Нийтлэл 07 сарын 01, 2015

Энэ УИХ АСЕМ далимдуулж хугацаа сунгах биш хугацаанаасаа өмнө таръя

Ирэх жилийн буюу 2016 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад АСЕМ буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11 дэх уулзалт зохион байгуулагдах гэж байна. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т

"Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна"

гэж заасан байх бөгөөд тэр нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны Пүрэв гариг байх нь зөв байх болов уу. Учир нь мөн хуульд заасны дагуу энэ өдөр бүх нийтээр амрах өдөр байдаг байна.

 

АСЕМ-ын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулагдах болсонтой холбойтоогоор манай зарим нэг сэтгүүлч, улс төрийн хүрээнийхэн УИХ-ын сонгуулийг 10 дугаар сар хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж бичиж, ярьж эхэлцгээсэн байна. Өнөөгийн УИХ-ын гишүүдэд нэмээд дөрвөн сар гишүүний “зөөлөн” суудалд суугаад авах “сайхан” боломж гарч ирнэ гэсэн үг. Үүнийхээ нэг гол үндэслэлийг АСЕМ-ынхан ирэх үед Монгол Улс УИХ-аа байгуулаад дөнгөж УИХ-ын даргаа сонгож амжих агаад Засгийн газар, Ерөнхий сайдаа томилж амжихгүй, засаг төргүй байх болно гэжээ. Мөн сонгуулийн дараа уламжлал маягаар үргэлжилдэг сонгуулийн маргаанууд ч үргэлжилнэ гэх юм. Ийм зүйл ярьж байгаа хүмүүсийг буруутгах бас хэцүү. Дэлхийд, олон улсад Монгол Улсын нүүр царай гарах гэж байхад Засгийн газар, Ерөнхий сайдгүй байж байна гэдэг мэдээж тийм ч таатай зүйл биш л дээ.

 

Гэхдээ бид Монгол Улсын Үндсэн хуулийнхаа Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гээд биччихэж. Мөн цааш нь Үндсэн хуулийнхаа Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

"Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно"

гэж цагаан дээр хараар хугацааг нь зааж өгсөн.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-т "“Ээлжит сонгууль” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жил тутам явагдаж байгаа сонгуулийг хэлнэ" гэж тодорхойлсон байх бөгөөд мөн зүйлийн 4.4. дэхь заалтад

"Ээлжит сонгуулийг энэ хуулийн 4.3-т заасан хугацаанд заавал явуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд энэ хуулийн 4.3-т заасан хугацааг өөрчлөхийг хориглоно"

гэсэн хатуу хязгаарлалтыг хийж өгчээ.

 

 

Үүнээс харахад УИХ-ын ээлжит бус сонгуулийн хугацаа 4 жил байх ба 4 жил 3 сар, 4 жил 4 сар байж болохгүй юм байна. Хэрэв энэ хуульд заасан 4 жилийн хугацааг өөрчлөх болвол тэр нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал байх ёстой юм байна. Гэтэл АСЕМ уулзалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал мөн үү? Энэ асуултад Үндсэн хууль судалдаг хуульч, судлаачид эртхэн хариулт өгөх хэрэгтэй санагдаж байгаа.

Судлаачдын хариулт олон зүйлийг багтаасан байвал зохилтой. Юуны түрүүнд дээр дурьдсанаар АСЕМ-ын уулзалт Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал мөн эсэх, мөн бол түүний үндэслэл. Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгуулийн хугацааг өөрчлөх нь Үндсэн хууль болон УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчил болох эсэх, түүний үндэслэл, үр дагавар.  Бид нэг удаадаа ингээд сонгуулийн товыг өөрчиллөө гэхэд энэ нь ирээдүйд, цаашид ингэж өөрчлөөд байх жишиг тогтоох прецедент болох болгоомжлол бий юу? гэх асуултууд хариултаа хүлээж байна. Ер нь тэгээд эрх баригчид эртхэн шийдвэрээ гаргаад маргаан байвал Үндсэн хуулийн Цэцээрээ хагалуулаад нэг талдаа гарчихвал зүгээр юм шиг санагдсан.

 

Аливаа зүйлийг шүүмжлэх, буруутгах амархан байдаг. Би гэхдээ дан шүүмжлэхээс илүү дандаа гарц хайх гэж оролддог. Энэ тохиолдолд ч гэсэн бид Үндсэн хуулиа зөрчихгүйгээр АСЕМ-ын уулзалтад бүрэн бүтэн засаг төртэй оролцох ямар боломж байна вэ?

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэхь заалтад

“Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдана. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж, хаана

” гэж заасан байна.

 

Өнөөгийн манай улсын эдийн засгийн хүнд нөхцөл байдал, улс төрийн болоод төр засгийн засаглалын хямрал, улс төрчид, эрх баригчдын нэр хүнд шалаар нэг навсайсан энэ үед УИХ хаврын чуулганаа 7-р сарын 1-нд дуусгаад эрхэм гишүүд улс төрийн зориг гаргаж УИХ-ыг тараах шийдвэрийг гаргаж дараагийн сонгуулийн товыг хуульд заасны дагуу 60 хоногийн өмнө зарлах үүргийнхээ хүрээнд  9 дүгээр сарын 4-ны өдөр УИХ-ын сонгуулийг явуулахаар шийдвэрийг гаргаж болно.  Эсвэл гишүүдэд “шархаа нөхөж амжаагүй” хайран санагдаад байвал намрын чуулганаа явуулаад ирэх жилийн 2-р сарын 10-нд УИХ-аа тараагаад 4 дүгээр сарын 10-15 хооронд сонгуулийг явуулж болох юм. Тэгвэл ядаж АСЕМ-ынхан ирэхэд УИХ, Засгийн газартайгаа угтаж авах боломж харагдаад байгаа.

Миний хувьд УИХ-ыг тараах шийдвэр нь хууль зүйн талаасаа УИХ-ын сонгуулийн товыг өөрчлөх шийдвэрээс илүү зөв харагдаад байгаа. Ард түмний олонхийн итгэлийг хүлээж чадахгүй байгаа, нэр хүндгүй, улс орныг ядуурлын том ангал руу чирч байгаа энэ УИХ хуульд заасан хугацаанаас илүү сунгаж суух биш харин хугацаанаасаа өмнө өөрөө тарах нь хамгийн оновчтой, түүнчлэн Үндсэн хуульд нийцсэн шийдвэр байхыг ч үгүйсгэхгүй. Ард иргэд, мэргэжлийн судлаачид,  "хашааны гадна" байгаа улс төрийн шинэ, хуучин намууд ч өөрсдийн байр суурийг тодорхойлж, шаардлагаа тавих нь зүйтэй гэж бодож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-07-01

    зөв зөв

    • Зочин
    • 2015-07-01

    zuvuuu zuv

arrow icon