В. Набоков, Лолита: 'Ном агуу байхын тулд агуу зүйлсийн тухай байх албагүй'

 “Амь амьдралын минь гэрэл гэгээ, хүсэл тачаалыг минь асан бадраагч. Нүгэл хилэнц минь, амин эрдэнэ минь. Ло. Ли. Та.”

Энэ мөрийг уран зохиол сонирхогчид гэлтгүй хадан дор амьдардаггүй л бол хүн бүхэн мэднэ. Зарим нэг нь огиудас цутгам, хүн төрөлхтөний ёс суртахууны бузар булхай үлдэгдэл гэж байхад хэсэг нөхөд гоо сайхныг нь шагшин магтацгаана.

 

Сүүлийн үед номд шимтэгчид Лолитагийн тухай их ярилцах болжээ. Монгол уншигчид маань Мон судар хэвлэлийн газрын орчуулгыг ихэвчлэн уншсан бололтой. Урьдаас орчуулгын тухай ганц хоёр үг дуулгах нь зүйтэй болов уу. Владимир Набоков Орос, Франц, Итали, Герман хэлтэйн учир тухайн хэл дээрх орчуулгын үг өгүүлбэр бүрийг чамбай нягтлан шалгадаг байжээ. “Харин би Турк, Япон хэл дээрх орчуулгын хуудас болгонд ямар гээчийн гамшиг тохиосныг аль болох төсөөлөхгүй байхыг хичээдэг” (Gold) гэж Paris Review сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Харин монгол орчуулгад бас л ийм “гамшиг” тохиолдсоныг сануулъя. Тухайлбал, үг хэллэг орхисон, буруу орчуулсан төдийгүй зохиогчийн үгийг орхигдуулсан нь хамгийн том алдаа болсон юм. Тиймээс уншигч таныг Орос хэлтэй бол Оросоор, Англи хэлтэй бол Англиар уншихыг зөвлөж байна (ер нь л Англиар уншвал хамгийн зохилтой). Миний бие эш татсан үгсээ чадан ядан англи эхээс орчуулснаа ийн хүргэж байна.

 

Уран зохиолын бүтээл бүрт өөрийн гэсэн хэв маяг бий. Заримыг нь хооронд нь ялгаж салгахад хэцүү. Харин маш цөөхөн хувь нь бусдаасаа тэс ондоо байдаг. Тэр бол яахын аргагүй Набоковын өгүүлэмж юм. Набоковын бичлэгийн хэв маягийг мэргэжлийн бялдаржуулагч, эсвэл чадварлаг тамирчинтай харьцуулж болно. Биеэ цогц бялдууржуулсан тамирчин тайзнаа гоё сайхан харагдах гэж л булчингаа хөгжүүлдэг. Тэр их булчинг зөвхөн хүнд зүйл өргөх гэж хөгжүүлдэггүй шүү дээ. Харин мэргэжлийн хөл бөмбөгчин урвуугаа хараад хөлөөрөө бөмбөг өшиглөх, эсвэл теннис тоглогч хөлийнхөө дундуур бөмбөг цохих нь шаардлагатай үйлдэл биш, харин тодорхой төвшинд илүү чадварлаг, сонирхогчдоос ялгарч харагдуулах нарийн төвөгтэй арга барил юм. Набоков үгийн хэмнэл мэдрэхдээ гойд нэгэн, дундаршгүй үгийн баялгаараа гайхагддаг хүн билээ. Тансаг чимэглэл бол түүний амин чухаг эд. Иймдээ ч Хумбэртийн өчил бүхэл бүтэн ном болж хувирсан шүү дээ. Набоковын энэ хэв маягтай Жэймс Жойс мэтийн маш цөөн зохиолчид эн тэнцүү очиж мэднэ.

Гэвч бид Набоковыг “синестезиа” гэгч үсэг, тоо бүрийг өөр өнгөөр хардаг мэдрэлийн өвчинтэй байсныг мартаж болохгүй. Түүнд үсэг бүр өөрийн гэсэн урт, өндөр, жин, өнгөтэй. Мөн унаган Англи хэлтэн биш учраас барууныхны сонсоод дасчихсан авиа, хэмнэлийг онцгой мэдрэх чадвартайг давхар тооцоолон үзэх хэрэгтэй. Номын арын хавтсанд зохиолч, шүүмжлэгч Жон Апдайкын ишлэл бий: “

Набоков үргэлжилсэн үгийн зохиолыг бичих цорын ганц зам болох дээдийн жаргалаар бичдэг

.” (Updike) Хумбэртийн (Набоковын) энэ жирийн нэг даавууг хамгийн тансаг торго дурдан болгох чадал нь Лолитаг ойлгох хамгийн чухал түлхүүр болно.

 

Slate сэтгүүлийн шүүмжлэгч Стифэн Мэткалф “Таны байдаг л нэг бузар булай урлагийн бүтээл (жишээ нь Мэлхийн Зам) соён гэгээрсэн уншигчаас секс хийгээд ялгадсынх нь цаана ямар үзэсгэлэн гоо оршиж байгааг харахыг шаарддаг бол Лолита гоо сайхных нь цаана ямар цочирдом зүйл байгааг харахыг шаарддаг” (Metcalf) гэж бичсэн байна. Олон уншигчид, ялангуяа эмэгтэйчүүд Лолитаг агуулгын хувьд жигшиж, дорд үзэж буйг ойлгож болно. Гэвч энэ романыг бид зөвхөн Хумбэртийн нүдээр харж буйгаа санах хэрэгтэй. Лолитаг уруу татсан шигээ уншигч таныг ч бас чамин үгсээрээ өөртөө татаж байгааг мартаж болохгүй. “Ай Лолита минь, одоо би үгээр л наадаж чадах юм даа” (ху 32). Хумбэрт үгээр тоглохын сацуу танаар ч бас тоглоом тохуу хийж байна. Зарим энэрэнгүй сэтгэлт уншигчид Хумбэртийн уран яруу үгэнд автаад бүр өрөвдөж, тал засч байдгийг бас л ойлгох учиртай.

 

Лолита бол уран сайхны өндөр төвшинд бичигдсэн бүтээлийн дээр томоохон элэглэл билээ. Элэглэл гэдэг нь хэн нэгэн хүн, ямар нэгэн бүтээл, үзэгдлийг далд ёгт маягаар эсрэг утга санаа шингээж наргиан болсосон шүүмжлэлийн өвөрмөц хэлбэр юм. (Дашлхүмбэ) Зохиолч Достоевский, Д.Х. Лоуренс, Зигмунд Фройд нарын сэтгэлзүйн реализмыг үздэггүй нэгэн байсан. Тиймдээ ч Фройдын психоанализ онолыг элэглэсэн явдлууд олон бий. Жишээлбэл, номын өмнөх үгэнд Жон Рэй гэгч эмч ‘Хумбэрт бол онцгой тохиолдол биш, Америк эрчүүдийн 12 хувь нь энэ донгоор өвчилсөн’ гэж өмнөх үгэнд бичсэн байдаг. Набоков энэ “судалгаа”-гаар Америкчуудын бэлгийн статистикт онцгой ач холбогдол өгдөг сонирхолтой занг элэг тохуу хийж байгааг харж болно. Тэгээд энэ өчил нь “сэтгэл судлалын хүрээнд сонгодог өвчний түүх” болно гэж хэлснээрээ Фройдын психоанализыг ч мөн дооглож байна. Цаашлаад энэ явдал нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтнуудыг үр хүүхдээ анхаарч байхыг сануулсан хэрэг болно гэжээ. Харин бид Жон Рэйг зохиомол дүр гэдгийг мэдэх учраас дэвшүүлж буй ёс суртахууны асуудалд сэжиглэнгүй хандах нь зүйтэй.

Гэхдээ эмчийн санаа зовниж буй асуудал нь огт худал хуурмаг зүйл биш ээ. Ерөөс гарт баригдах зүйл биш бол элэглэл бүтэхгүй шүү дээ. Лолита 1958, 1959 онд хамгийн их гүйлгээтэй уран зохиолын номоор шалгарч байх үед, дуучин Пат Бүүний “Twixt Twelve and Twenty” өсвөр насныханд зориулсан зөвлөгөөний ном баримтат зохиолын тасагт тэргүүлж байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараах “төрөлтийн оргил үе”-ийн хүүхдүүд том болж, арван хэдтэй болсон тавиад онд “өсвөр насныхны асуудал” гэгч томчуудын тархийг гашилгаж байсан хэрэг л дээ.

Лолитаг “амилуулах” баримтуудыг олж судлахын тулд Набоков өсвөр насныхны сэтгүүл захиалан уншиж, 200 гаруй дэн буудлуудаар зочилж, 12-оос 17 насны охидын өндөр, жинг жагсаасан хүснэгт хүртэл гаргаж эрчимтэй судалгаа хийсэн нь Долорэсийн дүр хийгээд бүхэлдээ тавиад оны Америкийг маш тод томруун харуулсан бүтээл туурвихад нөлөө үзүүлсэн билээ. Playboy сэтгүүлд зохиол бүтээлүүдээсээ бичихэд хамгийн хэцүү байсан нь Лолита, 12 настай нэг ч Америк охин таньдаггүйн дээр, ер нь л Америкийг мэддэггүй байснаас аль алийг нь зохиох хэрэгтэй болсон гэж зохиолч дурдаж байсан. (Владимир)

 

Мөн хөгшин Европ буюу Хумбэрт залуу Америкийн бэлгэ тэмдэг Лолитаг завхай завдан замд уруу татлаа гэх ёгтлол нь Лолитагийн гол мөн чанар хэмээн хүлээн авдаг уншигчид цөөнгүй бий. Ингэж ойлгохоос өөр аргагүй олон өгүүлбэрийг иш татаж болно. Хумбэрт цэвэр Европ цусны эр бол Лолита тавиад оны охидыг тодорхойлогч. Мөн Хумбэрт, Лолита хоёрын аяллын ихэнх хугацаа машин дотор болж өнгөрдөг. Тавиад онд туйлын сайхан зүйлд тооцогдож байсан машинаа бариад гэр бүлтэйгээ гарах аялал Хумбэрт, Лолитагийн хувьд хар дарсан зүүд болж хувирсан билээ.

“Газар сайгүй мөстэй хүйтэн ундаа байдаг атал “Мөстэй хүйтэн ундаа” гэсэн цайны газрын самбар харвал заавал тийшээ орно. Хүслэн болсон эрхэм үйлчлүүлэгч, өөдгүй зурагт хуудас бүрийн объект, субъект нь болдог Лолитад л зар сурталчилгаа зориулагдан хийгджээ. Тэр зөвхөн Хункэн Дайнсын ариун сүнс залран буусан хөөрхөн цаасан алчуур, цөцгийтэй шанцайгаар үйлчилдэг зоогийн газруудаар орох гэж зүтгэсэн ч бүтэл олоогүй билээ.” 148 дугаар хуудасны энэ ишлэлээс Америкчуудын бараа сурталчилгаанд шунахай занг харж болно.

 

152 дугаар хуудасны зураглалыг авч үзье.

“Хагалсан талын цаана, тоглоомон дээврийн цаана, арилгасан тоор жимсийг санагдуулам бүлээн туяа нь алс холын униар будантай уусан хайлсан хавтгай шувуун саарал үүлсийн ирмэгээр нэвтлэн цацрах цагаан алтан манан дундаа жаргаж буй наран, ашиг тус үгүй гоо үзэсгэлэн бүрэлзэн сүүмийж байдаг асан.”

Энэ өгүүлбэрийг гүйлгээд уншчихад байгалийг дүрсэлсэн байна л гэж ойлгоно уу гэхээс үнэн хэрэгтээ Лолитаг дүрсэлснийг харахад төвөгтэй юм. Бэлгийн харьцааг хагалсан гэх үгээр, гоо сайхныг ашиг тус үгүй гоо үзэсгэлэнгээр, Лолитагийн овог haze-ийг манангаар, мөн гоо сайхныг арилгасан тоор жимсээр, Лолитагийн нүдний өнгийг шувуун саарал үүлсээр илэрхийлснийг харж болно. Далигийн сюрреалист зургуудыг санагдуулам энэ дүрслэл санамсаргүй тохиол биш ээ. “Итгэл найдваргүй ертөнц дэх дур тачаал, дон өвчин, мэдрэлийн хямрал зэрэг нь түүний бүтээлд голлох байр суурь эзлэх боловч тэр энэхүү ертөнцийн айдас болгоомжийг өгүүлэмж, хувь заяаны наадгай болгож хөрвүүлсэн байдаг. Набоков бодот байдлын оронд чамин тансаг бүтэцтэй үймээн самуун, сэтгэл зүйн сюрреализмыг өргөн тавьдаг байна” (The Continuum Encyclopedia of American Literature). Гэвч Лолитаг зөвхөн элэглэл хэмээн хязгаарлах нь шударга ёсыг зөрчиж буй хэрэг болох буй заа.

 

Набоковын хамгийн гол зорилго бол амьдарч буй цаг үеэ баримтжуулан үлдээх биш, хорвоо ертөнцийг засч янзлах ч биш харин өөрийн ухаандаа шинэ ертөнцийг бүтээх байсан юм. Тэрээр Корнеллийн их сургуульд багшилж байхдаа оюутнуудад аугаа зохиолчид бол нэн түрүүнд хүүрнэн өгүүлэгчид болоод “илбэчид” юм гэж хэлдэг байжээ. Бодот ертөнцөөс тусгаар өөрийнх нь бүтээсэн зэргэлдээх ертөнц бол Набоковт хамгаас чухал эд. Оюун ухааны тоглоомоор баялаг ёсорхуу бичлэг нь шатрын бодлого, үгийн сүлжээ таавар зэрэгт улаан хорхойтой байсных бөгөөд энэ нь түүний “Хаан, Хатан, Боол”, “Хаалт” бүтээлд нь нэлээд гүнзгий, харин “Авъяас”, “Лолита”-д шууд бусаар замаар илэрсэн байдаг. Зохиолч, шүүмжлэгч Мэри Маккарти “Дөл”-ийг унших нь нэвт харагддаг гурван давхар шатрын хөлгийн давхар бүрт аугаа их тоглолт өрнөж буйг ажиж байгаатай адил хэмээн тайлбарласан байдаг. (McCarthy) Үнэхээр ч Набоков уншигчдыг чулуу хөөлгөж, олон давхар ертөнцөөр толгойг нь эргүүлдгээрээ зартай нэгэн билээ.

Лолитагийн ертөнц бол шидэт дагина, лус савдагт эзэмдүүлсэн үлгэр домгийн ертөнц. Хумбэрт хувцасны дэлгүүрийг үлгэр домгийн газартай харьцуулж буй нь, мөнөөх “Илбэдүүлсэн анчид” зочид буудлын нэр хүртэл үүнийг батлана. “Болор нойрондоо хоригдсон үзэсгэлэнт сүйт бүсгүй дээрээ … очно” гэсэн нь мэдээж Нойрсож буй гүнжийг илтгэнэ. Маргааш өглөө нь “үлгэрийн цус сорогч зооглосон хүзүүн дээр нь хөх ягаан туяа” тодорсон байна. Үүгээр зогсохгүй Хумбэртийн бага насны дурлалт охин Аннабэл бол Эдгар Аллан Погийн “Аннабэл Ли” шүлгийн бүсгүй билээ.

Өчнөөн олон жилийн тэртээ,
Тэнгисийн хөвөөн дэх хаант улсад,
Үзэсгэлэн гоо, хосгүй ариун
Аннабэл Ли нэрт охин байлаа,
Надаар хайрлуулж, намайг л хайрлахаар
Нартад заяасан нэгэн байлаа.

Тэнгисийн хөвөөн дэх хаант улсад, 
Тэр минь нялх, би ч балчир
Гэхдээ л Аннабэл Ли бидний хайр
Гэрэлт хорвоод эгнэшгүй нь байсан,
Уудам тэнгэрийн жигүүрт бурхад ч 
Учрал хайранд минь атаархдаг асан. (По)

Эхний хуудаст ямар гээчийн тэнгэрийн жигүүрт бурхад, далайн хөвөөн дэх хаант улс гараад байгааг эл шүлгээс ойлгож болно.

Илбэт ертөнц гэдгийг батлах өөр нэгэн жишээ бол зохиолд байнга шахуу тохиох гэнэтийн санамсаргүй тохиолдлууд юм. Байшин шатчихсан болоод л Шарлоттийн гэрт амьдрах болж, охинтой нь танилцсан явдал, Шарлоттын гэнэтийн үхэл, 342 тоот байшин, “Илбэдүүлсэн анчид”-ын 342 дугаар өрөө, Хумбэрт Лолита хоёрын хоног төөрүүлсэн зочид буудлын нийлбэр 342 хийгээд осол гэхэд осол биш, санамсаргүй гэхэд санаатай юм ч шиг эдгээр тохиолыг Фройдын психоаналистыг баримтлагчид олзуурхан авч, үтэр түргэн оношоо тогтоох биз ээ. Гэвч уншигч та эдгээр “тохиолдлуудыг” занга гэж үзэх хэрэгтэй. Хумбэрт эдгээр давтанги үзэгдлийг сэтгэл зүйчээрээ тоглоом шоглоом хийх гэж албаар оруулжээ. Үүгээр Набоков дахиад л Фройдын онолыг доог тохуу болгож байна.

 

Энэ “санамсаргүй явдлууд” нь гол дүрийн баатар маань ертөнцийг урлагийн дуран авайгаар харж буйн нэг илрэл юм. Романтик зохиолын амин зүрх нь “санамсаргүй тохиол”-д оршдог шүү дээ. Сүйт бүсгүй нь аюулын ирмэгт тулах мөчид л хүлэг баатар ирж авардагтай адил. Өөрөөр хэлбэл Хумбэрт нэг ёсны хорвоо ертөнцийг романтик зохиол мэтээр харж буй. Набоковын зураглалууд хэзээ ч бодит байдалтай нийцдэггүйг бид мэднэ. Харин ердөө л зохиолын баатруудын төсөөлөл юм гэдгийг дараах өгүүлбэрээс ажиж болно. “Эелдэг боловсон бие хүнээс маань уран бүтээлч бие хүн маань давуу эрх эдэлж байна” (ху 71)

 

Хумбэртийн хувьд Лолита бол үргэлж урлагийн бүтээл байсаар ирсэн, байсаар ч байна. 62 дугаар хуудаст:

“Миний ухаан мэдрэлгүй эзэмдсэн охин бол Лолита биш, харин миний бүтээл бөгөөд магад Лолитагаас ч илүү бодтой, махан биеийг нь шингээж далдлаад, бид хоёрын дундуур хөвөн дүүлэгч, хүсэл тэмүүлэл үгүй, ухамсар оюун үгүй, ерөөс өөрийн гэх амь үгүй өөр нэгэн уран гоё Лолита байсан юм”

гэж бичсэн нь гэмт үйлдлээ зөвтгөж буй үг мэт боловч Лолитаг өөрийн урласан бүтээл мэтээр харж буйн нотолгоо юм. Өчлийнхөө эцэс хүртэл гоо зүйн төвшинд Лолитаг хүлээн авч байгааг 277 дугаар хуудаснаас харцгаая: “Өмнө нь дуу алдан ороон хөлбөрч байсан тэр нимфэтээс нил цэцгийн хөнгөн сэвшээ, хатсан навчны цуурай л үлдэж хоцорчээ. Энэ бол цонхигор тэнгэрийн дор тэртээх алсын модод үзэгдэх, бор навчис хөглөрсөн горхи, хорчийж хатсан шарилжан дунд хорогдсон хүрэлзгэнэ бүхий улаан жалгын эрэг дээрх цуурай билээ. . . Гэвч Бурханы авралаар би гагцхүү энэ л цуурайг бишрэн шүтээгүй юм . . . Би хорвоо дэлхийг Лолитад, цонхийж цайгаад, бохирдож бузартаад, өөр нэгний үр хүүхдийг тээсэн ч одоо хэр нь саарал нүдэн, одоо хэр нь хархан сормууст, одоо хэр нь хүрэн шаргал үстэй, одоо хэр нь Карменсита, одоо хэр нь минийх хэвээр буй энэ л Лолитад хэчнээн их хайртайг мэдэж аваасай гэж хүсч байна. Changeons de vie, ma Carmen, allons vivre quelque part où nous ne serons jamais sèparès;” Уяхан сэтгэлтэй уншигч Хумбэрт эцсийн эцэст гэмээ хүлээж, Лолитад үнэн сэтгэлээсээ хайртайгаа илчилжээ гэж ойлгож мэдэх юм. Гэхдээ Лолитаг бас л урлагийн бүтээл “Кармен” гэж хүлээн авч байна (Кармен гэдэг нь латинаар дуу, шүлэг гэсэн утгатай).

Миний хувьд энэ зохиолын хамгийн цочирдом зүйл бол соён гэгээрч, боловсорч гүйцсэн, гоо зүйн өндөр мэдрэмжтэй хижээл насны эрэгтэй залуу охинд татагдаж буй явдал юм. Нимфэт олж харахын тулд галзуу хүн байгаад зогсохгүй уран мастер байх ёстой гэж Хумбэрт хэлдэг шүү дээ. Тэглээ ч тэр залуу охидод тэчьяадсан анхны сод ухаантан биш. Эдгар Аллан По үеэл Виржиниагаа 13 настай байхад гэрлэж, Патрок Лоураг 12-той байхад, Дантэ хонгор Беатрисаа наймтай байхад учирсан билээ. Залуу нас, ялангуяа залуу охид бол гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг, төгс төгөлдөр урлагийн бүтээл гэсэн ойлголт хэдэн зууны өмнөөс оршсоор ирсэн. Магадгүй бага насны хүүхдийг бэлгийн амьдралд уруу татах явдлыг бид зогсоох гэж хичээж байгаа нь бидний залуу насыг зарж борлуулах гэсэн хүчин чармайлттай холбоотой байж мэднэ. (Greif)

 

Африкийн нэрт зохиолч Чинуа Ачэбэ “Урлаг бол хүнд үйлчилсээр ирсэн, үйлчилсээр ч байх болно. Өвөг дээдэс маань түүх домгоо хүн төрөлхтөний зорилгын үүднээс бүтээж, хүүрнэсээр ирсэн. Ямар ч сайн зохиол, ямар ч сайн туульс аливаа нэг санааг дамжуулж, тавьсан зорилготой байх ёстой” гэсэн байна. (Achebe)

Харин Набоков зохиолынхоо төгсгөлд “Юу ч олж сураагүй болохоор Лолитаг утгагүй гэх зөөлөн сэтгэлтнүүд бий. Би бол сургамжтай зохиолын уншигч ч биш, зохиолч ч бус. Жон Рэйгийн баталж буйг няцаахад Лолита араасаа ямар ч ёс суртахуун дагуулаагүй. Миний хувьд утга зохиол шулуухан хэлэхэд зөвхөн гоо зүйн таашаал олгодог урлаг (сониуч зан, өр нимгэн зүрх, сайхан сэтгэл, баяр хөөр) хэвийн үзэгдэл байх бусад ахуйтай хаа нэгтээ, ямар нэгэн байдлаар холбогдсон тийм нэг мэдрэмж өгөх гэж оршдог. Ийм ном олон биш билээ” хэмээсэн нь урлаг заавал аливаа зорилготой байх гэсэн үзлийг эрс няцааж буй. Тэгээд ч “Ном агуу байхын тулд агуу зүйлсийн тухай байх ёстой” гэсэн үзлийг Набоков тэвчдэггүй байсан.

Зохиолын төгсгөлд Хумбэрт Лолитагийн хүүхэд насыг хулгайлснаа ухаарч, гэмээ наминчилж буй хэсгээс гэнэн уншигчид ёс суртахуун олох гэж хичээцгээдэг. Хумбэртийг биеэ засаасай гэсэн уншигчдад энэ бол конец! Гэвч зохиол үүгээр төгсдөггүй

. “Би бух гөрөөс, сахиусан тэнгэрүүд, урт настай нууцхан будаг толбууд, зөнч шүлгийн мөрүүд, урлагийн авралын орны тухай бодож байна. Энэ бол чи бид хоёр хуваалцах цорын ганц мөнхжин билээ, миний Лолита”

бол зохиолын хамгийн сүүлчийн өгүүлбэр. Энэхэн хэсэгт Хумбэрт хайрт Лолитагаа урлагийн бүтээлээ хэмээн ойлгосоор хоцорч байна.

Хүмүүс Лолитаг уншчихаад зөвтгөх гэхээсээ илүү буруутгах гэж их хичээдэг. Ажаад байхад урлаг зөв ёс суртахуунтай байх ёстой гэсэн ойлголтыг өгөх гэсэн бололтой. “Тэгвэл яах гэж унших юм?” гэж та асууж магадгүй юм. Амьдралын мөн чанарыг эрэлхийлж, өөрийгөө зохиолоос олж харах хүсэлтэй байгаа бол даруй энэ бодлоо санаанаасаа авч хаягтун! Уншсан номоосоо соён гэгээрэл хайгаад сурчихсан бид ердөө л хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлалд дассан сэрэл мэдрэлээ жаахан сэргээчихэд болох юм.

Алив, урдах номоо зүрхээрээ уншаад байлгүй, тархи, сээр нуруугаа ч гэсэн ажиллуул. “Зохиолчийн мэдэрсэн, та бүхний мэдрүүлэхийг хүссэн зүйлийг ар нуруу чинь чимчигнэж хэлж өгнө шүү” гэж Набоков хэлсэн байдаг. (Владимир) Урлагаас зөвхөн гоо зүйн ийм таашаал авах нь өндөр дээд жаргал билээ. Зохиолч ч уран бүтээлчдэд зориулан бүтээлээ туурвидгаа нуугаагүй юм. Ер нь гоо сайхан ертөнцийг заавал авардаг байх албагүй биш үү?

Гурван зуун хуудастай энэ номын дуу алдам үгсээр цэнгэж, нууц дотроо нууцтай оньсон тоглоом шиг зангилааг нь нэг нэгээр тайлахад би машид жаргалтай болдог учраас л уншдаг. Зовлонг мэдрүүлж, жаргалыг амсуулж, “ар нурууг чимчигнүүлдэг” болохоор би Лолитад дуртай. Хэрэггүй ч гэмээр энэ бүтээл дээж шүүсээ өгдөг болохоор би хойштын өдрүүдэд дахин дахин уншсаар байх болно. Харин адтай уншигч та хэзээ нэг өдөр энэ нууцлаг, илбэ ховсын зохиолыг уншаад сээр нуруугаар чинь бас чимчигнэнэ гэдэгт би найдаж байна.

 

А. Оюунзул

 

 

 

Ашигласан бүтээлийн жагсаалт:

Achebe, Chinua. Morning Yet On Creation Day: Essays. Anchor Press, 1975.

Gold, Herbert. “Vladimir Nabokov, The Art of Fiction No. 40.” Paris Review 41 (1967). Webpage. <http://www.theparisreview.org/…/the-art-of-fiction-no-40-vl…>.

Greif, Mark. “Children of the revolution.” Harper's Magazine November (2006). Document.

McCarthy, Mary. A Bolt from the Blue and Other Essays. New York Review Books Collections, 2002. Hardback.

Metcalf, Stephen. “Lolita at 50.” Slate (2005). Webpage. <http://www.slate.com/arti…/…/books/2005/12/lolita_at_50.html>.

The Continuum Encyclopedia of American Literature. USA, 2000.

Updike, John. Nabokov, Vladimir. Lolita. Vintage International, 1997. Paperback.

Владимир, Набоков. Гуйвшгүй ярилцлага. Элвин Тоффлер. Орч. Ганбат, Лхагвадулам. Гоодаль, Гуравдугаар сар 2013. ху 53.

Дашлхүмбэ, Галбаатар. “Элэглэл.” Уран Зохиол: Онол, Түүх, Шүүмжлэл Нэвтэрхий Толь. УБ, 2012. ху 532. Хатуу хавтаст.

По, Эдгар Аллан. “Аннабэл Ли.” Г., Аюурзана. Дэлхийн Сонгомол Яруу Найраг. УБ: Мөнхийн үсэг, 2008. ху 74. Нимгэн хавтаст.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%