Нийтлэл 03 сарын 05, 2015

Цементийн импортыг халах “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” Төрийн Гэрэгэ шагнал хүртлээ

             Хөтөлийн “Цемент Шохойн” үйлдвэр Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн Гэрэгэ хүртлээ.

Одоогоос 30 шахам жилийн өмнө жилд 500.000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ашиглалтад орсон. Улмаар хамгийн ихдээ 250-300 мянган тонн цемент нийлүүлдэг байжээ.

Харин өнгөрсөн хавар ашиглалтад орсон шинэ Хөтөлийн “цемент шохойн” үйлдвэрийн тухайд:

  • жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай
  • Байгальд ээлтэй, усны хэрэглээ бага, хорт утаа ялгаруулдаггүй
  • Сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох хуурай аргын технологитой
  • Олон улсын стандартыг хангасан “портланд” цемент үйлдвэрлэдэг

“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” дотоодын эдийн засагт ашиг авчирсан импортыг орлох хэмжээний үйлдвэрлэл болон хөгжиж, импортын цементийг аажмаар шахаж эхэлжээ.

Манай улс жилд 1.5-1.8 сая тонн цемент импортоор авдаг гэсэн тоон үзүүлэлт бий. Энэ нь дотоодын цементийн хэрэгцээний 70-80 орчим хувийг эзэлдэг. 2007-2013 онд ойролцоогоор 450 сая ам.доллар, 2012-2014 онд ойролцоогоор 276.3 сая ам.долларыг импортын цементэд зарцуулжээ. Өнгөрсөн оны эхний хоёр сард нийтдээ 400 вагон цемент ачсан бол энэ жил 123 вагон цемент тээвэрлэсэн байна. Ийнхүү Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн нийт тээвэрлэлтэд цементийн эзлэх хувь 69%-иар багасаж, 80-100 сая ам.долларыг эх орондоо авч үлдэх боломжтой болсон юм. Уг бүтээн байгуулалт нь сүүлийн 30 жилд Монголчууд дангаараа хэрэгжүүлсэн хамгийн том үйлдвэр болжээ.

Тус үйлдвэр дараах бүтээн байгуулалтыг босгохоор төлөвлөж байна:

-  Жилд 1.5 сая тонн шохойн чулуун олборлолт хийх хүчин чадалтай ил уурхайн цогцолбор

-  Жилд 350.0 мянган тонн нүүрс, 1.0 сая тонн цемент тээвэрлэх чадвартай төмөр замын зүтгүүр, ачааны вагоны цогцолбор.

-  Жилд 1.5 сая тонн шохойн чулуу тээвэрлэх авто тээврийн бааз

Түүнчлэн цахилгаан хэрэглээг 45%-иар бууруулж нэг тонн цемент үйлдвэрлэх цахилгааны зарцуулалтыг 180кВт- 100кВт болгох. Үйлдвэрийн хүчин чадлыг 1.0 сая тонноос 2.0 сая тоннд хүргэж нэг цагт үйлдвэрлэдэг цементийг 46тн-108 тн болгох аж. 

Сэтгэгдэл бичих

arrow icon