Б.Дарамбазар : Монгол Ганжуур, Данжуур дэлхийн хамгийн бүрэн бүтэн, алдаа мадаггүй бүтээл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ганжуур, Данжуурыг хөрвүүлж буй Цогт Цагийн Хүрдэн Соёлын төвийн тэргүүн Б.Дарамбазартай ярилцсан ярилцлагийг хүргэж байна:

   -Ганжуур Данжуур судрын онцлог юу вэ. Төсөл болгоод орчуулахад энэ олон жил, олон хүний хөдөлмөрийг шингээн орчуулж байгаа болохоор их том утга учиртай судар болов уу гэж бодож байна?

   - Өнгөрсөн, одоо , ирээдүй гурван цагийн хэлхээст эрин зууныг дамнан хүн төрөлхтнийг тэтгэж байдаг эх ундарга бол мэдлэг ухаан байдаг. Тэрхүү мэдлэг ухааны санд зүй ёсоор ордог, хүн төрөлхтний оюуны сор бүтээл, Дорно дахины нэвтэрхий толь, бурхан багшийн зарлиг сургаалийн чуулган болсон их хөлгөн судар бол яахын аргагүй Ганжуур Данжуур юмаа. Ганжуур гэдэг бол аман зарлиг юм. Хэний аман зарлиг хэмээвээс Бурхан багшийн зарлиг.

   Бурхан багш номоо номлож, энэ амьдралын зүй тогтол, хүн хүнээрээ байх, хүн байгалийн хоорондын харилцаа хамаарал, хүний ёс зүй төлөвших, хүн өөрийнхөө  нисваанисыг дарах ерөндөг, хүсэл шунал тачаалыг дарах, хүн өөрөө өөрөөрөө гэгээрэх тэр боломж, их бага арван орон тэргүүтэн айлдварууд буюу Бурхан багшийн сургааль, аман зарлигийн цогцыг л Ганжуур гэж нэрлээд байгаа юм. Ганжуур гэдэг маань  “зарлигийн орчуулга” гэсэн Төвд үг л дээ.

Бурхны шашин бараг 3000 жилийн тэртээгээс, эртний Энэтхэгийн их хаан Шүдходанагийн хөвүүн болон элдэв гайхамшиг үзэгдэл билгийг үзүүлэн мэндэлсэн Сиддихарта хамаг амьтныг зовлон зүдгүүрээс нь ангижруулахын төлөө хэцүү бэрх хатуужлыг үйлдэн бясалгал оюуны хүчээр хэрхэн гэгээрэлд хүрч болдгийг өөрөө биечлэн үзүүлж Бурхны хутгийг олон гэгээрсэн, мөн хамаг амьтанд гэгээрэх боломж буйг баталж тэрээр ном зааж номын хүрдийг гурвантаа эргүүлсэн, гэгээрэхүйд зорин буй хуврагийн аймгийг байгуулсан зэрэг эрдэм үйлсээс улбаалан Бурхны шашин хэмээн нэрлэгдэн өдгөө цаг үед хүрч ирсэн байна.

Бурхан багш ном судраа ихэвчлэн пали санскрит хэл дээр айлдсан байдаг. Бурхан багшаас хойш 300 жилийн туршид түүний шавь нар зарлиг сургаалыг нь бичгийн хэлэнд  буулгасан байдаг. Бурхны шашин нь судар тарнийн нэгэн нэгнээ үл гээхийн хос ёсоор гэгээрэлд хүрдэг. Тэдгээр ёсыг илүү дутуугүй бүрэн агуулсан сургаал нь Ганжуур Данжуур юм. Харин Төвд хэл рүү Соронзонгомбо хааны үеэс эхлэн 500 жилийн турш орчуулсан байгаа юм. Ганжуур гэдэг ойлголт хэзээ гарч ирсэн юм бэ гэсэн асуулт байгаа юм. Ганжуур гэдэг ойлголт гарч ирэхэд Монголчуудын оролцоо нөлөө маш их байсан нь түүхийн баримтуудаас гэрчлэгдэж байна. Ямар оролцоо нөлөө байсан бэ гэвэл буддын судлалаар мэргэшсэн бидний багш Ч.Хүрэлбаатарын судалгаанд дурдагдсанаар  “...

Ганжуурын түүвэр судалгаа бүр VIII зууны үеэс эхэлж хийгдсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Бас нэг томоохон түүх бол Хубилай хааны ач хүү буюу Аюурбарбад Буянт хэмээх хаан (1285-1320) XIV зууны үед Төвдийн Бүдэн гэгээн хэмээх эрдэмтэн хуврагаар удирдуулсан эрдэмтдийн баг хамт олноор бурхан багшийн айлдвар сургаалиудыг эмхтгэх хааны зарлиг буулгаад, хятад бэх, цаас, бийр тэргүүтэй ном бүтээхэд шаардлагатай эд материалын өглөгийг төвд рүү илгээснээр ном бүтээгдсэн нь Нартан барын Ганжуур хэмээх анхны хувилбар гарсан байгаа юм. Нартан хийдэд хийгдсэн учраас Нартан барын ганжуур хэмээгдсэн...” Ганжуур гэдэг нэр томьёо өөрөө монголчуудтай анхнаасаа холбоотой болж байгаа биз. Улмаар Лигдэн /1592-1636/ хааны зарлигаар их эрдэмтэн Гунгаа-Одсэр тэргүүтэй эрдэмтэд удирдан зохион байгуулж 1628-1629 онд “Ганжуур”-ыг бүрнээр нь хөрвүүлэн дүүргэсэн байна. Харин “Ганжуур”-ын тайлбар болох “Данжуур”-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж удирдан хамаг монголын 200 орчим эрдэмтэн гүүш нар Түвд хэлнээс Монгол хэлэнд 1741-1742 онд орчуулан 1742-1749 онд 226 боть болгон модон бараар Бээжинд хэвлэжээ. Монгол Ганжуур, Данжуур бүтнээр буюу заримууд нь Бээжин, Өвөрмонгол, Парис, АНУ-ын Конгрессын номын сан зэрэгт хадгалагдан байдаг. Үүнээс гадна Ганжуур Данжуурыг цул алтаар болон есөн эрдэнээр бүтээсэн бөгөөд өөрсдийн хэрэглэдэг хэл бичгийн (монгол, кирилл бичиг) хувилбараар буулгасан улс дэлхийд Монголоос өөр алга байна. 

Монгол Ганжуур, Данжуур дэлхийн хамгийн бүрэн бүтэн, алдаа мадаггүй, хосгүй үнэт бүтээл.

Тухайлбал, пали, хятад, санскрит, төвд, япон, солонгос зэрэг Азийн орнуудын цөөн хэл дээрх Ганжуур тооны хувьд 100-108 боть байдаг бол Монгол Ганжуур 114 боть байдаг. Монгол Ганжуурыг Түвдийн олон зүйл хэвлэлийг харьцуулан судлаад хамгийн алдаа мадаггүй сонгомол гэсэн хэвлэлийг эх болгож, нэр томьёог нь Санскрит эхтэй нарийвчлан тулгаж, усны урсгал мэт яруу тансаг найруулгаар орчуулсан байдаг.

Өдгөө монгол “Ганжуур”, “Данжуур”-ыг жинхэнэ эхээр нь олж үзэх боломж нэн хомс, олсон цагт уншиж ойлгоход бэрхтэй болсныг харгалзан уламжлалт соёлоо эрхэмлэн дээдэлж, уншин судлах хүсэлтэй өргөн олон уншигчдад зориулан кирилл үсэгт буулгахад энэхүү төслийн зорилго оршино. Ганжуур Данжуурыг шинэ хэл соёлд буулган, дэлхийн хүмүүст бурхны шашныг судлах суралцах боломжийг нээхийн ач холбогдлын тухай АНУ-ын нийслэл Вашингтон хотноо саяхан болсон Буддын шашны олон улсын хурал дээр ани Гунгаачодрон үг хэлэхдээ: "Бурхан багшийн сургаалийн чуулбар Ганжуурыг уншиж судлахын урьтал нөхцөл нь түүнийг шинэ соёл, шинэ хэлэнд буулгах явдал юм. Ганжуурыг нийтийн хэлэнд орчуулж дуусах хүртэл хэн ч Бурхан буддагийн сургаалыг уншиж чадахгүй. Уншиж чадахгүй учраас хэн ч түүнийг зөв судалж чадахгүй. Зөв судалж чадахгүй учир зөв бясалгаж чадахгүй. Зөв бясалгал байхгүй учраас гэгээрч чадахгүй" хэмээсэн нь Ганжуур Данжуурыг кирилл бичигт буулгах тухай бидний гаргасан санаачлаг, төслийн ач холбогдолтой яв цав нийцэж буй юм. Ганжуур маань 108 боть, Данжуур маань 226 боть ном байдаг. Мөн дээрээс нь Гэлүгвагийн шашныг үндэслэгч Богд Зонховын Сүмбүм хэмээх 20 боть ном, Монгол мэргэдийнхээ тайлбартайгаа нийлээд 400 боть ном бидний энэхүү төсөл хэрэгжсэний үрээр  монгол хэлэнд буюу орчин цагийн кирилл бичигт хөрвүүлэгдэж бэлэн болох юм.

-Төсөл маань хэзээ, хэрхэн эхэлсэн бэ. Хэдэн үе шаттайгаар одоо аль хэсэгтээ явж байгаа бол?

-Ер нь бол 2000 оноос хойш бэлтгэл ажил, суурь судалгаануудыг хийсэн. Яг төсөл болгоод хөрвүүлгийн ажлыг эхэлсэн нь бол 2010 оны арван нэгдүгээр сарын  31-ний өдөр эхэлсэн байдаг. Энэхүү төслийг маань санаачилж, төслийг удирдаж байгаа Г.Буяндэлгэр ламын гэрт анх наймуулаа цуглаж  төслийн ажлыг эхлүүлж байсан даа. Үүний дараагаар 2011 оны гуравдугаар сарын 7-оос анх албан өрөөнд байрлаж, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр төсөл маань албаны хэлбэрт шилжсэн байдаг. Үүнээс хойш таван жил болж, төслийн үйл ажиллагаа маань тасралтгүй үргэлжилж байна.

400 боть ном хэвлэгдэхээс өнөөдөр 172 ботийг орчуулж, үүнээсээ 90 ботийг хэвлүүлсэн байна. Одоо хэвлүүлэхэд бэлэн 82 боть байна. Хэвлүүсэн номоос маань Ганжуурын 12 боть, Данжуурын 78 ботийг хэвлүүлсэн байна. 400 боть ном орчуулахаас 172 ботийг орчуулсан байгаа болохоор үндсэндээ ажил маань 50 хувийн биелэлттэй явж байна гэсэн үг. Тэгэхээр энэ ондоо бид нийтдээ 200 боть ном хэвлүүлж сүсэгтэн олныхоо гар дээр тавина гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бидний тооцоолсноор ирэх дөрвөн жилд үлдсэн ботиудыг орчуулж, өөрөөр хэлбэл 400 боть ном маань хөрвүүлэгдэж, хэвлэгдэж бүрэн дууссан байхаар төлөвлөгдөж байнаа.

Ер нь төслийн маань үйл явцын тухайд гэвэл эхлээд Ганжуур, Данжуурын аль барын судруудыг эх сурвалжаа болгон баривал алдаа мадаггүй байх вэ гэдгийг судалж төвд хэл дээрх Нартан, Лхас, Дэргэ барын шинэ хуучин гэсэн дөрвөн барын эх дээр ажилладаг. Мөн дээрээс нь Лигдэн хутагт хааны үед орчуулагдсан монгол эхийг үндсэн эх сурвалжаа болгож байна. За мөн зарим тайлагдахгүй байгаа нэр томьёог манж, санскрит хэлнээс авч байна. Эдгээр нь бол орчуулах судар сонголтын ажил явагдаж байгаа юм.

Үүний дараагаар хөрвүүлгийн ажил явагдана. Хөрвүүлээд гарсан эх дээр эхний 2 хяналт явна, үүнийгээ эх бэлтгэл рүү өгнө. Эх бэлтгэлийн дараагаар дараагийн хяналт хийгдэнэ. Дахиад эх бэлтгэлдээ шилжинэ. Үүний дараа дөрөв  дэх  хяналт явж хэвлэлтэд шилжинэ. Энэ бүх хяналт шүүлтийг манай төвийн өөрийн хяналтын баг, ШУА, Хэл шинжлэлийн хүрээлэн, Монгол судлаач эрдэмтдийн холбооны хориод эрдэмтдээс бүрдсэн Ганжуур, Данжуурын эрдмийн зөвлөл хянана. Мөн Гандантэгчилэн хийдийн хамба Д.Чойжамцаар ахлуулсан лам нарын баг эрдмийн зөвлөл дээр ажиллаж байгаа юм. Нэг ёсондоо энэ ном хойч үедээ алдаа мадаггүйгээр очих ёстой, энэ нь бид нарын үүрэг хариуцлага байх ёстой. Ийм шат дамжлагын ар дээр энэхүү эрдмийн их уурхай маань хэвлэгдэж бэлэн болж байгаа юм.

- Ганжуур, Данжуураа хөрвүүлэхийн зэрэгцээ ном буяны ажил хийж байх шиг энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

- Тиймээ энэ их эрдмийн уурхай Ганжуур, Данжуурыг хөрвүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэд оруулах, охь шимээс нь түмэн олондоо түгээж, нийтээрээ буян хураах, үр шимийг нь хүртээхтэй холбоотойгоор эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж, эрдэм шинжилгээний тайлбаруудыг агуулсан “Билгийн гэгээ” гэдэг цувралыг гаргаж эхлээд байна. Мөн Ганжуур, Данжуур дотор байгаа номуудыг агуулсан “Номын гэгээ” хэмээх цувралуудыг гаргаж байгаа. Тухайлбал манай “Номын гэгээ-1” маань бидний сайн мэдэх Гурван гүрэм буюу Цагаан шүхэрт, Ногоон дарь эх, Ширнэн гэдэг дээд гурван заслыг Монгол хэл дээр орчуулж гаргасан байгаа. Энэ сард “Номын гэгээ-2”-ыгоо гаргасан. Энэ маань Жамболцанжод буюу Манзушир Бурхны зүрхэн ном байгаа юм. Жамболцанжод гэдэг маань өөрөө Ганжуурын нэгдүгээр ботийн эхэнд байдаг ном.

Энэ номыг хэвлэж гаргах болсон шалтгааны нэг нь бол Дээрхийн гэгээн Далай Лам өнгөрсөн оны арван хоёрдугаар сард БНЭУ-д монголчуудад зориулсан сүнчой буюу ном айлдвар дээрээ  “...Монголчууд та бүхэн минь Жамболцанжод буюу Манзушир Бурхны зүрхэн номыг Монгол хэл дээрээ хөрвүүлэн орчуулаад олон тоотой буюу бум түүнээс дээш (100 000-аас дээш) унших, хэвлэх, түгээснээр та бүхний буян заяа сайжирна. Монголын шашныг баригч оройн дээд богд Жавзандамба хутагтын аравдугаар дүр Монголдоо төрөхийн номын барилдлага энэ ном, үүгээр дамжих  энэхүү буян их нөлөөлнө...” хэмээн айлдсан. Үүнтэй холбоотойгоор бид Жамболцанжод номыг унших аяныг эхлүүлээд сүсэгтэн олныхоо төлөөллийн хамтаар төв дээрээ Бямба гараг бүр Монголоор уншиж тоогоо авч байгаа. Бид ИТГЭ, БИШИР, ЗАЛБИР хэмээх зарлигийн дагуу энэ буян хураах гэгээрлийн аянаа эхлүүлж байна.

Бидний төлөвлөж байгаагаар Бурхан багшийн дүйчэн өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт өдөр, аргын тооллоор бол зургаан сарын 2-ны өдөр  Монгол орон даяар энэхүү номыг нэгэн зэрэг буюу нэг ёсондоо 108 000 удаа унших юм. Түүний өмнө сүсэгтэн олон маань энэхүү үйл ажиллагаанд өргөнөөр оролцож Жамбалцанжод номоо аваад 108000 өрх нэгэн зэрэг унших боломжтой болж, хязгааргүй буянаа хураах юм.

Дахин хэлэхэд тэр өдрийг хүлээлгүй манай төвийн уншлагад ирж номондоо даган баясаж, бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж, номондоо хүчийг оруулаарай гэдэг уриалгыг хүргэх байна. Манай төв дээр сүсэгтэн олонтойгоо нийлж Монголоор уншсан Жамбалцанжодын маань тоо одоо 4000 хүрээд байгаа. Үүний бэлтгэл ажил болгож бид орон нутаг аймгуудаараа явж Жамбалцанжод номоо нийтээр унших аяныг зохион байгуулах ажил бэлэн болж байна.

-Сүсэгтэн олныхоо гар дээр тавина гэхээр хүмүүс маань худалдаж аваад гэртээ залаад өөрсдөө уншиж буян ном хурааж болох хэрэг үү?

-Орчин цагийн монгол хэл рүү орчуулж байна гэдэг маань хүмүүсийнхээ гарын авлага болгох зорилготой юм. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бид нар тухайн үед хэрэглэж байсан Монгол бичгийн уламжлалт сонгодог хэлийг өөрчлөхгүйгээр буулгаж байгаа юм. Учир нь хүмүүн төрөлхтөн Бурхны сайн номыг ойлгохын төлөө өөрсдөө тэмүүлж, оюунаа сайжруулдаг болохоос биш, хүмүүний хөгжөөгүй оюунд заавал ойлгогдохоор доошоо бууж ирдэг Бурхны ном гэж байхгүй л дээ. Ийм учраас энэ ном маань сонгодог Монгол хэл дээр орчуулагдсан Бурхны ном. Бид бүхэн энэ сонгодог Монгол хэлээ ойлгохын төлөө өөрсдөө зорьж явах ёстой. Үүнд хүрсэн оюун ухаантай болох ёстой учраас сонгодог Монгол хэлийг өөрчлөхгүйгээр хөрвүүлж буулгасан байгаа юм. Тэгээд ч бид чинь үнэндээ Монголоор яриад байгаа болохоос биш яг Монгол хэлээ бүрэн утгаар нь мэдэхгүй болоод байна.

Бидний анх тооцоолсноор бүх аймгууд номын сантай. Тэнд залагдах байх. Сүм хийдүүд залах байх. Ер нь тэгээд ирээдүй хойчдоо буян бодож байгаа хүмүүс маань залах боломжтой байхаар 300 ботийг хэвлэж байгаа юмаа. 400 боть ном маань 300 хувь л хэвлэгдэнэ. Нэг бол өөрсдөө уншин судалж, гарын авлагаа болгож мэдлэг оюунаа ч зузаатгах, буянаа ч хураах боломжтой гэсэн үг.

Ганжуур Данжуур ном маань бүтэн эхээрээ орчуулагдсан хоёрхон газар байдаг нь Төвд, Монгол Улс юм. Дээр дурдсан Хубилай хааны ач хүү Аюурбарбад Буянт Хаан Төвд хэл дээр эмхтгэх ажлыг эхлүүлсэн хүн. Үүнээс хойш Дэргэ барын Ганжуур, Лхас барын Ганжуур гээд олон хийдүүдэд хэвлэгдсэн эмхтгэгдсэн Ганжуурууд байдаг. Үүний дараагаар Лигдэн хутагт хаан XVII зууны үед Монгол бичгээр бүрэн эхээр нь буулгасан байгаа. Түүнийгээ биндэрьяагийн өнгөтэй хөх цаасан дээр алтаар бичиж нэг ёсондоо алтан Ганжуурыг бүтээсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхны алтан Ганжуурыг Лигдэн хутагт хаан буулгасан байдаг. Үүнийг буулгахад Жанжаа хутагт Ролбийдоржоор ахлуулсан 200 гаруй эрдэмтэн гүүш (тухайн үеийн мэргэшсэн орчуулагч) хүмүүсээр хийлгэсэн байдаг. Энэ Ганжуур маань тухайн цаг үедээ бүтэхдээ 41 600 лан мөнгөөр бүтсэний 70 хувь буюу 30 гаруй мянган лан мөнгө нь ард түмнийхээ хөрөнгөөр, үлдсэн 30 хувийг хааны сангаас гаргаж  бүтээсэн байдаг юм. Энэ нь тухайн үедээ нэг сая бог малтай тэнцэж байсан гэдэг түүхтэй. Үүнийг давтан давтан яриад байгаагийн учир нь  XIV зуун, XVII зуун гээд бүтэн гурван зууны дараагаар яригдаж байна. Үүний дараагаар XXI зуун гээд бидний энэ цаг үед энэхүү Ганжуур Данжуур ном маань кирилл бичигт бууж байна. Тэгэхээр энэхүү буяны гэгээн, нөр их үйлс зүгээр нэг цаг хугацаанд хийгдээд байдаг ажил биш байна гэдэг нь түүхийн цаг хугацаа, үечлэлээр харагдаж байгаа биз. Ийнхүү бидний энэ цаг үед Ганжуур, Данжуурыг бүтээх үйлс хийгдэж, энэ цаг үед бид амьдарч, ажиллаж байгаа үе нь таарч байгаа нь бидний хувь заяатай холбоотой. Бид бас оролцож бүтээлцэж байгаа нь. Товчхондоо бид азтай хүмүүс. Хувьтай улс. Кирилл бичигт бид Ганжуур Данжуураа буулгаснаар, өөрсдийн хэрэглэж байсан хос бичгэндээ Дэлхийн сор бүтээлийг буулгасан цорын ганц ард түмэн болж байгаа юм. Энэ бол өөрөө гайхамшиг.

Монголчууд оюун ухаанаараа үеийн үед дэлхийн дээвэрт явж байсны тод илрэл, баталгаа энэ юм.  Өөрсдийн хэл дээр орчуулж байсны, өнөөдрийг хүртэл хадгалж, уламжлуулж ирсний том гавьяа нь монголчуудын оюун ухааны дархлааны баталгаа болж байна. Хүмүүс Ганжуурыг сүм хийдэд л байдаг, зөвхөн лам хуврагууд л үүнийг хэрэглэдэг юм шиг ойлгодог. Гэтэл яг орчуулаад ирэхээр энэ маань өөрөө шинжлэх ухааны бүхэл бүтэн гайхамшигт бүтээл болох нь харагдаж байгаа юм. Мөн Ганжуур Данжуурыг кирилл бичигт буулгах хэд хэдэн нийгмийн шаардлага гарч ирж байна гэж үзэж болно. Тоймлон дурдвал:

  1. Ганжуур Данжуурыг нийтийн бичигт буулган, ард түмэнд бурхны сургаал номлолыг мухар сүсгээр биш үнэн бодитоор судалж, танин мэдэх боломжийг олгох
  2. Дэлхийн оюуны хосгүй үнэт бүтээл болсон Монгол Ганжуур Данжуурыг шинэ бичигт буулган урт удаан хадгалж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, үр хойчдоо үлдээх
  3. Ганжуур Данжуурт байгаа шинжлэх ухааны онол мэдлэгүүдийг нээн илрүүлж, судалгааны эргэлтэд оруулах
  4. Монгол хүний үндэсний бахархлыг бий болгож, улс эх орны эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн нөгөө нэг тал болсон ард түмний оюуны соёлын хөгжлийг бадраах
  5. Монгол Ганжуур Данжуурыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, 800-н жилийн тэртээх Монголын байлдан дагуулалтай дүйцэхүйц дээдсээс өвлөсөн номын хүч, оюуны гайхамшгийгдахин бүтээх зэрэг явдал юм.

Буддын гүн ухааны их бага арван ухаан байдаг. Жишээлбэл Ганжуур Данжуур дотор гүн ухаан, анагаах ухаан, техник технологи, философи сэтгэл судлал, хэл шинжлэл, яруу найраг, соёл урлаг, одон орон судлал гээд шинжлэх ухааны олон салбар ухаан байна. Энэ бүхнийг багтаасан зүйлс Ганжуур Данжуур маань дан ганц Бурхны шашны ном биш шинжлэх ухаанч нэвтэрхий толь юм байнаа гэж ойлгох хэрэгтэй.

 Жишээлбэл мэргэжлийн нүдээр хараад ирвэл хот мандал бүтээнэ гэдэг нь нэг цэг дээр ромбо хэлбэртэй зүйлийг яаж босгох вэ гээд интериор засал чимэглэлийн маш сонин шийдлүүд байгаа юм. Анагаах ухааны олон шийдлүүд байна.

Нүдний харааг муудахгүй байх арга ухааныг ч нарийн заасан байгаа юм. Өлөн элгэн дээрээ өөрийн дотооддоо итгэл үнэмшил бясалгалыг төрүүлээд шүдний гадна талд тогтсон өлөн шүлсээрээ баруун гарын ядам хуруугаар зүүн нүдээ гаднаас дотогш гурвантаа, эсрэгээр нь нөгөө нүдээ арчих юм бол хүний нүдний хараа муудахгүй сайжирдаг гэх жишээний олон олон аргуудыг дурдсан байдаг.

Ингээд сайхан хөрвүүлэгдээд гаргаад ирснээрээ өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн маш том эрдмийн уурхайг ард түмэндээ нээж өгч байнаа гэсэн үг юм. Бид өнөөдөр олон том уул уурхайг, мега төсөл гээд л яриад байна. Гэтэл өвөг дээдэс маань бидэнд Оюутолгой, Таван толгойтой зүйрлэхгүй том,  тал талаас нь судлаад, хэрэглээд, ухаад олборлох боломжтой гайхамшигт эрдмийн уурхайг үлдээсэн нь энэ байж болох юм. Энэ сайхан уурхайгаа ухаж чадаж гэмээ нь монголчуудыг оюунаар нь , хүн чанараар, сэтгэл зүрхээр нь, амьдралаар нь бүх л зүйлээр нь тэтгэх бэлэн уурхайг гаргаж ирж байнаа гэсэн үг. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ. Бид чинь оюуны дархлаатай, зүрхний хоолтой ард түмэн. 

-Саяхан байгуулсан Ганжуурын 84000 танхимын талаараа та тодруулбал?

- Бид нар Ганжуур, Данжуурт байгаа охь шимийг хүмүүстээ, иргэддээ түгээхийн тулд төвийн дэргэд  Ганжуурын 84000 хэмээх танхимыг байгуулсан юмаа. Хүмүүс маань өвөг дээдсийнхээ уламжилж ирсэн Ганжуур, Данжуурын сургааль, арга ухаанаас суралцах, амьдрал ахуйдаа мөрдлөг болгох, оюун санаандаа буулгах талаас нь энэ танхимдаа Ганжуурын номын сан, Ганжууртай холбосон хэдэн төрлийн бясалгал, эрдэм шинжилгээний, сургалт судалгааны, уншлага зан үйлийн, уламжлалт зан үйлийн гэсэн зургаан чиглэлийн  үйл ажиллагаа явуулах юм. Өөрөөр хэлбэл Ганжуур дотор маань яаж техник хэрэгсэл хэрэглэхгүйгээр фитнесс хийх вэ гэдэг нь байж байгаа юм. Энэ мэтчилэн олон зүйлийг хүмүүстээ ойртуулж, эргэлтэд оруулж өгье гэж зорьж байна. Эдгээр чиглэл чиглэлийн үйл ажиллагаа маань ирэх сараас жигдрээд явах байх.

-Өдөр бүр явагдах уу. Нэг ээлждээ хэчнээн хүн хамрагдах боломжтой бол?

Танхим маань сургалт семинар, эрдэм шинжилгээний чиглэлээр нэг удаадаа 100 хүн багтаах боломжтой. Байгууллага, аж ахуйн нэгж, хүмүүсдээ хэлэхэд манай төвийн үүд хаалга та бүхэнд нээлттэй шүү. Уламжлал, орчин үе хосолсон орчинд өвөрмөц байдлаар арга хэмжээ зохион байгуулъя гэвэл бидэнд хандаарай гэж хэлье. Мөн 3 шөнө 2 өдрийн Бацаг бясалгал байгуулна. Энэ бясалгалд нэг ээлждээ арван хүн хамрагдах юм. Сард ердөө дөрвөн удаагийн бацаг бясалгал зохион байгуулах юм. Долоо хоногийн гурван өдөр нь иогийн хичээл явагдана. Ээлжилж нөгөө гурван өдөрт нь фитнессийн үйл ажиллагаа явагдана. Эдгээр маань мөн л хүний тоон хязгаартай байгаа.

Бас нэг онцлог үйл ажиллагаа маань хүүхдийн даахь үргээх ёслол байгаа. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд минь нэгэн насанд ганцхан тохиох даахиа номын ёсоор, уламжлалын дагуу үргээлгэхгүй бол энэ нь хүүхдүүдийн маань ирээдүй, хувь заяатай холбоотой байдаг учир Ганжуурын адис жанлав хурсан энэхүү танхимд Даахь үргээх ёслол үйлдэх болсныг дуулгая.

Монголчуудын минь нас богиносох, насны цөв орж ирэх, элдэв зүйлийн хавдар, өвчин зовлонгийн шалтгаанаар нас баралт залуужиж байгаад бас ихэд санаа зовнидог. Энэ асуудлыг шийдэхэд ихээхэн тус нэмэртэй нэг зүйл бол Насны Бурхдын үүднээс насны бүтээл хийх юм. Мөн энэ зан үйлийг бид энэ танхимаараа дамжуулан түмэн олондоо хийж өгнө. Энэ мэтчилэн энэ Ганжуурын 84000 танхимын ач тус их байх болно.

-Энэ бүх ажлыг хийхэд нэлээд их өртөг гарч байгаа болов уу. Төсөл маань хаанаас санхүүжиж байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн зуун зууны давтамжтайгаар хийгддэг ажил байсан.  Өдөр тутам, үе үе хийгдээд байдаг ч ажил биш. Зуун зууны давтамжтай хийгдсэн гэдгийг би бас л давтан хэлээд байна тийм үү. Түүхэн цаг үеийг харахаар хааны сангаас хөрөнгө гаргаж, хааны ивээл дор ард түмний хандиваар хийгддэг ажил байсан байгаа юм. Гэхдээ бид энэ ажлаа их зоригтойгоор эхлүүлсэн. 2010 оноос хойш бид төрд хандаагүй биш хандсан юм. Чиглэлийн яам тамгын газар гээд яваагүй газар, уулзаагүй төрийн түшээд ховор доо. Хандах хандахдаа Ерөнхийлөгчид хүртэл хандсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл төр засгийн зүгээс, төрийн хэн нэгнээс ямар нэг эерэг хариу аваагүй, ямар нэг бодит дэмжлэг бас аваагүй л  байна. Ер нь бол бүтээгдэж байсан түүхийг нь харвал яалт ч үгүй төр нь, төр толгойлж байгаа удирдагчид нь оролцсон байдаг.  Биднийг тухайн үед няцааж, та нар шиг хүмүүс ийм том зүйлийг хийнэ гэж юу байсын гэх ч төрийн түшээд байсан.  Гэхдээ бид шантраагүй ээ. Шантрах ч үгүй. Яагаад гэвэл хөрөнгө санхүүгээр л бид гачигдах болохоос сайн багш нарын ачаар бидэнд гачигдах мэдлэг ухаан, зүрх сэтгэл, итгэл үнэмшил байхгүй. Бидэнд энэ их төслийг хийх, бүтээх чинхүү сэтгэл, зүтгэл, итгэл, хамт олон байна.  Бид энэхүү төслөө өнөөдрийг хүртэл зогсоолгүй явуулсаар л байна. Энэ төсөлд ажиллаж байгаа бүх хүний оролцоо, эдгээр хүмүүсийн ах дүү, ойр дотны хүмүүс болон сайхан сэтгэлт буянтан, ухаантан, сүсэгтэн олныхоо хандив тусламжтайгаар явуулж байна. Нэг зүйлийг тодруулаад хэлэхэд энэ их буяны үйлсэд буянтай нь оролцож бусад нь сонсдог гэдэг үгийн мөн чанар тод харагдах байх гэж би хувьдаа боддог юм.

Төслийн маань үйл ажиллагаа тасралгүй өдий хүртэл явж ирсэнд маш том тус дэмжлэг үзүүлж буй нэг компанийг дурдах нь зүйтэй болов уу. Энэ бол “Энержи Ресурс” ХХК юм.

-Хөдөө орон нутгаар явж сүсэгтнүүддээ бас номоо хүргэнээ гэж та хэллээ. Ер нь “Цогт цагийн хүрдэн” соёлын төв маань хүмүүнлэгийн талын үйл ажиллагаа явуулдаг болов уу?

Энэ ном хийж байгаа маань өөрөө хүмүүнлэгийн ажил шүү дээ. Гэхдээ бид хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгөх, хооллож ундлах зэргээр хүмүүнлэгийн ажлуудыг жил болгон хийдэг л дээ. Тэр болгоныг зарлаад байдаггүй юм. Товлосон хүмүүсдээ л тусалж байвал заавал зарлаад байх албагүй шүү дээ. Нэг талаар биднийг хүмүүс их даруухан байнаа. Хийж байгаа ажлуудаа олон нийтэд сайн мэдэгдэж бай гэдэг л дээ. Энэ бидний дутагдал ч байж болох юм.

Нэгэнт асуусан болохоор төлөвлөсөн байгаа нэг ажлаа хэлье л дээ. Энэ жилийн хувьд хүмүүнлэгийн томоохон ажил төлөвлөөд байгаа. Нэг санаа зовоосон зүйл гэхээр сүүлийн үед бараг хүн бүр нүдний шил зүүх болж, ямар нэгэн байдлаар харааны асуудалтай болж байна. Ухаалаг утас, телевиз, компьютер гэх мэтчилэн бид чинь унтахаасаа бусдаар дэлгэцний хараат болсон байна. Энэ үнэхээр монголчууд бидний санааг зовоосон чимээгүй нэгэн эмгэнэл болох нь ээ. Бид энэ зүйл дээр анхаарлаа хандуулж үүнийхээ хүрээнд Ганжуурын XXIX ботид байдаг Сандуйнжүд номоос (XI бүлэгт) “Талим” хэмээх хөрөнгө үсгийг гаргаж ирж, нийтийн хүртээл болгож байна. Энэ ямар ид шидтэй вэ? гэхээр энэ үсгийг харсан, шүтсэн хэн боловч нүдний гэмд унадаггүй гэсэн Бурхан багшийн зарлиг байдаг. Энэ үсгийг бид нийтийн хүртээл болгож, хүмүүнлэгийн сайн үйлсийн аянд зориулж, “Талим”-наасаа орж ирэх орлогыг нүдний хамгийн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжүүдийг худалдан авч хэрэгцээтэй байгаа хүүхдийн эмнэлэгт хандивлахаар төлөвлөөд байна. Ингэснээр дэлхийн хамгийн сайн оношлогооны ч юм уу хагалгааны тоног төхөөрөмжийг тэдгээр эмнэлгүүд хэрэглэж Монголын маань бүх үрс харааны эмгэггүй эрүүл өсөөсэй гэж хүсэж байгаа юмаа. Бид том төслийг хэрэгжүүлж байгаагийн хувьд том хүмүүнлэгийн ажилд анхаарал хандуулж байгаа юм. Бидний л эх орон учир монголчууд та бид л үүнийг хийх ёстой. Монгол Монголоороо байх ёстой. Монголчууд Монголоороо омогших ёстой. Энэ омогшлын маань нэг хэсэг нь Ганжуур, Данжуур маань юм шүү. Монголчууд бид Ганжуур, Данжуураа хос бичгэндээ буулгаж байгаагаараа бахархах ёстойг нэгэн жишээгээр хэлэхэд хөгжил дэвшлийн дээдэд хүрсэн Америк, Английн эрдэмтдээс бүрдсэн баг зөвхөн Ганжуурыг Англи хэлэн дээр орчуулах 100 жилийн төслийг 2010 оноос эхлүүлээд явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ их эрдмийн уурхай уруу орохгүй бол болохгүй юм байнаа гэдгийг тэр өндөр хөгжилтэй орнууд ойлгоод байна. Яг энэ цаг үетэй мөр зэрэгцэн бид арван жилийн хугацаанд орчуулаад охь шимийг нь хүртэхэд бэлэн болгоод байгаа юм. Тэр хүмүүс 2013 онд ирж манай төсөлтэй танилцаад “Энд Ганжуурын үйлдвэрлэл явагдаж байнаа” гэдэг үнэлгээг өгөөд тэдний төсөл Монгол Ганжуур, Данжуургүйгээр явахгүй юм байна гэдгийг ойлгоод буцсан нь бас л монголчууд бидний нэгэн бахархал.

Та Ганжуурт бүх зүйл багтаасан байдаг гэж хэллээ. Үүний нэгэн хэсэг болох “Талим” гэдэг зүйлийг гаргаж ирээд үр шимийг нь ард олондоо хүртээгээд, орох орлогоос нь хүүхдийн эмнэлэгт нүдний тоног төхөөрөмж авч өгнөө гэлээ. Тэгэхээр үнэхээр ашиглаж, ажил хэрэг болгож чадвал бүх боть нь өндөр үр дүнтэй ажлын эхлэл байх нээ. Салбар бүрийн шилдэг эрдэмтэд, хүмүүстэй хамтран ажиллах талаар хэлэлцэгдэж байсан болов уу?

Тийм ээ, өөрөө эрдмийн уурхай гэдэг маань л энэ байгаа юм. Магадгүй бараг энэ номонд орж байгаа хуудас болгон томоохон бүтээл болж гарах боломжтой. Нийтдээ 149973 хуудас байдаг юм. Одоохондоо тийм санал ирээгүй, ямар нэгэн асуудал ярилцаж хэлэлцээгүй байна. Гэхдээ манай төслийн үүд хаалга хэн бүхэнд нээлттэй байгаа. Сонирхсон салбарынхантай хамтран ажиллаж болно.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе. Та ард иргэддээ юу хэлмээр байна.

-Монголчууд өнөөдөр муу зүйл рүүгээ дэндүү их хараад байна. Одоо сайн зүйл руугаа харъя, Бид хийж чадаж байна. Өнөөдөр дэлхийн тэргүүлэх компаниуд болох Microsoft, Google, Samsung-д монгол инженерүүд ажиллаж байна. Монголчууд, монгол залуус чадвартай байна шдээ. Тийм болохоор өөдрөг байцгааж өшөө их зүйлийг хийж бүтээцгээе гэж хэлэх байна. Бидэнд боломж нь байна, бид өнөөдөр оюунаараа ядраад байна. Бид сонгодог монгол хэлнээсээ алсраад байгаа шигээ оюун ухаанаараа бас алсраад байна. Залуучуудын хувьд бодох цаг нь болсон гэж бодож байна. Бид ч бас гадагшаа хандсан үйл ажиллагаагаа эхэлсэн. Өөрийн цахим хуудсаараа мэдээллээ түгээж эхэлсэн. Энэ бүхнийг эхлүүлээд өнөөдрийг хүртэл бид дардан замаар яваагүй юм аа. Ном буяны ажил цаанаа ашиг сонирхол гэж байдаггүй. Номын үйлнээс ашиг хонжоо хайвал нүгэл болдог үйлийн үр гэж байдаг юм. Тийм болохоор ямар нэгэн ашиг хонжоо хайгаагүй ээ. Монголчууд омогшоосой, өв соёлоороо бахархаасай гэж л хүссэн. Биднийг энэ бүхнийг амжилттай хийхэд хамгийн том тусыг хүргэж байгаа “Энержи ресурс”ХХК, хамгийн анх ширээ сандлаас минь эхлээд анх тохижиж үйл ажиллагаагаа эхлэхэд тусалж байсан “Хан хуур” ХХК гээд зөндөө л олон компани байгаа. Та бүгддээ баярлалаа. Та бидний зүтгэсэн ажил өнөөдөр 50 хувьдаа хүрлээ.  Номынхоо үр шимийг түгээх сайхан танхимтай боллоо. Ямар ч байсан бидний зүтгэл талаар болоогүй шүү гэж хэлмээр байна.

Монгол түмний түүхэн улбаа, оюуны давтагдашгүй их өвийг уламжлан авч улам хөгжүүлэх, нийтээрээ үзэж судлах нь хүн бүрийн үүрэг хэмээн бид үзэж Ганжуур, Данжуурыг орчин цагийн оюуны дамжлага болсон кирилл бичигт буулгахын тухайд сүүлийн 10 жил төлөвлөн бэлтгэсний үндсэн дээр 8 жилийн хугацаанд Ганжуур Данжуурыг хөрвүүлэн 400 боть болгон бүтээж, түүнийг шинжлэх ухааны талаас нь судлах 25 жилийн зорилт дэвшүүлсэн бөгөөд номын дээж болох 172 гаруй ботийг амжилттай хөрвүүлэн 90 ботийг хэвлүүлж түмэн олондоо түгээгээд байна. Энэхүү ажил байгууллага хамт олон, ард иргэд, төр засгийн оролцоотойгоор олон түмний хамтын хүчээр бүтэх нь эргэлзээгүй билээ.

       Монголчууд минь дэлхийн дээвэр болсон ийм сайхан оюунлаг ард түмэн шүү дээ. Сайн зүйлийг, сайн үйлийг, сайн хүнийг хараад бахархаж чаддаг байя, бүх юм нь болохоо байчихсан юм биш шүү дээ бид чинь.  Хилээ хаачихсан ч бид чинь өлсөхгүй буян заяатай ард түмэн. Монгол хүн амны билгээрээ гэдэг сайныг ярьж, харж, бодож байж амьдрал ахуй сайн байна шүү дээ. Тэрнээс биш байнга л болохгүй бүтэхгүй зүйл яриад хэлээд, уриалаад, бодоод байвал яг л тэр амаараа өөдлөхгүй шүү дээ, тийм болохоор өөртөө, гэртээ, ажилдаа, нийгэмдээ эерэг зүйлсийг дэлгэрүүлж,  муу муухайг дэлгэрүүлэхээ больё л гэж уриалъя. Ингээд Монголынхоо ард түмэнд та бүхний минь буян заяа өөдрөг байж, хийморь нь бадарч , оюун ухаан тань гийж явахын ерөөлийг дэвшүүлье. Гурван сая монголчууд бүгд хамтдаа Ганжуур, Данжуураа бүтээцгээе.


avatar
    • Д
    • 162.158.88.*

    За энэ ч дээ. Сонгодог Монгол хэл дээр орчуулж байгаа нэртэй хүн ойлгохын аргагүй л юм бичиж байгаа юм байна даа. Өөрсдөө уншиж ойлгоно ч гэх шиг мухар сүсгийн шинжтэй болоод явчихлаа.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4878

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%