үүнээс цагаан сар тэмдэглэх 50-аас дээш насны иргэдийн тоо 417,848 байгаа юм. Эдгээр суурь тоонуудад үндэслэн урт хугацаат даатгалын үйлчилгээний National Life компаниас гаргасан судалгаагаар нийт өрхийн 29.2 хувь буюу 232,137 айл өрх цагаан сар тэмдэглэдэг гэж үзжээ. Нэг айл цагаан сарын баяртаа дунджаар 800 бууз хийдэг гэж тооцвол цагаан сар тэмдэглэх айл өрхийн буузны нийт тоо 185,709,600 болно.  800 ширхэг бууз хийхэд 15 кг мах ордог гэж үзвэл 3,482,055 кг мах  орох тооцоо байна. Нэг хониноос ойролцоогоор 17 кг мах гардаг гэж үзвэл төдий хэмжээний мах 204,826 толгой хоньтой дүйх ажээ. Мөн цагаан сар тэмдэглэх боломжтой нийт айл өрхүүдийн гуравны хоёр нь ууц тавьдаг гэж үзэхэд 154,758 хонь цагаан сарын ширээнд очно. Бууз хийх хонь болон ууцанд тавих хонины тоо нийтдээ 359,694 толгой болох бөгөөд энэ нь  жилийн нийт улсын хонины махны хэрэгцээнийхээ 9,8 хувь болно.  Нэг толгой хонийг дунджаар 150,000 төгрөгөөр үнэлж бодоход 54 тэрбум төгрөгийг цагаан сарын баяраар маханд зарцуулдаг дүн гарч байна. Бууз хийхэд үхрийн мах хэрэглэгддэг ч хонины махнаас хямдгүй тул энэ дүн өснө үү гэхээс буурахгүй.  Зөвхөн маханд өдий зэргийн зардал гаргадаг уламжлалт баяраа эдийн засгийн хүндрэл даамжирч байгаа энэ үед иргэд тэр дундаа залуучуудын дунд хэмнэлттэй тэмдэглэх хандлага үүсэж байна: 

   Э.Хулан:

 

Цагаан сар бол Монголын уламжлалт баяр учраас өргөн дэлгэр тэмдэглэх нь зөв. Гэхдээ цагаан сардаа зарцуулах зардлаа зөв зохицуулах хэрэгтэй гэж бодож байна. Архи дарсаа багасгаж хэмнэлт хийх хэрэгтэй болов уу. Монголчууд маань баяр гэхээр л архи ууж баярладаг. Үүнийг болих нь зөв байх. Мөн цагаан сарыг хэмнэлттэй тэмдэглэхийн тулд манайх энэ жилийн хувьд зөвхөн багачууд хүүхдүүддээ л бэлэг өгье гэж бодож байгаа.

    Н.Дагвадорж:

 

Цагаан сараар ууц тавьж, тавгийн идээ засах нь ёс заншил учраас зөв байх. Гэхдээ бэлэг өгөх бол дэмий гэж боддог. Манайх бол зөвхөн хүүхдүүддээ бэлэг өгдөг. Томчуудад нь бэлэг өгөөд байдаггүй.

   А.Хулан:

Цагаан сараар манайх нэг айлд дунд нь нэг бэлэг өгдөг. Тэр нь амар санагддаг. Хүн бүрт бэлэг өгнө гэхээр хэцүү л дээ. Тэрний оронд гэрт нь хэрэгтэй нэг бэлэг өгөх нь дээр. Цагаан сар яалт ч гүй манай үндэсний баяр учраас хүмүүс нүсэр тэмдэглэж байна. Тэрнээс биш эдийн засгийн ийм хэцүү үед хүндрэлтэй л байна.

  Б.Өнөмөнх:

Цагаан сарыг Монголчууд үндэсний уламжлалт баяр учраас өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тийм ч учраас юм уу зарим нэг зүйлийг хэт задгай болгоод байх шиг. Цагаан сарын бэлэгний хувьд манайх заавал хүн бүрт гэлгүй зөвхөн хүүхэд багачууддаа л хэрэгтэй зүйлсийг нь өгдөг. Сүүлийн жилүүдэд хөгшин залуугүй ууц тавьдаг болсон байна. Азай буурлууд маань л ууц тавьж ширээгээ засвал уламжлалдаа илүү ойртох болов уу? Манайх цагаан сараар хэвийн боовоо өөрсдөө хийж тавгаа засдаг. Энэ нь хэмнэлттэй санагддаг. Ер нь архины хэрэглээгээ л багасгах хэрэгтэй. Цагаан сараар цагаан идээгээ хэрэглэж, ирсэн зочиддоо бэлэглэж байвал зүгээр байх.

    Д.Хорлоо:

Миний бодлоор цагаан сарыг өөрсдийнхөө боломж бололцоонд тааруулаад сүр дуулиан бололгүй тэмдэглэх нь зүйтэй. Өр зээл тавьж тэмдэглэж байхаар боломжиндоо тааруулаад тэмдэглэх хэрэгтэй.  Одоо үед л айлууд бэлгээрээ уралдаад байгаа болохоос намайг бага байхад хоёр ёотон, нэг гавжийн дугуй боов л өгдөг байлаа. Манайх үндэснийхээ үйлдвэрийн хямд хэрнээ дурсгалтай бэлгүүд өгдөг.

  Ш.Лянхуа:

Манайх гэдэг айл ам бүл цөхүүлээ ч ах эгч нарынхаа удмын залгаа өнөр олон дүү нартай. Өвгөн бид хоёр тэтгэвэрийн хөгшчүүд учраас дүү нарыгаа золгохоор ирэхэд хэрэгтэй үгүй нь мэдэхгүй, хямд эд бараа өгөөд байдаггүй. Ууцны оронд чанасан махаа зүсэж тавиад, айл бүрт идээ цагаа, хэвийн боов мөнгөн дэвсгэрттэй хамт өгдөг. Хэмнэлт гаргах гэхээсээ илүү хэр хэмжээндээ, дүү нарынхаа ачлал, өглөг, буянаар сайхан шинэлдэг дээ.

                                                                                                        

 

 

Сэтгэгдэл бичих

    • ххэ
    • 2016-02-21

    хххэ бас л үлдсэн махаар нь бууз хийнэ нэдэг хэцүү л дээ

    • Тэнэг
    • 2015-02-17

    Ууц = 1 бүтэн хонь уу тээ. Бусад махаар нь буузаа хийхгүй юу?

    • уугий
    • 2015-02-17

    хэхэ нээрээ л зардалтай баяр даа.

arrow icon