Нийтлэл 05 сарын 14, 2015

Х.Тэмүүжин : Тахарын албыг нэг нь нэгэндээ амны алчуур шиг бэлэглэж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх дээр санал хурааж гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Энэ хуулийн төслийг өргөн барьсан үеэс Тахарын албыг татан буулгах эсэх зэрэг санал дээр зөрчилдөж байсан Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын байр суурь өөрчлөгдсөнгүй.  

Хуралдааны үеэр гишүүд хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Батцогт : Бүхэл бүтэн хууль баталж нэг байгууллага байгуулчихаад 2 жил бололгүй буцааж татан буулгаад байж болох уу?

Би Ховд аймагт очоод Тахарын албаны хүмүүстэй уулзсан. Иргэнлэг хүмүүс баг бүрдүүлээд арга барилаа олоод аятайхан ажиллаж байгааг бид нар татан буулгах шаардлага байна уу? АН-аас сонгогдсон хоёр сайд хоорондоо маргалдаж байгаа нь бид нарыг муухай харагдуулж байна. Үүнийгээ боливол яасан юм бэ? Бүхэл бүтэн хууль баталж нэг байгууллага байгуулчихаад 2 жил бололгүй буцааж татан буулгаад байж болох уу?

 

Ц.Оюунгэрэл: Тахарын албыг татан буулгахгүй, бие даасан чигээр нь цааш улам хөгжүүлэх хэрэгтэй

Энэ хуулийг Хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцэж байх үеэс нь эсэргүүцэж байсан ганц шалтгаан нь Тахарын албыг татан буулгах юм. Гэр бүлийн удаа дараагийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдээс хорих ангид нь очиж бодит нөхцөлийг судалсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албанд  итгээд очиж байгаа. Бид иргэдээсээ цэрэгжсэн ШШГГ-ыг сонгох уу, Тахарын албыг сонгох уу гэдгийг асуусан бол шал өөр төсөл гарах байсан байх. Тиймээс Тахарын албыг татан буулгахгүй, бие даасан чигээр нь цааш нь улам хөгжүүлэх хэрэгтэй.

 

Х.Тэмүүжин : Тахарын албыг нэг нэгэндээ амны алчуур шиг бэлэглэж байна

90 онд ардчиллыг эхлүүлэн хүний эрхийг хамгаалж, хуулийн засаглалыг тогтоох зорилго тавьсан хараацайнууд албан тушаал, эрх мэдлийг нэг нэгэндээ хангалттай бэлэглэлээ. Өнөөдөр яг ийм процесс болж байна. Тахарын алба гэдэг байгууллагыг нэг нь нэгэндээ амны алчуур шиг бэлэглэх үйл явц.

Мөн Хууль зүйн байнгын хорооны энэ долоо хоногийн хуралдаанаар УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Ганбат нар Тахарын албыг татан буулгахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon