Инфляци хадны мангаа мөн үү?

  1.    Инфляцийн тухай зөв ойлголт

Инфляци гэдэг бол мөнгөний үнэ цэнийн бууралт, энгийнээр худалдан авах чадварын бууралт. Гэтэл сүүлийн үед Монголд ч гэлтгүй хаа сайгүй үнийн өсөлт хэмээн ойлгож, яг ижил утгаар ашиглах болсон. Хэдий зоосны хоёр тал ч үүнд ялгаа бий. Үнийн өсөлт бол үнийн өсөлт тусдаа өөрийн нэртэй, инфляци бол инфляци бас л өөрийн нэртэй. Хэрэглээний үнийн индекс /ХҮИ/ буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн жигнэсэн дундажийг ашиглан тооцдог болохоор нэг утгаар ашиглагддаг болсон байх. Гэхдээ энэ нь хэрэглээний үнийн индекс өөрөө инфляци гэсэн үг биш.

      Түүхийн хуудсыг сөхөөд харвал 1838 онд мөнгөний тоо хэмжээний өсөлтийг инфляци хэмээн тодорхойлж байсан нь анхны инфляци гэдэг үгний хэрэглээ байлаа.Харин ойлголтын хувьд мянган жилийн түүхтэй эд. Жишээ нь: Сүн гүрэн Монголчуудтай байлдаж байх үедээ дайнаа санхүүжүүлэхийн тулд цаасан мөнгө ихээр хэвлэн гаргасан нь эцэстээ цаасан мөнгийг ямар ч үнэ цэнэгүй болгож нийтээрээ хэрэглээнээсээ хасаад зөвхөн зоосон мөнгөний хэрэглээтэй болсон. Инфляци бий болсон гэсэн үг.Тэгж л Хятадууд инфляцитай анх танилцсан аж. Гэхдээ тогтсон нэршилгүйгээр шүү дээ.     

 Инфляци гэх ойлголтыг бүтэцчилэн тайлбарлавал Төв банк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр эдийн засагт үндсэн хоёр өөрчлөлт гарна. Эерэг нь эдийн засгийн өсөлт, сөрөг нь зах зээл дээрх бүтэгдэхүүний үнийн өсөлт. Санаа нь аж ахуй нэгжүүд зах зээл дээр мөнгө нэмэгдсэнийг мэдмэгц бараа бүтээгдэхүний тоог өсгөх замаар хариу үйлдэл үзүүлж болно. Ийнхүү эдийн засгийн өсөлт болно гэвч эрэлт өссөнөөр түүхий эдийн үнэ өсч болзошгүй. Нөгөөтэйгүүр аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүний тоо хэмжээг өсгөхийн оронд шууд үнээ өсгөөд зах зээлд нийлүүлж болно бас л үнийн өсөлт.Явсаар явсаар нэг л зам руу хөтөлдөг.Дүгнэвэл зах зээл дээр байгаа мөнгө болон түүгээр худалдаж  авах бараа хоёр тэнцүү байхаар чөлөөт зах зээл өөрөө өөрийгөө зохицуулдаг ба зах зээл дээр байгаа мөнгөний хэмжээ бараа бүтээгдэхүүнээс давсан хувийг инфляци гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч мөнгөний нийлүүлэлтийг ийнхүү нэмэх зайлшгүй шаардлага нь эдийн засгийн өсөлт байдаг боловч ямарч тохиолдолд эцсийн үр нь эдийн засаг өссөн эсэхээс үл хамааран бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болдог тул ХҮИ буюу үнийн өсөлтийг ашиглан инфляцийг тодорхойлдог.

 

  1. Инфляцийн тооцоолол болон алдаа, дутагдал

Инфляцийг ХҮИ-н өсөлт, бууралтаар хэмждэг хэмээн өмнө нь дурдсан. Үүнтэй холбоотой гурван том асуудал бий. ХҮИ гэдэг бол өрхийн хэрэглээнд буй  320 орчим бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг багтаасан нилээд нүсэр индекс. Гэхдээ бас сул талтай. Тооцоллын аргазүйд бичснээр бол 5-н жилд нэг удаа тухайн 327 бүтээгдэхүүний өрхийн хэрэглээнд эзлэх хувийн жин, нэр төрлийг нь шинэчлэх аж. Гэтэл өнөөгийн нийгэмд бидний амьдрал маш хурдтайгаар өөрчлөгдөж байна. 5 жил байтугай хэдэн сарын дотор бидний хэрэглээний нэр төрөл өөрчлөгдөж байгаа. Их британи, АНУ зэрэг хөгжингүй орнууд жил бүр өрхийн хэрэглээний бүтцийн талаар судалгаа гаргаж түүн дээр үндэслэн ХҮИ-д багтах бүтэгдэхүүний багцыг шинэчилсээр байна. Ийнхүү 5-н жилийн хоцрогдолтой өрхийн хэрэглээний бүтцэд суурилдаг инфляци бодит байдлаас зөрөх нь дамжиггүй.

Дараагийн нэг ноцтой алдаа бол орлуулга хийж болдог явдал. 2008 оны ҮСХ-ны 01/28 тоот тушаалаар баталсан “Хэрэглээний үнийн индекс”тооцох аргачлалын 7.1 зааснаар:

 

Индексээр орлуулга хийх

 

  • Энэ орлуулга нь ил, далд гэсэн 2 аргаар хийгддэг. Далд орлуулгын үед орхигдсон индекс болон түүний жин нь тооцооноос хасагдана. Ингэж бүлгийн индекс нь зөвхөн бэлэн байгаа индексүүдээр тооцогдох ба орхигдсон индексийг бүлгийн индекстэй ижил авч үзнэ.
  • Ил орлуулгын үед орхигдсон бараа, үйлчилгээний индекс (эсвэл үнэ) нь шууд бичигдэх ба орлуулсан үзүүлэлтийг оруулж бүлгийн индекс (эсвэл дундаж үнийг)тооцно.

 

Хэрвээ тухайн бүтэгдээхүүний үнэ олдохгүй эсвэл оруулахыг хүсэхгүй бол дундажлаад авч болно гэж ойлгож байгаа. Гэтэл тухайн бүтэгдэхүүний үнэ олдохгүй байх цорын ганц шалтгаан бол зарагдахаа больсон тохиолдол юм. Зарагдахаа больсон юм бол юуны учир өрхийн хэрэглээнд байх билээ дээ? Иймд багцаас хасах нь зүйтэй.

Сүүлийн асуудал нь цор ганц ХҮИ-г ашиглан инфляцийн тухай ярих нь дэндүү дутагдалтай. Олон улсад үнийн өсөлтийг хэмждэг хэд хэдэн индексүүд бий.PPI/Үйлдвэрлэгчийн үнийн индекс/, RPI /Жижиглэнгийн худалдааны үнийн индекс/EPI/Ажиллах хүчний үнийн индекс/ болон мэдээж инфляцийг голлон хэмждэгCPI /Хэрэглээний үнийн индекс/ гэх олон зах зээлийн үнийн өсөлтийг хэмжиж байж инфляцийн талаар бодитой тоо хэлэх боломжтой.  

 

  1. Инфляцийн өсөлт тийм ч муу зүйл биш

Дээр дурдсан Сүн гүрнээс гадна дэлхийн түүхэнд хараар үлдсэн инфляци их бий. Герман улс 1921 - 1924 оны үед дэлхийн 1-р дайны үлэмж их зардлаа төлөхийн тулд ямар ч хамаагүй үнээр гадаад валют худалдаж авч байсан нь олон улсын зах дээр Маркыг үнэгүйдүүлсэн юм. Үүний дүнд 1922 онд ам.долларын ханш 320 Марк болж тогтворжоод байсан боловч 1923 оны 11 сард нэг ам.доллар 4,210,500,000,000 Марктай тэнцэх болсон юм. Дэлхийн түүхэнд ийнхүү тэрбум хувиар өссөн инфляци Германыэдийн засгийг хэт тогтворгүй байдал руу түлхэж, улмаар  Германы ард түмнийг сэтгэлзүйн хувьд гүн дарамтанд оруулсан ба дэлхийн 2-р дайн гарах урьдач нөхцөл болсон ч гэж ярих нь бий.Үүнээс гадна хэт инфляцийн жишээг Унгар - 1946, Зимбабе-2008 гэх мэтчилэн дурдаж болно. Цаашлаад Ромын эзэнт гүрний мөхлийн шалтгаанийг инфляци гэж тайлбарлах түүхчид ч бий. Харин 10-20%-ийн инфляцид ороод учиргүй дордоод байсан улсын түүх гэж байхгүй. Дийлэнх тохиолдолд эдийн засгийн өсөлтийг дагасан инфляцийн ихсэлт байж л байдаг. Манай Монгол шиг хөгжиж буй эдийн засагтай орны хувьд бол байх л зүйл. Ер нь ихэнх тохиолдолд инфляци өсөлт ба эдийн засгийн өсөлт хоёр эерэг хамааралтай байдаг. Тэгэх нь ч аргаггүй. Бүхий л хөгжиж буй орнууд инфляцитай тодорхой хэмжээгээр тулгарсан байдаг.

Жишээ нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын эдийн засгийн өсөлт, инфляци 2-г зэрэгцүүлэн харуулбал хөдөлгөөнүүд төстэй байгааг харж болно. 

 

  1. Хүчлэх шаардлага байна уу?

Инфляци 10-20% байхад тийм муу зүйл биш хэдий ч Монголд иргэдийн бухимдал, шахалтаас үүдээд инфляцийг бага байлгах сонирхол бий. Монгол банкнаас тавьсан зорилтот инфляцийн төвшин <8% байдаг. Үүний хүрээнд үнийн өсөлтийг хүчээр хазаарлах гэж үздэг тал бий. 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтарсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж, үнэ тогтворжуулах зориулалтаар 3 их наяд төгрөг зарцуулахаар болсон.Дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үнэлгээг үзвэл 2013 оны 6-р сарын байдлаар бүх түлшний үнийг 50 төгрөгөөр буулгаж, “Роснефт”,“Чайна Ойл” компаниудаас  авдаг шатахууны үнийг шинэчлэн газрын тосны биржийн үнэд суурилдаг болгох гэрээ хийсэн зэрэг олон ахицтай үр дүн гарсан. Зөв бас том алхам боловч төр холбогдсон энэ өөрчлөлт урт хугацаандаа ямар байх нь эргэлзээтэй.Өнөөдрийн үнийг буулгах гэж 3 их наяд төгрөг зарцуулсан бол харамсалтай. Системийн засварт бол байж болох юм. Системийн засвар гэдэгт бизнесийн дэд бүтцийг сайжруулах талаар ярьж байгаа хэрэг. Элдэв арга сүвлэж, хэдэн тэрбумаар зардал гаргаж байхаар бизнес эрхлэгчдээ дэмжвэл жинхэнэ урт хугацааны үнийн тогтвортой байдлыг дэмжиж болно. Бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэхээр гүйж очоод гэрээ хэлэлцээрийг нь хийгээд, хямдхан зээл олгоод, татвараас нь чөлөөлнө гэсэн үг огтхон ч биш юм. Дээр дурдсанчилэн тэдэнд зүгээр л бизнес эрхлэх таатай орчин хэрэгтэй. Тэгж чадваас үнэ зах зээлийн жамааараа тогтворжих нь дамжиггүй.

Хэдийгээр үнэ өсөх нь хүн бүрт таалагддаггүй боловч манайх шиг хөгжиж буй орны хувьд бол байдаг л үзэгдэл. Үүнд нийтээрээ шаналаад, Монголбанк араас нь 8%-н зорилт тавьж гүйх шаардлага байхгүй. Харин статистик хорооноос олон индексууүдийг тогтмол явуулж, инфляцийг зөвөөр тооцох нь л иргэдийг бухимдалыг багасгаж, судлаач, эдийн засагчдын шинжилгээ, дүгнэлтийг чанаржуулах, цаашлаад эдийн засагт чухал ач холбогдолтой юм. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5092

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%