Өмгөөлөгчид давуу байдал олгож, хуулийн зөвлөхийг ялгаварлан гадуурхсан сахилгын шийтгэлийн стандарт үйлчлэх эрсдэлтэй

2015 оны хавар Д.Дорлигжав сайд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Өмгөөллийн тухай хуулийн хоёр төслийг боловсруулж, сүүлийнхийг нь УИХ-д өргөн бариад байна. Эдгээр төслүүд 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнд үндэслэн гарсан Хуульчийн мэргэжлийн дүрэм (2013) болон Мэргэжлийн хариуцлагын хорооны журмууд (2014)-д орж ирсэн олон улсын стандарт, дэвшилтэт зохицуулалтуудыг өөрчлөхөөр байна. Тиймээс, миний бие эдгээр төслүүдэд хийсэн товч анализ аа цуврал нийтлэл болгон бичиж байгаа бөгөөд өмнө нь хоёр нийтлэл хэвлүүлсэн.[1] Дээр дурдсан төслүүд батлагдвал адилхан зөрчилд өөр өөр шийтгэл оногдуулж, өмгөөлөгчид давуу байдал олгож, хуулийн зөвлөхийг ялгаварлан гадуурхах үр дагаврыг үүсгэж, хуульчийн ажил эрхлээгүй хуульчид хариуцлага тооцох боломжийг хязгаарлана гэдгийг энэ нийтлэлээр харуулах болно.

 

2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль: нэгдмэл сахилгын шийтгэлийн тогтолцоо

 

Мэргэжлийн хариуцлагын хороо Хуульчийн мэргэжлийн дүрэм зөрчсөн зөрчлийг хянан шийдвэрлэж, сахилгын шийтгэл ногдуулдаг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил тогтоогдвол дараах 8 төрлийн сахилгын шийтгэлээс тохирох аль нэгийг тухайн хуульчид оногдуулахаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29-р зүйлд заасан:

 

 

(1) хаалттай сануулах,

(2) нээлттэй сануулах,

(3) шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай түдгэлзүүлэх,

(4) шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүй түдгэлзүүлэх,

(5) хуульчийн зөвшөөрлийг хугацаатай түдгэлзүүлэх,

(6) хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлэх,

(7) хуульчийг зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох,

(8) хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох.

 

 

Эдгээр шийтгэлүүдийн агуулга, хэрэгжих аргын талаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам (2014)-ын Хоёрдугаар бүлэгт нарийвчлан зохицуулсан.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: ялгаварлан гадуурхсан сахилгын шийтгэлийн тогтолцоо

 

Төслүүдэд өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд ялгаатай материаллаг хэм хэмжээ үйлчлээд[2] зогсохгүй эдгээрийг зөрчсөн тохиолдолд ялгаатай шийтгэл оногдуулахаар заажээ. Зүйл ёсны үндэслэлгүйгээр адилхан зөрчилд өөр өөр шийтгэл оногдуулж болохоор байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 28.2-т зааснаар уг хууль болон Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хуулийн зөвлөхөд дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:

 

 

(1) хаалттай сануулах;

(2) нээлттэй сануулах;

(3) хуульчийн эрхийг хугацаатай түдгэлзүүлэх;

(4) хуульчийн эрхийг хугацаагүй түдгэлзүүлэх;

(5) хуульчийн эрхийг хугацаатай хүчингүй болгох;

(6) хуульчийн эрхийг хугацаагүй хүчингүй болгох.

 

 

Гэвч, уг төслийн 28.1-т “өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд Өмгөөллийн тухай хууль”-д заасан “хариуцлагыг” хүлээлгэнэ гэсэн. Өмгөөллийн тухай хуулийн төслийн 24.1-д Өмгөөллийн тухай хууль болон Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн өмгөөлөгчид Мэргэжлийн ёс зүйн хороо дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:

 

 

(1) хаалттай сануулах;

(2) нээлттэй сануулах;

(3) өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай түдгэлзүүлэх;

(4) өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй түдгэлзүүлэх;

(5) өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгох;

(6) өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох.

 

 

Нэгэнт өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийн мөрдөх ёстой ёс зүйн хэм хэмжээний агуулгын ихэнх адилхан[3] учраас өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийн үйлдсэн адилхан зөрчилд өөр өөр шийтгэл хүлээлгэж, улмаар шийтгэл зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчим болон хуулийн өмнө тэгш байх эрх зөрчигдөх аюултай. Жишээлбэл, нэг өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр мэдээллийн нууцлалыг санаатай задруулж үйлчлүүлэгчдээ ноцтой хохирол учруулсан бол өмгөөлөгчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох шийтгэл хүлээх боловч түүний хуульчийн зөвшөөрөл хүчинтэй хэвээр үлдэх учраас хууль зүйн зөвлөгөө өгөх хийх нь нээлттэй. Яг ийм зөрчил гаргасан хуулийн зөвлөх хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох илүү хүнд шийтгэл хүлээх боломжтой. Өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хуульч ноцтой зөрчил гаргавал хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох шийтгэлийн төрлийг түүнд оногдуулах боломжийг хасжээ. Адилхан зөрчилд ийм ялгамжтай шийтгэлийг оногдуулахыг зөвтгөх зүйл ёсны үндэслэл байхгүй учраас төсөл өмгөөлөгч (болон нотариатын эрхтэй хуульч[4])-д давуу байдал олгож, хуулийн зөвлөхийг ялгаварлан гадуурхжээ.  

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэг дутагдал бол хуульчийн хариуцлагыг хуульчийн мэргэжлийн ажлаар нь ялгамжтай тогтоосны зэрэгцээ ийм ажил хийгээгүй хуульчид Мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж хариуцлага хүлээлгэх боломжгүй болгосон. Уг төслийн 28.1-д “Шүүгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, прокурорын мэргэжлийн ёс зүйн зөрчилд Прокурорын байгууллагын тухай хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд Өмгөөллийн тухай хууль, нотариатчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд Нотариатын тухай хуульд заасан хариуцлагыг тус тус хүлээлгэнэ” гэж заажээ. Мөн, хуулийн зөвлөхөд оногдуулах шийтгэлийн тухай төслийн зохицуулалтын талаар өмнө өгүүлсэн. Тиймээс, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, нотариатчийн ажил хийж байгаа хуульч л хариуцлага хүлээх боловч эдгээр ажлын алийг нь ч хийдэггүй хуульч ноцтой зөрчил гаргавал хариуцлага хүлээхгүй болж мэдэх нь. Жишээлбэл, нэгэн хуульч мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газарт удирдах албан тушаалд томилогдсон боловч маш ноцтой ёс зүйн зөрчил гаргасны улмаас албан тушаалаасаа огцорчээ гэж бодъё. Ажлаас халагдсаны дараа энэ хүн хуульчийн мэргэжлийн ажил хийж болох уу гэдэг асуудал гарна. Гэвч, хуульчид итгэх олон нийтийн итгэлийг хадгалах болон олон нийтийг хохироохоос сэргийлэх зорилгоор төрийн албанд ажиллаж байхдаа ноцтой ёс зүйн зөрчил гаргаж халагдсан хуульчид хуульчийнх нь хувьд хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг давхар ярих боломжийг төсөл хаажээ.

 

Олон улсын туршлага: нэгдмэл сахилгын шийтгэлийн тогтолцоо

 

Олон улсад хуульчид мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдмэл зарчим, үүрэг үйлчилж, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх нэгдмэл стандарт бүхий шийтгэлээс тохирохыг нь оногдуулдаг бөгөөд ихэвчлэн хуульчийн зөвшөөрөлтэй уягдсан сахилгын шийтгэл оногдуулах замаар хуульчдыг хариуцлагатай болгодог. Жишээлбэл, Америкийн хуульчдын холбооноос санал болгосон Хуульчийн сахилгыг сахиулахад зориулсан загвар дүрэмд хуульчид хүлээлгэх шийтгэлийн нэгдсэн тогтолцоог зөвлөдөг.[5] АНУ-д хуулийн зөвлөх болон өмгөөлөгчид хүлээлгэх хариуцлагыг ялгадаггүй төдийгүй прокурорыг оруулаад бүх хуульчдад адилхан мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тавьж, зөрчвөл нэгдмэл сахилгын шийтгэлүүдээс тохирохыг нь сонгож хэрэглэдэг. Түүнчлэн, Австри, Бельги, Чех, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Словак, Словени, Испани, Швед зэрэг улсуудад хуульчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн нэгдсэн стандарт үйлчилдэг гэдгийг Олон улсын хуульчдын холбооны тойм судалгаанаас харж болно.[6] Эдгээр улсуудын олонход сануулах, торгох, хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл түгээмэл хэрэгждэг бөгөөд өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд ялгамжтай сахилгын шийтгэлийн стандарт үйлчилдэггүй аж.

Олон улсад хуульчийн ажил хийж байгаа эсэхээс нь үл хамааран зөрчил гаргасан хуульчид хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг. Жишээлбэл, Германд Хуульчийн сахилгын шүүх гэж тусгай шүүх хуульчид сахилгын шийтгэл оногдуулдаг. Бүрэн эрх бүхий өөр этгээдээс хуульчид ял эсхүл сахилгын шийтгэл оногдуулсан бол Хуульчийн сахилгын шүүх дараах нөхцөлд тухайн адилхан үйлдэл дээр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг: бүрэн эрх бүхий өөр этгээдээс шийтгэл хүлээсэн хуульчаар үүргийг нь биелүүлүүлэх болон хуульчийн мэргэжлийн нэр  хүндийг хамгаалахад шаардлагатай тохиолдолд Хуульчийн сахилгын шүүх хуульчийнх нь хувьд нэмж шийтгэл оногдуулж болдог (Холбооны хуульчдын хуулийн 115b).[7] Хуульчийн сахилгын шүүхээс өөр этгээдээс оногдуулсан шийтгэл нь хууль зүйн тодорхой чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх болон хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэлийг уг шүүхээс оногдуулахад саад болох ёсгүй гэж үздэг.

 

Дүгнэлт

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг задлан шинжилж үзэхэд мэргэжлийн үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргасан өмгөөлөгчид өмгөөлөгчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох шийтгэл оногдуулж хуулийн зөвлөхөөр ажиллах эрхийг нь нээлттэй үлдээж байгаа боловч яг адилхан зөрчил гаргасан хуулийн зөвлөхийн хуульчийн зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болгох гэсэн илүү хүнд шийтгэл оногдуулах боломжийг нээн, өмгөөлөгчид давуу байдал олгон хуулийн зөвлөхийг ялгаварлан гадуурхсан шинжтэй байна. Судалсан улсуудад нэгдмэл сахилгын шийтгэлийн тогтолцоо үйлчилдэг бөгөөд өмгөөлөгч болон хуулийн зөвлөхөд ялгамжтай сахилгын шийтгэл оногдуулдаггүй. Төрийн алба зэрэг бусад газар албан тушаал хашиж байхдаа ноцтой ёс зүйн зөрчил гаргаад халагдсан хуульчид хуульчийнх нь хувьд хариуцлага хүлээлгэх боломжгүй байхаар хуулийн төсөлд тусгасан нь судалсан улсуудад байдаггүй жишиг төдийгүй тухайн этгээдийн олон нийт болон хуульчдын нэр хүндийг хамгаалах боломжийг хаасан байна.  Тиймээс, өмгөөлөгч болон хуулийн зөвлөхийн сахилгын шийтгэлийг өөр өөр хуулиар ялгамжтай тогтоох бус, харин 2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаа шиг хуульчийнх нь хувьд нэгдмэл хариуцлагын тогтолцоонд хамруулах саналтай байна.

 

 

 

 

[1] О.Мөнхсайхан, “Д.Дорлигжав сайдын төслүүдийн 7 сул тал: Хуульчийн мэргэжлийн хариуцлагын шинэ тогтолцоо тогтвортой хэрэгжихгүй бол үр дүнгээ өгөхгүй | Trends.mn,” 2015.06.30-нд үзсэн, http://www.trends.mn/n/3532; О.Мөнхсайхан, “Хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хоёрдмол стандарт үүсгэнэ | Trends.mn,” 2015.06.30-нд үзсэн, http://www.trends.mn/n/3544.

[2] О.Мөнхсайхан, “Хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хоёрдмол стандарт үүсгэнэ | Trends.mn.”

[3] Мөн тэнд.

[4] Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нотариат заавал хуульч байх тухай заажээ. Уг хуулийн 54-р зүйлд зааснаар Нотариатын ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчилд зөвхөн сануулах эсхүл нотариатын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэсэн хоёр төрлийн шийтгэлийн аль нэгийг оногдуулах боловч энэ заалтыг өөрчлөх тухай Д.Дорлигжав сайдын энэ төсөлд дурдаагүй. Тиймээс, хуульч нотариатч Хуульчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчвөл сануулах эсхүл нотариатын зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл хүлээх боловч хуульчийн зөвшөөрөлтэйгөө холбоотой сахилгын шийтгэл хүлээхгүй. Нотариатчид өмгөөлөгчтэй адил давуу байдал олгож, хуулийн зөвлөхийн ажил хийж буй хуульчийг ялгаварлан гадуурхжээ. Хариуцлагын асуудлаас гадна нотариатч заавал хуульч байх тухай нэмэлт өөрчлөлт хийх нь зөв үү гэдэгт тусгайлан анализ хийх шаардлагатай. Гэвч, энэ өгүүллийн хэмжээнд баригдан уг анализыг бичсэнгүй.

[5] ABA, “Model Rules for Lawyer Disciplinary Enforcement,” 1989, http://www.americanbar.org/groups/professional_responsibility/resources/lawyer_ethics_regulation/model_rules_for_lawyer_disciplinary_enforcement.html.

[6] IBA, “Summary of Disciplinary Proceedings and Contact Points in the EU and EEA Member States, CCBE,” 2004.

[7] “The Federal Lawyers’ Act (Bundesrechtsanwaltsordnung- BRAO),” n.d., http://www.brak.de/w/files/02_fuer_anwaelte/brao_engl_090615.pdf.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%