Нийтлэл 05 сарын 05, 2015

Зуслангийн замд засвар хийнэ

Засгийн газрын өчигдөрийн ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргажээ.

  • Зуслангийн замд засвар хийнэ

  Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нийслэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх, нийслэлээс зүүн тийш гарах авто замыг сайжруулах, жилдээ 100 гаруй мянган хүн зорчдог зуслангийн чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх, төмөр бетон гүүрний асуудлыг шийдвэрлэх саналыг нийслэлээс оруулж ирсэн байна. Энэ саналын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр

энэ онд Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар, 22-ын хуучин уулзвараас  Автохудалдааны цогцолбор хүртэлх 1,7 км автозамын ажил хийгдэнэ.

  • “BG Mоngolia holdings limited” компанид хөрөнгө оруулалтын гэрээний эрхийг шилжүүллээ

Монгол Улс 2014 онд 940 орчим мянган түүхий нефть боловсруулж гадагш нь гаргасан аж. Энэ жил нэг сая 50 тонныг олборлох төлөвлөгөөтэй байна. Манай улсын зүүн хэсгээр түүхий нефтийн олборлолт нэмэгдэж байгаа бөгөөд өмнө болон говийн чиглэлд хайгуулыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа ч хөрөнгө оруулалтын хүндрэл учирсан учраас үйл ажиллагаа зогсонгий байдалд ороод байжээ. Гэтэл дэлхийд нэр хүндтэй Английн BG гурпп манай улсад хөрөнгө оруулах хүсэлт ирүүлсэн. Тиймээс санхүүгийн хүндрэлд ороод байсан Төв Азийн Газрын тосны корпорацын гэрээний 78 хувийг өөртөө шилжүүлж авах хүсэлт тавьсан байна. Энэ 78 хувьд ойрын 2-3 жилд 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ хүсэлтийг Газрын тосны газар Засгийн газарт уламжилснаар Засгийн газар тогтоол гаргаж BG группэд шилжүүлэх эрх олголоо.Тус групп нь дэлхийн 20 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, сүүлийн 15 жилд 15 томоохон ордыг нээсэн компани бөгөөд 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.

  • Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
  • Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
  • Бельгийн Вант улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийг Франц Бельгийн хамтарсан FSE компаниар гүйцэтгүүлэх асуудлыг Бельгийн талд тавьж, тус компанитай худалдааны гэрээ байгуулж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад даалгалаа.
  • Энэ оны гуравдугаар сард хуралдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд бөгөөд тус хорооны дарга Н.Төмөрхүүд даалгалаа.
  • Хоёр улсын хооронд байгуулсан олон улсын гэрээг данслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газар хоорондын протокол”-ын төслийг хэлэлцэн дэмжээд протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.  
  • Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин энэ сарын 13-15-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын  үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
  • Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн сарын 19-24-нд Индонезийн Жакарта болон Бандунг хотод болсон Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүнг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
  • Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар өнгөрсөн сарын 20-нд шийдвэрлэсэн. Ноолуурын салбарын зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор тус тус шийдвэрлэжээ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon