Нийтлэл 04 сарын 25, 2015

Тавантолгойн товч түүх

Өмнөговьд нүүрс байгааг монголчууд аль эрт мэдэж, тэр бүү хэл ахуйдаа хэрэглэж байжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн жилүүдэд судалгаа хийгээд үнэхээр том орд байгааг баттай мэдээд, ашиглахын наана 90 оны хувьсгал гарсан тул хэсэг мартжээ. Ингэж байтал гадны аварга компани ирж нэг сонирхоод тоосонгүй, нүүрс ч хямд, хүн тоохоор эд биш байж. Гадныхан орхиод гармагц мэдээлэлд ойр байсан хүмүүс лицензийг авч дарлаа. Бүх зүйл тэр үеийн хуулийн дагуу л болжээ. Бүх орд стратегийн бус байсан цаг бөгөөд ямар ч шалгаруулалт, тендергүй эхэлж ирсэнд өгдөг байв. Иймд хэн мэдээлэлтэй нь бядтайхан хэдэн залуу дагуулж очоод хаалга эвдээд ч хамаагүй эхэнд орж чадвал лицензээ авдаг хуультай байлаа.

 

Лиценз авсан хүмүүс хэдэн жил хадгалаад өөрсөдөд нь илт томдож байсан тул элдэв дарамт, шахалт, улс төрийн нөлөөнөөс хамгаалахын тулд хамгийн гол хоёр намын эрх мэдэлд ойр хүмүүс болон аль өөдтэй гэсэн хэдэн бизнесменийг цуглуулж нэг бүлэг болж авав. Орд ганц, улс төрч олон тул бүгдийг багтааж чадсангүй. Үлдэгсэд мэдээж гомдолтой байж таарна. Энэ цагаас жинхэнэ драм өрнөж баримттай, баримтгүй, уран сайхантай, уран сайхангүй хэд хэдэн кино гарч, нийлүүлээд хэвлэвэл хэдэн ч боть болж мэдэх олон нийтлэл, өгүүлэл бичигдэв. Үр дүнд нь бид  нүүрсийг төмөр замаар зөөх учиртайг, өргөн нарийн цариг гэж юу болох, төмөр зам баримагц хятадууд биднийг эзлэх тухайгаас эхлээд хэн хэн хятад болохыг ч мэдэж авсан билээ.

 

Ард түмний асар их баялгийг хэдэн олигархи авсан тухай мөнөөх гомогдсод сайтар сануулсаны эцэст Тавантолгойгоо эргүүлж авах талаар бүх нийтийн хэлэлцүүлэг өрнөв. 2 жил маргаад эцэст нь нэг хэсгийг үлдээгээд бусдыг нь төр авлаа. Төр авсан нүүрсний ордоо ашиглахаар болж компани байгууллаа. Гэвч ухаад зарах тусам улам алдагдалд ордог,  томилогдсон захирал болгон хэрэгт холбогддог, бөөн өртэй бүтэл муутай нэг том компанитай болов. Компанидаа хөрөнгө оруулагч хайтал эхэндээ дэлхийн томчууд хошуурч байснаа бидний араншинг хараад аажим аажмаар дөлсөөр 2 үлдэв. Үлдсэн хоёроосоо нэгийг нь шалгаруулаад хэлэлцээр хийж батлагдах эсэх нь маш эргэлзээтэй нэг гэрээний төсөлтэй болоод байна.

 

Засгийн газар гэрээгээ хариугүй байгуулахын даваан дээр УИХ-ын дарга модон алхаараа нам цохин зогсоов. Нэгэнт хэн юу хариуцах нь тодорхойгүй тул УИХ гэрээг авч хэлэлцэнэ гэдэг нь буруу ч юм биш харагдана. Уг нь УИХ-аас тодорхой чиглэлээ өгөөд, Засгийн газар шаардлагаа тодорхой тавьж, Эрдэнэставантолгой компани хөрөнгө оруулагчтайгаа гэрээ хиймээр санагдана.

 

Асар их адал явдал туулсаны эцэст ямартай ч энэ 7 хоногт УИХ маань ТТ гэрээний төслийг хэлэлцэнэ. Харин тэнд долоо хэмжиж нэг огтлох болов уу? 76 огтлоод урж хаях болов уу?

Сэтгэгдэл бичих

arrow icon