Нийтлэл 04 сарын 15, 2015

Өнгөрсөн ч, ирээдүй ч мартагдтал одоод төвлөрөөд үз

Хориэ Такафүми. Түүнийг мэдэхгүй хүн Японд ховор. Хар багын тэрслүү жиниус гэгдсэн тэрээр зангаа тавилгүй зарим нь бол дипломынх нь төлөө нүдээ өгөхөөс буцахгүй Токиогийн Их Сургуулийг дундаас нь хаясан. Интернэт үйлчилгээний үүр цайхтай өрсөн асар хурдтай өссөн Лаивдоор компанийг байгуулж ажиллуулж хэсэг монцойсон. Улмаар үнэт цаасны тухай хууль зөрчсөн хэргээр дээлээ нөмөрхөд хүрч, 2 жил хагас шоронд суусан. Шоронд орохдоо ч, сууж байхдаа бичсэн номоо гарч ирээд зарахдаа ч олны анхаарлын төвд байдаг медиа од.  Саяхнаас түүний Кинки Их Сургуулийн төгсөлтийн баяр дээр хэлсэн үг японы интернэтээр трэнд болж ирснийг оюутан залууст зориулан орчуулав:

 

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Та бүхний хорвоод мэндэлснээсээ хойш зам нь засагдсан замаар гүйж ирсэн амьдрал өнөөдөр энд дуусгавар болж байна. Эндээс цааш зам байгаа юм шиг атлаа байхгүй ертөнцөд хийх аялал чинь эхлэх гэж байна. Төгссөний дараагаас  ажил хайж бэлдсэн байж магадгүй, тэндээ тууштай ажиллаж, тэтгэврийн насанд хүрээд гарч, тэр хооронд гэр бүлтэй болж, байр авах маягийн нэг үгээр жирийн нэг амьдрал туулах болж байж мэднэ. Гэхдээ ийм амьдралыг та бүхний зарим нь л туулна, аа биш зарим нь л туулж чадна гэж бодож байна. Миний үүсгэсэн Лаивдоор ч мөн адил, одоо интернэт, смарт утас нийгмийг тэр аяар нь өөрчилж эхэлж байна. Та нар анзаараагүй байж мэднэ, ердөө л тоглоом тоглодог байж мэднэ. Гэхдээ та нарыг мэдсэн мэдээгүй орон орны лаг гарууд шинэ шинэ технологи ар араас нь нээж, дур зоргоороо хүний нийгмийг өөрчлөх явц үргэлжилж байна. Эхлээд энэ үнэнийг анзаарагтун, ухаарагтун.

 

Өдийг хүртэл зассан замаар урагшилж, их сургууль төгсчихвөл болдог байсан байж мэднэ, гэхдээ цаашид тийм амар байхгүй. Эхлээд өөрөө аль болох мэдээлэлд ойр байх нь чухал. Тэгэхэд хэрэгтэй элдэв хэрэгсэл, багаж цөм бүрдсэн. Багшаар заалгахгүй байсан ч жишээлбэл ухаалаг утасныхаа мэдээний аппликэйшнийг хэрэглээд мэдээлэл авсан ч болно, олон нийтийн сүлжээ хэрэглээд өөрт сонирхолтой санагдсан янз бүрийн хүмүүсийн мэдээлэлд амархан холбогдох боломжтой болсон.  Тун амархан! Өөрөө энэ дэлхийн мундаг хүмүүсээс гарах мэдээллийг авахад амархан болсныг ухагтун. Гэхдээ зөвхөн энэ хангалтгүй. Мэдээлэл авч, тэрийгээ өөрийнхөө толгойд шингээж, цэгцэлж, эргүүлээд мэдээлэл цацдаг болох, тунгаадаг болох, ийм дадал өөртөө суулгахгүй бол горьгүй. Яаж хийх вэ? Бас л амархан. Интернэтээр блог ч юм уу олон нийтийн сүлжээгээр өдөр болгон мэдээлэл гаргах, үргэлжүүлээд байхад болно. Тун амархан зүйл. Чадвал өдөр болгон хийгтүн. Яваандаа дэлхий даяар буй олон төрлийн мэдээллийг толгойдоо шингээж, тунгааж, улмаар шүүж чаддаг болно. Яагаад тийм зүйл хийж байх хэрэгтэй юм бэ гэж үү? Хойшид авторити, эрх дарх бүхнээс чухал биш бүр тэрэнд найдахын аргагүй эрин ирж байна гэж бодож байна. Өдийг хүртэл зассан замаар алхаж, жишээ нь масс медиагийн хэлсэн зүйл, даргын тогтоосон дүрэм зэрэг авторитиг дагалдаж байхад болсон байж мэднэ. Та бүхэн анзаараагүй байж мэдэх ч ийм эрин аль хэдийн дуусах шатандаа ороод байна. Энэ ч бас интернэтээс үүдсэн, глобалчлал авчирсан нөлөө.

 

Та нарын ихэнх нь япон хүн байх, зарим гадаад оюутныг эс тооцвол. Япон дэлхийн 2-р дайны дараанаас өндөр өсөлтийн жилүүдийг үдэж, дэлхийд нэгд хоёрт орох эдийн засаг гэгдэх болж ирсэн. Тун чинээлэг болсон. Магадгүй миний дээд талын үе биш бол Япон ядуу байсан үеийг мэдэхгүй байх. Энд байгаа та бүхэн ч ядуу Японыг мэдэхгүй буй заа. Чинээлэг Япон гэхдээ мэдээжийн зүйл байхаа болиод бас удаж байна. Та бүхэн анзаарч байна уу үгүй юу. Саяхан би Саппород тайланд массаж хийлгэсэн, уучлаарай ийм юм ярьж байгаад. 90 минутын массаж 6500 иен. Өмнө нь Тайландад бас ижилхэн 90 минутын массаж 700 бахт буюу Саппорогоос хоёр дахин л хямд. Одоо гэхэд ийм байна, нэмээд зүүн өмнөд Ази асар хурдтай  хөгжиж байна. Өндөр орлоготой хүмүүс нь манай цагаан захтай мэргэжилтнүүдээс өндөр цалинтай байна. Тэгээд зогсохгүй чинээлэг давхаргын хүмүүс олширч ирлээ. 500 мянган иенийн үнэтэй сүши ресторан өдөр бүр битүү байна. Ийм эрин ирж байна, гэхдээ цаг өөрчлөгдөж байна хэмээх аюулын мэдрэмжтэй хүн цөөн байна. Та бүхэн төдийгүй, улс төр эдийн засгийн хүрээнд ч цөөн байна. Глобалчлал гэдэг ийм юм. Жишээ нь Японд гэнэтхэн Хятадын компанийн сүлжээ дэд бүтэц баригдаж, Хятадад үйлдвэрлэсэн 100 доллараас ч хямд гар утас зах зээлээр тараагдаж мэднэ. Африк гэх мэт дэд бүтэц огт хөгжөөгүй байсан газар ч гэнэтхэн дэлхийн хамгийн өндөр хөгжсөн мэдлэгийн охийг хүртэх боломжтой болчихлоо. Тэгээд  тийм улсын хамгийн мундаг хүмүүс нь гар утсаараа дэлхийн хамгийн шигшмэл мэдлэг, мэдээллийг авах боломжтой болно. Тиймээс та бүхэн тэр бүхэнтэй, дэлхийтэй нэг дэвжээн дээр зогсохоос өөрцгүй болж байгаа гэсэн үг. Түрүүн миний хэлсэн шиг зүйлийг хийдэггүй хүмүүс дэвжээний гадна талд үлдэх буй заа.

 

Ширүүхэн нийгэм та бүхнийг хүлээж байна. Тийм нөхцөлд өдийг хүртэл явж ирсэн шигээ зассан замаар гүйж, олны царайны өнгө харж тааруулж, өнөөдөр төгсөлтийн баяр дээрээ зангиа костюмтай ирсэн байгаа шигээ, ажил хайхдаа хар халуунд хав хар костюм өмсөөд эргэн тойрны харцаас айж хулгасан шиг ажил хайсан шигээ бусадтай адил байхад болсон бол үүнээс цааш тийм байхгүй.  Ажилд ороод сэтгэл амарч болно гэж бодож байвал хамгийн том эндүүрч байна. Насаараа ажиллана гэж бодож байгаа компани чинь хэзээ ч юм дампуурч, хаа ч юм бусдад шингэж худалдагдана. Тийм сэтгэлзүйн бэлтгэлтэй амьдрагтун. Тэгээд энэ бол зөвхөн ажлын тухай яриа биш. Цаашид хүний харилцаанд ч томхон өөрчлөлт орох буй заа. Гэр бүлийн бүтэц ч тэр. Өнөөдрийн эрүүл ухаан 10 жил, 20 жилийн дараа үйлчлэхээ байх магадлал тун өндөр. Тийм өөр нийгмийг яаж туулах вэ? Түүний тулд эхлээд түрүүн миний хэлсэнчлэн мэдээлэл цуглуулж, боловсруулж, хариу үйлдэл хийж чаддаг болох хэрэгтэй.

 

Тэрнээс гадна олны хэлдэг нормал, эрүүл ухаан гэдэгт бүү баригд. Та бүхэн өнөөдөр нормал гэж бодож буй зүйл 20 жилийн өмнө тийм байгаагүй жишээ зөндөө. Мораль, этик, нормал зүйлс, дүрэм... эдний зарим нь 5, 10 жилийн хугацаанд өөрчлөгддөг нь ч байна. Тийм өөрчлөлтийн хурд глобалчлалаар улам хурдаа авах байх. Гэхдээ ирээдүйл итгэл алдрах шаардлагагүй. Ирээдүй та бүхний хүсэл мөрөөдлийн хэмжээгээр шийдэгддэг гэж бодож байна. Галзуу хулганад суусан юм шиг амьдралаас амьдардаг гэж та нарын зарим нь намайг шүүж мэднэ. Алдаа их хийж ирж, хүнд итгэл алдаж, ойрын хүн чинь өөрөөс чинь урваж... үзэн ядахгүй байна уу гэж асуух удаа ч бий. Гэхдээ миний бие муу зүйлийг мартах дүрэмтэй. Өнгөрсний араас харамслаа гээд нэг сайн зүйл эргэж ирэхгүй. Гэхдээ нэг зүйл, хойшид та нар зөндөө их алдаа гаргана. Өөрийгөө сорьдог хүн алдаа гаргах магадлал ч их байдаг. Сорихгүй бол алдахгүй, гэхдээ бас амжилт олохгүй. Алдаа хийхэд хамгийн сайн анагаах эм бол дахин ижил алдаа гаргахаас сэргийлэх арга хэмжээ авах. Дахин ижил алдаа гаргахгүйн тулд яах вэ, тэр дороо тунгаах. Тэгээд аргаа олмогцоо ууж идээд ч болов мартах, маргааш нь бүрмөсөн мартах. Би ч тэгдэг. Тэгээд өөрсдийгөө сорих үйл хэрэг чинь заавал амжилт олно гэж бүрмөсөн итгэх хэрэгтэй. Надад та нартай чацуу залуустай ярилцах боломж их гардаг. Ийм даяарчлалын ертөнцөд , замгүй нийгэмд яах вэ, тэтгэвэр ер нь авах болов уу гэх мэт санаа зовсон асуулт ч олон. Гэхдээ би лав тэтгэврт гарсны дараах амьдралыг бодохгүй. Хөгширсний дараах амьдралыг хөгширсний дараа л бодъё л доо. Хэчнээн бэлдлээ ч 50 жилийн дараа хэн юу болохыг яаж мэдэх вэ? 50 жилийн өмнө зурагдсан ирээдүйн тухай төлөвлөгөө, зөгнөлт киног хараад үз. Инээдтэй зураглал л байж таарна. Хүн ч гэсэн 5 жилийн дараахыг ч үнэндээ урдчилан харж чаддаггүй. Би ч чадахгүй.

 

Та бүхэн 10 жилийн өмнө ухаалаг утас бариад, алхангаа утсаа ухаж яваа өөрийгөө төсөөлж байсан уу? Би ч төсөөлөөгүй, та нар ч төсөөлөөгүй. Тэгэхээр ирээдүйгээс айх, төсөөлөх чинь шал утгагүй юм.  Тэрнээс гадна өнгөрснийг харамсаж суух зав ч уг нь та нарт байхгүй байх ёстой. Яагаад гэвэл өрсөлдөөн ширүүсэж байна, тэрнээс гадна ирээдүйд зугаатай сайхан зүйлс зөндөө. Тэрийг яаж бүрэн амсаж, сайхан амьдрах вэ?  Тэгэхийн тулд одоог л бүрэн дүүрэн амьдрах хэрэгтэй. Яагаад би ийм олон алдаж, ийм хэцүү зүйлс туулж, ийм олон хүнд хууртагдаж...тэгсэн хэрнээ яагаад ийм сайхан сэтгэл дүүрэн амьдарч байна вэ гэвэл “би одоо цагт амьдардаг болохоор тэр юм”.  Одоод төвлөрч амьдардаг болохоор тэр. Би төвлөрөх үедээ ойр тойрноо анзаарахаа больдог. Идэж унтахаа ч мартаад нэг юманд толгойгоо дүрдэг дадал бий. Та нар ч тийм байгаасай. Цаашдын амьдралд чинь чухал зүйл бол нүдний өмнөх зүйлдээ төвлөрөх чадвар гэж санана. Нэх урт хугацааны төлөвлөгөө энэ тэр хамаа байхгүй. Эхлээд одоод төвлөрч үз, тэрийг хийхгүйгээр юу ч эхлэхгүй. Сая ярьсан зүйлээ нэг үгэнд хураагаад та бүхэнд илгээе. Ирээдүйгээс айлгүй, өнгөрсөнтэй зууралдалгүй, “өнөөдөр амьдраарай”.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2018-10-17

    Баярлалаа. Одоод, өнөөдөртөө л аз жаргалтай амьдаръя.

    • Зочин
    • 2018-10-17

    Баярлалаа. Одоод, өнөөдөртөө л аз жаргалтай амьдаръя.

    • Зочин
    • 2018-10-17

    Баярлалаа. Одоод, өнөөдөртөө л аз жаргалтай амьдаръя.

arrow icon