Нийтлэл 06 сарын 08, 2015

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ- Ерөнхийлөгч жижгэрч, Ерөнхий сайд томорно

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Үндсэн хуулийг батлалцаж байсан 430 гишүүний төлөөлөл буюу УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Баярцогт, Л.Болд, Н.Батцэрэг, С.Оюун нар багтаж, Н.Батбаяр гишүүн ахалж буй. Уг ажлын хэсгийн 10 гаруй удаагийн уулзалт хэлэлцүүлгээр дараах өөрчлөлтүүд хэлэлцэгдэж байгаа бололтой.

 

21.1 УИХ 76-аас олон гишүүнтэй болж магадгүй

Улсын их хурал нэг танхимтай, 76 гишүүнтэй байх тухай 21-р зүйлийг УИХ гишүүн 76-аас олон байх тухай намууд зөвшилцөж шийдэхээр өөрчлөх

 

25.4  УИХ Засгийн газрын бүтцийг тогтоож, өөрчлөх эрхгүй

Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд тайлагнадаг бусад байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх гэж зааснаас Засгийн газар, бусад байгууллагыг  хасаж УИХ-ын зохион байгуулалт болон байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх болгож өөрчлөх

 

25.6  УИХ Ерөнхий сайдаас бусдыг томилж, чөлөөж, огцруулах эрхгүй

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах гэж заасныг зөвхөн Ерөнхий сайд болгож өөрчлөх

 

25.7  УИХ төрийн санхүү, зээл, албан татварын хөтөлбөр батлахгүй

УИХ нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах эрхтэй гэж зааснаас төрийн санхүү, зээл, албан татвар, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл гэсэн хэсгийг хасах.

 

26.1 Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй

Ерөнхийлөгч, УИХ гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ гэж зааснаас Ерөнхийлөгчийг хасах

 

29.1  Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь давхар дээл өмсөж болно

Засгийн газрын гишүүнээс бусад албыг хавсарч болохгүй гэж заасныг кабинетийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ гишүүн байж болно гэж өөрчлөх

 

30.2 Ерөнхийлөгчөөр 50-аас дээш настай иргэн 6 жилийн хугацаагаар сонгогдоно

45 нас хүрсэн, 5 жил эх орондоо байнга оршин суусан, уугуул иргэн 4 жилийн хугацаатай сонгогдоно гэснийг 50 нас хүрсэн, 6 жилээр болгож өөрчлөх

 

31 Ерөнхийлөгчийг бүх ард түмний сонгуулиар сонгохгүй

Намууд дангаараа буюу хамтран нэг, нэг хүний нэр дэвшүүлж, иргэд нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийг сонгох, УИХ-аас бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргах гэсэн хоёр шаттай заалтыг хасаж, намуудаас өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийн талаар УИХ-ын гишүүд болон аймаг, хотын ИТХ-ын бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн саналаар тодруулна болгож өөрчлөх

 

31.7 Ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй

Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэсэн заалтыг хасах

 

33.3 Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл, зарлиг гаргахгүй

Ерөнхийлөгч ЗГ-т чиглэл өгч, Ерөнхий сайд гарын үсэг зурснаар зарлиг хүчин төгөлдөр болох тухай заалтыг хасах

 

33.4 Ерөнхийлөгч Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулахгүй

Улсаа бүрэн эрхтэй төлөөлж, гэрээ байгуулах гэсээс гэрээ байгуулах эрхийг хасах

 

36.10  Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлэхгүй

Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлэх гэсэн заалтыг хасах

 

37.1 Ерөнхийлөгчийг эзгүйд спикер биш ЕС орлоно

Ерөнхийлөгчийг түр эзгүйд УИХ дарга  бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ гэж заасныг Ерөнхий сайд хэрэгжүүлнэ болгож өөрчлөх

 

37.3 Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд санал оруулахгүй

Ерөнхийлөгч гадаад, дотоод байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно гэснийг чуулганд оролцож болно гэж өөрчлөх

 

39.2 Засгийн газар 9 яамтай байна

Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасныг Сангийн яам, Дотоод хэрэг, хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам,  Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн яам гэсэн 9 яамтай байхаар, үүн дээр Ерөнхий сайд гурваас илүүгүй Засгийн газрын гишүүн нэмж болохоор өөрчлөх

 

39.3 УИХ сайдуудыг томилохгүй

УИХ хүн нэг бүрээр хэлэлцэж кабинет томилдог байсныг Ерөнхий сайд кабинетийн гишүүдээ танилцуулснаар тогтоол батлагдсанд тооцдог болгож өөрчлөх

 

Нэмэлт өөрчлөлтийн төсөл одоогоор албан ёсоор өргөн баригдаагүй. Нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 76 гишүүнээс 57 нь дэмжвэл батлагдана. Хуулиараа УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндэн хуульд өөрчлөлт оруулах ёстой учраас сонгуулиас өмнө өөрчлөх бол 2015 ондоо багтааж өөрчлөх ёстой. Өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй шүүх прокурор,орон нутгийн захиргаанд хамаарах заалтуудыг үргэлжлэлээр хүргэх болно.

Сэтгэгдэл бичих

    • зочин
    • 2015-11-19

    Үндсэн хуульд өөрчлөлт орж байгаа хэсэгт УИХ гишүүдийг 99-120 болговол өсөн нэмэгдэж байгаа ард түмнийг төлөөлөх нь нэмэгдэх юм гэнээ Одооны 76 гишүүн маань ард түмэн биднийг жинхэнэ төлөөлж бидний өмнөөс дуу хоолой болж байгаа юм юу байгаа гэж байхгүй шүүдээ тиймээс дахин нэмэж ядаж байгаа эдийн засагт хохирол учруулах ямар хэрэг байнаа

    • Зочин
    • 2015-11-17

    ЗӨВ ШҮҮ

    • Зочин
    • 2015-11-06

    ugaasaa manaih shig orond bol eronhiilogch chin zugeer belegdliin todii baih yosoti shde

arrow icon