Нийтлэл 03 сарын 26, 2015

ОЛОН ХЭЛНЭЭ ОРЧУУЛАГДСАН ГАНЖУУР ДАНЖУУРЫН ХАМГИЙН САЙН ХУВИЛБАР НЬ МОНГОЛЫНХ

Ганжуур, Данжуур нь дэлхий дахинаар хараахан тархаагүй ч Ази болон зүүн өмнөд Азийн орнууд Ганжуурыг өөр өөрсдийн хэл рүү аль эрт хөрвүүлэн судалж байна. Тухайлбал Төвд, Хятад, Солонгос, Япон, Бирмд, Тайланд, Шриланка, Монгол зэрэг орнууд хэсэгчлэн буюу бүрнээр нь орчуулсан байдаг. Үүнээс Монгол, Төвд хоёр чухал байр суурь эзэлдэг юм.

Ганжуурын хувьд Гашев, Ананд, Упали тэргүүтэй Бурхан багшийн шавь нар эртний пали хэл дээр анх буулгасан түүхтэй. Түүнээс хойш санскрит хэл, улмаар төвд хэлэнд хөрвүүлэгдсэн байна. Төвд хэлэнд орчуулах ажил нэлээд эрт Соронзангамбо (617-650) хааны үед эхэлсэн бөгөөд

Төвдийн эрдэмтэн Нартан Ригралын шавь Чим Жамьян Монголын Аюурбарвад Буянт хаанд (1312-1320) залагдаж байхдаа, Нартан хийдэд Ганжуурыг анх удаа бичиж бүтээхэд зориулж өөрийн багш Жомдан Ригралын нэр дээр бичгийн хэрэгсэл бэх тэргүүтнийг өргөснөөр Нартан хийдэд Ганжуурыг бүтээсэн байна.Тэрхүү Нартан хийдийн Ганжуурыг эх болгож, Төвдийн олон хийдэд бүтээсэн...” (Л.Хүрэлбаатар. “Судар шастирын билиг” УБ. 2002 он, 72-73х) хэмээн тэмдэглэжээ. Аюурбарвад Буянт хаан (1311-1320) нь Хубилай хааны гуч хүү юм. Түүний дараагаар Төвдийн их номч Бүдон Ринчендүв (1290-1364) тэргүүтэй мэргэд 1320 хэдэн оны үед Данжуурын хамт бүрэн эмхтгэсэн байна. Түүнээс хойно Хятад (971-977 онд хэвд сийлж 983 онд хэвлэсэн), Солонгос (1010 онд), Япон (1648 онд), Бирмд (1900 он), Тайланд (1925-1928 онд), Шриланка (1957 онд) зэрэг орон зөвхөн Ганжуурыг өөрсдийн хэл рүүгээ орчуулсан боловч бүрэн эхээрээ бус дутуу байгаа юм.

“Ганжуур” нь Пали хэл дээр 55 боть, Хятад хэл дээр 100 боть, Манж хэл дээр 90 ботиор хадгалагдан үлдсэн байна.

Япон улсын хувьд Ганжуурыг хэд хэдэн удаа орчуулж хэвлэсэн боловч дэлхийн 2-р дайны үеэр ихэнх нь үрэгдэж үгүй болсныг 1924-1934 онд дахин сэргээж 100 ботиор хэвлүүлсэн бол Солонгосчууд эх орноо гаднын халдлагаас хамгаалахын тулд Ганжуурыг 1010 онд эхэлж хятад хуучин ханзаар хэвлэсэн нь устаж үгүй болсныг 1236-1251 онд дахин сэргээж модон бараар хэвлэжээ. Тэр нь Хэ Ин Са хийдэд 81258 ширхэг барын хамт хадгалагдаж байна. Мөн Алтан улсын үед (1147-1174 онд) Манж Ганжуур хэвлэгдсэн гэх мэдээ байсан нь хожим 1933 онд Хятадын Шанси мужаас олдсон бөгөөд дэлхийд ганцхан хувь байдгаас хоёр хэсэг хуваагдан Тайвань болон Бээжин дэх хааны номын санд хадгалагдаж байна. Кидан (Хятан) улс Ганжуурыг 990-1010 онд хэвлэсэн нь 1982 онд Хятадын Шанси мужийн өөр нэгэн сүмээс олджээ.

Бутан улсын зуны ордон Плакад бутан хэл дээрх цорын ганц хувь Ганжуур хадгалагддаг боловч бар нь үлдээгүй байна. Энэ мэтчилэн эдгээр улс орнууд Ганжуурыг орчуулан судалж байсан ч Данжуурыг хараахан орчуулж чадаагүй юм. 

Ганжуур, Данжуурыг Азийн цөөн орнууд өөрсдийн хэлээр буулган судалж байгаа бол дэлхий дахины хэл болох англи хэлээр дөнгөж саяхнаас эхлэн Бутаны хаан болон Энэтхэг улсын засгийн газрын ивээл дор Бутаны Гүнзээ рембүүчийгээр ахлуулсан дэлхийн 100 шилдэг орчуулагч Бурхан багшийн аман зарлигийн орчуулга "Ганжуур"-ыг Төвд хэлнээс англи хэлэнд орчуулах 100 жилийн төслийг хэрэгжүүлж байна.

Ер нь дэлхий дээр Төвд, Монгол хоёр л Ганжуур, Данжуурыг бүрэн эхээр нь орчуулан судалж байна. Түүний дотроосМонгол Ганжуур, Данжуур нь хамгийн алдаа мадаггүй сайн орчуулагдсан хэмээн судлаачид хүлээн зөвшөөрдөг. Учир нь тухайн үеийн Монголын шилдэг эрдэмтэн мэргэд Төвдийн нэлээд алдаагүйд тооцогддог Дэргэ барын эхэд суурилан санскрит, пали, хятад болон бусад олон эхүүдийг нарийвчлан тулгаж шүүн орчуулжээ.

Монгол Ганжуурын тухай Энэтхэгийн алдарт эрдэмтэн Рагху Вира 1966 онд тавьсан илтгэлдээ: “Монгол  Ганжуур 114 хэр бүхий бөгөөд тэр нь одоо бидэнд байгаа Энэтхэг, Хятад Ганжуурын аль алинаас илүү баялаг байна” хэмээн онцолсон байдаг.

Монголчууд Ганжуур Данжуур их хөлгөн судрыг дэлхий дахинд түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тухайлбал Төвд, Хятад, Манж, Солонгос зэрэг хэл рүү хөрвүүлэх ажилд монголчууд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж байсан тухай зарим мэдээ баримт бий. Түүхийн нэгэн баримтыг дурдвал, Монгол угсааны Гүшаан хаант улсын Каниска хаан төвт төвлөрүүлэн захирах эрхээ чангатгах шаардлагаар зүйл бүрийн шашны үзэл санааг нэгтгэн хурааж, бурхны шашны эл аймгийн тэмцэлдээнийг амарлиулахын тусад өглөгийн эзэн болж бурхны шашны 4 дэх удаагийн чуулганыг явуулан, бурхны шашны ном зохиолыг зэс хавтсанд сийрүүлж чулуун өрөөнд хадгалсан гэдэг. Түүнээс эхэлж бурхны шашны ном судар жинхэнэ ёсоор санскрит үсгээр тэмдэглэгдэн хадгалагдах болсон түүхтэй.

Мөн

халхын 8-р Богдын зарлигаар 1908-1910 онд Төвдийн олон барыг харьцуулан шүүж ариутгаад Хүрээ барыг бүтээж төвд Ганжуурыг барласан байдаг. Монгол Ганжуурыг орчуулахад эх болгосон 104 боть 49030 хуудастай замбага цэцгээр хийсэн цаасан дээр барласан төвд Ганжуурыг Завхан аймгийн Отгон сумын Гэндэнпэлжээлин хийдэд маш нууц байдалд хадгалж өдий хүрсэн бөгөөд гурван жилд нэг удаа Отгонтэнгэр уулыг тахихад ил гаргадаг байна.

Монголчууд Ганжуур, Данжуурыг хэзээнээс хэрхэн судлав?

Түүхэн уламжлал

Монголын алдарт гүн ухаантан Зава Дамдин гавж “Умард зүгийн Монгол орноо дээдийн ном эрдэнэ үүдэн гарсны түүх цадиг өлзий хутгийн мөшөөх лавайн эгшиг дуун” буюу “Хор чойнжүн” зохиолдоо:

“...Эрхэм бурхан, бодьсад нарын таалал төрсөн ерөөлийн хүчээр

Энэрэлт Бурхан багш нирваан болсноос зуун жилийн хойно

Эл Ли орны газар нутагт шашин дэлгэрсэн лүгээ хамтаар

Энэхүү дээд Монгол орноо дээдийн ном дэлгэрвэй...” хэмээсэн хийгээд

Мөн

“... Аугаа бурхны номлолын зарлиг, шастир, сайн айлдлуудыг 

Аливаа өөр өөрийн хэл лүгээ орчуулахуйн ёсыг заан сургав...” хэмээн айлдсанаар эш болгон үзэхүйд Бурхан багшийн ном эрдэнийн чуулбар Ганжуурыг монголчууд судлах ажил нэн эртнээс үүдэлтэй нь эргэлзээгүй юм.

Ганжуур, Данжуурын Монголд дэлгэрсэн тухайн асуудлыг Бурхны шашны түрүү дэлгэрэлтийн үе буюу бидний гарын доорх баримтаар хөөж үзвэл, бүр YIII зууны үеэс авч үзэж болох байна” хэмээн эрдэмтэн Л.Хүрэлбаатарын (Л.Хүрэлбаатар. “Судар шаштирын билиг” УБ. 2002 он, 71х) тэмдэглэсэнчлэн монголчууд Ганжуурыг бүр YIII зуунаас судалж эхэлсэн бөгөөд ХШ зууны эцэс, ХIҮ зууны эхэн үеэс түүвэрлэн монгол хэлнээ орчуулж, улмаар Лигдэн (1592-1636) хааны зарлигаар их эрдэмтэн Гунгаа-Одсэр тэргүүтэй эрдэмтэд удирдан зохион байгуулж 1628-1629 онд “Ганжуур”-ыг бүрнээр нь орчуулан дүүргэсэн байна. Дээр дурдан буй түүхэн баримт болон бас бус он цагийн хэлхээсээр хөөж үзвэл Монголчууд дэлхийн улс орнуудаас урьдаж Ганжуурыг судалж эхэлсэн нь тодорхойг дараах жагсаалтаас харж болох юм.

Ганжуурыг орчуулсан орнууд:

  • Монгол улс (бүр 8-р зуунаас эхэлж, 13-р зуун, 1628-1629 онд бүрнээр орчуулсан)
  • Төвд улс (9-р зуунаас эхлэн 1320 он хүртэл)
  • Хятад улс (971-983 он)
  • Монгол угсааны Кидан (Хятан) улс (990-1010)
  • Солонгос улс (1010 онд орчуулж, 1236-1251 онд дахин сэргээсэн)
  • Япон улс (1648 онд орчуулж, 1924-1934 онд дахин сэргээсэн)
  • Бирм улс (1900 онд Пали Ганжуурыг сэргээсэн)
  • Тайланд улс (1925-1928 онд Пали Ганжуурыг сэргээсэн)
  • Шриланка улс (1957 онд Пали Ганжуурын анхны хувилбарыг сэргээсэн)
  • Манж Чин улс (1773 онд монгол хэлнээс манж хэл рүү орчуулж эхэлсэн)

“Ганжуур”-ын тайлбар болох “Данжуур”-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж удирдан Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй хамаг Монголын шилдэг 200 орчим эрдэмтэн гүүш нар Төвд хэлнээс Монгол хэлэнд 1741-1742 онд орчуулан 1742-1749 онд 226 боть болгон модон бараар Бээжинд хэвлэжээ. (Д.Цэрэнсодном. “Монголын Бурхны шашны уран зохиол” УБ, 1997 он, 28-29х).

 “Монгол шунхан Данжуур” нь гүн ухаан, учир шалтгааны ухаан, анагаах ухаан, урлах ухаан, дуун ухаан зэрэг шинжлэх ухааны олон салбарыг хамарсан 3427 нэр төрлийн ном, зохиолыг багтаасан 107839 хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм.

Хэр хөрөнгө мөнгө зарцуулав.

Ганжуур, Данжуурыг монгол хэлэнд орчуулах, хэвд сийлэх, бичээч, урчуудын хүнс, ажлын хөлсөнд нийт 41600 гаруй лан мөнгө орсноос 31200 лан мөнгийг Монголын ард түмэн сайн дураар тусалж, бусдыг нь улсын сангаас гаргаж байжээ.

Монгол Ганжуур, Данжуур дэлхийн улс оронд

Үүнээс гадна

цул Алтаар болон Есөн эрдэнээр Ганжуурыг бүтээхийн зэрэгцээ өөрсдийн хэрэглэж байгаа хэл бичгийн өөр өөр (монгол бичиг, крилл) хувилбараар Ганжуур, Данжуурыг буулгасан улс Монголоос өөр дэлхийд хараахан алга байна.

Үүнээс үзвээс монголчууд хэр оюунлаг ард түмэн билээ гэдэг нь аяндаа тодрох буй за.

Монгол Ганжуур, Данжуурын үнэ цэнэ дэлхийд

Монгол Ганжуур, Данжуурыг дотоод гадаадын олон эрдэмтэд шимтэн судалж, түүний үнэ цэнэ болоод ач холбогдлыг дурдан тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Энэтхэгийн эрдэмтэн Рагхү Вира 1966 онд “Монголын агуу их утга зохиолыг дэлхий дахинд танилцуулъя” гэсэн өгүүлэл бичиж нийтлүүлснээс иш татвал “...Хэлний шинжлэлийн ухаан, түүх, шашныг сонирхон судалж байсан цагт Ганжуур Данжуурын их ач холбогдол хэвээр байх болно. Ганжуур Данжуур монгол утга зохиолыг хятад, төвд, Энэтхэгийн утга зохиолтой яг адилхан хэмжээнд гаргаж байна.

Монгол Ганжуур 114 хэр бүхий  бөгөөд тэр нь одоо бидэнд байгаа Энэтхэг, Хятад Ганжуурын аль алинаас илүү баялаг байна. Миний бие болоод Энэтхэг дахь миний хамт ажилладаг нөхөд монгол  Ганжуур Данжуурыг  уг эхээр нь хэвлэх зорилго тавьж байна. Монгол орчуулга нь санскрит өгүүлбэрийн ойлгоход их тустай болохыг мэдэхэд их аятай байдгийг би эцэст дурдъя. Санскритаараа тодорхой бус мөртлөө Монголоороо туйлын тодорхой хэдэн зуун хуудсыг би тусгай тэмдэглэж авсан юм...” хэмээн дурджээ. Мөн тэрээр цааш өгүүлэхдээ “... Энэ Ганжуурын дотор орсон номын үндэс нь болсон санскрит эхийг төв Ази, Төвд, Балба, Хятадын аль нэг газарт нээн олох эртний судлагсдыг бид хүлээсээр байна...” гээд Ганжуур, Данжуурыг түүхийн болоод утга агуулгын үүднээс нь нарийн судлах хэрэгтэй санааг илэрхийлсэн байдаг.

Монгол улсын Төв номын санд хадгалагдаж буй монгол шунхан Ганжуур, Данжуур 1995 онд Монголын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орсон бол шунхан Данжуур нь 2011 онд ЮНЕСКО-гийн дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн Монголын анхны бүтээл болсон юм.Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамьян гүн Өвөр Монголын Цахрын хөшөөний сүмд хадгалагдаж байсан “Монгол шунхан Данжуур”-ыг Монгол улсад залж үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны 10 сарын 28-нд Наянт вантай байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ингээд уг Данжуурын 226 ботийг 1925 онд Монгол улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан 1929 онд уг гэрээг чулуун сийлэн үлдээж “Данжуурын гэрэлт хөшөө”-г бүтээв. (Уг гэрэлт хөшөө МУ-ын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа) Уг гэрэлт хөшөө он цагийн эрхээр элэгдэж эвдэрснийг өнгөрсөн 2011 онд сэргээн засварлажээ.

Бидний өвөг дээдэс 800 зууны тэртээ “Ганжуур, Данжуур”-ыг үндэсний бичиг соёлын эх ундарга болох босоо Монгол бичгээр буулгасан нь эдүгээ олдоход ховор түүхийн үнэт өв болжээ. 

Монгол Ганжуур, Данжуур кирилл бичигт

Ганжуур Данжуурыг шинэ хэл соёлд буулган, дэхийн хүмүүст бурхны шашныг судлах суралцах боломжийг нээхийн ач холбогдлын тухай АНУ-ын нийслэл Вашингтон хотноо саяхан болсон Буддын шашны олон улсын хурал дээр ани Гунгаа Чодрон үг хэлэхдээ:

"Бурхан багшийн сургаалын чуулбар Ганжуурыг уншиж судлахын урьтал нөхцөл нь түүнийг шинэ соёл, шинэ хэлэнд буулгах явдал юм. Ганжуурыг нийтийн (орч. Англи) хэлэнд орчуулж дуусах хүртэл хэн ч Бурхан буддагийн сургаалийг уншиж чадахгүй. Уншиж чадахгүй учраас хэн ч түүнийг зөв судалж чадахгүй. Зөв судалж чадахгүй учир хэн ч зөв бясалгаж чадахгүй. Зөв бясалгал байхгүй учраас хэн ч гэгээрч чадахгүй"

хэмээсэн билээ. Энэ нь Ганжуур Данжуурыг кирилл бичигт буулгах бидний төслийн ач холбогдолтой ч яв цав нийцэж буй юм.


Өдгөө Монгол Ганжуур Данжуурыг кирилл бичигт буулгах хэд хэдэн шаардлага гарч ирж байна. Тоймлон дурдвал:

Ганжуур Данжуурыг нийтийн бичигт буулган, ард түмэнд бурхны сургаал номлолыг мухар сүсгээр биш үнэн бодитоор судалж, танин мэдэх боломжийг олгох

  1. Дэлхийн оюуны хосгүй үнэт бүтээл болохын хувьд Монгол Ганжуур Данжуурыг шинэ хэлбэрт оруулан урт удаан хадгалж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, үр хойчдоо үлдээх
  2. Буддын их хөлгөн судар Ганжуур Данжуурт байх орчин үеийн шинжлэх ухааны онол мэдлэгүүдийг нээн илрүүлж, шинжлэх ухааны эрдэмтэн судлаачидтай хамтран мэдлэгийн шинэ эргэлтэд оруулах
  3. Монгол хүний үндэсний бахархлыг нэгээр нэмэгдүүлж, улс эх орны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн нөгөө нэг тал болох хүн ардын оюуны соёлын хөгжлийг бадрааж, шинэ шатанд хүргэх
  4. Ганжуур Данжуур хийгээд монгол мэргэдийн бүтээлүүдийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж,  найман зууны тэртээх Монголын байлдан дагуулалтыг өвөг дээдсийн үлдээсэн номын хүч, оюуны гайхамшгаар дахин бүтээх

Монгол түмний түүхэн улбаа, оюуны давтагдашгүй их өвийг уламжлан авч улам хөгжүүлэх, нийтээрээ үзэж судлах, оюун санаагаа ариусган эрдэм ухаанаа сэлбэх нь хүн бүрийн үүрэг хэмээн бид үзэж хүн төрөлхтний оюуны их өв болсон дорнын их нэвтэрхий толь Ганжуур, Данжуурыг орчин цагийн оюуны дамжлага болсон кирилл бичигт буулгах ажлыг “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвийнхөн санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.  

Бид энэ нөр их ажлыг лам хүний ёс суртахуун, хамаг амьтны тус, гэгээрлийг үйлдэнэ хэмээн ам тангараг авсныгаа сахих үүднээс дэлхий дахины хамаг амьтан, ялангуяа Монгол түмэн маань амар жимэр айх аюулгүй, ёс суртахуунтай байгаасай хэмээх нигүүлсэхүй сэтгэлээс зөв оюун төрүүлэхийн угт зорьж, алжаалыг умартан ухаан бодлоо энэрэхүй ариуны сэдэлтээр хөглөн бүтээж байгаа билээ. Энэ нь цаг үеэ олсон гэгээлэг үйлс болох нь цаг хугацааны уртад улам тодрох буй за.

Уг ажлыг бүтээхийн тухайд боловсон хүчнээ бэлтгэх, хэрхэн хөрвүүлэх төлөвлөгөө нарийвчлан боловсруулахаас эхлээд сүүлийн 10 жил төлөвлөн бэлтгэж 5 жилийн хугацаанд эрчимтэй хөдөлмөрлөн 400 боть болгон бүтээхээр зорьсны үр дүнд ажил амжилттай хэрэгжин Ганжуур, Данжуурын ботиуд эхнээсээ хэвлэгдэн түмэн олонд аль хэдийнээ хүрсэн билээ. Улмаар бид алдаа мадаггүй, хийж гүйцэтгэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа агаад сүсэгтэн олон та бүхний өглөг буяны хүчээр магад бүтэх нь эргэлзээгүй гэдэгт итгэл дүүрэн ажиллаж байна. 

АЧ ХОЛБОГДОЛ:

  1. Хүн төрөлхтний гэгээрэл, оюуны өв соёлд томоохон хувь нэмэр болно
  2. Буддын мэдлэг ухааныг орчин үеийн шинжлэх ухааны аливаа салбартай холбон судлах боломж илүү нээлттэй болно
  3. Ялангуяа боловсролын шинжлэх ухааны уялдаа тогтолцоонд нэн чухал үүрэг гүйцэтгэж үсрэнгүй дэвшилд хүргэнэ.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

М.Мөнх-Оргил

 

Сэтгэгдэл бичих

    • Paula
    • 2021-04-24

    Ganjuur Danjuuriin Sanskrit bolon english ner yu ve?

arrow icon