Нийтлэл 05 сарын 05, 2015

Хятадын цаг уурын дулаарал дэд бүтцийн төслүүдэд нь аюул учруулж байна

    Хятад дахь цаг уурын дулаарал дэлхийн дунджаас өндөр гарчээ. Ингэснээр дэд бүтцийн томхон төслүүдэд нь аюул учрах болсон байна.

БНХАУ-ын цаг уурын албаны дарга Чжэн Гогуаны мэдээлснээр Хятад улсад үер, далайн хар салхи, ган, дулаарал гэх мэт байгалийн гамшигт үзэгдэл болох нь ихэсжээ. Үүнээс болж дэд бүтцийн инженерчлэлийн томоохон төслүүдэд нь эрсдэл учраад байгаа аж. Ялангуяа үйл ажиллагаа, эдийн засгийн үр ашиг, технологийн стандарт, инженерийн аргачлал зэрэг аюулгүй, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Хятадын дулаарлын түвшинг дэлхийн дундажтай харьцуулахад илт өндөр байгаа төдийгүй улсын хойд хэсгээс илүү өмнөд хэсэгт хурдацтай дулаарч байгаа аж.

CO2 ялгарлын 60%-ийг нүүрс эзэлж байгаа бөгөөд үүнээс үүсэх утаа Хятадын эрүүл мэндэд маш муугаар нөлөөлөх болсон. Өнгөрсөн жил АНУ, Хятадын хийсэн хамтарсан мэдэгдлээр энэ хэвээрээ үргэлжилбэл 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал дээд хэмжээнд хүрнэ. Тиймээс 2025 он гэхэд 2005 оны байдлаас 26% - 28% бууруулах зорилт тавьсан.

Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх гарц олох нь Хятадад нэн түрүүнд бичигдэх тулгамдсан асуудал болжээ. Учир нь тус улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хойш татах эрсдэлтэй гэгдэж байна. Тиймээс ч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд томоохон нөлөөлөгч, хүлэмжийн хийг нэмэгдүүлэгч болоод байгаа Хятад улс сэргээгдэх эрчим хүч, байгалийн хий зэрэг байгальд ээлтэй эрчим хүч рүү шилжих шаардлага тулгараад байгаа ч аварга эдийн засаг шинэ эрчим хүчний дэд бүтэц барьж байгуулах, энергийн хольцийн бүрэн шилжилт хийхэд чамгүй хугацаа, хөрөнгө зарцуулах шаардлагатай болно. БНХАУ төдийгүй бусад эрчимтэй үйлдвэржиж буй олон улс, дэлхийн эдийн засаг байгаль орчны бохирдол хийгээд үйлдвэржилт, хангалуун амьдрал, үүний тэнцвэрийг хэрхэн олох эсэх нь хариугаа олоогүй томхон асуудал хэвээр байсаар байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon