Нийтлэл 05 сарын 19, 2015

МАН-ын бүлэг хамтран Засаг барьж байна уу, сөрж байна уу?

 Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийж Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл, Тавантолгойн төсөлтэй холбоотой бүлгийн шийдвэрийг танилцуулахын хамт бондын зарцуулалтад хийх шалгалтын дүн эцэслэн гартал Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж болохгүй гэж санал нэгдсэн тухай мэдээлэл хийлээ. Хаврын чуулган эхлэснээс хойш УИХ дахь МАН-ын бүлэг энэ мэтээр хамтран засаг барьж буй улс төрийн хүчин гэж харахад хэцүү шийдвэр, мэдэгдлүүдийг гаргах болсон.

 

Угтаа Шинэчлэлийн Засгийн Газар болохгүй нь, хамтдаа шийдээд өгье гээд өнгөрсөн оны 12 сард  Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон. Намууд хамтарсан засгийн газар байгуулахдаа "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ" байгуулж, хамтран ажиллахаар болсон.

Уг гэрээнд:

  • УИХ, Засгийн газар, намуудын түвшинд зөвшилцөж ажиллана.
  • Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр, дунд хугацааны хөгжлийн стратегийг талууд хамтран боловсруулна
  • Оюутолгой, Тавантолгойн орд газрын талаар хууль, УИХ-ын шийдвэрийн хүрээнд зөвшилцөж шийдвэрлэнэ
  • Гадаад өрийг одоо байгаа түвшнээс нэмэгдүүлэхгүй, өрийн эрсдэлийн менежментийн эрхзүйн орчныг хамтран бий болгоно
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хамтран боловсруулна
  • 2015 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ
  • Гэрээ 2016 оны сонгуулиар дараагийн УИХ байгуулагдах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ

гэж заажээ.

 

Ийм гэрээтэй гэрээгүй Засгийн газрын бүрэлдэхүүн солигдох нь  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр солигдоно гэсэн үг биш. Засгийн Газрын  үйл ажиллагааны хөтөлбөр бол УИХ-ын сонгуулийн дараа 4 жилээр батладаг, нам бүлгээс үл хамааран заавал хэрэгжүүлэх эрхзүйн баримт бичиг юм. Харин МАН-ын бүлэг хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж, улмаар тэр байр сууриа батлах алхмууд хийх болов.  Энэ нь анх 2012 онд хамтран баталсан үйл ажиллагааны хөтөлбөр, улмаар өнгөрсөн 12 сард хамтарсан Засгийн газар байгуулахад байгуулсан гэрээний агуулгыг хоосон цаас болгон хувиргаж байна гэсэн үг. Олон асуудал шийдлээ хүлээж буй эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед сонгуулийн сезон ойртсоных уу, улс төрийн шинжтэй хувийн тоглолт хийж нэмэр гэхээсээ нэрмээс болж байх шиг . Хамтран засаг унагах, улмаар засгийн бүрэлдэхүүнд багтах, тэгснээ ганцаарчилсан тоглолт хийх. Засгийн ажлыг аль болох чангаах, улмаар сунгаа эхлэхэд болохгүй бүтэхгүйд нөгөө талаа буруутгах. Хамтран ШИЙДЭХ сэдэл, сэтгэлээс илүү намын нэр хүнд, улс төрийн хожоог өмнөө тавьсан мэт харагдах улстөрийн хавар үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon