Нийтлэл 06 сарын 09, 2015

'ОРЧУУЛГАТАЙ' МЭДЭЭ  - Шинэ буудлаа бариарай, шинэхэн Тоёотагаа унаарай

 Засгийн газрын ээлжит хуралдаанаас АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой гаргасан шийдвэрийн мэдээг “орчуулан” хүргэе:

 

Ирэх онд Улаанбаатар хотноо ардчилсан Монгол орон хэрхэн хөгжин цэцэглэж байгааг дэлхий дахины төрийн тэргүүнүүдэд нүдээр үзүүлж, биеэр мэдрүүлэхээр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт  зохион байгуулна.   Төр түмний төлөө төрсөн биеийг чилээн зүтгэж буй Засгийн газрын баг кабинетаараа сайтар хэлэлцээд Туул голыг өмхийртөл, мөнгөгүй төсвөө улайтал хөгжсөн хот маань сайн сайхнаа улам ихээр үзүүлэхийн тулд бас дахин хэдэн байшин барих, баян иргэдээ боломжоороо нэмэх хэрэг бий тул төлөөлөгчдийг хүлээн авахад хэрэгтэй зочид буудал, унаа тэрэг, “Их тэнгэр” болон төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээний зочид буудлуудын тоног төхөөрөмжийг солих, шинэчлэхээр болжээ.

 

Уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Дээр нь хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 5000 гаруй зочдыг хүлээж авна гэсэн урьдчилсан төсөөлөл байгаа аж. Орон орондоо улсаа удирдаад зүгээр байжийсан хүмүүсийг нисгэн барин нийслэлдээ урин залж чуулахаас хойш өдий хэмжээний хүн ирэхгүй бол төдий хэмжээний нөлөө бүхий глобал удирдагчтай хөгжин цэцэглэсэн хүмүүнлэг ардчилсан орон гэдгээ батлах мэдээг олон улсад гаргахад тоо нь хүрэхгүй балрах юм. Аливааг үргэлж ул суурьтай, тооцоо судалгаатай хийдэг чамбай улсын хувьд өдий дайны зочдыг улс орноороо хүлээж авах зочид буудлын нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг нухацтай судалж үзсэн байна.

 

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 450 гаруй аж ахуй нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлдгээс  59 буудал одны зэрэглэлтэй үйлчилгээ эрхэлж байгаагаас 45 буудлыг шаардлага хангаж байна гэж үзжээ. Гэхдээ нэмэлт засвар хийх, үйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хүргэх шаардлага бий аж. Дээр нь дэлхийн зочид буудлын сүлжээний 4  буудлыг шинээр нээх саналаа аж ахуй нэгжүүд ирүүлжээ. Дэлхийн буудлууд нь дээрээс хойш төрд санал ирүүлэлгүй баригдаад ирсэн ч энэ удаа яагаад ч юм бэ ирүүлсэн байна, зочдод санаа зовсных байх.  2012 оноос хойш салбарын хэмжээнд одны тоо олшрох тусам нэгж өрөөнд ногдох орлого буурч байгааг, ШангриЛа 1-ийн 290 шинэ өрөө, Бэст Вэстэрний 200 шинэ өрөө, Корпорэт Конвеншин төвийн 94 өрөө сегментэд шинээр нийлүүлэгдэхээс ч өмнө өндөр зэрэглэлийн зочид буудлын дүүргэлт  зуны сезоныг эс тооцвол тавин хувь хүрэхгүй байгааг ч мөн судалж мэдсэн нь мэдээж. Хэдий ийм ч хэдэн сайхныг нэмж бариад хамаг том дарга нарыг нь мянга мянгаар нь нэг ирүүлээд явуулчихвал том бизнесмэнүүд, толгойлогч ерөнхийлөгч нарын хөл улам нэмэгдэж,  шинэ хуучингүй хамаг гоё буудал дүүрэн зочинтой төвшин жаргалтай байна гэдгийг ч  сайтар тооцоолж гаргасан, манай бизнесийн болон жуулчлалын ерөнхий“экологи”,  төсөв төлбөрийн чадамж энэ тэр жижиг асуудал ч яамай байна.

 

Зочид буудлуудын хөрөнгийн асуудлыг ч мөн няхуур сайн судалж үзсэн.  150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдэллэг шийдвэрийг тус хуралдаанаас гаргасан. Зээл нь 5 хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байна. Төсвийн алдагдал тэнгэрт тулж, том төлбөрүүд шил даран хүлээгдэж байгаа ч бид дансны аргаар юуг өр, юуг өр биш гэж тооцохоо сайхан сайхан аргаар сар шинэдээр батлаад авсан тул тэр талаар санаа зоволтгүй сэтгэл хөнгөн байж, зочдоо л нэгдүгээрт бодож байхад болно. Сүүлийн хэдхэн жилд төрийн хөнгөлөлттэй зээлтэй зээлгүй бузгай том брандууд манай зах зээлд нэгдэж ирснийг, барилга замд баахан хөрөнгө түгжээтэй бусад салбар элгээрээ мөлхөж байгааг, нөгөө 51 орныхоо 5000 зочноос нуугаад өнгөрмөөр өндөр зээлийн хүүд өчнөөн компани дарамтлуулж байгаа гэдгийг бас мэдэж байгаа. Гэхдээ манай удирдагчид зочид буудлуудад оруулж буй хөрөнгө бол АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад тус нэмэр болоод зогсохгүй цаашдаа Монгол Улсад өндөр хэмжээний зочдыг болон жуулчдыг хүлээж авахад дэд бүтцийн томоохон түшиг болно гэж үзэж байгаа юм. Одоо хөгжлийн туйлыг үзүүлсэн шиг үзүүлж буудлуудаа тог тасарсан ч дажгүй байхаар эрчим хүчний давхар эх үүсвэртэйг мөнгөөр зодож барих хэрэгтэй. Иргэд бид яахав  нударга буулгаж алах ламбугайгүй болсон хүмүүнлэг ардчилсан эриний иргэд, тог тасарвал лаагаа юм уу хүжээ бариад янз янзын номоо уншаад байжийна. 10 дугаар АСЕМ-аар ам бардам зарлаад ирсэн глобал лидер, Эбэ ерөнхийлөгчийнхөө нэр нүүрийг бодсон ч тэр нь дээр.

 

Дээр нь зочдод үйлчлэх унааны асуудлыг ч мөн нухацтай авч хэлэлцсэн. Нэг цуваанд 5 машин явахаар, 50 гаруй орны төр засгийн тэргүүн ирнэ гэж тооцохоор олон тооны машин шаардлагатай болох аж. Тиймээс Японы “Тоёото” корпорацитай ярьж, хамгийн сүүлийн үеийн машин авах асуудлыг хуралдаан зохион байгуулах хорооноос танилцуулжээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг ойрын үед шийдвэрлэх юм. Хуралдаан зохион байгуулах хороо гэж мундаг байгууллагаас Тоёотатай ярьсан нь учиртай,  асуудал болгон танилцуулж мундагдахгүй бол бас хамгийн сүүлийн үеийн машинаа зарахгүй гэж ч юм билүү юмыг яаж мэдэхэв.  Цуваанд 5 машин, 50 орны  тэргүүн гэхээр олон тооны машин хэрэгтэй гээд хэцүү тооцоог хийж чадсан юм чинь, тэднүүсийгээ сүүлийн хэдэн жил экспортлогчид нь өөрсдөө гайхах хэмжээнд Тоёотагийн сайн машинууд худалдаж авдаг Монголоос гаргаж болох эсэхийг,  5000 зочин пир гээд нэг дор бууж арми мэт цуваа үүсгэх эйрпорттой эсэхээ, төрийнхөн үнэтэй машин унаж болохгүй гэж загнуулснаас хойш цуваа дуусахад тэр сайхан машинуудаа хэдээр ч юм зарах болохыг сайн тооцсон. Гэхдээ ер нь Абэ Шинзо хөөрхий нэг хүнд ногдох дундаж орлогоор манайхыг арав нугалдаг сайхан орон нь Монгол тэргүүтэй оронд маш их зүйлсээ зарж чадаж байгаа Хятадад гүйцэгдэх мэтээр сандраад өөд нь татах гэж үгээ хэлж байна, Тоёота бас Волксваген, Женерал Моторс хоёрт дахиад гүйцэгдчих вий, дэлхийд нэг номерын глобал гигант байхад нь дусал болов нэмэрлэе, манай нийслэлийн иргэдийн гуравны нэгтэй тэнцэх хүн ажиллуулж байгаам хөөрхий, хүний өөрийн ялгаа юу байхав, ажил төрөлтэй байцгаавал. Ер нь дэлхийд номер нэг юманд дуртай л даа бид, дэлхийд номер нэг их гүрний үр сад. Харин өнгөрсөн онд 5 биш хоёр билүү цуваагаар баахан сайд нар ирж чуулаад явснаас хойш төгрөг, төсөв маань нэг л сайнгүй.    Ирэх жил билигтэй сайн тоогоор цуваа үүсгэхээ бас тооцсон байх.

 

Ер нь тэгээд олимп, форум , тэмцээн зохиож, олон жилийн туризм, тав тухтай тансаг хэрэглээтэй зочид ирнэ гэж найдаад баахан дэд бүтэц,  байшин бариад дампуурсан Франц, Япон, Грек, Австрали гээд тооцоо бодлого юмандаа маруухан улсын зарим хотуудын жишээг давтахгүйгээ босоо заяатай Монголчууд мэднэ. Ийм сайхан өмхий голтой, тийм сайхан түгжрэлтэй хотдоо 5000 зочин уриад, таван одтой тансаг буудал зөндөөг барьж, Тоёотагаас япоончууд нь ч гар татаад унадаггүй загварыг төрөөс манлайлан татаж оруулах  хэмжээний алсын хараатай, оюуны бядтай, сэтгэлийн тэнхээтэй мундаг удирдагчид байхад юунд санаа зовохов, асем.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon