Нийтлэл 04 сарын 03, 2015

Эмч хэрэггүй болчихсон юм уу?

 Манайханд хууль  болгон мөрдөөгүй ч зуршил болсон амьдралын алтан дүрэм бий.  Ханиад хүрвэл “Терафлю”, “АЦЦ”, “Колдрикс”, толгой өвдвөл “Полдамиг” гэхчлэн өөртөө эмийн жор гарган өөрийгөө болон хүүхдээ эмчилнэ. Эсвэл хэн нэгний туршлага дээр тулгуурлан заавраар эм ууна. Ихэвчлэн  зар сурталчилгааны эмийг хэрэглэнэ. Харин үүнийг эрүүл мэндийн салбарынхан буруу гэдгийг шүүмжилсээр ирсэн. За яахавтомчуудын хувьд эмч "хэрэггүй" ч бага насны хүүхдийг бол зайлшгүй эмчийн заавраар эмчлүүлэх хэрэгтэй аж.  Гэтэл манайхан өөрийн заавраар хүүхдээ эмчилнэ, эм уулгана. Үүнээс үүдэн эмийн  хордлогод орсон хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсныг хүүхдийн тасгийн эмч нар онцолдог.  Ингээд та бүхэндээ хүүхдийн мэргэжлийн эмч нарын эцэг эхчүүдэд хандсан зөвлөгөөг хүргэж байна. 

Аспирин

АНУ-ын эрдэмтэд аспирин агуулсан эм бэлдмэлүүд хүүхдэд өгөх нь хортой гэж үзжээ. Учир нь хэт өндөр халуурч, эсвэл вирусийн халдвар авсан тохиолдолд аспирин агуулсан бэлдмэл хэрэглэснээр элэг, тархийг гэмтээж, цаашилбал үхэлд хүргэх аюултай гэнэ.

Жоргүй худалдаалдаг ханиадны эм

Энэ төрлийн эмүүдийг хэрэглэснээр хүүхдийг унтаа байдалд оруулах, нойргүйдүүлэх, ходоодыг хямраах, биеэр чонон хөрвөс болон улаан тууралт гарах зэргээс гадна зүрхний цохилт олшрох, таталт үүсэх зэрэг амь насанд аюултай байдал үүсгэж болно.

Бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй эмүүд

Эмчийн тусгай зааваргүйгээр бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй эмийг хүүхдэдээ өгч болохгүй. Эл эмийг хэрэглэснээр хүүхдийн биед ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Насанд хүрэгчдийн эм

Манайхан насанд хүрэгчдийн эмийн тунг нь багасгаад  хүүхдэдээ өгчихдөг. Хүүхдэд өгөх эмийн тунг хүүхдийн жингээр тодорхойлон гаргасан эмчийн заавраар өгөх ёстой.

Хугацаа нь дууссан эм

Жороор олгодог болон жоргүй худалдаалдаг ямар ч эм байсан хугацаа нь дууссан бол хэрэглэхээс татгалзаарай. Мөн анх байснаасаа өнгө нь өөрчлөгдсөн, бутархай болж зөөлөрсөн эсвэл сав боодол нь гэмтэж битүүмжлэл нь алдагдсан эмийг хэрэглэж болохгүй.

Илүүдэл хэмжээний ацетаминофен

Зарим эмүүд нь халуун бууруулах болон өвдөлт намдаах үйлчилгээтэй ацетаминофен агуулсан байдаг. Иймд хүүхэддээ эм өгөхдөө хамт өгч байгаа бусад эмүүд ацетаминофен агуулсан эсэхийг сайтар шалгаарай. Хэрэв та өгч байгаа эмийнхээ найрлагад эргэлзэж байвал эм зүйч эмчээс асууж лавлаарай.

Чихэрлэг сироп хэлбэрийн эм

Зажилдаг таблет эсвэл бусад төрлийн эмүүд бага насны хүүхдэд онцгой аюул үүсгэдэг. Таны жирэмсэн байхдаа ууж байсан төмрийн бэлдмэл, жирэмсний витаминыг хүүхэд авч чадахааргүй газар хадгалаарай.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon