Алдах эрхгүй үйлдвэржилт

Монгол улс аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай

Монгол улс өнөөдөр хэрэглэгч улс гэсэн нэр зүүгээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Бид өнөөдөр хэрэглэж буй олон бүтээгдэхүүнийхээ маш бага хувийг дотооддоо үйлдвэрлэдэг нь үнэн юм. 2012 онд хийсэн судалгаагаар харахад бид хэрэглэж байгаа бензинийг 100 хувь гаднаас, төмрийг 93 хувийг гаднаас, нэхмэл хувцасны 62 хувийг гээд ихэнх бүтээгдэхүүнээ гаднаас авдаг байна. Үүнийг тухайн үед Ерөнхий Сайд байсан Н.Алтанхуяг “Монголдоо Бүтээх Шаардлага” танилцуулгадаа дэлгэж байсныг өнөөдөр олон хүн санаж байгаа байх.

2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Засгийн Газар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-д өргөн барьсан билээ. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж орохоос өмнө үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ таван жилийн төлөвлөгөө тавьж ажиллаж, өөрийн гэсэн зорилттой үйлдвэрлэлийг хөгжүүлж байсан. Төрөөс төлөвлөж, төрийн байгууллагууд хэрэгжүүлдэг тогтолцоонд сул тал байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэсэн хэдий ч бид аж үйлдвэрлэлийг Монголдоо цогцлоож чадсан юм.

2013 оны байдлаар аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл ДНБ-ний 30.3 хувьтай тэнцэж байсан. Тухайн оны үнээр энэ бол 9.8 их наяд төгрөгтэй болж байсан гэсэн үг. Гэвч үйлдвэрлэлийн нэг том индекс болох экспортыг авч үзвэл манай улсын нийт экспортын 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологид бүтээгдэхүүн эзэлж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 25 жил өнгөрөхөд өнөөдөр яагаад ийм дүр зурагтай байна вэ? Энэ асуултад хариулт манай байгалийн баялагтай салшгүй холбоотой. Бид ашигт малтмалын бүтээгдэхүүнээ түүхийгээр гаргаж байгаа учраас технологийн багтаамжгүй эсвэл нам технологид бүтээгдэхүүний хэмжээ өндөр байна. Хоёрдугаарт манай үйлдвэрлэлийн өнөөгийн стандарт, технологийн нэвтрэлт муу байгаатай холбоотойгоор дотоодод үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн экспортод гарч чадахгүй байна. Манай улсад аж үйлдвэрлэл хөгжихгүйгээр экспортод эзлэх технологийн багтаамжгүй, нам технологид бүтээгдэхүүний хувь буурахгүй.


Аж үйлдвэрлэл хөгжихөд тодорхой зорилтууд, стратеги шаардлагатай

1995 онд цахилгаан бараа, бүтээгдэхүүн Хятад улсын нийт экспортын 15 хувийг эзэлж байсан бол 2009 онд энэ хэмжээ 30 хувь хүртэл нэмэгдсэн байна. Харин энэ хугацаанд экспортод бөс бараа, бүтээгдэхүүний эзлэх хэмжээ 25 хувиас 20 хувь хүртэл буурсан аж. Энэ чиг хандлага үргэлжилбэл Хятад улс илүү нэмүү өртөг шингээдэг, өндөр технологи бүхий үйлдвэрлэлийг илүү хөгжүүлж улмаар нам технологид, эсвэл технологийн багтаамжгүй бүтээгдэхүүний эзлэх хэмжээ багасна. Монгол улсын хувьд энэ хугацаанд өөрийн харьцангуй давуу талыг ашиглан ямар үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх тал дээр нарийн стратеги, тодорхой зорилтуудыг тодорхойлж гаргах зайлшгүй шаардлага байсаар байна. Тиймээс ч “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-д тусгасан зорилтуудыг 3 үе шаттайгаар тус бүр 5 жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөж тодорхой бодлогуудыг боловсруулж байгаа юм.

 

Үйлдвэрлэлийг экспортод тулгуурлаж хөгжүүлэх ёстой

Аж үйлдвэрлэл хөгжүүлэхдээ импортыг орлох эсвэл экспортыг дэмжих чиглэлтэйгээр хөгжүүлдэг. Үйлдвэрлэлийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар дагнан хөгжүүлнэ гэвэл олон дутагдалтай гэдэгт өнөөдөр хөгжлийн эдийн засагчид санал нэгддэг. Гэвч импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлд давуу ч тал бий. Нэгдүгээр ийм төрлийн үйлдвэрлэлийг богино хугацаанд хөгжүүлэх боломжтой байдаг. Үүнээс гадна үндсэн хүчин зүйлийн бүтээмж (total factor productivity)-ийг нэмэгдүүлдэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд капитал болон хөдөлмөр ордог боловч үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц нэмэгдэхэд нөлөөлсөн бусад хүчин зүйлийг нэгтгэн үндсэн хүчин зүйлийн бүтээмж гэж нэрлэдэг. Үүнд багтаж байгаа гол хүчин зүйлс нь технологийн дэвшил болон бүтээмж байдаг. АНУ-ын Принстон Их Сургуулийн харьяа Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн профессор Дани Родрикийн хэлж байгаагаар Латин Америк импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр үндсэн хүчин зүйлийн бүтээмжээ нэмэгдүүлжээ.

 

Үндсэн хүчин зүйлийн бүтээмж (%)

Бүс нутаг

1960-1970

1970-1980

1980-1990

1990-2000

Зүүн Ази (Хятад орохгүй)

1.5

0.9

1.3

0.5

Латин Америк

1.6

1.1

-2.3

0.4

Өмнөд Ази

0.7

-0.2

2.2

1.2

Африк

1.9

-0.3

-1.4

-0.5

Ойрхи Дорнод

2.6

-0.6

0.1

0

 

Латин Америкийн хувьд 1970-1980 оны хооронд импортыг орлох үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн боловч өнөөдөр Латин Америкийн улсуудын хувьд үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хэмжээ эргээд буурчихжээ. Үүний гол шалтгааны нэг бол тэд импортыг орлоход хэт анхаарснаас болсон гэж үздэг. Жишээлбэл Мексик, Колумб, Аргентин улсууд импортыг орлохыг чухалчилж, энэ чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлсэн. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Латин Америкийн олон улс өөрийн дарамттай болж хоцорсон гашуун түүх бий. Харин энэ хугацаанд амжилттай хөгжиж, эдгээр хөгжлийн өсөлтөө урт хугацаанд хадгалагдаж үлдсэн Зүүн Азийн улсууд үйлдвэрлэлийг илүү экспортод чиглүүлж хөгжүүлсний дүнд хөгжилтэй орны тоонд багтжээ. Зөвхөн импортыг орлоход анхаарч үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэвэл тухайн улс импортын тарифыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах гол аргыг ашигладаг. Гэтэл дотоодын зах зээлээ хамгаалуулж чадсан аж ахуйн нэгжүүд гадаад зах зээл рүү экспортлохгүй тохиолдолд тэд энэхүү хамгаалалтад дасаж, улмаар шинэчлэл авчрах сонирхол буурч, үр дүнд нь хамгаалагдсан зах зээл дээрх хэрэглэгчид илүү өндөр үнээр бүтээгдэхүүн худалдан авах шаардлагатай тулгарч, улмаар хохирдог. Гэтэл дотоодын зах зээлийг хамгаалахдаа тухайн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортлох шаардлага тавих юм бол илүү амжилттай байдаг. Жишээлбэл Өмнөд Солонгос улс дотоодын авто машины үйлдвэрүүдийг хамгаалах үүднээс импортын татвараа тусгай хэлэлцээр байгуулаагүй орнуудын бүтээгдэхүүнд 20.4 хувь хүртэл тавьсан байдаг. Ийнхүү импортын татварыг өндөр тогтоосны хариуд Өмнөд Солонгосын Засгийн газар машин үйлдвэрлэгчдэд АНУ-ын хурдны замаар найдвартай зорчих машин үйлдвэрлэхийг шаарддаг. Үүний үр дүнд Солонгосын машин үйлдвэрлэгчид хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлтэй ойр байж, үүнийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, гадаад зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахад хялбар байдаг байна.

 

Монголын боломж

Нэгэнт үйлдвэржилт бол Монголоос өмнө олон улс орон хэрэгжүүлж, алдах үедээ алдаж, олох үедээ олсон түүхтэй учир бүхэл бүтэн шинжлэх ухаан болсон. Бидний хувьд ч гэсэн “Аж үйлдвэрлэл” хөгжүүлэх стратеги боловсруулахдаа эдгээр гадаадын олон улсын туршлагаас суралцах зүйл ихтэй билээ. Бидэнтэй хамгийн ойрын жишээ гэвэл Япон, Солонгос зэрэг улс байна. Харин Засгийн Газар энэхүү чухал бодлогоо боловсруулахдаа зөвхөн амжилттай хэрэгжсэн жишээнээс гадна амжилтгүй унасан загваруудыг давхар судалж чадвал ирээдүйд манай бодлого хэрэгжилт илүү өндөр үр дүнтэй байна. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол өнөөдөр шиг төрийн болоод хувийн хэвшилд ногдож буй өрийн дарамт өндөр үед үйлдвэржилт нэрийн дор хий дэмий өрсөлдөх чадваргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө зарж, улсын хувьд алдаатай бодлогын араас хөөцөлдөж цаг алдахаас ч сэргийлэх боломжтой.

Тийм ч учраас үйлдвэрлэлийг экспорт руу чиглүүлж хөгжүүлэх нь манай ирээдүйн чиг хандлага мөн. Экспортыг дэмжих үйлдвэрлэл бол бидний үйлдвэржих ирээдүйн боломж. Энэхүү боломжийг Монгол улс, Япон улстай байгуулсан "Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээрээр баталгаажуулж өгсөн гэж хэлж болно. Анх 2010 онд Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд “Эдийн засгийн түншлэл”-ийн хэлэлцээр байгуулахаар талууд  тохиролцож байсан нь ажил болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд Монгол улс дэлхийн гаалийн байгууллагаас гаргасан Барааг Кодлох Уялдуулсан Системийн ангиллаар 9300 Япон улс руу орчим төрлийн барааг импортын бага тарифтайгаар оруулах боломжтой болжээ. Монгол улсын хувьд 70 орчим төрлийн барааг Япон улс руу экспортолж, Япон улсаас 1500 орчим бараа бүтээгдэхүүн импортолж авдаг байна. Монгол улс 2010-2014 онд нийт 2 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнийг Япон улсаас импортолж авсан бол энэ хугацаанд 54 сая ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнийг Япон улс руу гаргасан байна. Нэг ёсондоо Японоос авсан барааны 2.7 хувьтай тэнцэх хэмжээний барааг бид гаргажээ.

Өнөөдрийн энэ дүр зураг бол эргээд бидний үйлдвэржилт байхгүйгээс гадна Япон улсын импортын тариф, дотоодын нарийн бодлоготой холбоотой. Япон улс хөгжсөн улс ч гэлээ бараа бүтээгдэхүүн бүр дээр импортын тариф харилцан адилгүй өндөр байдаг. Яагаад энэ боломжийг бид үйлдвэржилттэй холбож ярьж байна вэ гэвэл “Эдийн засгийн түншлэл”-н хэлэлцээрийг Япон улсын парламент, Монгол Улсын УИХ-р хэлэлцэж баталсны дараа буюу хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Японы тал 9300 барааныхаа 86 хувийг буюу 8000 төрлийн барааны импортыг бүрэн чөлөөлөх юм байна. Уг боломжийг алдалгүй, мөн өөрсдийн харьцангуй давуу талыг  ашиглан үйлдвэржилтээ сэргээх нь одоо манай бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоодоос л хамаарах юм.

2013 онд хийсэн судалгаанаас үзэхэд Монгол улс Япон улстай “Эдийн засгийн түншлэл” –н хэлэлцээр байгуулснаар Монгол улсын ДНБ  жилд дунджаар 0.33-0.34%, нийт экспорт 0.36% өсөх тооцоо гарсан байдаг ч гэлээ, эргээд манай үйлдвэржилт тэлж, үйлдвэрлэл өсвөл үүнээс өндөр гарах бүрэн боломжтой.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4988

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%