ШУДАРГА ЁС: Мөрдөн байцаах албыг хэний дэргэд байгуулах вэ?

Түүх

УИХ-аас  2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгосноор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан юм.  Улмаар УИХ-аас  2014 оны нэгдүгээр сарын 24-нд 22 дугаар тогтоол баталж, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орон  тоо, төсөв, эзэмшиж байгаа үл хөдлөх болон бусад эд хөрөнгө, техник хэрэгслийг Авлигатай Тэмцэх Газар(AТГ)-т шилжүүлсэн.

Асуудал

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 13 дахь илтгэлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлд заасан харьяаллын гэмт хэргийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагч шалгаж, адил албан тушаалд, нэг салбарт харьяалагдан ажилладаг цагдаагийн ажилтнууд нэг нь нөгөөгөө шалгахаар хуульд өөрчлөлт оруулсан нь энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, үнэн зөвийг тогтоох, хариуцлага оногдуулах зэрэг үйл ажиллагаанд хүндрэл учруулаад зогсохгүй Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж дурджээ.

Хүний эрхийн Үндэсний комиссын 14 дэх илтгэлд: 

 Нэг, Комисс 2014 онд хүлээн авсан нийт 710 гомдлын 330 буюу 46.5 хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих байранд хоригдож буй сэжигтэн, яллагдагч, ялтан нараас гаргасан гомдол дангаараа эзэлж байна. Тэдгээрийн 171 гомдолд хилс хэрэгт холбогдсон, эрүү шүүлтэд өртсөн талаар дурдсан ба гомдлыг шалгахад 32 гомдол буюу 18.7 хувь нь гомдол гаргагч эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй байсан тул гомдлыг Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газарт харьяалах байгууллагад шилжүүлсэн боловч манай хууль тогтоомж Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцтой нийцээгүйн улмаас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан тохиолдол цөөн байгааг Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн судалгаа, мэдээллүүд харуулж байна.

Хоёр, Улсын хэмжээнд 2014 онд Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тухай 869 санал хүлээн авснаас 814 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгож, 55 сэжигтэнд зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Гурав, Шүүхээс баривчлахаас татгалзсан нийт 55 сэжигтнээс 14.5 хувийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримтгүй, 47.2 хувийг баривчлах үндэслэлгүй, 25.4 хувийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тус тус татгалзжээ.

Дөрөв, Мөн цагдан хорих 461 дүгээр ангид 2015 оны 1 дүгээр сард хийсэн Комиссын хяналт шалгалтаар нийт 413 сэжигтэн, яллагдагчийн 173 нь сэжигтнээр баривчлагдсан байв. Харамсалтай нь тэднийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгчийн захирамжаар баривчилсан тохиолдол огт байхгүй байсан юм. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг баривчлах тогтоол үйлдэн прокурорт хүргүүлж, прокурорын саналыг үндэслэн шүүгч сэжигтнийг баривчлах эсэхийг шийдвэрлэдэг. Гэтэл шалгалтын үеэр цагдан хоригдож байсан сэжигтэн, яллагдагчдаас сэжигтнээр баривчлагдсан 173 хүн бүгдээрээ шүүгчийн захирамжаар биш хойшлуулшгүйгээр буюу мөрдөн байцаагчийн тогтоолоор баривчлагдсан

байгаа нь анхаарал татсан юм

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн судалгаанаас үзэхэд 2012 онд 160 сэжигтэн, яллагдагч 2013 онд 157 сэжигтэн, яллагдагч, 2014 онд 119 сэжигтэн яллагдагчийг цагдан хорих байр сэлгүүлэн хорьсон байна.


 

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь АТГ-д харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагчид дүгнэдэг.

Тэгвэл саяхан 2015 оны 6 дугаар сарын 4-нд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулахаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулж иржээ. Хууль санаачлагч төслийнхөө шаардлага, үндэслэлээ “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн “Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах” гэсэн  195 дугаар зүйл болон Прокурорын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна”  гэж заасан ажиллагааг хуулиар зохицуулах шаардлагтай байна” гэж тайлбарлажээ. Ийм хууль зүйн шаардлага, үндэслэл байгаа л байх. Гэхдээ би асуудлын арай өөр өнцгийг энд тусгахыг зорилоо.

Ноднин буюу 2014 оны 1 дүгээр сарын 24-нд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд байх үед УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг хэн, хэрхэн, яагаад татан буулгасан бэ?

Энэ талаар баримт, сэлт хайсан боловч тоймтой зүйл олсонгүй. Гэхдээ таамаг төдий зүйл бий. Прокурор, АТГ хоёрын хоорондын дотоод зөрчил явсаар их хурцдаж улмаар  Ардчилсан намын нэр бүхий гишүүний санаачласан хуулийн төслийг УИХ “сэмхэн” баталснаар УЕП-ын дэргэдэх МБА татан буугдаж чиг үүрэг нь АТГ-д шилжин ирсэн байдаг. Ингэснээр АТГ жинхэнэ “мангас” болсон гэж хэлэхэд болно. АТГ-ын мөрдөгч хууль зөрчсөн эсэхийг шалгах эрх АТГ-таа хадгалагдана гэдэг бол хэзээ ч илрүүлж шалгахгүй гэсэн үг юм.

Түүнчлэн АТГ нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах эрхийг авснаар гүйцэтгэх ажиллагааны “үр дүн”-гээр эдгээр албан тушаалтнуудын “төмсгийг гүнээ базаж” чадсан гэж би боддог. АТГ өөрийн харъяалалын хэргийг шалгах явцад сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах явдал нь ямар ч саадгүй болсон гэхэд болно. Шүүгч, прокурорууд АТГ-ын байцаагчдын “хүсэлт”, саналыг автоматаар шийдвэрлэдэг болсон болохыг Хүний эрхийн комиссын илтгэлээс эшлэсэн тоо, баримтаас харж болох юм.  Энэ бүхний үр дагавар нь өчнөөн олон бизнесмэнүүд, иргэд АТГ-ын “махны машин”-д машиндуулан, цагдан хоригдох хэлбэрээр эрүү шүүлтэд орсон байж болох талаар Хүний эрхийн Үндэсний комисс өөрийн илтгэлдээ дурджээ. Шүүх бас өөртөө дүгнэлт хиймээр байна. Шүүх “цагдан хорих 869 санал хүлээн авснаас 814 сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгожээ” гэж юу гэсэн үг вэ? Бараг бүгдийг нь хорьдог юм биш үү? Шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зөвшөөрөл өгдөг шүүгчдээ нэг эргэж харах хэрэгтэй. Нэр цэвэр, зоригтой, өндөр мэдлэгтэй, хараат бусаар ажиллах чадвартай нэгнийг сонгож тавимаар байх юм.

Хэдийгээр өнөөдөр УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах гэж байгаа нь зөв боловч санаачлагч нь Н.Алтанхуяг гишүүн байгаа нь хоржоонтой. АТГ нь Н.Алтанхуяг гишүүний ахлах зөвлөх Л.Гансүх, хүргэн дүү Г.Дэнзэн нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед тэрээр ийм төсөл боловсруулж оруулж байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байгаа нь нууц биш. Энэ хуулийн төслөөрөө АТГ-ыг “айлгаж” наймаалцах гэж байгаа бол бүр ч инээдтэй, хөгийн явдал болох буйзаа.  Тийм зүйл л битгий болоосой доо. Ядаж өөр хүнээр “санаачлуулж” болоогүй л юм байхдаа.

 

УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг тусад нь байгуулах нь зөв үү?

Зөв. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг зайлшгүй тусад нь байгуулах бодит шаардлага нөхцлийг бид амьдрал дээр АТГ-ын үйл ажиллагаанаас харлаа, үзлээ. Харин хуучных шигээ УЕП-ын дэргэд байгуулах нь хир оновчтой вэ гэсэн эргэлзээ байдаг. Учир нь энэ тохиолдолд прокурорууд өөрсдийн хууль зөрчсөн үйлдлээ шалгадаггүй гэсэн яриа гардаг.

Зарим нэг нь Тусгай субъектуудыг Мөрдөн байцаах албыг Тахарын албаны дэргэд байх ёстой гэж үздэг. Энэ нь тийм оновчтой хувилбар биш. Тахарын албаны үндсэн чиг үүрэг нь гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгч, шүүх хуралдааныг хамгаалах, оргодол, ялтан эрэн сурвалжлах гэх мэт гүйцэтгэх ажиллагаа байдаг. Харин тусгай субъектуудыг мөрдөн байцаана гэдэг бол өндөр хэмжээний мөрдөн байцаалтын дадал, туршлага хуримтлуулсан, чамгүй боловсролтой, ёс суртахуунтай, шилмэл хуульчид байх ёстой. Учир нь тэдний шалгах гэж байгаа хүмүүс бол бас л өндөр хэмжээний мэдлэг, боловсролтой хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид байх юм.

Миний бодлоор Тусгай субъектуудыг Мөрдөн байцаах албыг бие даасан агентлагын статустай Ерөнхий сайдын шууд харъяанд байгуулах нь зөв санагддаг. Түүнчлэн Тусгай субъектуудыг Мөрдөн байцаах албаны даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Ерөнхийлөгч томилдог баймаар. Тусгай субъектуудыг Мөрдөн байцаах албанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар өргөн эрх хэмжээ олгох нь зүйтэй. Магадгүй Тусгай субъектуудыг Мөрдөн байцаах албаны эрх зүйн байдлыг тодорхойлсон бие даасан хуультай байх нь ч зөв байх.

Иймд УИХ-ын эрхэм гишүүд ээ! Тусгай субъектуудыг Мөрдөн байцаах албыг байгуулах тухай энэ асуудалд маш анхааралтай хандахыг та бүхэнд зөвлөж байна. Жил гаруйхны өмнө та нарын хэнэггүй, үл тоомсорлох маягаар өнгөрүүлсэн хуулийн өөрчлөлт өнөөдөр АТГ-ыг хэн болгосныг та бүхэн харж байгаа. Сонгууль ойртлоо. Та бүхний дундаас “махны машин”-д машиндуулахаар төлөвлөгөөнд орсон хүмүүс байж л байгаадаа.

Үүгээрээ би АТГ-ын үйл ажиллагааг харлуулах, эсвэл үгүйсгэхийг хүссэнгүй. АТГ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Нийгэмд авилга, хээл хахуулийн үрийг тарьж байгаа хэн боловч хуулиас гадуур байх ёсгүй. Гагцхүү хууль хяналтын байгууллагууд зөв бүтэцтэй, харилцан хяналттай, хуулийг дээдэлж ажиллах ёстой.


avatar
    • Shaatsgaa
    • 180.149.78.*

    Awligach lalruidig horij shalgahgu oor yah ym. Horihgu l bol lalruud hil garaad zugtahad belen nowshniid. Hamag horongo n gadaadad ym chn

    • Зочин
    • 112.72.13.*

    АТГ арай л хэтрүүлж байна шүү дээ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4999

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%