Эдийн засгийн форумын илтгэлүүдээс ирээдүй харагдахгүй байна

Монголын эдийн засгийн форум яг одоо үргэлжилж байна.  Социалист уриа, гэнэн романтизм, статистикаар бүрж шарсан өөдрөг илтгэлүүд. Монголбанкны ерөнхийлөгч нь бид газраа 2014 онд гайгүй ухлаа, энэ онд хоёр том төсөл маань бүтэж, улам сайн ухах төлөвтэй, төлбөрийн тэнцэл гайгүй дээ маягийн юм хэлэв. Монголын улсын ерөнхий сайд нь Оюу Толгойг урагшлуулахын тулд юу хутгаж байгаа бол гэж хардмаар, итгэл өгөөч,  хуртай өдрийг нартай өдрөөр солино маягийн юм хэлэв. Харин Баабар ончтой хатуу үг хэллээ.  

 Хэн нь ч хэнийгээ буруутгах аргагүй. Бид бүгдээрээ найранд оролцож, чадахаараа идэж, даахаараа хуваалцсан. 

Мөнгө нь шавхагдсан, уруудаж яваа эдийн засаг өрийн ачааллыг даахгүй. Хариуцлагыг ард түмнээрээ хүлээх болно.

Улс орноо тэжээж яваа том компаниуд өөрийгөө даахгүй, өрөнд баригдаж явна.

 

Макро эдийн засаг уналттай, өр зээл тоймоо алдсан. Төр хувийн секторын дөнгө болсон.  Хамгийн товчдоо манай улсын өрхийн орлого, зарлага ийм байдалтай явж ирсэн, үүнийг цөмөөрөө хамтдаа үйлдсэн, үр дүнг нь ч хамтдаа үүрэх тухай:

Идэх хэрэглэх зардал >=  Өр зээл + Ашигт малтмалын орлого + Аж ахуй эрхэлсний орлого

Угтаа эдийн засгийн форум, уул уурхайн биш. Бидний бахархдагаас хэд дахин том зээсийн нөөц бүртгэгдэж,  олон улсад нүүрсийг орлох энергийн эх үүсвэрүүд шинээр нээгдэж, урд хөрш цэвэр эрчим хүчний бодлого эрчимтэй хэрэгжүүлж буй шинэ эринд эдийн засгийн хамгийн том форум

Идэх хэрэглэх зардал+ Хадгаламж = Аж ахуй эрхэлж баялаг бүтээх + Ашигт малтмалын орлого

ийм хэлбэртэй эдийн засгийг яаж барьж байгуулах тухай суурь асуудлыг бодлогын удирдагчид хэлэлцэх талбар, цаг байх ёстой гэж санагдана. Гэхдээ форумын илтгэгчдийн ихэнх нь  эхний хэлбэрээ мэдээжийн, эсвэл бүр ийм байх ёстой гэсэн үндэслэлтэй үг хэлж байгаа нь илт байв. Юутай ч өнөөгийн тэгшитгэлийн хувьд газрын баялаг, алт, Оюу толгойн тухай итгэл сэтгэлийн сайхан илтгэл дээр нь нэмээд тэгшитгэлийн зүүн талын ба байгаа “Өр зээл” хэсэгт нэмж мэдээлэл хүргэе. Нийт өрийн тойм, хүүгийн төлбөрийн талаар өмнө мэдээлсэн тул энэ удаа зээлийн нэг л бүрдэл болох засгийн газрын үнэт цаасны  арилжааны хуваарь, 2015 оны 1-р улирлаас энэ оны 1-р улирал хүртэлх дүнг нэгтгэн хүргэж байна.

Засгийн газраас 2014 оны 1-р улирлаас 2015 оны 1-р улиралд 52-оос дээш 7 хоногтой 975 тэрбум, 3 жилээс дээш хугацаатай 525 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалах хуваарь гаргасан бол энэ дүн 52 долоо хоногтой үнэт цаасыг багтаамагц 975 тэрбум болж өснө. Тэгээд сонирхолтой нь эдгээр засгийн газрын үнэт цаас банкнаас өндөр хүүтэй. Банкуудтайгаа хүүгээр өрсөлдөн баруун солгойгүй бонд хэвлэж байгаагаас үнэхээр мөнгөний гачаалтай байгаа нь мэдрэгдэнэ.

 

 

 

 

 

Өр, зээл бол өөрөө уг чанартаа муу муухай зүйл биш юм. Анхны зорилгоор нь зохистой хэрэглэж байхад хөрөнгө  илүүдэлтэй байгаа талаас дутаж байгаа тал руу  шилжиж, ямар нэг зүйл бүтээх хийх боломж олгодог буянтай харилцаа гэсэн ч болно. Эдийн засгийг мотоор гэвэл мотоорын тос гэж ч гэж хэлж болно. Харин зээл  нь төлбөрийн чадвар бүтээхэд зарцуулагдахгүй, авч байгаа тал нь идэж уухад хэрэглээд юм уу эргээд төлөх арга нь бүрхэг, өгч байгаа тал нь өндөр хүү хүүлэх, өөгшүүлж зээлсээр нөгөө талаа атгах талдаа орж эхэлвэл зээлийн харилцааны үнэт функц алдагдаж, нийгмийн хөгжилд тос биш ус болж ирнэ. Манай төрийн зээл тос уу, ус уу гэдгийг нэг тоо харвал мэдэгдэнэ. 525 тэрбумын үнэт цаасны 359 нь хүний хөгжил сан буюу иргэдэд бэлэн мөнгөөр тараадаг хүний хөгжил сангийн санхүүжилтэд зарцуулагдана.  Мөн бүгдийг нь энд яригдаж буй үнэт цаасны орлогоор санхүүжүүлэхгүй ч энэ онд 700 тэрбумыг өмнөх зээлийн хүүд зарна гэсэн тайланг Сангийн яамнаас хийсэн. Зөвхөн засгийн газрын үнэт цаас хэмээх зээлийн эх үүсвэрийн нэг хэлбэрт хамаарах тоог харахад л Монгол улс   ямар тэгшитгэлийн хавханд байгааг хаа хаанаа сэрж ойлгож, халамж, аж үйлдвэрийн бодлогоо дорвитой өөрчлөх цаг тулж, бүр оройтоод байна. Эдийн засгийн форумд бодлого атгаж буй удирдагчид хуучин тэгшитгэлийн баруун талыг яаж ийгээд зүүн талаас нь их болгох горьдлого, үүндээ олны дэмжлэг авах зорилготой үг хэллээ, жул байна!

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5104

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%