Фельетон: ТѲР ТѲМБИЙВ, ТѲРИЙН ТҮШЭЭД ЁМБОЙВ, ТҮМЭН ОЛОН ЯМБИЙВ

Тѳр тѳмбѳгѳр. Тѳрийн хууль зүй, ард түмний хүсэл зоргонд автахгүй үйлчлэхийг монголчууд тѳр тѳмбѳгѳр гэж хэлдэг. Уг нь ёс ёмбогор, тѳр тѳмбѳгѳр гэдэг нь тѳрийн ёс хувь хүний хүслээр биш, ѳѳрийн хэв хэмжээгээр хэрэгжих ёстой гэсэн утга байж магадгүй юм. Гэтэл ѳнѳѳдрийн тѳр болохоор хэтэрхий тѳмбийж байгаад шийдвэр гаргадаг, тэр нь ард түмний эрх ашигт нийцдэггүй, тэрийгээ бүр ёмбойтол хэрэгжүүлэх гээд зүтгүүлээд, ард түмний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргээд байдаг л болчихоод байна л даа. Дээрх хэлц үгийн гарал үүслийг ч гэсэндээ ѳнгѳцхѳн судлаад үзэхээр манжийн тѳрийн үед л гарсан хэллэг байж магадгүй болоод байгаа юм, судлаачид үнэн мѳний нь гаргана биз ээ! 

Монголын тѳр, ялангуяа сүүлийн үед хэв хэмжээгээ хэтрүүлэн, хэтэрхий их тѳмбийж байгаа. Сая урт нэртэй хуулийг ѳѳрчлѳх тал дээр бол тѳр жинхэнэ тѳмбийлѳѳ. Ард түмний санаа зориг гэвэл, уул уурхай эзэмших гэдгээр энд тэндгүй, цар багатай тарамдсанаас стратегийн ач холбогдолтой, мега тѳслүүдээ эхлээд урагш түлхэн явуулаад ашгаа олъё, туршлагажъя, дэлхийн зах зээлд хѳлѳѳ тавиад авъя, бусдынх нь зѳвшѳѳрлийг түр азная гэсэн мэргэн ухаан байлаа. Тѳр тэр санааг авч хэлэлцсэнгүй тѳмбийлѳѳ. Хэдэн хүн хѳхѳѳ ѳвлийн хүйтнээр ѳлсѳж, цангаж туйван талбайд баахан сууцгаагаад ч нэмэр болсонгүй, тѳр тѳмбийсѳѳр байгаад ѳлсгѳлѳнг зогсоож, ёмбогоруудаараа дамжуулан хүчээр тараав. Ѳлсѳгчдийг тараах тухай тѳрийн институцийн зарлигийг тѳрийн цагдаа нар уншиж танилцуулан ёмбойцгоов. 

Ёмбойх гэдэг нь ѳѳрсдийгѳѳ бусдаас илүү чухал болгон харагдуулахыг хэлдэг. Ѳлссѳн ардууд санаа зоргоо туйлд нь хүргэж чадалгүй ямбийлаа. 

Ямбийх гэдэг нь аливаа хүн, техник цааш явах аргагүй эвдрэхийг хэлнэ. Тэгэхээр тѳр тѳмбийж байгаад ёмбогороороо дамжуулан ард олноо ямбийлгав гэдэг үр дүн гарч байгаа юм. 

Битүүний ѳдѳр УИХ хуралдаж, чамбайхан баяны хармааны мѳнгѳний дайтай ашиг олохын тѳлѳѳ догшин сахиуст Ноён уулаа гайтуулах шийдвэрийг баталж тѳмбийв. Ард түмэнд, амаа барин гаслахаас ѳѳр юу ч үлдсэнгүй. Титэм хууль руугаа довтолж 7 зүйл дээр ѳѳрчлѳлт оруулан тѳр тѳмбийсѳн цаг саяхаан, ѳнѳѳдѳр ард түмэн горыг нь амсаж ланчгийг нь эдэлсээр л явна. Тѳр тэр дордохын долоон ёсоо хүчээр ёмбойлгосоор л байна. Тѳрийн ёмбогоруудад ашигтай байгаа болохоор цаашдаа ч хэсэгтээ ёмбойлгох нь гарцаагүй ээ, маргаад нэмэргүй, бооцоо тавьчихсан ч алдахгүй.

Цахим Ѳртѳѳний том сүлжээгээр ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ нэрийн доор улс орны хѳгжлийн тѳлѳв, уул уурхай, урт нэртэй хуулийн ѳѳрчлѳлтийн талаар ѳргѳн хэлэлцүүлэг явж байна. www.tsahimurtuu.mn Тэндээс зарим санаануудыг эшлэлээ.

  • Нийт ард түмэн эсэргүүцсэн асуудалд УИХ буулт хийх ёстой ( Ч.Дэлгэр)
  • Тавантолгой, Оюутолгой тѳслүүдээ урагш түлхээд тэндээс олсон ашгаараа бусад асуудлуудыг шийдэн...нѳхѳн сэргээлт хийсний дараа, дараагийн уурхай руу орох боломжтой. (Алмас)

Ёс ёмбогор. Тѳрийн ёс зүй ёмбогор байхыг би эсэргүүцээгүй, улс орны хѳгжилд эерэгээр үйлчилж, ард түмний эрх ашгийг хамгаалсан ёс зүй ёмбогор байлгүй яах вээ, яриад байх юм алга. Ард түмний эрх ашигт илт сѳргүү ёс зохиочхоод түүнийгээ байдгаараа ёмбойлгох гээд тэртэй тэргүй ядарч, сульдсаар байгаа ард түмэндээ тулгаад байдаг нь л юуных вэ? Энд л хариу эрээд байна л даа. За, ёс зүй нь бол ёмбогор байхаас яахав гэе, гэтэл ёс зүйг ард олондоо баригчид нь буруу тийшээ ёмбойчихсон харагдаад байдаг нь юуных вэ л гэж. Нэг бол, хуулийн тайлбар, зѳвшѳѳрѳл, дүрэм, журам...нэртэй элдэв дээдийн ёс зүй зохиож ёмбойдог, эсвэл ёс зүй нь зѳв байлаа ч буруу тийш нь гуйвуулж, ард түмэнд түүнээ тулгаж ёмбойдог ийм л юм болчхоод байна л даа. Аа жишээлбэл гэж үү? Жишээ нь, хувийн эмнэлэг үйлчилгээ нээх асуудал дээр аваад үзье л дээ. Монголд хувийн эмнэлэг нээх, ААН болгон баталгаажуулах ёс бол дэндүү ёмбогор юм гэсээн. За яахав, эм хангамжийн 90% нь Оросоос, Орос эмний 60% нь дэлхийн эрүүл мэндийн стандартад багтаж чадаагүй хуудуутай гээд бодохоор эм зүйн нэгж нээх ёс ёмбогор байхаас яах вээ гээд би бол ойлгоод л байгаа юм л даа. Гэтэл тэр эм хангамжид нь хамааралгүй цэвэр эмнэлэг, оношилгоо үйлчилгээний нэгж нээе, татвар юмаа улсад тушаая гээд санал гаргаад 3 жил хѳѳцѳлдѳж яваа гадаадад тѳгссѳн их эмч хүнтэй тааралдаж байлаа. Ёс нь ч яахав ёмбогор л юм байж, тэр ёс баригчид бол арай дэндүү ёмбойчихсон юмнууд биш үү. Гар дээр нь 500 мянгыг ѳгөх ёстой, гэхдээ ганц хүнд биш, комисс гэгчийнх нь гишүүн болгонд шүү. Арай дэндүү ёмбойж байгаа биз дээ! Эх орноо бодоод, юм хийе гээд хүрээд ирсэн залуу сэхээтнүүд, мэргэжилтнүүд иймэрхүү ёмбогор ёсыг, тиймэрхүү ёмбогоруудыг тэвчиж, давж чадах уу, наад зах нь тийм юманд сураагүй залуучуудын хувьд бол жинхэнэ там. Нѳгѳѳ

олуулаа болцгооё, ухаалаг тѳр бүтээн босгоё, мэргэжлийн хүмүүсээ дээш гаргая, жижиг дунд бизнесийг дэмжье...энээ тэрээ гээд уриалаад дуудаад байсан санаачилга ёмбогоруудын гараар ороо л будаа болж байна уу. Нэг нь юм санаачилдаг, ёмбогорууд нь ёмбойж байгаад унагадаг, дараа нь санаачлагчид, манлайлагчид нь худалчаараа дуудуулдаг, энэ бол ѳнѳѳгийн Монголын нийгмийн амьдралын жишиг. 

Манайтай адил тѳстэй замыг туулаад ѳнгѳрсѳн Польш улсад гэхэд л хувийн эмнэлэг нээхэд урьдчилсан материалаа интернетээр бүрдүүлээд ѳгчихдѳг, газар дээр нь ѳргѳдѳл ѳгснѳѳс хойш ганцхан цагийн дотор л зѳвшѳѳрлѳѳ авчихдаг юм билээ. Бусад орнуудад ч гэсэндээ тодорхой хэмжээний ХО хийх, ашигтай ажиллах гэсэн баталгаа гаргуулж аваад л бусад асуудлыг сонирхдог ч үгүй, май гээд л зѳвшѳѳрѳл ѳгнѳ, бушуухан татвараа авахаа л бодно.  Манайд болохоор тѳрийн ёс хэрэгжүүлэгч ёмбогоруудын хүнд суртал, хувийн сонирхлоос үүссэн бѳѳн гацаа.  Цаад утгаараа бол хүн татвар тѳльеѳ гээд байхад үгүй ээ гээд буцаагаад байгаа ч юм шиг. ГАЦАА бол газар сайгүй дээ, нэлэнхүйд, хамгийн их дэлгэрсэн хаалтын механизм гэвэл энэ л байна. Ёмбогорууд нь татвар хаагаад байхаар тѳсѳв нь шүүр шанага шиг цоорхой, далан долоон нѳхѳѳстэй байхаас ч ѳѳрцгүй л юм даа.Саяхан даа, малын хѳлийн татварын асуудлаар тѳр маань жинхэнэ тѳмбийж ард түмнийхээ нэг хэсгийн татвар тѳлѳх эрхийг нь хааж орхив. Цѳѳхүүлээ ч гэсэн нэг хэсгийнхээ татвар тѳлѳх эрхийг нь хуулиар хорьчхоод байгаа нь хүний эрх зѳрчсѳн ноцтой асуудал юм. Энэ дѳнгийг одоо салгах болсон гээд шийдлийн гэх чамин нэртэй Засгийн газар малын хѳлийн татвар ногдуулж, санг тѳвлѳрүүлэхгүй орон нутагт нь үлдээе гэсэн хуулийн тѳсѳл УИХ-д оруулахад нь, МАН-ын хэдэн хуучинсаг үзэлтнүүд 16 оны ѳмнѳ хѳдѳѳгийн малчдад дандаа сайхан харагдах ёстой гэдэг ганцхан үндэслэлээр татгалзаж, хэчнээн олон мэргэжилтэн, судлаачид эрдэмтдийн хийсэн үзэл баримтлал, нѳр их хѳдѳлмѳрийг хэдхэн нам дагасан ёмбогор түшмэлүүд санаа нэгдэн унагаж орхив. Ийнхүү малчдад, малын хѳлийн татвар ногдуулахгүй гэдэг тѳмбѳгѳр хууль баталж орхив. МАН-ыхан болохоор, малчид аа, бид та нарыг татвараас чѳлѳѳлѳхийн тулд улайран тэмцэж үр дүнд хүрлээ гэсэн хэлэх үгтэй болоод авав. Тэд юу хийчихсэнээ мэдэж байгаа юм болов уу, ингэхэд. Малчин Яримпил гуайн үгийг сонсъё!

Улс орны маань тѳсвийн мѳнгѳ татвараас бүрддэг гэдгийг малчид бид сайн ойлгодог, ойлгосоор ч ирсэн. Бид ѳнѳѳдѳр алийгаа алдчихаагүй байна. Татвараас чѳлѳѳлѳѳд ѳгѳѳч гэж нэг ширхэг ч малчин хэлээгүй, тийм санал гаргаагүй. Мал маань ѳсч малын 9 цагаан буянаар бид ч боломжийн амьжиргаатай боллоо. Энэ буянаасаа бид тѳлдѳг татварыгнь тѳлѳѳд нэр бүтэн байя гэсэн бодолтой явдаг. Энийгээ сум орон нутагт олон удаа илэрхийлсэн. Саяхан байхаа энийг хэлэлцлээ гэж сонсоод ашгүй дээ, ард түмнээсээ ичиж явдаг юмнаасаа одоо л нэг салах нь энэ үү гэтэл УИХ баталсангүй. Би нутагтаа нэр нүүртэй хүн, биднийг хотын ах дүү нарын ѳмнѳ, Монголын ард түмний ѳмнѳ нүдний булай болголоо, тэр хүмүүс дахиж манай нутгаас сонгогдох бүү хэл энүүгээр битгий үзэгдээрэй гэж хэлье. Хотынхон биднийг нийгмийн даатгал гэж мэддэггүй, татвар тѳлдѳггүй хагас зэрлэг хүмүүс гэцгээдэг. Бид ичиж байна. Мах цагаан идээ чинь юун ѳндѳр үнэтэй юм, татвар тѳлдѳггүй байж гэж загнадаг, бид санаа зовж байна. Хотынхны ингэж хэлэх нь ч зѳв, бид иргэнийхээ үүргийг биелүүлж амьдармаар байна, эсвэл бид чинь иргэн биш юм уу. Хот орохоос ч жийрхдэг боллоо. Биднийг улс орны ажлаас ялгаварлаж хандсанд гомдоцгоож байна.( малчин Яримпилыхан) Малчдын яриаг сонсоод эвгүй юм бодогдохгүй байна гэж үү, ёмбогорууд аа!

За тэр, СѲХ гэж ард түмний айхдаа алдаршуулчихсан тун ёмбогор институц нэг байна аа, тѳрийн ч юм уу ТББ ч юм уу бүү мэд, ямартай ч олон түмний үүсгэл санаачилгын байгууллага л лавтайяа биш. Дондогдуламын хойт дүр хэмээх улс тѳрч нэгэн эмэгтэй тэр байгууллагыг толгойлдог юм гэсэн. СѲХ-д татвар тѳлөхийг албадсан маш ёмбогор журам байдаг бололтой. Бид юуны учир СѲХ-д татвар тѳлѳх ёстой билээ гэсэн оршин суугчдын асуулт ёс ёмбогороо гэсэн ганцхан хариулттай.

Ёс барьсан ёмбогоруудаас болж, иргэд ажил амьдралаараа хохирох нь энүүхэнд. Хэд алхаа л ёмбогор, тэр болгонд гацаатай. Гар харна, улаан цайм нэхнэ. Иргэн хүнд, албан үүргийнхээ хүрээнд үйлчилснээ их юм болгож, зѳндѳѳ хүн аргаллаа, одоо тэднийг хооллохгүй бол болохгүй гэж татаас нэхнэ, иргэн болохоор тэгэлгүй яахав, ажил бүтээсэн юм чинь гээд гаргаад ѳгчихнѳ. Ер нь далд орлогын хэрэгжих механизм нарийн бѳгѳѳд урлагтай. Татаасаа авахдаа зүгээр л нүдээрээ нэхчих нь тэр. Багш нар Дондогийн эцэг эхийг сургуулийн захирал дээр дуудуулан мууг нь тоочин бүлтгэнүүлнэ, зѳрүүлээд нүдээрээ мѳнгѳ нэхнэ. Татаасыг нь ѳгчихѳѳр Дондог шиг мундаг сурагч сургууль даяар эрээд ч олдохгүй болоод явчихна. Ёс ёмбойгоод л байдаг, хүмүүсийн ухамсар ямбийгаад л байдаг, яалтай ч билээ дээ.

Ёмбогор зангаасаа болж ѳѳрийхѳѳ амьдралыг сүйтгэх нь ч зѳндѳѳ гэнэ. Тѳрд ороод удаагүй, тѳдийлэн мѳнгѳ хуримтлуулж амжаагүй нэг ёмбогор, сумынхаа 90 жилд очихын тулд, нутгийнхандаа их л чухал персон болж харагдан ёмбоодохын тулд,  3 ѳрѳѳ байраа заран шинэ LEX авч унаад, үнэтэй хѳѳрѳг ѳвѳртлѳн нутгийн зүг эхнэр хүүхдээ суулган баясгалантай нь аргагүй гарч ѳгчээ. Ой дуусаад буцахдаа хаана амьдрах ёмбогор юм болоо тэр. 

Засгийн газрын 38-00 дугаартай лантгар хар LEX унасан Чимэдрэгзэн гэл үү нэг ёмбогор нѳхѳр үнэмлэхгүй жолоочоор тэргээ бариулчхаад, цагдаа шалгахаар пээдэгнэн гарч ирээд галзууртлаа ёмбойж, ийм машин унаж яваа хүнтэй чи муу чацага юу ярих гээд байгаа юм бээ гэж чарлаж байгааг нэтээс үзээд цочих шиг болов. За арай л байна даа, хурган ёмбогор.

Хүүхдийн асуудалд тѳр арай л хэтэрхий ёмбойж байна даа. Цагаан сүүний ургамлууд ѳнѳѳдѳр цагийн эрхэнд ойчиж үнэ цэнээ алдаж гүйцлээ. Монголчууд бид ийм арилчихсан дотортой хүмүүс үү гэж асуумаар.

Ѳнгѳн хѳрс нь ч зѳѳлрѳѳгүй цэвдэг дээгүүр морь уралдуулж Дүнжингарав ч гэнэ үү сүртэй нэр лого хийж тѳрийн хэдхээн тооны ёмбогорууд нялх үрсийн хувь заяагаар наадаж байна. Зѳвхѳн Сухбаатар аймгийн ѳвлийн ганцхан уралдаанаар 24 хүүхэд мориноос унасан гэнэ. Жилдээ 700 хүүхэд мориноос унагаж, хэдэн арваар нь ертѳнцѳѳс халиаж, амьдралыг нь зольж байна. Морины ад дон шүглэсэн хэдэн ёмбогорууд, ѳѳрсдийгѳѳ наадуулсны тѳлбѳрт нялх үрсийн амийг зольж байна аа л гэж харагдаж байна. Уламжлал гэж ёмбойцгоох юм, уламжлалдаа хайртай хүмүүс ээ, гэрээ бариад аргалаа түлээд суух уламжлал бас байгаа шүү дээ. Ард түмэн дургүйцээд байхад, тэдний эсрэг үйлдэл хийж ёмбойдог тѳрчдийг ѳѳрсдий нь морь унуулан ѳвлийн жавар сѳргүүлэн давхиулж гэсгээх юмсан, саахалтын газар ч туулахгүй уйлан дуулах байлгүй дээ, чааваас.

Угаас харгис хүмүүс хариугүй л юмнууд байдаг ш дээ. Бид чинь ингэхэд хэддүгээр зуунд амьдраад байна аа, ёмбогорууд аа!

Эрдэнэт ГОК-д цэвэрлэгчээр ажилд ороход 5 сая, эгнээний ажилчнаар ороход 15 саяыг ёмбогоруудад тѳлѳх далд тарифтай. Тѳрийн дээд зиндааны ёмбогорууд нь бол энийг мэдэхгүй биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа л даа. Мэдсээр байж арга хэмжээ авдаггүйн учир нь гэвэл тэд ѳѳрсдѳѳ сайд, дэд, ТНБД болоход бас л албан сандлын тѳлѳѳсѳнд тусгай тарифаар ѳглѳг барьц тѳлдѳг, тэрийгээ намаа дэмжих гэж хѳѳрхѳн нэрлээд нуучихдагт л байгаа юм. Ийм л нэг ёмбогор ёс Монголын нийгмийн амьдралд салахын аргагүй хадагджээ. Ойр зуурын л жишээ дурдахад нэг иймэрхүү, уншигчид бол бүр олныг хэлэх нь дамжиггүй. Соцын үед арын хаалга гэдэг байлаа, гэхдээ ийм улаан цагаандаа гарсан ёмбогор юм байгаагүй санагдана. Оросуудад, сэтгэхүйн ѳвчнѳѳр оношлуулж, антидипрессант тариа шахуулан насан ѳѳд болсон буурал дарга нэг удаа, энэ арын хаалга гээд байгаа нь ах дүү танил талынхаа ажлыг бүтээж ѳхийг л хэлээд байна аа даа гэсэн юм гэдэг. Ямартай ч гар хүндрүүлж ажил бүтээх механизмд, буурал даргын аргаар хандаж болохооргүй болчихсон байна аа л гэдгийг хэлье!

Макро тѳвшиндѳѳ ч их гацаатай. Экспортын тѳмѳр замыг 7 жил гацааж их боломжийг алдуулж ёмбойцгоосон. Оюутолгойг гацаасан. Одоо Тавантолгойг гацаах гээд их оролдож байх шив. Хуучин тээврийн сайд байсан нэг ёмбогор, 51%ыг нь монголчууд эзэмших ёстой, тѳмѳр замаа монголчууд барих ёстой...гэх мэтээр ёмбоодов. Тэр 51%-ын дүрмийн сан бүрдүүлэх хѳрѳнгѳ нь Монголд байгаа л юм байлгүй дээ. Байхгүй бол гаднаас зээлж болох, гэтэл нѳгѳѳ ѳрийн тааз нь цоорчихно биз дээ. Ийнхүү чѳтгѳрийн тойрог үүсгэн гацаачихаж байна. Энэ гацаах мэргэжилтэй хүмүүсийн ашигладаг ганцхан механизм байдаг юм шиг байна, тэр нь тѳрийн хууль тѳмбѳгѳртүүний хэрэгжилт ёмбогороо гээд л уургын морь шиг ухраад суучих. Ард түмний нийтлэг эрх ашгийн тѳлѳѳ эргээд нэг харчхаж болдоггүй тийм л чухал, тѳмбийсэн хууль, дүрэм журам байдаг юм байлгүй дээ. Тэртэй тэргүй мѳдхѳн хүн тѳрѳлхтѳн хэрэглэхээ больчих гээд байгаа нүүрсийг одоо юуг нь харамладаг байна аа, ингээд бодохоор заримыг нь бол, олон юм яриад  ёмбойж байгаа аман дээр нь ямбийтал алгадчихмаар санагдахын, даанч гэсгээлгийн тийм механизм байхгүй нь харамсалтай. Тѳрийн ёсоор гул барин, хувийн сонирхлоо гүйцэлдүүлэхийг урьтал болгодог, ард түмний нийтлэг эрхийг гацаасан ёмбогоруудыг ямбийтал алгадаж болно гэсэн хуулийн тѳсѳл хэн нэгэн санаачилбал би хувьдаа халуун баяр хүргэмээр байна. Бас ѳѳрийн сайн мэдэх хэдэн ёмбогорт ёмбойн шанаа ѳгмѳѳр байна.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%