Нийтлэл 05 сарын 13, 2015

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат : Японы зах зээл том, Монголын зах зээл жижиг ч бидэнд боломж байна

Өнөөдөр  МҮХАҮТ-д “ Японы зах зээлд хэн гарах вэ ? ” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг болон Сожицү Корпорацын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Ерөнхий менежер Б.Насанбилэг зэрэг хүмүүс болон хувийн хэвшлийн 150-аад компанийн төлөөлөл оролцсон.  

Энэхүү уулзалтаар монголын аж ахуйн нэгжүүдэд ямар боломж нээгдсэн, Японы зах зээлд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолбол өөрийн улсын давуу талыг таниулах талаар  мэдээлэл хүргэж, санал солилцсон юм.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат :

Японы зах зээл том, Монголын зах зээл жижиг ч бидэнд боломж байна. Эдийн засгийн хамтын харилцан ашигтай үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл зөвхөн импортлоод зогсохгүй экспортлох хэрэгтэй байна. Иймээс цаасан дээр буусан биш дотоодын болоод гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадвартай үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг салбар яам бодлогоор дэмжинэ.” гэв.

Мөн Аж үйлдвэрийн технологийн парк байгуулж хамтран хөгжих асуудал шийдэгдэж байгааг мэдэгдсэн.

Уулзалтын үеэр Япон улстай хамтран ажилладаг компанийн төлөөллүүд хувийн хэвшлийнхэнд зориулан өөрсдийн туршлагаа хуваалцаж зөвлөгөө өгсөн юм. Тэдний зөвлөж буйгаар япончуудтай хамтарч ажиллахад хамгийн түрүүнд судалгаа шинжилгээний үндсэн дээр зорилгоо тодорхойлоод, хэнтэй хамтрах гэж буйгаа сайн судлах хэрэгтэй ажээ.  

Нэмж дурдахад 6 дугаар сарын сүүлээр Токио хотод болох Монгол, Японы засгийн газрын хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалтад шаардлага хангасан хувийн хэвшлүүд оролцох боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon