Торгоны замыг сэргээх Хятад-Оросын “гэрлэлт” хэр урт настай вэ?

            Их Британийн Варвик Их сургуулийн улс төр, эдийн засгийн профессор, Орос судлаач Роберт Скидельский Хятад болон Оросын дунд үүсээд буй "дотно" харилцааны талаар:

     

      Хятадын удирдагч Мао Зедун  МТӨ 500 оны үед амьдарч асан Сун Цугийн цэргийн тактикийг байлдаандаа ашиглаж байсан түүхтэй. Түүнчлэн энэ үед үүссэн гэгддэг Күнзийн сургааль одоо ч Хятадын сэтгэлгээний зүрх нь хэвээр байгаа. Энэ бүхэн Хятадууд түүхээр амьдардаг гэдгийн нотолгоо бөгөөд Си Жиньпинийг "Шинэ торгоны зам" төслөө танилцуулахад ч гайхаж хүлээж аваагүйн шалтгаан мөн билээ.

Тэд эртний түүх ирээдүй болон шинэ онолд нь тусална гэдэгт итгэдэг хүмүүс. Шинэ онол гэгч нь дэлхий олон туйлт буюу хэд хэдэн онцгой туйлаас бүрдэх ёстой гэсэн үзэл юм. Үүний эсрэг Америк, Барууныхны ноёрхол буюу нэг туйлт ертөнц гэх үзэл бий. Хятад барууныг "үздэггүй", тиймдээ ч тэдний нэг туйлт ноёрхлыг эсэргүүцсээр ирсэн. Үүний жишээ болгож олон үйлдлийг нь нэрлэж болох ч хамгийн тод жишээ бол худалдаа, хөрөнгө оруулалтыг Азид төвлөрүүлэх, "Шинэ торгоны зам" төсөл нь юм. 

 

Эргэн тойрноо ажиглан харсан ч Си Жиньпинд туслах олон нөхцөл байдал бүрджээ. 2008-2009 онд болсон санхүүгийн хямрал, Ойрхи Дорнодод гарсан улс төрийн сүйрлээс болж Барууны өөртөө итгэх итгэл уналтад ороод байгаа. Харин эсрэг талд Евразийг сэргээх нийтлэг ашиг сонирхол Хятадаас гадна Оросод бас бий. Дэлхийн эдийн засаг, улс төрд бүрэлдээд буй энэ өвөрмөц нөхцөл байдлыг овжин ашиглаж чадваас Еврази түүхэн "хөшилт"-өөс гарах таатай боломж бий болжээ гэж үзэж болох юм. 

 

Евразийг сэргээх Хятад, Оросод ямар ашигтай болохыг дор тайлбарлая:

Хятадын шалтгаан бол хямд үйлдвэрлэсэн бараагаа хөгжингүй орнуудад экспортлох замаар Евразид хөрөнгө оруулалт, экспортын шинэ чиглэл гаргах юм. Бүх төрлийн худалдаа наймаа, эдийн засгийн хөдөлгөөн "Шинэ торгоны зам"-д өрнөснөөр тэдний хувьд Дэлхийн төвийг энд бүрдүүлэх боломж бүрдэнэ. Тэд энэ байдалд бэлдэж эхэлсэн. Юу гэвэл хөдөлмөрийн зардал өсөх аюулаас шалтгаалж тэд эрэг хавийн үйлдвэрлэлээ баруун бүс нутагруугаа нүүлгэх болжээ.

Оросын талд ч Евразийг хөгжүүлэх эдийн засгийн шалтгаан бий. Учир нь тэд улсынхаа эдийн засгийг төрөлжүүлж, шинэчилж чадаагүй учир одоог хүртэл үйлдвэрийн барааны импортлогч, газрын тосны бүтээгдэхүүний экспортлогч хэвээр байгаа юм. Тэд Евразийн эдийн засгийн өгөөжийг ойлгож чадваас коммунизм унахад алдагдсан үйлдвэрлэл, инженерчлэлээ сэргээж авах боломжтой болно.

 

Хоёр улсад нийтлэг нэг ашиг сонирхол байгааг дээрээс харлаа. Харин тэднийг "нэг" болоход барууны, нэн ялангуяа АНУ-ын нөлөө чамгүй оролцсон юм. Угтаа бол АНУ-д тэднийг өөрсдийн эсрэг босгох бус системдээ нэгтгэж авах боломж байсан. Гэвч Хятадын шийдвэр гаргах нөлөөг бататгах байсан Олон улсын валютын сангийн шинэчлэлийг няцааж, НАТО-н гишүүн болох Оросын санаачлагад хаалт хийснээрээ энэ боломжоо үгүй хийсэн.

Ингэснээр Хятад улсын барууны ноёрхлын эсрэг үзэл баталгаажиж, ОХУ-ын дотоод хэрэгт барууныхан оролцсоноор Путин мөн тэдний эсрэг илүү хүчтэй байр суурьтай болсон. Тавдугаар сарын 8-нд Путин болон Си нар Хятадыг Европ, Ойрхи дорнод, Африктай холбох өргөн уудам чөлөөт худалдааны бүсийн гэрээнд гарын үсэг зурснаар тэдний нэгдэл баталгаажсан. Түүнчлэн хоорондын худалдааны урсгал ихсэж, улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь бэхжих юм. Ингэснээр тэдэнд барууны эсрэг бат бөх, нэг том "бамбай" болох боломж, чадвар ч бий болж эхэлнэ.

Гэхдээ Хятад улс Казахстаны эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах шийдвэр гаргаснаар тэдний "бамбайд" цууралт үүсч болзошгүй байдал үүссэн ч найрсаг харилцаагаа хадгалсаар л байна.

Хятад түүхээ даган урагшилсаар л... Гэвч улс бүр өөр өөрийн гэсэн түүхтэй. Түүх бүр "Түүхэнд ирээдүй рүү явах зөв зам гэж үгүй" гэсэн нэг л сэжмээр холбогддог.

Одоо бид тэдний “гэрлэлт” хэр бат бөх болохыг харах л үлдлээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%