Нийтлэл 03 сарын 12, 2015

Үндсэн хуулийн цэц – Шүүхийн тухай хуулиас Үндсэн хууль зөрчсөн заалтыг түдгэлзүүллээ

Өчигдөр Үндсэн хуулийн цэцэд дунд суудлын хуралдаан боллоо. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагчаар: Баянзүрх дүүргийн 16-р хорооны иргэн О.Баясгалан, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд оршин суух Г.Нацагдорж нар оролцлоо. 

Маргаан үүссэн асуудлын үндэслэл:

Монгол улсын Их хурал 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Шүүхийн тухай хууль баталсан. Ингэхдээ тус хуулийн 17-р зүйлийн 3-р хэсгийн 1 дэх хэсэгт "Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргаж" байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн 50-р зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 51-р зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Мөн Улсын Дээд шүүхийг төлөөлөх эрхийг аль нэг танхимын 5 шүүгч эдлэхгүй бөгөөд хуулийн албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар гаргаж байх нь Үндсэн хуульд нийцнэ хэмээн мэдээлэл гаргагчид үзсэн байна. 

Дээрх үндэслэлээр Үндсэн хуулийн цэц дараах бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан юм.

Хуралдааны бүрэлдэхүүн:

  • Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа,
  • гишүүдээр Н.Жанцан, Д.Наранчимэг, П.Очирбат, Д.Солонго

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт: 

  • Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр ба Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томъёолж, улмаар Улсын дээд шүүхээс хэргийн болон хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн байгаа тул Улсын дээд шүүхээс зөвхөн хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн үзэл баримтлал хийгээд зохицуулалтад үл нийцжээ гэжээ.
  • Мөн Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн хуулийн нэг мөр, албан ёсны тайлбар болгох журмыг тусгайлан зохицуулаагүйгээс Улсын дээд шүүхээс агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй болж, Улсын дээд шүүхийн 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн байна гэв.
  • Ийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 50-р зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 51-р зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн хэмээн үзэж, дээрх заалтыг  2015 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon