Нийтлэл 04 сарын 15, 2015

Ѳсѳлт ба сайхан амьдрал: 7.8%-ийн ѳсѳлт сайн уу, муу юу?

Эдийн засгийн хэмжээ томроход нэг хүнд ногдох баялаг нэмэгдэж, улмаар иргэдийн амьдрал сайжрах боломжтой. Тэгвэл Монголчууд сайхан амьдрахын тулд эдийн засаг маань хэр томрох шаардлагатай, ямар хурдаар ѳсѳх хэрэгтэй вэ? гэдэг асуултаар ѳмнѳх нийтлэл маань дууссан.

2014 онд эдийн засаг маань 7.8% өсчээ. Харин энэ нь хэр сайн эсвэл муу үзүүлэлт вэ? Дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP) буюу эдийн засгийн хэмжээ 1 жилд хэр томорсныг харуулах энэхүү тоо Монголчуудыг хангалуун амьдралд хүргэсэн үү?

Сайн мууг нь дүгнэхийн тулд эхлээд бусад орнуудын 2014 оны эдийн засгийн өсөлт ямар байсныг харцгаая: 

  • Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 10 орон: 8.0%-10.1%
  • Монгол : 7.8% (Ранк #11)
  • Дэлхийн эдийн засаг: 3.3%,

/Олон Улсын Валютын Сангийн (IMF) прогноз,  2014 оны 10-р сард хэвлэгдэж,  2015 оны 1-р сард шинэчлэгдсэн/

Бусад орнуудтай харьцуулахад ч, эдийн засаг тэлсэн гэдэг утгаараа ч +7.8% гэдэг муугүй тоо гэдэг нь дээрхээс харагдаж байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт маань саарч, 17.5% ѳсч дэлхийд тэргүүлж байсан 2011 оны байр суурьнаасаа жаахан ухарсан ч, Монголын ѳсѳлт дэлхийн дунджаас хавьгүй ѳндѳр, 200-аад орнуудыг жагсаахад эхнээсээ 11-т жагсахаар байна. 

Тэгвэл энэ ѳсѳлт маань биднийг сайхан амьдралтай болгож чадах уу? Үүнд хариулт ѳгѳхийн тулд амьдралын түвшнийг тодорхойлоход түгээмэл хэрэглэгддэг нэг хүнд ногдох GDP-ээ харцгаая:

Нэг хүнд ногдох GDP маань 4 мянган ам.доллар (2013) хавьцаа байгаа нь дэлхийн дундаж $10,000-aaс доогуур учир Америк жуулчны нүдээр харахад Монгол буурай орон хэвээрээ л байна. Харин уг үзүүлэлт $20,000 давахад 20-50ын клуб буюу хангалуун орнуудын шалгуурт нийцэж байгаа. Тэгвэл Хан мѳрний эдийн засгийн гайхамшгийг бүтээснийхээ ачаар 20-50 ын хамгийн отгон гишүүн болсон Солонгосчууд  шиг амьдралын түвшинтэй улс болоход 7.8%-ийн ѳсѳлт хангалттай юу? 

Хүн амын өсөлтийг оруулаад, харин валютын ханшийн савалгаа, инфляцийн нөлөөллийг оруулалгүйгээр Монголчуудын амьдралын түвшин сайжрахад зарцуулах хугацаа болон шаардлагатай эдийн засгийн өсөлтийн хурдыг энгийнээр тооцож үзэхэд дaраах үр дүн гарч байна: 

  • 2020 он гэхэд одоогийн дэлхийн дундаж түвшин буюу  нэг хүнд ногдох GDP $10,610  болохын тулд эдийн засаг жилд дунджаар 16.7% өсөх шаардлагатай,
  • 2040 оны гэхэд Солонгос шиг буюу 25,977 ам. долларын нэг хүнд ногдох GDP-тэй улс болохын тулд эдийн засаг жилд 8.7% өсөх шаардлагатай.

Өөрөөр хэлвэл, эдийн засаг маань 8.7%-аас бага дүнгээр өссѳн тохиолдолд Монгол 26 жилийн дараа яг ѳнѳѳгийн Солонгосчууд шиг амьдралын түвшинтэй улс болж чадахгүй нь. Tэгэхээр, 7.8% ийн ѳсѳлт эдийн засгийн орчин тийм ч таатай биш байгаа гадаад улс орнуудтай харьцуулахад чамлахааргүй ѳндѳр үзүүлэлт ч, Монголчуудыг ойрын хугацаанд хангалуун амьдралтай болоход хангалтгүй тоо байна.  

Тэгвэл энэхүү ѳсѳлт хэр ѳндѳр вэ гэхээс гадна яаж бий болсон бэ? гэдгийг харвал бидний амьдралд хэрхэн нѳлѳѳлсѳн талаар арай илүү тодорхой дүр зургийг харж болно. 7.8%-ийн өсөлт гэдэг нь үйлдвэрлэл ѳмнѳх жилээсээ идэвхижиж, үр дүнд нь бид 2013 онд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ 7.8%-тай тэнцэх хэмжээний баялгийг 2014 онд дотооддоо шинээр бий болгож орлого, үүнийг дагаад хэрэглээ маань өсчээ гэдгийг харуулна. Гэхдээ энэ нь яг ч хүн бүр 2013 онтой харьцуулахад 7.8% илүү ажил хийгээд, 7.8% өндөр орлого олж, хэрэглээ нь 7.8% нэмэгдсэн гэсэн үг бас биш. Энэхүү ѳсѳлт хаанаас бий болсныг дараах хүснэгтээс харцгаая:

2014 онд эдийн засaгт бий болсон өсөлтийн 84% гаруйг  зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёрхон салбар авчирчээ. Салбарынхаа хувьд дангаараа 24.2% ѳссѳн уул уурхайн салбар нийт эдийн засагт 4.9 %-ийн ѳсѳлт авчирсан бол 7.8%-ийн маань 1.7 нэгж нь 14.4% ѳссѳн ХАА-н салбарт ногдож байна. Харин үлдсэн 1.2 нэгж нь бусад бүх салбаруудыг нийлүүлсэн хувь нэмэр гэдгээс дүгнэвэл:

  • Хэрэв та Оюутолгой шиг ч юм уу, бүтээмж сайтай байсан уурхайн компанид ажилладаг бол, эсвэл сайн малчин бол 2014 он танд гайгүй өгөөжтэй жил байсан байх
  • Худалдаа наймаа хийдэг, эсвэл нийтийн хоолны салбарт хөдөлмөр эрхэлдэг олон хүмүүсийн хувьд байдал эсрэгээрээ, магадгүй арагшаа ухарсан хүндхэн жил болж
  • Боловсруулах үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга зэрэг эдийн засагт багагүй байр суур эзлэх салбаруудаас эхлээд зочид буудал гэх мэт харьцангуй жижиг олон салбаруудын хувьд урагш хөдлөөгүй жил болжээ.

Тиймээс, 7.8% ийн ѳсѳлт Та хаана юу хийдгээс шалтгаалаад амьдралд тань огт нѳлѳѳгүй, танд огт хамаагүй тоо ч байж болно гэдэг нь харагдаж байна. Эдийн засгийн өсөлт аль салбарт түлхүү бий болсноос хамаараад зарим хүнд үр өгөөж нь мэдрэгдээд, харин үлдсэн хүмүүст хамаагүй тоо байх боломжтой учир өсөлтийн үр дүнд нийгэмд мѳнгѳтэй мѳнгѳгүйн ялгаа ихэсч ч болдог. Жишээ нь, сүүлийн хэдэн жилүүдэд идэвхитэй өрнөсөн уул уурхай, барилгын салбарын бизнес эдийн засгаа өсгөж, олон чинээлэг Монголчуудыг бий болгосон ч, олонхи ард иргэдийн амьдрал сайжрахад нөлөөлөлгүй баян хоосны ялгаа ѳссѳн мэт санагдаж байгаа бол гайхах зүйлгүй байх нь. Иймд, манай бодлого тодорхойлогчдын хувьд Хэрхэн олон хүнд хүртээмжтэй өсөлтийг бий болгох вэ? гэдэг нь Эдийн засгаа яаж өсгөх вэ? гэдгийн салшгүй чухал хэсэг нь болох ёстой. 

 

 

 Нэмэлт:

 

1. Зарим сонирхолтой асуултууд:

  • Эдийн засаг маань хямарч байна уу? -- Үгүй.  Тѳгрѳгийн ханш, тѳлбѳрийн тэнцэл, тѳсвийн алдагдал, ирээдүйн ѳрийн дарамт зэргээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бол байгаа (Эдгээрийн талаар дараа дараагийн нийтлэлдээ оруулах болно). Харин хямрал гэдэг нь 2 улирал дарааллан эдийн засаг агших буюу ѳсѳлт хасах үзүүлэлттэй гарахыг нэрлэдэг ба одоогоор ийм зүйл тохиолдоогүй байна.

 

  • Эдийн засгийн ѳсѳлт бидний амьдралд эерэгээр нѳлѳѳлж байгаа юу? --Тийм. Нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын (GNI) хэмжээгээр нь Дэлхийн Банк улс орнуудыг 4 ангилдаг ба Монгол 2009 онд бага орлоготой ядуучуудын эгнээнээс гарч, Доод түвшний дундаж орлоготой орны тоонд багтдаг болсон. 2013 оны байдлаар нэг хүнд ногдох GNI  3770 доллар байгаа нь дахин нэг ангилал дэвшиж Дээд түвшний дундаж орлоготой орны босго 4126 доллар луу ойртож байна.

90-ээд онд бүгд ядуу байсан үетэй харьцуулахад одоо Монголчууд бага сургуулийн хүүхдүүддээ iPhone авч өгч,  Улаанбаатарын гудамжинд багтахгүй түгжрэх Toyota, Hyundai машинуудыг худалдан авах чадвартай болсон нь энэхүү дэвшлийн нүдэнд харагдах нэг жишээ гэдэгтэй санал нийлэх байх. 

 

  • Эдийн засгийн ѳсѳлтийн сайн муу тал?

Сайн тал:
-Үйлдвэрлэл ѳссѳнѳѳр ажлын байр нэмэгдэж, амьжиргааны түвшин сайжирч, ядуурал буурна
-Үйлдвэрлэл ѳссѳнѳѳр хэрэглэгчид олон тѳрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх боломжтой болно
-Улс татварын орлого нь нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, боловсролоос эхлээд дэд бүтэц, хот тохижилт зэрэг зүйлст зарцуулах санхүүгийн эх үүсвэр нь сайжирна

Сѳрѳг тал:
-Үйлдвэрлэл нэмэгдснээр гол ус, агаар гэх мэт байгаль орчин бохирдох аюултай (Жишээ нь, дэлхийн үйлдвэр гэж нэрлэгдэж буй Хятадын эдийн засаг сүүлийн 30 жил бараг 2 оронтой тоогоор ѳсч, Хятад улс хурдтай хѳгжиж байгаа. Гэхдээ нѳгѳѳ талд нь бүх голуудын 50% нь бохирдсон, Бээжин гэх мэт хотуудын агаарын бохирдол гэх мэт хѳгжлийн золиос ч бий )

-Үйлдвэрлэл нэмэгдснээр ажлын цаг уртасч, амрах цаг богиносч болно ( Жишээ нь, Японы эдийн засгийн ѳндѳр ѳсѳлтийн үеэс Karoshi буюу үхтлээ ажиллах гэдэг нэр томъёо түгээмэл болсон. Энэ нь амралтгүй ажиллаж ѳндѳр стресс хуримтлуулж, ажил дээрээ зүрх нь зогсч нас барах тохиолдлыг нэрлэдэг )
-Тогтвортой ѳсѳлт бий болохгүй бол эдийн засгийн савалгаа үүсч, гэнэтийн ѳсѳлтийн дараа гэнэтийн уналт болох аюултай
-Хүртээмжтэй ѳсѳлт бий болохгүй бол баян хоосны ялгаа нэмэгдэж, энэ нь нийгмийн асуудал болох боломжтой
-Эрэлтийн гаралтай ѳсѳлтѳѳс үүдсэн инфляци, тѳлбѳрийн тэнцлийн алдагдал (Сүүлийн 3 сѳрѳг тал нь одоогийн Монголд илэрч буй зүйлүүд байж магадгүй)

 

 

2. Эдийн засгийн нэр томъёоны тайлбар:

  • Эдийн засгийн ѳсѳлт

Эдийн засгийн хэмжээ буюу аливаа улсад үйлдвэрлэгдэж буй бүтээдгэхүүн үйлчилгээний ѳсѳлт. Дотоодын нийт бүтээгдэхүүний (GDP) ѳсѳлт ч гэж нэрлэдэг.

  • Бодит ѳсѳлт vs. Нэрлэсэн ѳсѳлт

"GDP = Үнэ х Too" гэж тооцогдох ба үнийг тогтмол гэж үзээд зѳвхѳн тооны ѳѳрчлѳлтѳѳс үүдэлтэй GDP-ийн ѳсѳлтийг бодит ѳсѳлт гэдэг. Харин үнэ ч бас ѳѳрчлѳгдвѳл энэ нь нэрлэсэн ѳсѳлт болно. Эдийн засгийн ѳсѳлтийн тухай ярих үед ихэвчлэн бодит ѳсѳлтийн тухай ярьдаг.

  • Эдийн засгийн хямрал

2 улирал дарааллан эдийн засаг агших буюу ѳсѳлт нь хасах болохыг хэлдэг. Бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл хумигдаж, улмаар бизнесүүдийн ашиг багасч, ажилгүйдэл ѳсч, эдийн засаг идэвхигүй байдалд шилждэг.

 

Эх сурвалж:

Олон улсын статистик /Дэлхийн Банкны статистик/

Олон улсын статистик /ОУВС-ын статистик/

Монголын статистик /Үндэснийн Статистикийн Хороо/

Сэтгэгдэл бичих

arrow icon