Эдийн засгийн хэмжээ ба сайхан амьдрал

Хүн ам цѳѳтэй, байгалийн баялаг ихтэй Монголчууд бид хангалуун амьдрах боломжтой юу?  Дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP) буюу эдийн засгийн хэмжээгээ харвал 2014 оны эцэст 21 триллион 844 тэрбум төгрөг байж. Өөрөөр хэлвэл Монголчууд ийм хэмжээний баялаг буюу бүтээгдэхүүн үйлчилгээг 1 жилд дотооддоо бий болгох чадавхитай болжээ.

Ойрын хэдэн жилийн ѳндѳр ѳсѳлтийн үр дүнд манай эдийн засаг ийм хэмжээний баялаг бүтээдэг болсон ч, 2013 оны дүнгээр дэлхийн 192 орноос 130-д л жагсаж байна.

2014 оны статистик гарахаар GDP-ийн дүнгүүд өөрчлөгдөх ч, жагсаалтын дараалал бараг л хэвээр үлдэх байх...Гэхдээ нэг сайн мэдээ гэвэл хойгуур жагсаж буй нь муу зүйл биш. Учир нь эдийн засгийн хэмжээ сайхан амьдралыг шууд илэрхийлэхгүй. 3 сая хүнтэй цѳѳхѳн Монголчууд сайхан амьдрахын тулд хэдэн зуун сая эсвэл тэрбум хүнтэй, дэлхийн бодлогыг тодорхойлдог их гүрнүүд шиг хэмжээний баялгийг бүтээх шаардлагагүй учир эдийн засгийн маань хэмжээ жижиг гэдэг нь тийм ч санаа зовох асуудал биш.

Дээрх жагсаалтыг арай өөр өнцгөөс харвал, эдийн засаг нь манайхаас хавьгүй том ч  амьдралын түвшин нь биднээс тийм ч хол тасарчихаагүй  2 хѳрш маань эхний 10-т жагсаж байгааг анзаарсан байх (Хятад 802 дахин, Орос 182 дахин том). Мөн Скандинавын хангалуун орнууд эсвэл нефтийн баян орнууд эхний 10-т байхгүйг ч бас ажигласан байх. 

Хятадын эдийн засаг Японоос хэмжээгээрээ бараг 2 дахин том болсон ч, дундаж Япон хүн Хятад хүнээс хамаагүй хангалуун амьдардаг нь эдийн засгийн хэмжээ, амьдралын түвшин 2 шууд хамаарахгүйг харуулж буй тодорхой жишээ.

Иймд, Хэр хангалуун амьдралтай вэ? гэдэг асуултад хариулахад хэр их баялаг бүтээж байна вэ гэхээсээ, бүтээсэн баялаг нь хүн амд нь хэр хангалттай вэ? гэдэг нь илүү чухал ба үүнийг харуулдаг хэд хэдэн үзүүлэлтүүд бий:

  • Монголд бий болсон баялгийг л сонирхож байвал Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP per capita),  
  • Монголчууд л бүтээсэн баялгийг сонирхож байвал  Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого (GNI per capita)
  • Ханш, ѳртгийн нөлөөг арилгаж, бодит худалдан авах чадвар нь чухал бол GDP (PPP) per capita 

Эдгээр үзүүлэлтүүд аль нь ч байсан өндөр хөгжилтэй "баян" орнуудад өндөр, харин хѳгжил дорой ядуу буурай орнуудад бага байдаг ба, "Амьдралын түвшин өнгөрснөөсөө сайжирч уу?" эсвэл ”Бусад орнуудтай харьцуулахад хэр байна вэ?" гэдэг харьцуулалт хийхэд тус болдгоороо нийтлэг юм. Жишээ нь тухайн орны паспорт эзэмшигчид хэр баян бэ гэдгийг харуулах Нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор (GNI per capita) жагсаахад их гүрнүүдийн жагсаалтад ороогүй олон орнууд Топ 10-т багтсан байгааг харж болно:   

Эдийн засаг нь ч, хүн ам нь ч аварга их гүрнүүдтэй харьцуулахад жижиг ч, амьдралын түвшний үзүүлэлтүүдээрээ дэлхийд тэргүүлдэг учир Норвеги, Швецари, Сингапур зэрэг орнуудыг бид хөгжлийн жишээ болгож ярих дуртай байдаг. Tэгвэл эдгээр улсууд Эдийн засгийн хэмжээ нь томорч, улмаар нэг хүнд ногдох GDP-ийн хэмжээ нэмэгдснээр, иргэдийн амьдралын түвшин сайжирна гэсэн энгийн хѳгжлийн томъёогоор хѳгжсѳн болохоор бидэнд ч бас ийм боломж мэдээж бий.

Харин ингэхийн тулд яаж эдийн засгаа томруулах вэ гэдэг...

Эхлээд "Бид одоо баялгийг яаж бүтээж байна вэ?" гэдгийг доорхи зургаас харцгаая:

Нийт эдийн засагт салбаруудын оруулж буй хувь нэмрийг харуулах дээрх зургаас Монгол яагаад уул уурхай, хөдөө аж ахуйн орон бэ? гэдэг нь төвөггүй харагдана. 2014 онд бидний бүтээсэн 21.8 триллион төгрөгийн үйлдвэрлэлийн 17.6% нь Уул уурхай, 14.2% нь Хөдөө аж ахуйн салбарт ногдох ба зөвхөн энэ 2 салбар нийт эдийн засгийн 1/3-ийг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унах, эсвэл нэг өвөл зуд болоход дагаад улс орны эдийн засаг хэцүүддэг эмзэг байдлыг одоогийн энэ эдийн засгийн бүтэц тайлбарлана. 

Тэгвэл, бид сайхан амьдрахын тулд 

  • Эдийн засгийн хэмжээгээ хэр том болгох вэ? Одоогийн эдийн засгийн ѳсѳлт хангалттай юу?
  • Эдийн засгийн бүтцээ хэрхэн ѳѳрчлѳх вэ буюу, эдийн засгаа яаж солонгоруулах вэ? гэсэн асуудлууд гарч ирнэ. Үүний хариултыг дараа дараагийн нийтлэлүүддээ оруулъя. 

Нэмэлт:

Зарим сонирхолтой асуултууд:

  • Бид эргээд дэлхийн бодлогыг тодорхойлдог орон болж чадах уу? 

Ойрын ирээдүйд үгүй. Учир нь, хэмжээ хүч чадлыг илэрхийлдэг зүй тогтол эдийн засгийн хэмжээн дээр ч ажиглагдана. Америк шиг нүсэр эдийн засагтай орны Apple, Google шиг нэг л компанийх нь шинжлэх ухаан, технологийн судалгаанд зарцуулдаг мөнгө дундаж хэмжээтэй эдийн засагтай орны улсын төсвөөс нь том байх нь ердийн үзэгдэл. Япон хэдийгээр аюулгүй байдлаа хамгаалахдаа GDP-ийнхээ 1%-аас бага хэмжээг зарцуулдаг ч, энэ нь мөнгөн дүнгээрээ дэлхийд эхний 5-д орох том батлан хамгаалахын төсөв болно. Эдийн засгийн хэмжээ томрохын хэрээр тухайн улс орны үйлдвэрлэлийн чадавхи тѳдийгүй, шинжлэх ухаан ба зэвсэгт хүчинд зарцуулах мөнгө ч өсдөг учир энэ мэтчилэн “Том бол хүчтэй” гэдгийг харуулах жишээ олон бий. Манайх шиг хэмжээтэй эдийн засгийн хувьд улстѳр, эдийн засаг, зэвсэгт хүчнээрээ ч их гүрнүүдтэй ѳрсѳлдѳх аргагүй.

 20-50  ын клуб гэж юу вэ?

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP) нь 20 мянган ам. доллараас давсан, нийт хүн ам нь 50 саяаас их, ѳнѳѳгийн дэлхийн эдийн засгийн хѳгжлийг тодорхойлдог элит орнууд. Хамгийн анх Япончууд энэхүү болзлыг 1987 онд хангасан бол, хамгийн сүүлд Хан мѳрний гайхамшгийг бүтээснийхээ ачаар Солонгосчууд 2012 онд шинээр нэгдсэн. Хүн ам олонтой ч бүгд хангалуун амьдралд хүрсэн  Япон, Америк, Итали, Франц, Герман, Англи, Солонгос зэрэг 7 орноос бүрддэг.

 

 Эдийн засгийн нэр томъёоны тайлбар:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP):

Улс орны эдийн засгийн чадавхийг харуулдаг хэмжүүр. Тухайн улс дотор үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчид 1 жилд (эсвэл 1 улиралд) хэр их бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгосон бэ гэдгийг хэмждэг. Иймд үйлдвэрлэл үйлчилгээний олон салбар хөгжсөн оронд GDP нь өндөр дүнтэй буюу эдийн засгин хэмжээ нь том, харин хөгжөөгүй оронд бага дүнтэй байна.

GDP юуг илэрхийлэх вэ?

GDP-ээс тухайн орны нийт үйлдвэрлэлийн багтаамж эсвэл орлого, хэрэглээний түвшинг харж болно. Тухайн оронд оршин суугч үйлдвэрлэгчид  хэр их эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож байна вэ гэдэг талаасаа тухайн орны үйлдвэрлэлийн багтаамж харагддаг. Үйлдвэрлэлээрээ хэр их нэмүү өртөг бий болгож, үр дүнд нь хэр их орлого олсон бэ гэдэг талаасаа тухайн орны оршин суугчдын орлогын хэмжээ харагдана. Хүмүүс олсон орлогоо өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулдаг тул хэрэглээний түвшинг ч мэдэх боломжтой.

GDP юуг илэрхийлэхгүй вэ?

Чанар-GDP нь үйлдвэрлэлийн тоон хэмжээг л харуулж харин чанарыг харуулахгүй. Жишээ нь, 95 онтой харьцуулахад 2015 онд илүү хүчин чадалтай компьютер үйлдвэрлэлээ ч GDP ийн тооцоонд адилхан 1 л компьютер хийсэн гэж үзнэ.

Зах зээл дээр арилжаалагдаагүй үйлдвэрлэл үйлчилгээ-GDP нь зөвхөн зах зээл хэр идэвхитэй өрнөж буйг харуулж, бусад үйл ажиллагааг тооцохгүй. Жишээ нь та 500 төгрөгөөр хуушуур хийгээд 1000 төгрөгөөр зарвал 500 төгрөгийн нэмүү өртгийг бий болголоо гэж үзнэ. Харин хийсэн хуушуураа өөрөө идвэл үйлдвэрлэл явагдаагүй гээд GDP-ийн тооцоонд оруулахгүй.

Хуучин зүйлсийн арилжаа: Ta сандал хийгээд зарвал бий болгосон нэмүү өртгийнхөө хэмжээний GDP-г үйлдвэрлэжээ гэж үзнэ. Харин хуучин сандлаа зарвал GDP-д тооцогдохгүй.

Далд эдийн засаг
Үйл ажиллагааг нь статистикт бүртгэх боломжгүй ч нийгмийн амьдралд багагүй нөлөө үзүүлж байдаг зарим эдийн засгийн үйл ажиллагааг оруулдаггүй.

  •  Үндэсний нийт орлого (GNI)

Тухайн улсын харъяатууд хэр их зүйл бүтээж буйг харуулдаг хэмжүүр. GDP-ээс гадны харъяатуудын орлогыг хасаад, гадаадад оршин суугч тухайн орны харъяатуудын орлогыг нэмнэ. Жишээ нь, Монголд гадаадын компани үйлдвэрлэсэн зүйлийг  GNI-д оруулахгүй (GDP-д оруулна). Харин гадаадад Монгол компани бүтээсэн баялгийг GNI-д оруулна (GDP-д оруулахгүй)

  • Нэрлэсэн vs. Бодит дүн (real vs nominal GDP)

GDP= Тоо x Үнэ гэж тооцогдох учир GDP нь үйлдвэрлэсэн тооноос гадна, бүтээгдэхүүний үнээс хамаарна.  Бүтээгдэхүүн үйлчилгээг тухайн оны үнээр тооцвол нэрлэсэн GDP. Харин 2 өөр хугацааны GDP –г бодитоор харьцуулж үзэхийн тулд үнийг тогтмол болгохын тулд аль нэг оны суурь үнээр тооцож, зөвхөн үйлдвэрлэсэн тоо ширхэгийг л харьцуулж үздэг.

  • Худалдан авах чадвар (GDP PPP)

Улс бүр өөр мөнгөн тэмдэгт, амьдралын өртөгтэй. Иймээс улс орнуудын GDP-г 1 валютад шилжүүлж, худалдан авах чадварт нь тааруулж өөрчилснийг GDP PPP гэдэг. Ингэснээр, 1 кг махны үнэ 5000 төгрөгийн үнэтэй Монгол, 2000 иенийн үнэтэй Япон хоёрыг илүү бодитоор харьцуулах боломж бүрдэнэ.

  • Нэг хүнд ногдох хэмжээ (per capita)

Тухайн орны GDP-г нийт хүн амд нь хуваасан хэмжүүр. Ингэснээр тухайн орын амьдралын түвшин, хөгжлийг дүгнэх боломжтой болдог. Нэг хүнд ногдож буй эдийн засгийн үйлдвэрлэл өндөр тусам тухайн орны иргэд баян байдаг.

Юуг хэмжихгүй вэ?

Орлогын тэгш байдал-нэг хүнд ногдох GDP нийт улс орны иргэдийн амьдралын ерөнхий түвшнийг харуулах ч, орлогын тэгш хуваарилалтыг харуулахгүй. Орлого нь хэр жигд хуваарилагдсныг эдийн засагчид арай өөр хэмжүүрээр хэмждэг ( Жини индекс, Лоренцийн муруй г.м).

 

Эх сурвалж:

Олон улсын статистик /Дэлхийн Банкны статистик/

Олон улсын статистик /ОУВС-ын статистик/

Монголын статистик /Үндэснийн Статистикийн Хороо/

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%