Нийтлэл 03 сарын 09, 2015

Бизнес философи - Үнэнч зан нь хайр болон эв эеийг авчирна

Бид өмнө нь домогт бизнесмэн, Киосэра корпорацийн ерөнхийлөгч Инамори Казүогийн "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номоос түүний алдарт  амжилтад хүргэх тэгшитгэлийн тухай тайлбар, асуулт хариултыг хүргэсэн.  Энэ удаа мөн номын "Үнэнч Зан" бүлгийн удиртгал, асуулт хариултын хэсгээс хүргэж байна.

 

Үнэнч зан нь хайр болон эв эеийг авчирна

Бизнесийн арилжаа наймааг явуулахад худалдагч, худалдан авагч байх ёстой. Амжилттай арилжаа гэдэг нь хоёр тал хоёул сэтгэл хангалуун үлдэхийг хэлнэ. Үнэнч зан нь энэхүү хоёр талын сэтгэл хангалуун байдлыг үүсгэх үндэс болдог.

Хамтран ажиллагчаа сэтгэл хангалуун байлгая. Нэг тал нь хожиж, нөгөө тал нь хүндийг үүрч байдаг харилцаа урт хугацааны бизнесийн амжилтад хүргэдэггүй. Амжилтад хүрэх удирдагч үнэнч зан хийгээд харилцагч хүндээ санаа тавих замаар эе эвийг бий болгож чаддаг байх ёстой.

Бизнест амжилт олохын тулд тамирчнаас ч илүү дайчин чанар шаардагдана. Гэхдээ бизнесмэн гэдэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй агаад сэтгэлийнхээ гүнд үнэнч зан, санаа тавих сэтгэл хийгээд зөөлөн чанартай байх нь чухал. Дасгалжуулагч тэмцээнд ялахын тулд багийн тамирчин тус бүрийг бүх хүчээ шавхахыг шаарддаг шиг лидер ч гэсэн үнэнч шулуун аргаар багаа ялалтад хөтлөх ёстой. Гэхдээ спортын тэмцээн шиг ялагч, ялагдагчийг тодорхойлох бус, бизнесийн ялалт нь эе эвийг бий болгодог байх хэрэгтэй.

 

 

АСУУЛТ ХАРИУЛТ  Үнэнч зангийн тухай

Асуулт: Яагаад үнэнч зан лидерт тавих гол шалгуур болдог юм бэ?

Инамори: Үнэнч зан нь итгэлийг, итгэл нь хүндлэлийг төрүүлдэг. Тэгээд хүндлэл нь группыг хөтлөн удирдах боломжийг бий болгодог. Бид хүндлэл хүлээх гэдгийг зөвхөн багшийн ажилтай хүмүүст хамааралтай мэтээр ойлгох хандлагатай байдаг. Хүндлэл олж авах нь бизнес эрхэлж буй хүнд ч хэрэгтэй гэдэг хачирхалтай сонсогдож мэдэх. Гэвч олон хүнийг удирдаж, хүн тус бүрийн чадварыг нээн гаргаж, өсгөн хөгжүүлье гэвэл лидер хүн ажилтнуудынхаа хүндэтгэлийг хүлээсэн байх шаардлагатай. Лидерт үнэнч зан, санаа тавих сэтгэл байхгүй бол харилцан итгэлцэл, хүндлэл төрдөггүй юм.

Асуулт: Үйлчлэгчээсээ итгэл төдийгүй хүндэтгэлийг олж авах хэрэгтэй гэдэг нь юуны тулд вэ?

Инамори: Хүндлэл, итгэл хоёр яахын аргагүй нягт холбоотой. Гэхдээ илт ялгаатай ойлголт. Итгэл бол худалдаа наймаанд салшгүй холбоотой үндсэн нөхцөл. Харин хүндлэл бол илүү дээд төвшний ойлголт бөгөөд түүнийг олж авах туйлын бэрх.

Үйлчлэгчээсээ хүндлэл олж авбал бидний санал хүсэлтийг тэд сонсож эхэлдэг. Одоо шаардлагатай байгаа зүйлээ захиалах төдий бус, үйлчлүүлэгч өөрийнхөө төлөвлөж буй ирээдүйн шинэ бүтээгдэхүүний тухай зөвлөн ярьдаг болно. Жишээлбэл, сэлбэг үйлдвэрлэдэг нэгэн компани байна гэж бодъё. Хэрэв эндхийн үйлчлүүлэгч нь тус компанийг чин сэтгэлээсээ хүндэлдэг бол өөрийн компани нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр боллоо гэхэд, бүр анхны зураг төслийн үеэс эхлэн зөвлөн ярилцах биз ээ. Зураг төслийн үе шатнаас нь эхлэн оролцох дизайн инээр (design-in) дамжин тус компанийн бүтээгдэхүүн нь шинэ бүтээгдэхүүнд ашиглагдах амлалтыг олж, энэхүү сэлбэг үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүн нь шинэ бүтээгдэхүүнд ашиглагдах амлалтыг олж, энэхүү сэлбэг үйлдвэрлэдэг компанийн ирээдүй ч гэсэн “дизайн инчлэгдэнэ” гэсэн үг. Энэ нь үйлчлүүлэгч тус сэлбэг үйлдвэрлэдэг компанийн мэргэжлийн өндөр чадвар, хувь нэмэр, хамгаас чухал нь удирдагчийнх нь хүн чанарыг хүндэтгэж буйн үр дүн юм.

Асуулт: Өчүүхэн сайны жишээ хэлж өгнө үү?

Инамори: IBM-ийг үндэслэгч Томас Уатсон “Өвгөн ба нүүдлийн шувууд”-ын тухай яриаг ажилчдадаа  ярьж өгдөг байсан юм.

Нэг өвгөн дулаан орон руу нүүдэллэж буй шувууд замдаа бууж амардаг нуурын эрэг дээр амьдарч байж л дээ. Нэг жил их хүйтэрч, шувууд идэх хоолгүй болж гэнэ. Өвгөн тэднийг өрөвдөн өдөр бүр хооллодог болжээ. Чингээд жил бүр нууранд ирдэг шувууд нэмэгдсээр байж гэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам шувууд нүүдэллэхээ байж, жилийн турш өвгөний өгөөмөр сэтгэлд түшиглэн амьдрах болов. Гэтэл нэгэн өвөл өвгөн нас баржээ. Үүний уршгаар өөрсдөө хоол хайж чадахаа больсон хэдэн зуун шувуу өлбөрч үхсэн гэдэг.    Өвгөний энэ өгөөмөр сэтгэл өчүүхэн сайны жишээ мөн. Том сайн байсан бол цөөхөн шувууг өлсгөлөнгөөс  аврах гэсэн сэтгэлд хөтлөгдөж, олон шувууг үхүүлэхгүй байв.  

Асуулт: Том сайн гэдэг гэр бүлээ гаргуунд гаргах юм биш үү?

Инамори: Мэдээж хэрэг гэр бүлийнхний маань чин сэтгэлийн дэмжлэг байгаагүй бол өнөөдрийн энэ ажлыг би хийж хүчрэхгүй байсан билээ. Би ажлын төлөө гэр бүлээ гаргууд гаргахыг сайшаахгүй. Гэхдээ компанийн удирдагч ажилчид төдийгүй тэдний гэр бүлийнхний өмнө ч хариуцлага хүлээдэг.

Хажуу айлын аав орой таван цагт харьж ирээд хүүхдүүдтэйгээ тоглож байхад би шөнө дөл болтол ажилладаг байсан учир хүүхдүүд маань надад гомдолдог байв. Цалингаараа амьдардаг жирийн ажилтан байсан бол тогтсон цагт харьж, гэр бүлдээ цаг гаргаж болох боловч компани толгойлж буй хүний хувьд гэр бүл гэдэг үүнээс шал өөр юм.

Компанийн захирал өөрийнхөө хүүхэд төдийгүй ажилтнуудынхаа, тэдний гэр бүлийнхний эцэг бөгөөд энэ том гэр бүлийн санаа амар аж төрөх нөхцлийг хангахын тулд өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Тиймээс хамт тоглон наадаж чадахгүй байгаа учраа хүүхдүүддээ тайлбарлан хэлж өгөх хэрэгтэй. Хүүхэд балчир байхдаа үүнийг сайн ойлгохгүй байж болох ч том болсон хойноо аавынхаа энэхүү их хайрыг (том сайн) ойлгох болно.   

 

Сэтгэгдэл бичих

arrow icon