ШОК ЭМЧИЛГЭЭ: Неолиберализм Монголд ирсэн нь (2)

Нэгдүгээр хэсгийг энд дарж уншина уу.

Гадаад худалдааны либералчлал: Гадаад худалдааны хэмжээ болон тариф дээрх бүхий л хязгаарлалтуудыг нэг амьсгаагаар үгүй хийв. Гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгийн урсгал ч мөн чөлөөтэй болов. Үүний үр дүнд дотоодын үйлдвэрүүд гаднын том корпорацуудад зах зээлээ алдав. Барууны орнууд аж үйлдвэржилтийнхээ эхэн үед өргөн хэрэглэж байсан худалдааны протекционист бодлогыг энэ үед хэрэгжүүлж, зах зээлээ хамгаалсан бол үндэсний үйлдвэрүүддээ технологийн шинэчлэл хийх боломжийг олгох байсан юм. Гэтэл гадаад худалдааг ийнхүү чөлөөлснөөр өрсөлдөх чадвар муутай хүнд үе дээрээ  байсан үндэсний аж үйлдвэрээ нухчин нураах бодлого болж хувирсан байна.Энэ үеэс эхлэн Оросын ДНБ арван жилийн турш 40-50 хувь буурсан аж.Зөвхөн ДНБ буураад ч зогсохгүй ядуурал ихсэж, орлого багатай өрхийн орлого улам буурсан байна.Нөөцийн төвлөрсөн төлөвлөлт болон хуваарилалтын системийг устгах ажил ийнхүү цогцоор явагдаж дууссанаар Оросын эдийн засаг, аж үйлдвэр сууриараа гүн хямралд оров.

“Шок эмчилгээ”-гээр эхэлсэн шилжилтийн хүнд үед сая сая орос хүн дайн, гэмт хэргийн золиос болж, эсвэл ядуурал, архидалт, өвчнөөр амиа алдсан баримт байдаг. 1998 он гэхэд Оросын хөдөө аж ахуйн жижиг үйлдвэрийн газруудын 80 гаруй хувь нь дампуурч, 70 гаруй мянган үйлдвэрийн газрууд хаалгаа барьжээ.

Эдгээрт ажиллаж байсан хүмүүс ажилгүйчүүдийн эгнээг өргөжүүлсэн нь тодорхой. 1989 он буюу “Шок эмчилгээ”  эхлэхээс өмнө 2.0 сая орчим хүн ядуу байсан бол  

1990 оны дунд үе буюу “Шок эмчилгээ”-ний ид үед энэ тоо 74 сая хүрч,72 сая хүнийг наймхан жилийн дотор ядуучуудын эгнээнд шилжүүлсэн байна. Аж үйлдвэр нэгэнт нурсан тул ажилгүйдэл, ядуурлыг дараа дараагийн жилүүдэд ч гэсэн шийдэх боломж хомс байсан. 2006 он гэхэд орон гэргүй “гудамжны”  хүүхдүүдийн тоог Засгийн газраас 715.000 гэж байсан ч “UNICEF” 3.5 сая гэж тооцоолсон байдаг. Архидалт, нийгмийн халдварт өвчин, амиа хорлолт, нас баралт зэрэг үзүүлэлтүүдийг жагсаавал  мөн л толгой эргэм аймшигтай тоо гардаг. Хүн амын тоо 19992-2006 онды хооронд 6,6 саяар буурсан ганц л тоог дурдахад хангалттай болов уу.

2003 онд Герман, Америкийн эдийн засгийн түүхч, социологич Андре Гундер Франк Милтон Фридманд нээлттэй захидал илгээж “Эдийн засгийн аргаар ард түмнүүдийн аллага хийсэн” хэмээн буруутгасан байдаг. Энэ үгийг Оросын ард түмэн өнөөдөр ч гэсэн хэлсээр л байгаа.

1999 оны 12-р сарын 31-нд Ельцин төрийн эрхийг Владимир Путинд шилжүүлэхдээ Пиночетээс үлгэр авч өөртөө дархлаа тогтоож авчээ. В.Путиний Ерөнхийлөгч болоод гаргасан анхны зарлиг нь Ельцинийг эрүүгийн хэрэгт татахыг хориглосон хууль байлаа.

 

Оросоос бид ямар сургамж авч болох вэ? 

Польшид хэрэгжүүлсэн үзүүлэнгийн “Шок эмчилгээ”-ний цаад зорилго бол Орос орныг нураах байв.


Горбачев нийгэм эдийн засгийн сүйрлээс болгоомжилж наад зах нь 5-10 жилийн хугацаанд алгуур шилжихийг зорьж байв. Улс төрийн хачирхалтай сценариар неолиберал бодлогыг баримтлагч Ельцин гарч ирэн “шок эмчилгээ”-г эхлүүлсэн. Барууныхан Орост  “шок эмчилгээ” хийх цаад зорилго нь коммунизм дахин босч ирэхээс болгоомжлон “Blitzkrieg” зарчмаар коммунист гүрний хуучин эдийн засгийн бүх бүтцүүдийг устгаж, бүрэн ажиллагаагүй болгох явдал байв. “Шок эмчилгээ”-ний замыг сонгосон дараагийн нэг, гэхдээ төдийлэн үндэслэл муутай  шалтгаан бол алгуур шилжилт амжилт олох эсэх нь хаа ч туршигдаагүй тул хэт эрсдэлтэй гэж үзсэн гэх таамаглал байдаг. Орос орон олон зовлон зүдгүүрийг арваад жил туулсны дараагаар Путин засгийн эрхэнд гарч цоо шинэ бодлого явуулж эхэлсэн билээ.

“Шок эмчилгээ” эдийн засгийг сууриар нь эвдсэн: Орост хийгдсэн “Шок эмчилгээ” Польшийхтой ижил зүйл олонтой байгааг уншигч та анзаарсан байх. Эмчилгээний жор яг адил, зөвлөхүүд хэвээр, харин нийгэм, эдийн засагт нь  үзүүлсэн хор уршиг асар их.

Учир нь энэхүү жорыг Польшийн жишээн дээр амжилттай хэрэгжүүлж үзүүлэх зорилготой байсан тул “шок” арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ асар их санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь эдийн засгийг нь сэргээх “эмчилгээ” болсон юм.Харин Оросын тохиолдолд нэгэнт зорьсон зорилгодоо хүрч, өөрийн бодлогоо тулгаж чадсан тул санхүүгийн дэмжлэг үзүүлээд байх шаардлага байсангүй. Ингээд Орос орон неолиберализмд жинхэнэ утгаараа нэрвэгдэв. Үнийн либералчлал, импортын татвар тэглэлт, өргөн хүрээтэй хувьчлалтай хослоод дотоодын зах зээлийг ямар ч хамгаалалтгүй болгон, дотоодын аж үйлдвэрийг сууриар нь эвдэж, улсын томоохон үйлдвэрийн газрууд хэдхэн олигарх болон гаднын том корпорацуудын гарт төвлөрснөөр Орос орны баялаг гадагш урсах үүд хаалга нээгдсэн юм.

“Шок эмчилгээ” нийгмийн суурь бүтцийг эвдсэн: Эдийн засаг, аж үйлдвэрийн уналтыг дагаад гэмт хэрэг, авилга, ядуурал, ажилгүйдэл, архидалт, хар тамхи зэрэг үзүүлэлтүүд урьд хожид байгаагүй гамшгийн хэмжээнд хүрч, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарууд хөсөр хаягдсан. Улс орны баялаг цөөхөн хэдхэн хүний гарт төвлөрч, нийгмийг баян олигарх шинэ оросууд ба ядуучууд гэсэн хоёр туйлд хуваав.Орос орон неолиберализмын хавханд тарчилж байх энэ үеэр монголчууд бид социализмаас капитализмд хэрхэн шилжсэн бэ?

 

МОНГОЛ: “Шок эмчилгээ”-эмчилгээ үгүй шок

1991 оны Давосын эдийн засгийн форум. Жеффри Сакс Ельциний зөвлөхөөр ажиллаж байх үед нэгэн монгол залуу түүнтэй уулзаж, Саксын “Шок эмчилгээ”-ний тухай Харвардын их сургуульд байхдаа уншсанаа хэлж, Монголд ирэхийг урьснаар үйл явдал өрнөв.

 Монголд “шок эмчилгээ” хэрэгтэй байсан уу?

Бүр 1980-аад оны дундаас ЗХУ-д Горбачев ардчилал, ил тод байдал, өөрчлөлт шинэчлэлт, чөлөөт эдийн засгийн тухай ярьж эхэлсэн нь цоо шинэ эрин үе эхэлж буйн дохио байв. Социалист блок, тэр дундаа Зүүн Европ, Польшид өрнөж буй үйл явцыг монголчууд анхааралтай ажиглан, өөрчлөлт шинэчлэлийг эрхбиш эхлүүлээд байсан үе. 1989 онд болсон МАХН-ын XIX Их хурлаар ирэх таван жилийн дотор улс төр, эдийн засгаа шинэчлэх тухай хэлэлцэж, улс төрийн хүрээнд шийдвэр гарав. Харин энэхүү шинэчлэлийн процесс удаан байгаа нь олон нийтийн  бухимдлыг төрүүлж, яваандаа 1990 оны гуравдугаар сард Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход хүргэлээ.

Гэсэн хэдий ч дөрөвхөн сарын дараа болсон

анхны чөлөөт сонгуулиар МАХН олонхийн санал авч ялсан нь ард түмэн итгэл үзүүлсэн хэвээр байгаагийн нотолгоо болсон юм. Харин МАХН ардчилсан хүчнийхнийг хамтран засаг барихыг урьж, МАХН-МоАН-МҮДН-ын “Эвслийн засгийн газар”-ыг эмхлэн байгууллаа. МАХН-аас Дашийн Бямбасүрэн Ерөнхий сайдаар, МоАН-аас Даваадоржийн Ганболд Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар сонгогдон ажиллалаа.

Засгийн газраа ч яахав, эвсээд байгуулчихдаг юм байж. Харин одоо улс орон хаашаа явах билээ? Эдийн засгаа хэрхэн яаж босгох вэ? Капиталист эдийн засгийн харилцаа буюу зах зээлийн эдийн засгийг гайхамшигтай хөгжилд хүрэх зам гэж таамаглахаас цаашгүй байлаа. Онолыг нь бүдэг бадаг гадарлахаас жинхэнэ цаад агуулгыг нь тэмтэрч, капиталист хөрсөн дээр гишгэж үзсэн нь үнэндээ байсангүй.

Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн хариуцлагатай бөгөөд эгзэгтэй хүнд үе ирээд байлаа. Шилжилтийг ул суурьтай, алхам алхмаар, аажуу хийх, эсвэл нэг шөнийн дотор “шок” хэлбэрээр, ямар ч бэлтгэлгүй, яаруу цочир хийх хоёр сонголт байснаас неолиберал бодлогын хамгийн радикал хэлбэр болох “шок эмчилгээ”-г нь сонгов. Польш, Оросын жишээн дээрээс “Шок эмчилгээ”-г гаднаас дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл болгон тулгасныг бид харсан. 

Харин Монгол Улсын тохиолдолд Орост зориулсан жороор эдийн засгаа “эмчлэх” ямар хэрэг байсан юм бол гэдэг нь сонирхол татаж байна. Энэ асуултад ганц далайлтаар хариулах боломжгүй бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлыг нарийн шинжлэх шаардлагатай. Цагаан дээр хараар бичигдсэнээс харахад ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагаас тухайн үед өгсөн бодлогын зөвлөмж бол “Шок эмчилгээ”-г нэн даруй хийх байлаа. Иймээс Монгол Улсад “Шок эмчилгээ”-ний замыг сонгосон гурван шалтгааны хамгийн эхнийх нь олон улсын байгууллагууд “Шок эмчилгээ”-г хэрэгжүүлэх бодлогын зөвлөмж өгч, хариуд нь санхүүгийн дэмжлэг, зээл тусламж өгөх горьдлого төрүүлж байсан байна. Олон улсын байгууллагуудаас зээл тусламж аваад түүгээрээ эдийн засгаа босгоод ирнэ гэж найдсан нь талаар болжээ. Соц блокийг эвдэхэд ашиглах үлгэр жишээ болгож харуулах зорилгоор Польшид л их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болохоос Орос орныг бол элгээр нь л хэвтүүлэх зорилготой байсан тул туслаагүй шүү дээ.

Хоёр дахь шалтгаан нь бидэнд өөрийн гэсэн онол, бодлого боловсруулах чадавх бүрэлдээгүй байсан тул хуучин соц орнуудын туршлагыг хуулах нь хамгийн эрсдэл багатай арга зам гэж үзсэн байж болно. Бид одоо болтол сайн туршлагыг нь хуулчхаар “том ах”ыг хайсан хэвээрээ л байгаа шүү дээ. Скандинав, Сингапур, Чили, саяхан хүртэл Саудын Арабад дуурайчихмаар юм юу байна гэж дэвэн дэлхийгээр хайсаар л.

Гурав дахь хамгийн монголжуу шалтгаан бол “Шок эмчилгээ”-ний жоронд өргөн хүрээтэй хувьчлал багтаж байсан нь эрх мэдэлтнүүдэд хувьчлалаас оногдох хэсэг хамгийн амттай, сонирхолтой нь байсан байх. Үнэхээр ч томоохон үйлдвэрийн газруудыг хувьчилж авсан эзэд бол тухайн үед албан тушаал, эрх мэдэлд ойр байсан хүмүүс л байдаг.

Эвслийн засгийн газар ч ажилдаа шуурхай орж эдийн засгийг шинэчлэх хөтөлбөрийг өргөн хүрээтэй өмч хувьчлал, валютын ханш, үнийг чөлөөлөх болон гадаад худалдааг чөлөөлөх бодлого гэсэн чиглэлүүдээр бүгдийг нэг амьсгаагаар хэрэгжүүлж эхлэв.Улс орны эдийн засгийн тогтолцоог тэр чигээр нь өөрчлөхийн тулд наад зах нь  хууль эрх зүйн орчин, байгууллага бүтцүүд, цаашилбал ард түмний сэтгэлгээ, амьдралын хэвшил, үнэт зүйлс, моралийн дүрмүүд бүгд шинэ систем, шинэ тоглоомын дүрмийг хүлээн авахад бэлтгэгдсэн байх ёстой. Гэтэл энэ бүхнийг үл тоомсорлон яаруу сандруу, хамгийн харгис радикал замыг сонгосон нь эдийн засаг, аж үйлдвэр, нийгмийг сууриар нь гүн цочролд оруулан эвдэв.

 

“Шок эмчилгээ” эхлэв

Үнийг огцом либералчлах шок:

1991 оны нэгдүгээр сарын 15-нд Засгийн газрын 20-р тогтоол батлагдсанаар төгрөгийн ханшийг нэг шөнийн дотор хоёр дахин унагав.1991 оноос өмнө Үнэ стандартчиллын улсын хорооноос тогтоож, дэлхийн зах зээл дээрх үнэ болон үйлдвэрлэлийн өртгийн зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлж иржээ.20-р тогтоолоор үнийг чөлөөлөх “цочир эмчилгээ” эхэлснээр бүх бараа бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үнийн либералчлалд хамруулан, үлдсэн 40 хувийн үнийг хоёр дахин өсгөв. Ийнхүү төрөөс үнийг нь хянах бараа бүтээгдэхүүний нэр төрөл 220 байсныг 35 болгож цөөлсний дотор импортын 10 нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байлаа.

Төрийн албан хаагч болон төрийн өмчит компанийн ажилтнуудын цалин, тэтгэвэр тэтгэмж болон татварыг хоёр дахин нэмэгдүүлэв. Иргэдийн банкин дахь хадгаламжийг хоёр дахин нэмэгдүүлсэн ч энэхүү арга хэмжээний үр дүнд бэлэн мөнгөний худалдан авах чадвар хоёр дахин буурч, урьдчилан мэдэгдэлгүйгээр авсан энэхүү цочир арга хэмжээ нь ихэнх иргэдийн хувьд шок болсон.

1991 оны VI сар гэхэд нефтийн бүтээгдэхүүний үнэ дөрөв дахин өсч, улсын зохицуулалтад байсан 35 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 1991 оны IX сар гэхэд 17 нэр төрөл л төсвийн татаасаар зохицуулагдаж байв. Энэхүү үнийг либералчлах процесс тасралтгүй үргэлжилсээр 1992 оны жилийн инфляц 325.5 хувьд хүрч, үүний дотор хүнсний бүтээгдэхүүний жилийн үнийн өсөлт 476.6 хувьд хүрлээ.

Эдийн засаг импортоос ихээхэн хамааралтай байхад үнийг огцом чөлөөлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг дэс дараатай бууруулснаас инфляцын өсөлт ихээхэн шалтгаалсан гэж зарим судлаачид үздэг. Дараа дараагийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын үр дүнд инфляц 1998 онд 6,0 хувь, 2002 онд 1,6 хувь болж буурёан ч 2004 онд 11 хувьд хүрэв. Хорин жилийн тэртээ үнийн огцом либералчлалын үр дүнд инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулж байсан бол өнөөдөр бид өнөөх л асуудлуудтайгаа сууж байна. Хамгийн сүүлийн сонирхолтой жишээ гэвэл үнэ тогтворжуулах нэрийдлээр 3.0 их наяд орчим төгрөгийг гүйлгээнд гаргаснаар төгрөгийн ханш навс уналаа. Монголын төр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг ч, төгрөгийнхөө ханшийг ч хяналтаасаа алджээ. 50 сая малтай хирнээ махны үнийг цөөхөн хэдхэн ченж л хянадаг тул төр ченжүүдийн өмнө хүчгүй болжээ.

Гадаад худалдааг чөлөөлөх шок: Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед худалдааны салбар улсын монопольд, экспорт зөвхөн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын (ЭЗХТЗ)хүрээнд хийгдэн, гадаад худалдаанд ЗХУ давамгай байр суурийг эзэлж байв. Улсын мэдлийн худалдааны долоон байгууллага л гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрдөг байсан бөгөөд тус бүр нь өөр өөрийн чиглэл, бүтээгдэхүүнээр дагнаж байв.ЭЗХТЗ бутран унаснаар Монгол Улс гадаад худалдааны түншүүдээ алдсан төдийгүй гадаад худалдаанд шилжих рубль хэрэглэхийг зогсоон, хатуу валютаар худалдаа хийх болсон нь давхар сорилт болж байв.Импортоор авдаг сэлбэг хэрэгсэл, түүхий эд, түлшний хомсдол нүүрлэв.

Ийм нөхцөлд Эвслийн засгийн газраас экспорт, импорт дээр тавих хязгаарлалтуудыг арилгаж, хувь хүн, хуулийн этгээд гадаад худалдаа эрхлэх нөхцөлийг 1991 оны V сард хуулиар баталгаажуулснаар гадаад худалдааны түнш орнуудын тоо нэмэгдсэн сайн талтай хэмээх тайлбар байдаг. Гэвч саар тал нь дотоодын зах зээлээ импортын бүтээгдэхүүнээр дүүргэх, цаашилбал үндэсний аж үйлдвэрээ сүйрүүлэх үүд хаалгыг нээсэн харамсалтай үр дагавар авчирсан юм. Худалдаагаа ганцхан далайлтаар чөлөөлж байгаа нь энэ гээд зах зээлээ ямар ч хаалт, хамгаалалтгүй болгон нээснээр гуравхан жилийн дотор Монголын аж үйлдвэр үндсэндээ арчигдсан гэхэд хилсдэхгүй. “Шок эмчилгээг” даагаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл 90 хувь буурсанд чөлөөт худалдааны “хувь нэмэр” багагүй байсан нь дамжиггүй. Хөгжингүй орнуудын түүхээс харахад тухайн орны аж үйлдвэр өсөж бойжоод, хөл дээрээ бат зогсон, олон улсад өрсөлдөх чадвартай болсон үед л гадаад худалдаагаа чөлөөлдөг байна. Үндэсний компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай байгаа тохиолдолд дотоодын зах зээлээ төрийн 

дэмжлэгтэй, дэмжлэггүй хамгаалах чадвартайгаар барахгүй, гаднын зах зээл рүү ч нэвтрэх чадвартай. Айлаар зүйрлэвэл хүүхдүүдээ насанд хүрсэн хойно нь аав ээж нь халамжилж дэмжихээ зогсоон, бие даалгаж тусад нь гаргахтай адил юм. Харин манай улсын нөхцөлд үндэсний үйлдвэрлэл технологийн хоцрогдолд орсон, ашигт ажиллагаа, менежментийн хувьд ядмагхан байсан үед импортын хязгаарлалтуудыг огцом бөгөөд бүрэн арилгасныг дөнгөж хөлд орсон хүүхдүүдээ бие даа гээд хөөгөөд гаргачхаж байгаатай зүйрлэхүйц юм.

Социализмын далан жилд бүтээн босгосон аж үйлдвэрийн хотуудаас өнөөдөр юу үлдэв? Өнөөдөр бид газар дорх баялгаа ухаж гадагш зөөгөөд, оронд нь контейнер контейнероор нь импортын бараа бүтээгдэхүүн зөөж амьдарч байна. Өнгөрсөн оны байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 88 хувийг гадаадаас авч байгаа нь 6.0 тэрбум орчим ам долларт хүрсэн байна. 50-аад сая малтай хэрнээ сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл сүлжмэл эдлэл, бэлэн хувцасны 62 хувийг импортоор авч байна. Үүнийг эдийн засаг гэж нэрлэхэд ч хэцүү. Энгийнээр хэлэхэд аливаа улс орны эдийн засаг гэдэг бол бараа үйлчилгээ үйлдвэрлэгчид байж, тэдгээрийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулагчид эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг, хэрэглэгчдээс орж ирсэн  борлуулалтын орлого, ашгаасаа үйлдвэрлэгчид нь үйлдвэрлэлийн зардлаа нөхөж, үлдэж байгаа хэсгээрээ хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээ өргөжүүлдэг бие биенээсээ харилцан шүтэлцээтэй цогц систем. Гэтэл бид өнөөдөр Хятадын голдуу үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж хэрэглэдэг, өөрөөр хэлбэл Монголын биш Хятадын компаниудын хэрэглэгчид болов. Бидний хэрэглээ өсвөл Монголын биш, Хятадын үйлдвэрлэгчдийн борлуулалт, ашиг нэмэгдэж, тэнд л шинэ ажлын байрууд бий болж, тэнд л аж үйлдвэр нь хөгжиж, амьдрал ахуй нь сайжирч байна.

“Шок эмчилгээ”-гээр нураасан аж үйлдвэрээ босгох гэж өнөөдөр бид зүдэрч явна. 888 төсөл хүртэл шалгаруулж үзлээ. Аж үйлдвэрийг босгоход зөвхөн мөнгө санхүүжилт хангалттай биш.

“Шок эмчилгээ”-ний үр дүнд бид 70 жилийн турш нөр их хөдөлмөрөөр босгосон үндэсний үйлдвэрүүд, хэдэн арван жилээр бэлтгэж төлөвшүүлсэн мэргэшсэн ажилчид, инженер технологичид, хамгийн гол нь дотоодын зах зээл, Монголын хэрэглэгчдээ тэр чигээр нь алджээ.

Өмч хувьчлалын шок:   20-р тогтоол батлагдсанаас гурав хоногийн дараа буюу 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулав.Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 1992-1995 онуудад нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хэлбэрээр эзэмшүүлэн, 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлсэн байна.Цэнхэр, ягаан тасалбаруудыг гарган 1991-1994 оны хооронд нийт 4500 гаруй аж ахуйн нэгжийг хувьчилжээ. 1996 он гэхэд төрийн мэдлийн үйлдвэрийн газруудын тоо 900 гаруй байсан байна. 1996 онд дуудлага худалдаагаар хувьчлагдсан үйлдвэрийн газрууд 2.0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан бол 1997 онд хувьчлалыг улам радикал хэрэгжүүлсний үр дүнд 13.4 тэрбумын алга болсон, аж үйлдвэрийн салбарын уналтаас үүдээд их дээд сургууль, аж үйлдвэрийн амьд холбоо устаж, судалгааны хүрээлэнгүүдийн цусны эргэлт хаагдсан гээд хор уршиг нь нийгэм эдийн засгийг бүхэлд нь хамарсан. Нийгэмд учруулсан хор хөнөөлийг энд дурдсангүй. Архидалт, гэмт хэрэг гаарч, боловсрол, эрүүл мэндийн салбарууд үндсэндээ сүйрсэн.

Либералчлал нь ид шидийг бүтээх гайхамшигт универсал хэрэгсэл биш ажээ. Цочир либералчлалын “шок эмчилгээ”-нд Монголын аж үйлдвэрнурж, эдийн засаг сууриараа хүнд өвчлөв. Үйлдвэрийн газрууд хувьчлагдлаа гээд автоматаар аж үйлдвэр сэргэнэ гэсэн үг биш юм.Хувьчлалаар сайн менежерүүдийн гарт очиж эргээд сэргэсэн цөөхөн жишээ бий ч бүхнийг зах зээлийн хууль, хувийн хэвшилд даатган зөнд нь орхих нь төөрөгдөл болно. Хувийн компаниуд хэзээ ч төрийн үүргийг гүйцэтгэхгүй. Нэн ялангуяа үндэсний аж үйлдвэрээ бойжуулан хөгжүүлэх гарааны үе шатанд төрийн үүрэг асар их. Гэтэл өнөөдөр неолиберал онолчид төрийг муу менежер тул үйл ажиллагааг нь хумих хэрэгтэй хэмээн номлох болжээ. Төр үнэхээр муу менежер үү гэвэл үгүй. Төр бол муу ч биш, сайн ч биш. Харин төрд ажиллаж байгаа менежерүүд л муу, эсвэл сайн байдаг.

 

Монголчууд бид өнгөрсөн 20 жилээс ямар сургамж авч болох вэ?

“Шок эмчилгээ”хэлбэрээр анх орж ирсэн неолиберализмын гай гамшгаар Монгол орон өнөөдөр элгээрээ хэвтээд, эдийн засгийн бие даасан байдлаа хэдийнээ алджээ. Монголын эдийн засаг үнэн хэрэгтээ гаднын, тэр дундаа Хятадын импортын бүтээгдэхүүнээр амь зогоож байна. Үндэсний аж үйлдвэрлэл сүйрсэн тул үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хэрэглэдэг үндэсний хэрэглэгчид биш, гадаадын компаниудын хэрэглэгчид болж дотоодын зах зээлээ алдав. Нэгэнт тогтвортой ажлын байрууд устсан тул мэргэшсэн ажилчин анги мөн л устлаа. Ингээд контейнер зөөх л ажилтай болов. Том компаниуд нь олон контейнер зөөнө. Жижиг компаниуд нь цөөн контейнер зөөнө. Улс орны өөрийн гэсэн эдийн засаггүй болж Хятадын хойд хязгаарын Эрээн хотод төвлөрсөн компаниудын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг Эрээний хэрэглэгчдийн улс болов. Гурван сая хүнтэй л болохоос улс орон тэр аяараа “ Нарантуул” зах шиг болжээ.

Одоо яах вэ? Аливаа ужиг өвчнөөс салах хамгийн эхний бөгөөд чухал алхам бол оношоо зөв тавих. Тэгвэл Монголын эдийн засгийн суурь гажуудал “Шок эмчилгээ”-нээс эхтэй.Монголд хийсэн “Шок эмчилгээ” бол неолиберализмын хамгийн радикал бөгөөд түргэн түүхий хэлбэр. Бид яагаад буруу замаар будаа тээчихэвээ? Гаднынхан яаж ч өөрийн бодлогоо тулгалаа гээд олон нийтийн эсэргүүцэл хүчтэй байсан тохиолдолд зогсоож чаддаг жишээг бид харсан. Нэгэнт бусдад тохох аргагүй тул буруугаа өөрсдөөсөө л хайя.  Бид бусдаас хуулах бэлэн жор хайж, өөрийн бодлогогүй, онолгүй явсны л хар гай.

Эдийн засгаа сууриар нь шинэчилье. Өнөөдөр аль ч улс дангаараа, бүрэн тусгаарлагдмал оршин тогтнох боломжгүй. Гэлээ гээд бусдаас бүрэн хараат, өөрийн гэсэн эдийн засаггүй, гадны бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг зах шиг контейнерийн эдийн засагтай байж бүр ч болохгүй. Харин эдийн засаг нь тодорхой хэмжээнд тусгаар тогтносон, дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн байр суурьтай, брэнд болсон бүтээгдэхүүнтэй, өөрийн гэсэн хэрэглэгчидтэй, цөөхөн ч гэсэн олон улсад өрсөлдөх чадвартай Монголын компаниудтай болох цаг болсон. 

Үүний тулд эхлээд Монголынхоо зах зээлийг Монголынхоо компаниудад өгье. Дотоодын зах зээлийг тариан талбай гэвэл тэнд үндэсний компаниуд эхлээд байр сууриа эзэлж, үндэсний компаниуддаа үр шимээ өгч байх хэрэгтэй. Эндээс ажлын байр бий болж, улстаа татвараа төлж, хуримтлуулсан ашгаараа хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг маань хоорондоо амьд шүтэлцээтэй өсөн нэмэгддэг тогтолцоотой нэгэн цогц болно.Үндэсний компаниудаа бойжуулан хөгжүүлснээр ажлын байрууд бий болно, үндэсний хэрэглэгчидтэй болно. Бие биеэсээ хамааралтай нэгэн амьтай болно, цаашид үндэстэй модтой адил ургаж төлжин, үр жимсээ өгөх болно.

Эдийн засгийнхаа суурь тогтолцооны гажуудлыг тэгвэл хэн засч, хэн эдийн засаг, аж үйлдвэрээ босгох ажлыг удирдан зохион байгуулах вэ? Эдийн засгийн либералчлал аяндаа гайхамшгийг бүтээчихнэ гэж найдах аргагүй боллоо. Одоо юунд найдах вэ? Хайгаад байх шаардлага үгүй. Эзэн нь тодорхой. Энэ бол Монголын Төрийн үүрэг мөнөөс мөн.

Төрийн үүргийг шинээр тодорхойлъё. Неолибералуудын хэлэх хамгийн дуртай үг нь  “Төр бол хамгийн муу менежер”.  Төр үнэхээр муу менежер юм бол төрийн оролцоог хумих хэрэгтэй, төрийн бүх өмчийг хурааж, цомхон бүтэцтэй, эрх мэдэлгүй, аль болох л жижиг байлгах хэрэгтэй гэх логикоор бид сүүлийн 20 жил явж ирлээ.Тэгвэл төр муу менежер мөн үү гэдэг асуултыг нягталж үзье. Төр нь удирдан зохион байгуулж, улс орноо босгосон жишээ хаа сайгүй. Харин төр нь огт оролцоогүй байхад “зах зээлийн хууль”-иар хөгжсөн жишээ хайгаад хайгаад олохгүй. Тиймээс төр муу менежер биш аж. Тэгвэл төр сайн менежер үү гэвэл төр сайн менежер ч биш. Төр бол менежер биш. Төр бол олны хүчийг оломгүй далай болгох институц. Монголын төр бол монголчуудыг нэгтгэн зохион байгуулж, сайн сайхан амьдралыг нь хангахын төлөө ажиллах ёстой монголчуудын машин. Хэрвээ төр ажиллахгүй байгаа бол төрд муу менежерүүд шургалж, шимэгч хувалз шиг шигдсэнийх. Төрд шургалсан муу менежерүүд чадахгүйгээ төрлүү чихэж, өөрсдийгөө биш төрд “муу менежер” гэж хоч зүүж сууна. Төрийн машин хүчирхэг байх ёстой төдийгүй жолооч нь бас сайн байх ёстой. Тэгж байж л улс орон урагшилна.

Нобелийн шагналт эдийн засагч Жосеф Стиглиц “Төрийн үүрэг бол улс орны нөхцөл байдлаас хамааран ялгаатай байх нь мэдээж. Хөгжлийн эхний шатанд засагтөрөөс идэвхтэй үйл ажиллагаа шаардагдана. Засгийн газрын үйл ажиллагааг хумих, төрийн оролцоог багасгахдаа биш харин үүргээ зөв тодорхойлж, түүнийгээ сайн гүйцэтгэх нь чухал” гэжээ. Тэгвэл Монголын төр эдийн засаг, аж үйлдвэрээ босгоход идэвхтэй оролцох биш, бүр манлайлан оролцож удирдан зохион байгуулахад эдийн засгийн шинэ онол хэрэгтэй.

Хөгжлийн шинэ зам, шинэ бодлого шаардлагатай. Эдийн засгийн ямар ч онол түүхэн нөхцөл байдалтайгаа уялдаатай, тодорхой урьдчилсан нөхцөлүүдэд тулгуурласан байдаг аж. Зарим тохиолдолд том  гүрнүүдийн улс төрийн сонирхолтой  ч хүртэл уялдаатай байдаг. Магадгүй тийм ч учраас эдийн засгийн онолууд нь байгалийн хууль шиг хаа ч адилхан үйлчилнэ гэж номлох чөлөөт эдийн засгийн онолчдын үзэл баримтлал зөв болох нь батлагдаагүй буй за. Өнөөдөр манай улсад хэрэгжиж буй неолиберал бодлого нь олон улсад зонхилж буй гэгдэх “main stream” буюу либерал онолын шинэчилсэн хэлбэр бөгөөд баялаг, эрх мэдлийг эргэж буцалтгүйгээр цөөнхийн гарт төвлөрүүлэх зорилго, мөн чанараараа эдийн засагчид, судлаачдын зүгээс ихээхэн шүүмж дагуулж байгаа юм. Неолиберал бодлого нь ялангуяа хоцронгуй хөгжилтэй улсын эдийн засаг, хөгжилд өндөр эрсдэл авчрах аюултайг бид өөрийн орны жишээн дээрээс харлаа.Аливаа улсын хувьд эдийн засаг болоод хөгжлийн бодлогоо тодорхойлох нь олон хүчин зүйлийг харгалзан хамгийн оновчтой арга замыг олох нэгэн ёсны урлаг юм хэмээвээс тухайн улс нь гарааны цэг бөгөөд өнөөдрийн хөгжлийн түвшин, хувийн хэвшлийн чадавхи, улс үндэстний түүх соёл, уламжлал, гадаад зах зээл, хөрш орнуудын бодлого зэрэг улсынхаа онцлогийг тусгасан олон хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэж онолоо боловсруулах шаардлагатай. Энэ утгаараа “main stream” буюу олонхид зонхилдог онол бидэнд таарах албагүй, таарах ч боломжгүй гэдэг нь харагдаж буй бөгөөд “үл үзэгдэгч гар” шийдээд өгөхийг хүлээж суух цаг нэгэнт өнгөрчээ.Монгол орон өөрийн гэсэн хөгжлийн замаа засах цаг иржээ.

 

 

 

                  


avatar
    • анар
    • 202.9.40.*

    неолиберализмыг орос монголыг л нураах гэж хэрэгжүүлсэн мэт хуйвалдааны онол гаргах нь арай л анхаарлыг сарниулсан санаа болвуу. одоо болтол Англосакс орнуудын эдийн засгийн, улс төрийн философид неолиберализмын үлдэгдэл байж, тэр улсуудынхаа хүмүүсийг ч гэсэн хохироосоор байгаа гэдэгтэй санал нэгдэх хүмүүс олон байх. ямар ч юманд зохицуулалт хэрэггүй гэдэг санаа 70аад оноос амидралд хэрэгжиж эхлээд өнөөдөр трампын ялалтаар төгсөж байгаа байх. польшид зээл өгөөд оросд ягаад өгөөгүй талаар харин зүгээр л доналд рамсфэлдийн хорсол заналаар тайлбарлаж болох байх.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5120

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%