Бэлхүүсний төлөө бөөрөө зольж болохгүй

Хараа булаам болохын тулд охид бүсгүйчүүд галбиржуулах дотуур хувцас хэрэглэж ирсэн нь хэдэн зууны түүхтэй. Саяхнаас эл хувцас хэрэглэлийн төрлийг “waist training” хэмээх корсет нэгээр нэмсэн. Ким Кардашианы waist training-тэй сэлфи олон нийтээр сүлжээгээр түгсэн даруйд энэ хэрэглэлийн эрэлт нэмэгдэж, манай орны охид бүсгүйчүүдийн дунд ч түгээмэл тархаад буй. Саяхнаас“waist training” бол гоо сайхан болгохоосоо илүүтэй эрүүл мэндэд халгаатай бүтээгдэхүүн болсон тухай пост олон нийтийн сүлжээгээр тархаж, бүсгүйчүүдийн чихийг сортойлгоод буй.

 

Эртний Грекээс эхтэй корсет нь 1550-аад оны үед өрнийн бүсгүйчүүдийн дунд зүй зохисгүй гэдгээс өөр үнэлэмжгүй байсан түүхтэй. Төд удалгүй буюу XVII-XVIII зууны үед бүсгүйчүүдийн дотно найз болсон байдаг. Мянган дамжсан урт настай эл бүтээгдэхүүн түүхэндээ цөөнгүй удаа хувьсан шинэчлэгдэж өнөө цагт “waist training” нэрээр өргөн дэлгэрээд байна.

Дунд зууны үед өдөр тутмын хэрэглээ болтол түгсэн корсетийг тухайн үеэс л анагаах ухааны салбарынхан эрүүл мэндэд хор хөнөөлтэй хэмээн анхааруулсаар ирсэн. Хэт бариу байдал нь дотор эрхтний үйл ажиллагааны хэмнэлийг алдагдуулж, нурууны өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөлдөг хэмээн тодорхойлдог байж. Түүгээр барахгүй Америкийн зураач, барималч поп арт урсгалын томоохон төлөөлөгч Энди Уархол 1968 онд буудуулсныхаа дараа эмчилгээ хийлгэсэн боловч бүрэн эдгээгүй нь амьдралынхаа туршид корсет хэрэглэсэнтэй холбоотой хэмээн эмч нар үзэж байв.

Орчин үед ч корсетийг буруушаах эмч нарын үзэл өөрчлөгдсөнгүй. Ким Кардашианы ачаар трэнд болоод буй “waist training” бүтээгдэхүүний талаар түргэн тусламжийн эмч Травис Сторк “Яаж эрүүл мэндэд хор хөнөөлгүй байх вэ дээ. Энэ бүтээгдэхүүнийг зүүснээр өрц шахагдана. Үүний улмаас өрцөнд байх уушиг хэвийн ажиллах боломжгүй болно” хэмээсэн байна.

Харин дотрын эмч Жэннифер Берман “Галбиржуулагч корсет нь цээжний хөндийг шахсанаар идсэн хоол шахагдаж, энэ нь хоол боловсруулах эрхтний эмгэг үүсэх нөхцлийг бүрдүүлэх юм” хэмээн тайлбарлажээ.

Өрхийн эмч Рэйчел Россын тодорхойлж буйгаар галбиржуулагч бүтээгдэхүүн нь орчин үеийн эмэгтэйчүүдийн өргөн хэрэглээний нэг болсон. Тэрбээр “Гэхдээ цээж, бэлхүүсээ шахсанаар турна гэдэг нь боломжгүй зүйл аж. Харин ч эсрэгээр таны булчингийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, булчин хатингирших нөхцлийг бүрдүүлнэ” хэмээн зөвлөжээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4977

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%