Нийтлэл 03 сарын 16, 2015

Ганжуур Данжуур бол шинжлэх ухаан

Өнгөрсөн, өдгөө, ирээдүй гурван цагийн хэлхээст эрин зууныг дамнан хүн төрөлхтөнийг тэтгэж буй эх ундарга нь мэдлэг ухаан юм. Тэрхүү далай ухааны санд зүй ёсоор хамаарах Ганжуур, Данжуур нь дорно дахин төдийгүй дэлхий дахины мэдлэг ухааны их нэвтэрхий толь гэдэгт маргах хүн үгүй бизээ. Учир нь хүн төрөлхтний оюуны санааны үнэт чанарыг гүн танин мэдэх, хүн байгалийн шүтэлцээ, гараг эрхисийн холбоо хамаарал зэргийг нарийн судлахад буддын онол сургаалыг сөхөж үзэх шаардлага зүй ёсоор тулгарч буй бөгөөд тэрхүү онолын чуулбар нь Ганжуур, Данжуур мөн. Энд Ганжуур Данжуурын утга агуулгын тухай тойм өгүүлье.

ГАНЖУУР, ДАНЖУУР

Бурханы шашин бараг 3000 жилийн тэртээгээс, эртний Энэтхэгийн их хаан Шүдходанагийн хөвүүн болон элдэв гайхамшиг үзэгдэл билгийг үзүүлэн мэндэлсэн Сиддихарта хамаг амьтныг зовлон зүдгүүрээс нь ангижруулахын төлөө хэцүү бэрх хатуужлыг үйлдэн бясалгал оюуны хүчээр хэрхэн гэгээрэлд хүрч болдгийг өөрөө биечлэн үзүүлж Бурханы хутгийг олон гэгээрсэн, мөн хамаг амьтанд гэгээрэх боломж буйг баталж тэрээр ном зааж номын хүрдийг гурвантаа эргүүлсэн, гэгээрэхүйд зорин буй хуврагийн аймгийг байгуулсан зэрэг эрдэм үйлсээс улбаалан Бурханы шашин хэмээн нэрлэгдэн өдгөө цаг үед хүрч ирсэн байна.

Бурханы шашин нь судар тарнийн нэгэн нэгнээ үл гээхийн хос ёсоор гэгээрэлд хүрдэг. Тэдгээр ёсыг илүү дутуугүй бүрэн агуулсан сургаал нь Ганжуур Данжуур юм.

Ганжуур хэмээх нь:

Бурхан багшийн аман зарлигийн чуулганыг Ганжуур буюу Зарлигийн орчуулга хэмээн нэрлэдэг. Энэрэн нигүүлсэхүй сэтгэлээр суурилж, учир шалтгаан, шүтэн барилдлагын үүднээс юмс үзэгдэл, сансар хорвоогийн мөн чанарыг танин мэдэж гэгээрэх тухай онол сургаалыг Ананд тэргүүтэй шавь нар нь эмхтгэсэн.

Ганжуур нь винайн аймаг, судрын аймаг, авхидармын аймаг хэмээх гурван сав аймгийн 1260 гаруй нэр төрлийн номыг багтаасан их хөлгөн судар. Ёс суртахууны хэм хэмжээний тухай өгүүлсэн сургаалыг винайн, сэтгэл санааны хөгжлийн тухай өгүүлсэн номыг судрын, танин мэдэхүйн ухааны чиглэлийг авхидармын аймаг хэмээн ангилж судалдаг.

Данжуур хэмээх нь:

Бурхан багшийн аман зарлиг Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан бүтээлийг Данжуур буюу Шашдарын орчуулга хэмээн нэрлэдэг. Данжуур нь буддын арван ухааны 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан их хөлгөн судар юм.

Маш энгийнээр хэлбэл Ганжуур, Данжуур бол хүний гар харахгүйгээр биеэ дааж зөв амьдрах ухааны сан хөмрөг юм. Ингэхдээ нэн тэргүүн хүмүүжил, мэдлэг чадвар, эрдэм ухаан тэргүүтнээр хүн өөрийгөө төгс төгөлдөр боловсруулах явдал чухал гэдгийг онцлон дурдсан байдаг. Ёс зүйт иргэн, эрх зүйт нийгмийн үзэл санаа, үнэт зүйлс, суурь зарчмын үндсэн онолууд ч Ганжуур, Данжуурт бий. Өөрөөр хэлбэл хувь хүний зөв хөгжилд суурилан зүй зохист нийгмийг цогцлоох тухай сургаал хэмээн ойлгож болох юм.

Хэдийгээр Ганжуур Данжуур нь бурхан шашны суурь онол бүхий нэвтэрхий толь боловч үндсэндээ шинжлэх ухааны үүднээс юмс үзэгдлийн шинж чанар харилцан холбоог судалдаг шинжлэх ухааны цогц бүтээл билээ. Техник технологийн өндөр дэвшилд хүрсэн өнөө үед ямар нэгэн зүйлийг лаборторийн суурь судалгаа нотолгоогоор баталгаажуулан хэрэглээнд оруулдаг ба Ганжуур Данжуурын доторх онол нотолгоогоор суурилсан шинжлэх ухаанлаг нарийн ухагдахуунуудыг орчин үеийн шинжлэх ухааны нарийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар дахин задлан шинжлэх нь нэн чухал байна. Учир нь Ганжуур Данжуур нь агуулгын хувьд их бага 10 ухаанд багтах бөгөөд эдгээрийг орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулбал дараах байдлаар утга дүйнэ.


Дээрх хүснэгтээр жишиж үзүүлсэн 10 ухаан нь Ганжуур Данжуурын дотор Судар болон Дандар гэсэн үндсэн хэсэгт хуваагдан судлагддаг.  Ганжуур Данжуурыг орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулах шаардлагатай эсэх нь доорх жишээнээс тодрох буй за.

Монгол Ганжуурын эхний 25 боть болон түүний тайлбар Монгол Данжуурын эхний 85 боть нь Дандарын аймаг хэмээгддэг бөгөөд энэ нь Хими, Биологи, Математик, Физик, Сансар судлал, Газар зүй, Барилга архитектор ба Дэлхий ертөнцийн зүй тогтол, бодис элементийн шинж чанар, тэдгээрийг урвалд орсноор үүсэх нөхцөл шалтгааныг судалдаг бөгөөд түүнийг сэтгэл оюуны бясалгалтай уялдуулан төгс танин мэддэг нь орчин цагийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээтэй яв цав нийцэх аж. Хэрхэн нийцэх тухайд жишээ өгүүлбэл алдарт химич Менделевийн үелэх системийг хүн болгон мэдэх ба энэ систем үндсэн 108 нүхт хүснэгтээс бүтдэг. Үүний 106 нь буюу 106 бодис нь хүн төрөлхтөнд нээгдсэн байдаг билээ. Тэгэхээр цаашид мөн 2 элемент нээгдэх ёстой гэдгийг шинжлэх ухааны эрдэмтэд нотлон судалдаг.

Тэгвэл Дандарын аймгийн бодисын тухай онолоор бол бодисууд нь үндсэндээ 108 шинж чанарт хуваагддаг ба эдгээр нь хоорондоо урвалд орон харилцан хамааралдсанаар эд, эс, бодисуудыг бүрдүүлдэг хэмээн айлдсан байдаг тул алдарт химич Менделевийн үелэх системийн нээгдээгүй үлдсэн хоёр элементийг Ганжуур Данжуурын дотроос мэдэж авах магадлалтай юм.  Мөн их хөлгөн сударт хүн, амьтны биеийн бүтэц тэдгээрийн ялгаа, махбод эд эрхтэний шинж чанар зэрэг биологийн судалгаа нэн өндөр түвшинд гардаг. Түүнчлэн Ганжуур Данжуурт хот мандал байгуулалт хэмээх бүхэл бүтэн бүлэг гардаг. Энэ нь орчин цагийн барилга архитекторын төгс шийдлээр бүтээн байгуулалтыг хүн байгалийн шүтэн барилдах зүй тогтолд тохируулан өндөр түвшинд гүйцэтгэснээр хүн төрөлхтөн бие сэтгэлийн тааламжийг мэдрэн урт удаан амьдрах хөгжлийн онолыг “хот мандал” байгуулах хэмээхээр үлгэрчлэн үзүүлсэн байдаг билээ (Монгол Данжуурын 3-р боть).

Буддын Үйлийн үрийн тухай сургаал нь квант физикийн онол болон таталцлын хуультай нийцдэг. Мөн эрдэмтэд буддын өндөр түвшний бясалгалын арга техникийг өнөө үед шинжлэх ухаанд гол байр суурь эзэлж буй синергетик философи арга зүйгээр тайлбарлаж, тэр нь ч тодорхой амжилт олж байна. Хүнийг сэтгэл зүйн зөв хандлага, уян хатан чанар, оюунлаг боловсон хүн болгон төлөвшүүлэх Буддын сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тухай онол нь боловсролын системд чухал ахиц дэвшил гаргаж байна. Мөн үүнээс гадна хүмүүний өдөр тутам амьдрал ахуйн мөрдлөгө болгох зүйл өдий төдий олон бий.Тиймээс Ганжуур, Данжуур нь хүн төрөлхтөний мэдлэг оюуны боловсрол, улс орны хөгжил, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, улмаар шинжлэх ухааны шинэ шинэ нээлт хийж амьдрал нэвтрүүлэхэд чухал онол, өөрөөр хэлбэл эх сурвалж мөн юм.

 М.Мэндбаяр

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-08-30

    hehe. Bible bol jinhene shinjleh uhaan gej yarij bsan baruunii seheeten law sonsooguin bna. shashin medlegee yalgaj salgahaa ch bailaa. balarlaa shuu

arrow icon