Нийтлэл 03 сарын 06, 2015

Эрх монгол бүсгүйчүүд

Манай улсад өргөн дэлгэр тэмдэглэдэг олон улсын эмэгтэйчүүдийн баяр дөхөж буйтай холбогдуулаад Форбес Монголиа,  2014 оны 9-р сарын "Хүчирхэг монгол эмэгтэйчүүд" дугаарт хэвлэгдсэн тэмдэглэлээ дахин нийтлэв.  

 

ЭРХ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД

Арлын Японд арван жил эрхэлж амьдарсны эцэст эх орондоо эргэж ирээд жил тойрох нь. Эрхэлж амьдарсан минь уянгын халил биш үнэн түүх юм. Их сургуульд бол япон оюутнууд хичээлийн хажуугаар нойроо хасан хөдөлмөрлөж төлдөг сургалтын төлбөрийг ард олных нь татвараас төлүүлээд эрх дураараа суралцдаг тэтгэлэгт оюутан байлаа. Дэлхийд хүндтэй сургуулийнх нь шошгыг зүүж явахад олонх япон хүн хүндэтгэж, биширч харьцахаас бус хэзээ ч ямар нэг байдлаар ялгаварлаж, гадуурхаж байсангүй. Төгсөөд ч сайхан хамт олонтой, хариуцлагатай ажил хийж хэдэн оныг үдсэний эцэст элэг зүрхнээс уяатай энхрий монгол нутгаа тэмцсэн билээ. Үүнийг сонсоод тэр өндөр хөгжилтэй оронд, тэр тусмаа өөрсдөөс нь ч давуу эрхтэй эрхэлж явсан юм бол шороотой, түгжрэлтэй, хэрүүлтэй, стресстэй Монголдоо хэцүүдэж байж таараа гэх хүн олон гарч мэднэ. Харин ч үгүй!

 Бидний монгол бүсгүйчүүд хэчнээн төгөлдөр сайхан нутаг, эрх тэгш нийгэмд хэчнээн эрх танхил амьдарч байна вэ? Гэр бүлийн хүчирхийлэл, өрх толгойлсон эхчүүд зэрэг олон хэцүү асуудал шийдлээ хүлээж буй нь бодит үнэн. Гэхдээ эдгээр асуудлын олонх нь монгол соёлын уламжлалт хэв шинж бус, харин дотоод гадаад шоокоос үүдэлтэй ядуурал, эрэгтэйчүүдийн хөгжил гэх мэт сүүлийн хорин хэдэн жилийн нийгэм, эдийн засгийн хямралаас үүдсэн дам хэв шинжтэй. Энэ удаа ерөнхий ялгааг харах зорилгоор нийслэл хотын жирийн монгол эмэгтэйн өдөр тутмыг Тоокёогийн бүсгүйтэй харьцуулж үзье. Бүхэл бүтэн хоёр орны сая сая бүсгүйчүүдийн амьдрал, карьерийн нийтлэг хэв маягийг тодорхойлох амаргүй ч жирийн япон бүсгүйгээс жирийн монгол бүсгүй нь эрх танхил, дураараа хэв маягтай амьдарч, ажилладаг нь хөдөлбөргүй үнэн билээ.

 

Амьдрал ийн үргэлжилнэ

Ажил дээр: Бүтэн цагийн ажил хийдэг япон бүсгүй өглөө эртлэн босож пиг хүнтэй метрондоо суугаад ажилдаа ирнэ. Буудлаас хол амьдардаг бол өндөр өсгийт, шилэн тиркотойгоо өртөө хүртэл дугуйдна.Такси маш үнэтэйн дээр дийлэнх япончууд хувийн төсвөө маш сайн хянаж зохицуулдаг тул нарнаар ч, борооноор ч хөлсөө урсгаад, зоонтикоо нэг гараар, дугуйгаа нэг гараар залаад өртөө хүрнэ. Тоокёо шиг том хотод ирэх буцах хоёр талдаа хоёр гурван цаг метронд зогсоогоороо зорчих ч энүүхэнд. Зүүн талын зураг бол өглөөний метронд чихэлдэж яваад буутал шинэ гуталны минь цэцэг унасан байсан "түүхэн" зураг. Гадаад төрхөд ч нарийн нямбай удирдлага хэрэгтэй. 

Шилбээрээ тиркогүй байх, хэт тод задгай хувцаслах, их будах зэрэг бизнес төрхийн алдаа гаргаж болохгүй. Хуучинсаг компани бол ажилдаа ирээд кофе хийх, утасны дуудлага авах гэх мэт аахар шаахар ажилд бүсгүйчүүд гүйнэ. Амжилттай яваа, ажил буцалсан компани тусмаа орой, заримдаа шөнө болтол ажиллана. Ийм компанийн хариуцлагатай ажилтан бүсгүй бол сүүлийн метрондоо гүйж суугаад харимагц, оройтож харьдаг соёлынх нь тусгал, “арчих төдийд нүүрний будаг арилгадаг” Биоре салфеткаар нүүрээ цэвэрлээд унтах бөлгөө. Үүнтэй харьцуулахад Улаанбаатарын карьер бүсгүйчүүд жижигхэн хотдоо цагийн дотор, зарим нь өөрийн унаагаар ажилдаа ирчихнэ. Тэгээд харьцангуй эрт ажлаа тараад хувийн амьдралдаа цаг зарцуулах боломжтой. Заримдаа ажлаа тараад үзвэр үзэж, гоо сайханд орчихно. Ажил амьдралын тэнцвэрээ хадгалах боломжтой, эх хүнийг хүндлэн дээдэлдэг уламжлал бүхий оронд ажил, хүүхдийн аль нэгийг сонгох айхавтар ацан шалаа барагтай бол тулгарахгүй. Тэгж их ажилладаг, цэцэрлэг хүрэлцээгүй Тоокёод бол хүнтэй суусан бүсгүйчүүдийн 70% нь төдийг хүртэл хөгжүүлж ирсэн карьертээ цэг тавьж гэртээ суух, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх замыг сонгохоос өөр аргагүй байдалд хүрдэг. Ийм том салаа замд ирдэг учраас бүсгүйчүүд хүүхэд гаргахаас зайлсхийх болж, төрөлтийн хувь огцом багассан нь япон нийгмийн толгойн өвчин болсон асуудал болсоор удаж буй. 

 

Зургийн тайлбар: өглөө эрт пиг хүнтэй метронд чихэгдээд хаалганд наалдсан бүсгүйг метроны гадна талаас нь авсан зураг. Эх сурвалж: http://karapaia.livedoor.biz/archives/51794996.html 

 

 

Гэрт:  Компанийн ажил ихээс гадна эзэгтэй хүний хувьд ч маш хөдөлмөрч байж, гэр ахуй, үр хүүхдээ төгс авч явдаг соёл хэвшсэн тул гэр бүл, карьерийг зэрэгцүүлэхэд ярвигтай. Эрүүл, тэнцвэртэй хоолтой, дэлхийд хамгийн урт насалдаг үндэстнийг бүтээсэн эзэгтэй нар өглөө эртлэн 5 цагт босож шинэхэн будаа агшааж, мисо шөлөө чанаад өглөөний хоол бэлдэнэ. Хүүхдүүдийнхээ өдрийн хоолонд өнгө ногоо нь алагласан бэнто бэлдэж өгнө. Цэцэрлэгийн зугаалгын хоол гэхэд ээжүүдийн дунд урлагийн гэмээр бяцхан өрсөлдөөн өрнөж, далайн байцааг жижиг жижиг хайчилж нүд чих хийх цаг хүртэл гаргана. Ангийнхаа япон охинд ээжээрээ бэнто бэлдүүлж үзээгүй гэтэл итгэж өгөхгүй, ухаж ойлгохгүй байх жишээтэй. Хүүхдийн шүдний цооролтгүй орон болж чадсан нь ч хүүхдийн шүдийг яаж угаах номтойг яг ёсчлон биелүүлдэг ээжүүдийн гавьяа. Тэд мөн Азидаа угаалгын бодисын хэрэглээгээрээ тэргүүлдэг, эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдалд хэтийдсэн гэмээр ач холбогдол өгдөг улс. Эрчүүд нь харихаа мэдэхгүй ажиллах тул нягт нямбай гэрийн угаалга, тордлогоо бүсгүйчүүдийн ажил болно. Хүүхдүүдээ том болоод ирэхээр цагийн ажил хийж, гэрийн төсөвтөө нэмэрлэнэ. 30 хэм давсан чийгтэй халуунаар ч унадаг дугуйны урд сагсанд нэг үрээ, ард сагсанд бас нэг үрээ хамгаалалтын малгайтай суулгаад мөнөөхөн эрүүл хоолныхоо нарийн ногоо, материалыг цуглуулахаар дугуй унаад гүрийж явах ээжтэй олон таарна. Гэтэл бидний монгол ээжийн хүүхдүүд өглөө талх боорцогхон идээд сургууль цэцэрлэгтээ явцгаадаг. Чамбай эзэгтэй нар байдгийг үгүйсгэж болохгүй ч ерөнхийдөө ээж, эхнэр хүн өглөө эртлэн босож халуун хоол, өдрийн бэнто бэлдэх нь олон нийтийн жаяг болоогүй. Өдгөө өөрийн гэсэн унаа унаад нөхөр нь жолоогоо барьж, эхнэр нь хүүхдээ хөхүүлсэн шиг сууж яваа өрх их олширчээ. Мөн Тоокёод “төвөг удахгүй байх” зарчим хамаатан саданд ч үйлчлэх тул бидэн шиг ажиллах, шоудахдаа аав ээжийн тусламжид сэтгэл амар найдах аргагүй. Миний найз охин 2 ойтой хүүтэйгээ аав ээжийнхээ гэрт түр буцаад, гэр бүл цуцлах шүүх үргэлжилж байхад ээж нь – Би өөрийн амьдралтай, хүүхэд хараад сууж чадахгүй гэснээр яаралтай ажил, байраа олж нүүхэд хүрсэн удаатай. Ийм хатуу байх нь эсрэгээрээ залуу хүнийг эрт биеэ даахад тусалдаг. Найзан дундаа, харьцангуй ямбалаг өрхийн эзэгтэй бид тааваараа сэрж, хамтдаа ажилдаа гарч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох илүү бололцоотой. Хоёулаа ажилладаг гэр бүлд нөхөр нь хуучинсаг сэтгэлгээтэй бол эхнэр хүн ажлаа ч, ахуйгаа ч амжуулах хэрэгтэй болдог. Ийм ачааллыг дааж яваа бүсгүйчүүд ч цөөнгүй харагддаг. Гэхдээ монгол бүсгүйчүүд бид ерөнхийдөө гэр бүл, карьерийн аль нэгийг сонгох хэцүү салаа замд орхигдоогүй ажиллаж амьдарч явна.

 

Зургийн тайлбар: Хоёр хүүхдээ суулгаад хөдлөх гэж буй ээж http://tanukicycle.blog75.fc2.com/blog-entry-665.html

 

 

Амралт, баяр ёслолоор: Японд бол валентины баяраар бүсгүйчүүд шоколад бэлдэж залуудаа өгнө. Тэр байтугай хамт ажилладаг залуустаа “хүндэтгэлийн шоколад” гэгчийг бэлдэж ирээд тойрч явж амсуулна. Харин Монголд харахад охидууд нь нэг нэг сарнай атгачихсан, “даам гараад” явж байх нь олонтоо нүдэнд тусна. Дээр нь нэмээд мартын 8, эх үрсийн баяр, төрсөн өдөр. Ажлынхаа бүсгүйчүүдийг баярлуулах гэж өдөржин шивнэлдэж бэлдэж, цэцэг вино идээ будаагаар баярлуулдаг романтик жентельмэнүүд өөр ямар оронд байна вэ?Өөр ямар орны залуус эгнэж зогсоод ажлын бүсгүйчүүддээ зориулж хоор дуулах сэтгэл гаргах вэ? Нэг өдөр хамт ажилладаг залуу найз охиныхоо төрсөн өдрөөр цайны цагаар торт, бэлэг, цэцэг авч гүйгээд өдрийг тэвдүүхэн өнгөрөөж байна. Тэгээд нэхэн анзаарваас арван жилд найз охиндоо тийн хөл алдан гүйж байсан япон залуу нэгийг ч хараагүй юм. Эрчүүд ядруухан явахад хаа газар адаглаад гудамжинд бүдүүлэг загнах зэргээр эмэгтэйчүүд дам хохирогч болж, элдэв асуудал олширдог. Чадуухан явахдаа харин эмэгтэй хүнд хэрхэн хандах нь улс орон бүр ялгаатай. Янз бүрийн шалтгаанаар зөв төлөвшиж, насанд хүрч чадаагүй зарим хэсгийг эс тооцвол, жирийн монгол эрчүүд маань эмэгтэй хүнийг хүндлэх, хүндлэлээ илэрхийлэх, баярлуулах тийм ч амаргүй, ховор чадварыг эзэмшсэн дэвшилтэт соёлтой нь бидний аз юм.

Зургийн тайлбар: Валентинээр шоклад аваад гайхаж баярлаж (эсвэл тийм дүр үзүүлж) байгаа япон ажилтан. http://okini.calamel.jp/?eid=52

 

Бизнесийн талбарт: Албан тушаал, карьер талбарт ч монголчууд япон бүсгүйчүүдээс хол давуу байр суурьтай. Хэдийгээр дэвшил гарч байгаа ч Япон улс эмэгтэйчүүдийн карьер хөгжлийн түвшнээр хөгжсөн орнууд дундаа сүүл мушгиж явна. Харвардын Бизнес Шүүмжээс хийсэн судалгаагаар 500 глобал корпорацыг харьцуулахад АНУ-д бизнесийн дээд түвшний удирдлагын 20%, Их Британид 16%-ийг, Хятадад 9%-ийг бүсгүйчүүд эзэлж байхад Японд 1% хүрэхтэй үгүйтэй. Миний бие бизнес консалтинг компанид шалгалт өгөх гээд хаалга таттал дан хар костюмтай эрчүүд жирийтэл сууж байгааг хараад цочиж байснаа санадаг юм. Консалтинг үйлчилгээ голдуу дээд түвшний удирдлагатай ажиллах агаад өөрийн багийн баахан харчуул дээр япон компанийн удирдах багийн ахимаг насны эрчүүдийг нэмсэн баахан эсрэг хүйстнүүд дунд нугасны муухай дэгдээхий шиг юм сууж байдаг сан. Харин Монголдоо нэг жил ажилласан хугацаанд удирдах шатны эрчүүдээс илүү эмэгтэйчүүдтэй уулзаж, хамтран ажиллалаа. Надаас залуухан, хоёр, түүнээс ч олон хүүхдээ төрүүлж өсгөхийн хажуугаар баг байгууллага, бизнес удирддаг "барибари“[1] бүсгүйчүүдтэй олон таарч, бизнес соёл,  байр суурийн ялгааг тод мэдэрч явна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан олон улсын хүйсийн ялгааны тухай 2013 оны репортод эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, боломжийн индексээр манай улс алдарт Норвегийг л урдаа оруулж өнгөлсөн байв. Нийт бизнесийн 36% эмэгтэй захиралтай, 52% эзэмшилдээ эмэгтэй гишүүнтэй. Браво!

 

Төгсгөлд нь

Хүн бүрийн туршлага, харах өнцөг өөр ч хоёр орны бүсгүйчүүдийн сул давуу талыг миний нээснээр харьцуулж үзлээ. Япон бүсгүйчүүдээс суралцах зүйл маш их байдгийг анзаарсан гэж найдахын ялдамд эмэгтэй хүнийг эрх тэгш хүндэтгэн үзэж эрхлүүлдэг соёлтой орны бүсгүйчүүд гэдгээрээ бахархаж, эх орноо үнэлдэг байгаасай гэж хүснэ. Ийм орчинд өөрийгөө улам хөгжүүлэх, боломжийг бүрэн ашиглах, эрчүүддээ талархаж харилцан хөгжих, бусад орны бүсгүйчүүдийн сайн зан чанараас суралцах, үр хүүхдээ нэр төртэй өсгөж хүмүүжүүлэхэд хичээвэл аралын Япон төдийгүй Норвеги, Финлянд зэрэг эмэгтэйчүүдэд ээлтэй гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орнуудтай ч эн зэрэгцэх бүрэн боломж бидэнд байгаа. Хайр дааж хариуцлагатай ажиллаж, улам хөгжье, монголын сайхан бүсгүйчүүд ээ

 

 

[1] Эрч хүчтэй, цоглог байдлыг илэрхийлсэн япон үг

 

Сэтгэгдэл бичих

arrow icon