Жон Нэшийн үзэсгэлэнт оюун ухаан

Баранд бүсгүйчүүдтэй танилцах хамгийн сайн тактикийг математикаар нотолж болох ба тоглоомын онол энэхүү боломжийг олгодог... A Beautiful Mind киноны жинхэнэ дүр, 20-р зууны шилдэг математикчдын нэг Жон Нэш оюутан байхдаа бараг л "санамсаргүй" тохиолдлоор эдийн засгийн 1 хичээлд суусан нь хожим нь бүсгүйчүүдтэй танилцахаас эхлээд гудамжны хог, замын түгжрээ, компаниудын өрсөлдөөн, мөнгөний бодлого, авилга, ТТ ба ОТ-н гацаа, цөмийн дайн гээд ямар л бол ямар тохиолдолд хамгийн сайн шийдвэрийг тооцох арга хэрэгсэл болгон ашиглах боломжтой тоглоомын онолын хөгжилд чухал момент болжээ…

 

“Энэ хүн бол суут ухаантан” гэсэн ганц л өгүүлбэртэй тодорхойлолтыг Жон Нэшийг докторт явахад нь багш нь бичиж өгсөн
гэдэг
.

 

Дөнгөж 20 настай ч их сургуулиа бакалавр, магистрын дипломтой төгсөж, ингэхдээ ердөө гуравхан жил л зарцуулсан түүний талаар өөр зүйл нурших нь ч илүүц байв. Харвард, Принстон, Чикаго, Мичиган гээд  математикаар хамгийн шилдэгт тооцогддог 4 сургууль дөрвүүлээ түүнийг докторын програмдаа урьснаас Харвард түүний эхний сонголт байв. Харин Эйнштэйн, Нейман тэргүүтэй 20-р зууны хамгийн сайн толгойнуудыг нэг дор цуглуулан “Ертөнцийн  математикийн төв” гэгдэж байсан Принстоны их сургууль өрсөлдөгчдөөсөө арай илүү чармайлт гарган, их мөнгө амласнаар 1948 онд элсүүлсэн 10 оюутныхаа тоонд Нэшийг багтааж чаджээ.

 

“Та нарын хэн нь дараачийн Эйнштэйн болох вэ?..Принстонд тавтай морил, жентльменүүд ээ!” гэх яриагаар эхэлдэг A Beautiful Mind (Монгол орчуулга нь “Төгс оюун ухаан”) киноноос цааш юу болдгийг олон хүн санаж байгаа байх. Математикийн залуу од маань Принстоны кампуст улам ч тод гялалзаж, 14 сарын дотор л хожим нь Нобелийн шагнал хүртэх бүтээлээ туурвижээ. 21 настайдаа 27-хон хуудсанд бичгийн машин болон гар бичмэл хослуулан бичсэн докторын ажлыг нь одоо ч Принстоны вэб сайтаас уншиж болно. Нобелийн шагнал дэрээ нэмээд Абелийн шагнал (Математикийн Нобелийн шагнал) хүртсэн цорын ганц эрдэмтэн болох Жон Нэш “дараачийн Эйнштэйн” байсныг A Beautiful Mind дээр харин гаргадаггүй.

 

Нэш төгс оюун ухаан шигээ төгс хүн ч байгаагүй. Үнэндээ түүнээс үлгэр жишээ авчих зүйл ч ховор. Эсрэгээрээ хангалттай хачин хүмүүс гэгддэг математикчид хүртэл Нэшийг маш
хачин хүн гэж бодох шалтгаан олон байв. Хүйтэн хөндий, цаанаа л нэг өндөр түвшний, нууцлаг зожиг байдал Нэшийг тодорхойлно. Оюун ухааны түвшнээр өөрөөс дор гэж үзсэн хүнтэйгээ ярихыг ч сонирхдоггүй, бодсоноо шууд л хэлчихдэг мэдрэмжгүй зантай тэрээр тааралдаад “Сайн уу?” гэхэд “Ингэж асуух логик нь юу вэ?” гэх нь хэвийн зүйл. Нэшийн толгойд бүх зүйлс сэтгэл хөдлөл, ёс суртахуунаас, нийгмийн хэм хэмжээнээс ангид математикийн алгоритм дүрмүүд, ашигтай ашиггүй талын тооцоо, рациональ бодлууд л эргэлдэнэ.

 

Принстоны кампуст хичээлдээ хэзээ ч суудаггүй, ном ч уншдаггүй ганц оюутан нь мэдээж Нэш (өөрийнх нь оригинал санаанд муугаар нөлөөлнө гэсэн шалтгаанаар. Физик үзэлгүйгээр харьцангуйн онолд нь засвар хийх талаар яриад Эйнштэйнд нэг удаа загнуулж байсан гэдэг). Хичээл заах дургүй, шалгалтан дээрээ “Нэр чинь хэн бэ?” гэх асуултыг хэн ч баталж чадаагүй хүнд теоремтэй цуг тавиад ижилхэн оноо өгдөг оюутнуудаасаа үе мултарсан дүү MIT-ийн багш ч мөн л Нэш.

 

Дээр нь ижил хүйстэнтэй холбогдсон скандал, жирэмслүүлсэн бүсгүйгээ хаяж явсан хүйтэн сэтгэл, 30-хан настайдаа дууссан богинохон карьер, амьдралыг нь балласан сэтгэцийн
өвчинг хүү нь ч бас туссан эмгэнэл гээд суут ухаантны амьдрал зөвхөн гялалзсан амжилтын түүх ч байгаагүй юм.  

 

 

Нэшийг таньдаг таньдаггүй, ойлгодог ойлгодоггүй бүх хүн хүндлэн биширнэ. Зөвхөн гоц ухаантнууд л цуглаад байсан MIT-ийн математикийн факультетэд түүнийг ГНэш (Genius+Nash)

 гэж хочилдог байв. Насны эрэмбэ (Нэш оюутнуудаасаа ч үе мултарсан дүү байв), онгироо бардам зан, хүмүүстэй харьцах харьцаа нь үүнд ямар ч саад болсонгүй. Математик сонирхдог хүн ховор ч Нэшийн намтар ном нь Нью-Йорк Таймзийн бестселлэр, кино нь Холливудийн хит болж байв. Эхнэртэйгээ осолд орж таалал төгсөхөд нь “Гайхалтай харилцаа. Үзэсгэлэнтэй оюун ухаан, үзэсгэлэнтэй зүрх сэтгэлүүд” хэмээн Нэшийн дүрд тоглосон Рассел Кроу твиттертээ бичсэн нь хүмүүс түүний талаар юу гэж боддогийг төгс илэрхийлсэн жиргээ байв. Нэшийн хэн байхаас үл хамааран, ахархан хугацаанд ч гэлээ тодоос тод гялалзсан бриллиантан ухаан нь түүнийг хүндлэх хүндлэлийг бий болгожээ...

 

Жон Нэшийн гоц ухаан Дарвин биологид, Ньютон физикт авчирсан шиг өөрчлөлтийг эдийн засгийн ухаанд авчирч хөгжлийн дараагийн шатанд оруулжээ. Ер нь нийгэм, улстөр, эдийн засгийн бүхий л онолууд хувийн зорилгоо биелүүлэхийг хүссэн олон хүмүүсийн хоорондын харилцааны тухай байдаг. “Нэшийн тэнцвэр” буюу эдийн засгийн Нобелийн шагнал авчирсан бүтээл нь энэхүү харилцааны үед гарах зөрчил болон хамтын ажиллагааг судалж, тайлбарлах бололцоог олгосон аналитик арга хэрэгсэл болж, олон салбарт хувьсгал хийсэн нээлт болсон юм. 

 

Баранд бүсгүйчүүдтэй танилцах хамгийн зөв тактикийн тухай яриандаа эргэн орж, “Нэшийн тэнцвэр” энэхүү асуудлыг хэрхэн шийддэгийг харцгаая:                          

Найзуудтайгаа суух хөөрхөн бүсгүйтэй залуу бүр танилцах гээд очвол бүгд бие биенийхээ урдуур ороод хэн нь ч амжилт олохгүй. Бүтэлгүйтсэн залуус дараа нь хөөрхөн бүсгүйн найзууд руу нь яриа өдлөө ч, ямар ч бүсгүй 2 дахь сонголт байхыг хүсэхгүй. Иймээс анхнаасаа хөөрхөн бүсгүй рүү зөвхөн нэг нь яваад, бусад нь түүний найзууд руу яриа өдсөн нь группын хувьд хамгийн зөв тактик. Ингэснээр залуу бүр болзоот бүсгүйтэй болох шанс хамгийн өндөр болох ба энэ нь хөөрхөн бүсгүйн араас яваад огт хоосон үлдэхээс дээр сонголт болно. Өөрөөр хэлвэл болзох охинтой болохыг хүссэн залуус буюу тоглогчид энэхүү стратегийг сонгосноор Нэшийн тэнцвэр үүсэх ба, энэ үед аль ч тоглогч өөр стратеги
сонгох нь өөрт нь ашиггүй.

 

 

Маш энгийн энэхүү санаа нь Адам Смитийн “Чөлөөт өрсөлдөөнд хүн бүр зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхлоо бодсон үйлдэл нь үл үзэгдэгч гараар зохицуулагдан
эргээд нийгэмдээ ашигтай зүйлийг авчирдаг
 гэсэн үзэлд шинэ гэрэл тусгаж, эдийн засгийн ухаан үл үзэгдэгч гараас хавьгүй боловсронгуй тайлбар хийх арга хэрэгсэлтэй болжээ.

Гэхдээ амьдрал үргэлж математикийн моделүүд шиг энгийн байдаггүйг “Математик хэцүү санагддаг бол бүү санаа зов, надаад хавьгүй их хүндрэлүүд бий” гэсэн Эйнштэйнийн алдартай үг илэрхийлдэг. Тоон дунд үсэг ороод ирэхээр л олон хүний сонирхол буурч, цаашлаад n хэмжээсийн тухай яригдахаар хэн ч ойлгохоо больчихдог математикийн гайхамшгт нууцуудыг тайлдаг Нэш шиг толгойнуудын ачаар л шинжлэх ухаан, хүн төрөлхтний хөгжил дэвшил урагшилж байдаг билээ. Харин дараачийн Жон Нэш хэн байх, ямар асуудлыг шийдэж дэлхийг хэрхэн өөрчлөх бол гэдэг сонин...

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3706

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%