Тусгаар тогтнол эх хэлнээс хамаардаг уу

Хэдийгээр миний бие хэл шинжлэлийн мэргэжилтэн биш боловч Монгол хэлний хууль батлагдсантай холбогдуулан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөж байгаа энэ үед улс орныхоо нөхцөл байдлыг өөр нэг төсөөтэй түүхтэй харьцуулан, санал бодлоо та бүхэнтэй хуваалцаж байна.

 XVIII зууны эхээр Шотланд, Англи хоёр улс нэгдсэнээр өнөөгийн Их Британи улс байгуулагдсан ба үүнээс өмнөхөн Уэлсийг нэгтгэсэн байжээ. Үүний дараа бараг зуун жилийн хойно Умард Ирландын вант улсыг нэгтгэснээр Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант байгуулагджээ. Хожим улсынхаа нэрийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс болгон байрыг нь сольж өөрчилсөн

явдал тохиолдлын зүйл биш болов уу. Вант улс нэгдэх үйл явц огтхон ч амар хялбар байгаагүй, олон удаагийн бослого тэмцэл зуун дамнан үргэлжилсэн бөгөөд ялангуяа нэг арал дээр зэрэгцэн оршиж байсан Шотландыг нэгтгэх хамгийн бэрх байжээ. Үүнд тухайн үед де факто оршин тогтнож байсан Шотланд европын хүчирхэг улсуудын нэг Францтай сайн харилцаж байсан нь ч нөлөөлсөн бололтой.

Эдгээр нэгдсэн улсуудаас Умард Ирланд, Шотланд хоёр бие даасан вант улс байх үедээ Gaelic (Gàidhlig) гэх өөрийн хэлтэй байсан аж. Тэдний хэл англи хэлнээс тэс ондоо байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Вант улс болж нэгдсэний дараа нэгдсэн улсын албан ёсны хэлийг Англи хэл хэмээн сонгосноор Gaelic хэлний хэрэглээ буурчээ. Зөвхөн Шотландын жишээнээс үзэхэд өнөөдөр хүн амын ердөө 1.1% нь буюу алслагдсан уулархаг, намгархаг бүсэд амьдардаг иргэд тус хэлийг мэддэг боловч хэрэглээ нь улам буурсаар байна.

Их Британид зөвхөн Gaelic хэлээр ярьдаг англи хэл мэддэггүй хүний тоог 1971 онд 477 гэж тоолоод түүнээс хойш тоог нь гаргаагүй байх жишээтэй. Мөхөж буй энэ хэлийг мэддэг хүмүүсийн тоо нас баралтын үзүүлэлттэй зэрэгцэн цөөрч байгаагаас харвал нэмж хүн сурдаггүй, мэддэг нь орчлонгийн мөнх бусыг үзүүлж байгаа гэдэг учир шалтгаанаар Gaelic хэл үхэж байна гэж хэлэхэд нэг их хэтрүүлэг болохгүй болов уу. 1872 онд Шотландын парламент тус хэлийг албан ёсоор сургалтын хөтөлбөрөөс хассан бөгөөд сургуулийн орчинд ярихыг ч хориглож байжээ. Gaelic хэлийг халж, англи хэл зонхилох болсноор уугуул иргэдэд мэдээлэл хурдан хүрэх боломж нэмэгдэж, улмаар Англи Шотландын харилцаанд гүнзгий өөрчлөлт гарах үндсэн шалтгаан болсон төдийгүй нэгдэх үйл явцад эерэгээр нөлөөлж, суртал ухуулга явуулах боломж нэмэгдсэн гэж зарим судлаачид тэмдэглэдэг.

Өнөөдөр Шотландад өдөр тутам хэрэглэгддэг олон үг Gaelic хэлнээс гаралтай боловч ихэнх хүн уг үгийн үндсэн утга, гарлын талаар мэддэггүйгээс гадна латин үсгээр хэрхэн галиглаж бичихийг ч мэдэхгүй байх тохиолдол ажиглагддаг. Учир нь тухайн үгийг анхны галигаар бичвэл ойлгох хүн өнөөдөр бараг байхгүй болсон. Англи дуудлагад нь тулгуурлан галиглаж бичихээр үгийн үндэс, утга санааг мэдэх аргагүй болсон. Тиймээс хожмоо Gaelic хэлийг судлах, сэргээх чиглэлээр Шотландын парламент арга хэмжээ авч эхэлсний дүнд 2005 онд холбогдох хууль баталсан байдаг. (Gaelic Language Act, Scottish Parliament, 21 April 2005)). Мөн Гласгоуд 2006 онд бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт Gaelic хэлийг багтаасан сургууль нээгдсэн зэрэг нь Англи хэлний Gaelic гаралтай үгсийг судлахад шаардлагатай гэдгийг хожуу ч гэлээ ухаарсны илрэл юм.

 Олон зүйл нуршихгүйгээр уншигч та бүхэнд гурван асуултыг нээлттэй үлдээгээд өөрийн бодлыг хуваалцъя.

 

Хэл яагаад үхдэг вэ? Энэ нь бичгээс хамаардаг уу? 

Хэл үхдэг хамгийн гол шалтгаан нь тухайн хэлээр ярьдаг хүмүүс хэлээ хэр мэддэг вэ гэдгээс ихээхэн хамаардаг. Ялангуяа эх хэлний мэдлэг нь онч цэгцтэй юу, хэл бичгээ зааж буй сургалтын систем нь бат бэх үү сул замбараагүй юу, хойч үедээ хэрхэн өвлүүлж байгаа вэ зэрэг нь чухал асуулт болдог. 

Хэл хэрэглээнд байгаа цагт өөрөө хөгжиж баяжиж байх ёстой. Нэгэнт л хүмүүс хэрэглэж байгаа хойно хөгжил дэвшил, шинжлэх ухааны ололт, технологийн өөрчлөлтийг дагаад шинэ ойлголт бий болсноор шинэ үг шаардаж байх нь ойлгомжтой. Хэрэв өөрчлөлтүүдийг даруй мэдэрч, шинээр бий болсон ойлголт, тодорхойлолтод нийцсэн үгийн эрэл хайгуул хийж, шинэ үг бүтээхгүй аваас гадаад үг тэр чигээрээ импортлогдож, харь үг хэрэглэгдэх нь дамжиггүй. Хэрэв эх хэлнийхээ сангаас тухайн ойлголтод нийцсэн үгийг олж баяжуулж чадаж байвал тэр нь хэлний мэдлэгийн санд орж баяждаг.

Технологийн эрин зуунд шинэ ойлголт тодорхойлолт ихээр бий болж байхад  өнгөрсөн хорь гаруй жил монгол хэлэнд энэ чиглэлээр тодорхой зорилт тавьж ажиллаагүйгээс харь хэлний үг шууд хэрэглэгдэх явдал нэлээд газар авсан болов уу гэж бодож байна. Энэ нь яваандаа Монгол хэл дээр мэдлэг хуримтлагдах явдалд сөргөөр нөлөөлж хүмүүс эх хэлээ хоцрогдож байгаа мэтээр төсөөлөх шалтгаан болж байгаа болов уу.

Үүнээс гадна

аль ч хэлэнд бичиг гэдэг бол дуудлага, ярианы хэллэгээс хамаарахгүйгээр үгийн үндсэн утга санаа, гарлыг гэрчилж байдаг маш чухал хэрэглэгдэхүүн. Европын ихэнх хэлэнд үгийн утга санааг сайн мэдэхгүй хүн Латин эсвэл Грек үгээс утгыг нь хайж болдгоос гадна үгийн сангаа баяжуулахдаа ч дээрх хоёр хэл рүү хандах нь түгээмэл байдаг юм шиг санагддаг. Бичгийн хэлэнд тухайн хэлний амин сүнс нь хадгалагдаж явдаг, чухам ийм учраас л бичгийн хэлийг зүйрлэшгүй үнэт өв хэмээн үздэг болов уу.  

Миний хувьд бидний түгээмэл хэрэглэдэг гадаад үгсийг Монгол хэлэнд хэрхэн буулгаж болох талаар хэл шинжлэлийн эрдэмтэдтэй хэдэнтээ уулзсан туршлагадаа тулгуурлан, гэхдээ Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэхээс зайлсхийж хэлэхэд Монгол хэл маань Латин, Грек хэлнээс дутахгүй арвин баялаг ажээ гэсэн итгэл үнэмшилтэй болсон билээ.

 

Хэл тусгаар тогтнолтой холбоотой байдаг уу

Өнгөрсөн онд Шотланд Их Британиас салж тусгаар улс болох талаар санал асуулга явуулсан ч 55.3% нь татгалзсанаар энэ асуудал дахин хэдэн жил сөхөгдөхгүй болж байх шиг байна. Гэхдээ тусгаар тогтнох эсэхийг өнөөдөр ихэнх хүмүүс эдийн засгийн үүднээс тайлбарлаж байгаа ч миний бодлоор хамгийн чухал нь энэ улсын өнөөгийн амьдралд Англиас ялгарах өөрийн гэх онцлог маш бага үлдсэнтэй холбоотой.

Эртний клануудын тухай домог, баатарлаг түүх, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлээр (бид Шотландын тухай “Хатан зоригт” Braveheart киногоор дамжуулан мэдлэгтэй болсон) энэ улсын түүх арвин. Гэсэн ч тусгаар тогтнолын агуулгатай анхны баримт бичгүүдийн нэгд тооцогддог “The Declaration of Arboath,1320”-ийг бичиж байсан энэ ард түмэн өнөөдөр Их Британийн нэг хэсэг бөгөөд нэг хэсэг нь үүнтэй эвлэрч хүлээн зөвшөөрч нөгөө хэсэг нь тусгаар тогтнолоо олж авах гэж тэмцэж байвч хэл сэтгэхүйгээр дамждаг өөрсдийн гэх онцлог нь улам бүдгэрсээр авай.

 

Хэл нь улс үндэстний онцлог мөн үү

Хэл нь сэтгэлгээний охь булаг болохын хувьд тухайн улс үндэстнийг бусдаас ялгах хамгийн том зүйл. Аливаа ард түмний соёл, уламжлал хэл үгүйгээр оршин тогтнох аргагүй мэт.

Даяаршлын үйл явц үндэстэн дамнасан корпорацуудыг төрүүлж,  дэлхий нийтийг англи хэл рүү түлхэж байна. Бид ч энэ түрлэгээс хоцрох учиргүй, англи хэлийг сайтар сурах ёстой. Даяаршил хоол хүнс, хувцас хунараас эхлээд амьдралын хэв маягийг ижилсүүлж байна.

Хотжилт, технологи, нийгмийн бүлгүүд, хандлага тэр бүү хэл хүний хөдөлгөөн хүртэл адил болж байна. Хөгжлийн дээд эрэмбэд хүрчихсэн улс орнуудын үндэстэн дамнасан компаниуд дэлхий нийтэд ижил хоол хүнс, ижил хэрэглээ, ижил мэдээллийг санал болгож, улс орнууд олон улсын дэг журмаар удирдуулах хандлагатай болж олон улсын эрх зүйн систем бэхжиж байна. Нөгөө талаас хүмүүс ч бас шинэ зүйлсийг эрэлхийлж, шинэ соёл, шинэ амьдралын хэв маягийн эрэлд гарч байгаа хэдий ч өөрийгөө хэн гэдгийг ойлгох нь чухал гэдгийг ухаарч байна. Аялал жуулчлал, зугаа цэнгээн цэцэглэсэн үед Лас Вэгас босож байсан бол өнөөдөр Арабын орнуудын барьж байгаа шилэн байшин хүн төрөлхтний сонирхлыг татахаа улам бүр больж байна.

Монголчууд бидэнд өөрийн гэх юм бүхэн бий. Үндэсний онцлог, хэл, соёл, уламжлал, сэтгэлгээ цөм бүрэн. Гагц бид үүнийгээ хайрлаж, хамгаалж, хөгжүүлж, залгамжлуулж чадаж байна уу, үүний тулд бид юуг хийж чадах вэ гэдэг талаар бодох учиртайсан.

Монгол хэлийг бид залгамжлуулах уу гэдэг төрөөс үлэмж хамаатай. Казакстан хүүхэд бүртээ нэгдүгээр ангиас нь гадаад хэл үзүүлж байгаа нь бидэнд төдийлөн чухал биш болов уу.

УИХ-ын гишүүн М.Батчимэг нар санаачлан Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьснаар уг хууль энэ оны хоёрдугаар сараас мөрдөгдөж эхэлж байна. Ямартай ч Монголын төр эх хэлээ анхаарч авч үлдэх гэж хичээж байна. Хэлний амин сүнсийг агуулж, үгийн язгуур утгыг хадгалж байдаг бичгийн хэлээ сэргээн хэрэглэх зорилт тавьж байна. Зарим хүн үүнийг эсэргүүцэж байгаа нь хуулийг бүрэн ойлгож уншаагүй, эсхүл язгуур хэлний ач холбогдлыг бүрэн таниагүйтэй холбоотой болов уу.

Миний бодлоор хууль гаргаад зогсохгүй эх хэлний хэрэглээг дээшлүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай санагддаг. 

Юуны өмнө эх хэл дээрх мэдлэгийн санг арвижуулахад анхаарах.  Үүнийг зөвхөн ном зохиол орчуулах зэргээр хязгаарлахгүй байх, ялангуяа шинжлэх ухааны болон нийгэм, эдийн засгийн амьдралд өдөр тутам хэрэглэгдэж байгаа ойлголт тодорхойлолтыг эх хэлнээ буулгахад анхаарах;

Түүнчлэн Монгол хэл дээрх бүтээлийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч эрдэм шинжилгээний бүтээл, хэвлэмэл материал, хүүхдийн утга зохиолд тавих хэл зүйн шаардлагаа дээшлүүлэх;

Төрийн бус хүрээнд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбооноос үг хэллэг, ойлголт тодорхойлолт, хэл зүйн шаардлагыг гишүүн байгууллага, сэтгүүлчдэд шаардлага тавьдаг болж олон нийтийн өмнө үүрэг хүлээсэн институт гэдгээ харуулах зэрэг ажлыг хамтраад хийчхэд юу нь болохгүй гэж.  Мөн залуус, хүүхдүүдэд хамгийн их хүрч байгаа орчуулгын ном, киноны орчуулгад махчлан орчуулах явдал ихэссэнээс хүүхдүүдийн хэл ярианд хэрэглэгдэж байгааг цэгцлэхэд ч холбогдох төрийн бус байгууллагууд анхаарах шаардлагатай болж байна.

Дээрх гурван асуултад хариулсан миний хариулт уншигч таны санал бодолтой нийцэхгүй байж болох ч та дээрх асуултуудад өөрийн өнцгөөс хариулах гэж оролдоорой гэж хүсэх байна.

 

Мөнхжаргалын Чимэддорж

2015 оны 3-р сарын 16

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4878

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%