Монголын санхүүгийн секторын тойм

Монголын санхүүгийн сектор сүүлийн 5 жилд 240% буюу жилд дунджаар 30% орчим ѳсч, хурдтай хѳгжиж буй салбар юм. Тус секторт 20 мянга орчим хүн буюу нийт ажиллах хүчний 1.9% нь хөдөлмөр эрхэлж, дунджаар 900 мянган тѳгрѳгийн цалин авдаг нь улсын дундаж 844 мянган төгрөгөөс өндөр үзүүлэлт байна. Санхүүгийн сектор 2014 оны эцсийн байдлаар 22.6 их наяд тѳгрѳг буюу ДНБ-ийн 104%-тай тэнцэх хэмжээний хѳрѳнгийг эргэлдүүлж, нийт бүтээгдэхүүн 890.9 тэрбум тѳгрѳг буюу Монголын эдийн засгийн 4.1%-г бүтээжээ.

Санхүүгийн сектор нь тѳлбѳр тооцоо гүйцэтгэх, санхүүгийн зуучлал үзүүлэх, зах зээл дээр хѳрвѳх чадварыг хангах, эрсдэлийг удирдах гэх мэт эдийн засгаа дэмжих чухал үүргийг гүйцэтгэдэг. Монголын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийг дараах байдлаар ангилж болно:

  1. Банкны салбар: Арилжааны банкууд, хѳгжлийн банк, гадаадын банкны тѳлѳѳлѳгчийн газрууд
  2. Даатгалын салбар: Даатгалын компаниуд, даатгалын зуучлагч, хохирол үнэлэгч зэрэг мэргэжлийн оролцогчид
  3. Бусад санхүүгийн салбар :
  • Хѳрѳнгийн зах зээл: Брокер, дилер, андеррайтер, зэрэглэл тогтоох, зѳвлѳх компаниуд
  • Бичил санхүүгийн зах зээл: Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо
  • Хѳдѳѳ аж ахуйн биржийн оролцогчид
  • Зээлийн батлан даалтын сан

Үүн дээр системийн дэд бүтэц, тогтвортой байдлыг хангах чиг үүрэг бүхий Монгол банк, Хѳрѳнгийн бирж, ХАА-н бирж, Хадгаламж Даатгалын Корпорац зэрэг байгууллагууд бий. Цөөн тооны том банкууд давамгайлах байр суурь эзэлдэг нь Монголын санхүүгийн секторын  гол онцлог гэж хэлж болно. 2013 оны байдлаар секторын нийт хѳрѳнгийн 96.6%, нийт ашгийн 81.4% нь банкны салбарт ногдож байв. 2014 оны эцсийн байдлаар банкны салбарын нийт хѳрѳнгийн 80% гаруйг ХХБ, Хаан, Голомт, Хас, Тѳрийн Банк буюу системийн хувьд чухал гэгддэг 5 тоглогчид бүрдүүлж байв.

 

Зарим сонирхолтой асуултууд:

 

Монголын санхүүгийн секторын эдийн засагт оруулдаг хувь нэмэр их үү, бага уу? 4.1%-ийг нэмэгдүүлэх шаардлагатай юу?

Одоогийн түвшин хангалттай. Санхүүгийн секторын ДНБ-д эзлэх хэмжээ 4.1% байгаа нь OECD-ийн орнуудын дундаж 3.9%-аас ѳндѳр үзүүлэлт юм. Тэгэхээр үүнээс том байх шаардлагагүй болов уу. Санхүүгийн сектор шууд ѳѳрѳѳ эдийн засагт өндөр хувь нэмэр оруулж, эдийн засгийг хѳдѳлгѳгч хүч байхаас илүү бодит секторынхоо бизнесийн тѳслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд нь дэм болох суурь дэд бүтцийг бүрдүүлэх үүргээ сайн гүйцэтгэвэл улс орны хөгжилд илүү хэрэгтэй байдаг.

 

Санхүүгийн секторт банкны салбар давамгайлж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй юу?

Баланстай байвал сайн. Ѳнѳѳгийн байдлаар санхүүгийн секторын нийт хѳрѳнгийн 90% гаруй, нийт орлогын 70-80% орчим нь зөвхөн банкны салбарт ногдож байгаа. Банкны салбарын зээлийн хэмжээ ДНБ-ийн 40% дотор байвал зохистой, эдийн засгийн ѳсѳлтѳд эерэг нѳлѳѳтэй байдаг бол Монголд тус үзүүлэлт нь 50% даваад байгаа. Иймд цаашид хѳрѳнгийн зах зээл, даатгалын зах зээлээ хѳгжүүлэхэд түлхүү анхаарах шаардлагатай.

 

Монголд банкны зээлийн хүү яагаад ѳндѳр байдаг вэ? Хүүг бууруулахын тулд яах вэ?

Инфляци дунд урт хугацаанд буурвал зээлийн хүү ч бас буурна. Монгол банкны мэдээгээр 2015 оны 3-р сарын байдлаар улсын инфляци 9.3%, хадгаламжийн дундаж хүү 12.1%, зээлийн хүү дунджаар 19.1%  байна. Банкууд инфляцаас өндөр хүү амлаж байж л хадгаламж эзэмшигчдийн мөнгийг байршуулж, хадгаламжийн хүүнээс өндөр хүүгээр цааш нь зээл олгож байж үйл ажиллагааны зардлаа нөхөн, бизнесийн ашгаа бий болгодог. Иймд, зээлийн хүү нь хадгаламжийн хүүнээс хангалттай маржинаар өндөр байхгүй бол банкууд дараах 2 эрсдэлийг дагуулдаг банкны бизнес хийхгүй:

  1. Иргэд, байгууллагын богино хугацаатай хадгаламжийг бизнесүүдэд урт хугацаанд зээлж, эргэн төлөгдөх хугацааны зөрүүг удирдах
  2. Харилцагчдын хадгаламжийг нь найдвартай хадгалаад эргүүлж 100% өгдөг ч, зээлийн эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийг өөрсдөө хүлээх

 

Санхүүгийн үйлчилгээнд гарч буй сүүлийн үеийн зарим сонирхолтой чиг хандлага юу вэ

-Big Data & Business Intelligence

Америкт нийт датаны 90% нь сүүлийн 2 жилд цугласан дата байдаг. Дата анализаар үргэлж тэргүүн эгнээнд явдаг банкны салбарын хувьд энэ нь маш чухал хандлага. Технологийн ачаар урьд байгаагүй их дата цуглуулж, түүн дээрээ анализ хийснээр хэрэглэгч бүрт илүү тохирсон үйлчилгээг хүргэж, бизнесийн үнэ цэнээ ѳсгѳх боломж бүрдэж байгаа. 

 -Internet of Things

-Смартфон, таблетүүд дэлгэрснээр хѳгжсѳн орнуудад банкаар үйлчлүүлэгчдийн 50% нь гар утас, зѳѳврийн компьютероос банкны үйлчилгээг ашигладаг болсон. Мөн Apple Pay гэх мэт үйлчилгээ нь технологийн компаниудыг банкуудтай шууд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр банкны үйлчилгээ авахад теллертэй харьцах шаардлагагүй болж, жишээ нь 2020 он гэхэд Америкт банкны салбар нэгжийн тоо одоогоос 20% буурна гэсэн тооцоо бий.

  

Гадаадын банкнууд Монголд салбар нэгжээ байгуулах нь ямар вэ?

Банкны салбарын хѳгжилд эерэг нѳлѳѳтэй. Банкны салбар нь институц, үйлчилгээний хувьд Монголдоо гайгүй хѳгжсѳн салбаруудын нэг ба үүнд Монголын банкуудад ажиллаж байсан гадны менежмент, боловсон хүчний хувь нэмэр ѳндѳр байсныг онцлох нь зүйтэй. Системийн хувьд чухал гэгддэг банкууд бүгд л өндөр чадвар, туршлагатай гадны зөвлөх, удирдлагын багийг авч ажиллуулж байсан одоо ч ажиллуулж байгаа нь одоогийн амжилтад нь нөлөөлсөн чухал хүчин зүйл болов уу.

Өнөөдөр Монголд хүн амд ногдох банкны данс эзэмшигчийн хэмжээ 78% байгаа нь Малайз 66%, Хятад 64%, Орос 48% Казахстан 42% зэрэг олон хѳгжиж буй орнуудаас давж, Япон Солонгос шиг хөгжсөн орнуудын түвшин буюу 90% руу дѳхсѳн үзүүлэлттэй байна. Банкууд маань хүн амын олонход, орон даяар, олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаа ч цаашид хөгжих, сайжрах зүйлс олон бий. Ингэхийн тулд гадны банкуудын жишээ, туршлага бидэнд ойрхон байх нь эерэг нөлөө үзүүлэх болно.

Харин улс ѳѳрѳѳ эерэг нѳлѳѳг нь шингээж авахын тулд дүрмээ сайн тогтоож ѳгѳх хэрэгтэй. Ѳнѳѳдѳр MCS, Хас Банк, Хаан Банк, ХХБ, Ньюком, MMC гээд Монголын олон компаниуд офшороор гадаадын санхүүгийн байгууллагуудаас эх үүсвэр хѳрѳнгѳ татсан байгаа. Харин Монголд гадны санхүүгийн байгууллагын салбар орж ирснээр Монгол компаниудад илүү хялбар болохоос гадна, улс энэ тал дээр шууд хяналт тогтоох боломжтой болно.

 

Банкны салбар маань хэр эрсдэлтэй вэ?

Монголын санхүүгийн системд чухал 5 банкны 4 нь олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гол байгууллагуудын нэг Moody's-ээр үнэлгээ хийлгэхэд  B2-B3 буюу эрсдэл өндөртэй гэсэн үнэлгээ авсан ба, ирээдүйд энэ нь сайжрах дүр хандлага харагдахгүй сөрөг төлөвтэй байна.  (Хаан B2, ХХБ, Хас, Төрийн Банк B3)

 

Банкнуудыг эрсдэлтэй болгож буй гол зүйл юу вэ?

1. Зээлийн хүү өндөр

Зээлийн хүү өндөр байдаг нь нэг талаас банкнуудын ашигт сайнаар нөлөөлж байгаа ч нөгөө талаар өндөр эрсдэлийг дагуулж байдаг. 20-30% -ийн өндөр хүүтэй зээл аваад ашигтай бизнес хийж чадах салбар Монголд уул уурхай, барилга & үл хөдлөх хөрөнгө, өндөр маржинтай худалдаанаас өөр алга. 2014 оны зээлийн статистикаас харвал нийт зээлийн 31% нь барилга & үл хөдлөх хөрөнгө, 20% нь уул уурхайн олборлолт & боловсруулах үйлдвэрлэл, 14% нь худалдааны салбарт олгосон зээлүүд байна.  Зээлийн төвлөрөл ийнхүү өндөр,  цөөхөн хэдэн салбараас  шалтгаалж байгаа туул уул уурхай, барилгын компаниуд зээлээ төлж чадахаа байхад эргээд банкнууд асуудалд орох ба, 2014 онд 50% өссөн чанаргүй зээлийн дийлэнхийг эдгээр салбарууд эзэлж байгаа.

 

2. Монгол банкны бодлого, хяналт

Дэлхийн банк, ОУВС, Мүүдиз, Фитч зэрэг зээлжих зэрэглэл тогтоогчид гэх мэт олон улсын байгууллагууд банкуудын хяналт сул, чангаруулах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг үргэлж өгдөг. Монгол банкны эдийн засгаа дэмжих сангийн шинж чанартай (quasi-fiscal) бодлогууд нь нэг талаар эдийн засгийн өсөлтөө хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг ч, нөгөө талаар банкны тогтолцооны тогтвортой байдлыг хамгаалах гол үүргээсээ хазайсан шинж чанартай байдаг. Жишээ нь, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн дэд хөтөлбөрүүд болон ипотекийн зээлийг байх ёстойгоос нь эрс бага эрсдэлээр жигнэж байгаа нь банкуудын балансыг бодит байдлаас бага эрсдэлтэй харагдуулж байгааг Мүүдиз анхааруулжээ. 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%