Нийтлэл 05 сарын 15, 2015

Өглөө ажилдаа яаран ирж, үдэш гэр рүүгээ яаран харьдаг та хамгийн ЖАРГАЛТАЙ!

   Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”.  Одоогоос 22 жилийн тэртээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн энэ өдрийг “Гэр бүлийн өдөр” хэмээн тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Улс үндэстний оршин тогтнох анхдагч нэгж болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Хувь хүний хувьд ч гэр бүл шиг ойр дотно, халуун дулаан орчин үгүй.  

    Монгол гэр бүл бусад улс үндэстнүүдээс эрс ялгаатай. Эцгийн голомтоос галаа тасалсан  хэдий ч ижий, аав, элгэн саднаасаа холдож, орхиж чаддаггүй нь монгол хүний төрөлх зан. Үүнээс болж гэр бүлд сайн, саарын аль аль нь үүсдэг. Өдөр сараар бус цаг, минутаар глобалчлагдаж байгаа нийгмийн харилцаанаас үүдэн орчин цагийн гэр бүлийн харилцаанд ч олон шинэ өнгө аяс нэмэгдсээр байгаа юм. Энэ бүхнээс үүдсэн олон хэв шинжит гэр бүл Монголд бий болж, гэр бүлийг үнэлэх үнэлэмж ч өөрчлөгдөн шинэчлэгдсээр байгаа юм. Төрөөс сүүлийн арваад жилд гэр бүлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд, тухайлбал, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгосон тэтгэмж зэрэг нь өрх, гэр бүлийн тооны өсөлтөд эергээр нөлөөлсөн байна. Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3.0 саяд хүрч түүний 10 шахам хувийг ахмад настнууд, 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37,5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлж байна.  Өрх, гэр бүлийн бүтэц ч олон янз болжээ. Аав, ээж, үр хүүхдээрээ амьдарч байгаа уламжлалт гэр бүлээс гадна өвөө, эмээ, ах дүүс хамтдаа аж төрж буй  нийлмэл гэр бүл, ганц бие, өрх толгойлсон эмэгтэй эрэгтэйтэй өрх, гадаадын иргэдтэй нийлсэн олон соёлт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх гээд олон янзын гэр бүлээс өнөөгийн нийгэм бүрдэж байна.  

 

 

Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ сайн сайхнаар үлгэрлэхэд оршдог  

 

 

  Халуун дулаан итгэлээ бөхөлж, хайр дүүрэн инээд цалгисан гэр бүлтэй байхад хоёр хүний оролцоо эн тэнцүүхэн байх хэрэгтэй. Хань нь мэрийж байхад, гэргий нь уруудуулахгүй, гэргий нь дэмжиж байхад, хань нь самуурч бас болохгүй. Аашилж аргадах ухаанаа аль алиндаа ойлгуулж явахын цагт амьдрал болж бүтээд аяндаа өөдөлнө. Таны гэр бүлийн үнэ цэнэ ханьдаа өгч байгаа таны сэтгэлд байдаг. Нөхөр бол гэр бүлийн ноён нуруу, сайн сайхан амьдралыг бүтээгч төдийгүй, эхнэр үр хүүхдийнхээ түшиг тулгуур нь болсон чухал хүн юм. Хүүхэд ямар хүмүүжил, зан төлөвтэй хүн болж төлөвших нь эцэг эх болон гэр бүлийн доторх дотно харилцаа, уур амьсгалаас шалтгаална  Гэр бүлийн амьдралд эхнэр нөхрийн төгс харилцаа маш чухал байдаг. Эрүүл гэр бүлд эрүүл үр хүүхэд өсөн хүмүүждэг. Сэтгэл дэхь үнэ цэнээрээ та гэр бүлээ хамгаалж чадна. Итгэж найдаж, түшиж тулж, аргадаж зөөллөж, анзаарч ойлгож явах ухааныг хэн хэнийхээ сэтгэлээс мэдэрч явахын цагт гэр бүл бат бөх оршин тогтноно. Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ бол сайн сайхнаар үлгэрлэхэд оршдог.  

 
 
 

Сэтгэгдэл бичих

arrow icon