Хөрөнгийн зах зээлд хөгжлийн сан байгуулъя

Манай хөрөнгийн зах зээл доголдолгүй ажилладаг болоход олон зүйл дутуу байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Хууль эрх зүйн орчин бүрэн бус, арилжааны систем нь доголдолтой, бүтээгдэхүүнгүй, оролцогч компаниудын чадавхи муу, улс төр нь тогтворгүй, хууль эрх зүйн орчин нь хувирамтгай...гэх мэтээр хөвөрнө. Тэгвэл энэ удаад “бүтээгдэхүүнгүй” гэсэн асуудлыг хөндье.

 

Монголын Хөрөнгийн Биржид IPO хийсэн компаниуд:

 

 


  “Биржийг дэлгүүр гэвэл лангуун дээр нь бараа алга” гэх өгүүлбэрийг бид олонтаа сонсох болсон. Тэгвэл лангуун дээрх барааг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хамгийн гол нь чанартай барааг хэрхэн олон болгох вэ? Бүтээгдэхүүн гээд ярихаар хувьцаа, бонд, дериватив гэх мэтээр задарна. Тэгвэл эдгээрээс “хувьцаа”-г сонгон авъя.

Тэгэхээр нийтлэлийн маань зорилго “чанартай хувьцааг хөрөнгийн зах зээлд хэрхэн гаргах вэ?” гэсэн асуултанд хариулах юм. Чанартай хувьцаа гэдгийг тухайн IPO хийсэн компанийн удирдлага нь ёс суртахуунтай, тухайн салбараа сайн мэдлэг, туршлагатай, менежментийн баг нь мэргэжлийн, мөн бизнес нь өсөх ирээдүйтэй гэж ойлгоё. Мэдээж бодит амьдралд хувьцааны ханш нь өсч хөрөнгө оруулагчдыг баярлуулахад гадаад хүчин зүйлс (улс төрийн байдал, эдийн засгийн чадавхи, олон улсын эдийн засаг гэх мэт) нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

 

Нөхцөл байдал ямар байна вэ?

IPO хийн, чанартай хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татъя гэхээр  институциональ хөрөнгө оруулагчид манайд бараг алга. Хувьцаагаа гадны хөрөнгө оруулагчдад танилцуулж мөнгө татъя гэхээр “Монголын улс төр тогтворгүй, хууль эрх зүйн орчин тогтворгүй, валютын ханшийн хэлбэлзэл их, хөрөнгийн зах зээл чинь жижигхэн, хөрвөх чадвар муу, төвлөрөл их, мэдээллийн ил тод байдал сул. Компаниудын засаглал сул. Эрсдэл ихтэй байна. Манай хөрөнгө оруулах шалгуурыг хангахгүй байна” гэх мэт дотоод ба гадаад олон шалтгааныг дурьдана. Ийм нөхцөл байдалд хэрхэн чанартай хувьцаанд хөрөнгө оруулалт татах вэ? Хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэхийн тулд, тэдний итгэлийг даахын тулд юу хийх вэ?

 

Үр дагаварт бус учир шалтгаанд төвлөрье

Хууль эрх зүйн орчноо сайжруулах, арилжааны системээ доголдолгүй болгох, арилжаанд оролцох процессыг хялбаршуулах гэх мэт үр ургах таатай хөрсийг бүрдүүлэх нь хөрөнгө татахад чухал. Алдаа оноотой, маргаантай, шуугиантай ч хөрсөө бүрдүүлж сайжруулсаар байна. Гэхдээ жижигхэн, төврөлөл ихтэй, мэдээллийн ил тод байдал муу, санхүүгийн тайлангаа худал мэдүүлдэг, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг сайн хамгаалдаггүй, засаглал муу гэх зэрэг эдгээр асуудал хэвээрээ. Дээр дурьдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ? Нэгтгээд харвал “чанартай хувьцаа” гаргаснаар дээрх асуудлыг шийдэж болохоор санагддаг.

Одоо биржид хувьцаа нь арилжаалагдаж буй 211 компанийн 196 нь төрийн өмчийг хувьчлах байдлаар хувьцаат компани болсон. Анхнаасаа олон нийтээс хөрөнгө оруулалт татаагүй бүх л мөнгөө өөрөөсөө гаргаж хувьчлан авч, хөл дээр нь босгохын тулд амьдралаа зориулж өнөөдөртэй золгосон компанийн эздийн хувьд компаниа хувьцаат компани шиг удирдах боломж анхнаасаа олдоогүй гэж хэлэхэд болно. Үүний үр дагаварт өнөөдрийн бидний шүүмжилдэг мэдээлэл нь ил тод бус байна, хувьцаа эзэмшигчдээ хамгаалдаггүй, засаглал нь сул” гэх нэрийг зүүхэд хүрдэг.

 

Харин  ёс суртахуунтай, тухайн салбараа сайн мэддэг, туршлагатай, менежментийн баг нь мэргэжлийн, мөн бизнес нь өсөх ирээдүйтэй компанийн хувьцааг олон нийтэд санал болговол тэд анхнаасаа бүх шаардлагыг биелүүлнэ. Учир нь IPO хийж буй компани нь “хэрвээ бид IPO хийж олон нийтээс....тэрбум төгрөг татвал .............үүргийг олон нийтийн өмнө хүлээнэ” гэдгээ IPO хийхээсээ өмнө ухамсарладаг. Гэхдээ цаасан дээр бичиж байгаа шиг хялбар биш нь ойлгомжтой. Хамгийн гол нь IPO хийх компанийн удирдлага нь өндөр ёс суртахуутай байх ёстой.

 

Өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй эрх зүйн орчны зохицуулалтын дагуу хэрэв хязгаарлагдмал хариуцлагатай компани хувьцаат компани болвол:

 

 

  • Хувьцааны төвлөрөл нь бага байна. МХБ-ийн журмын дагуу I ангилалд хувьцаа гаргах бол хамгийн багадаа 25%, II ангилалд хувьцаа гаргах бол хамгийн багадаа 15% хувь нь олон нийтэд таарагдана.
  • Мэдээллээ ил тод зарладаг болно. Олон нийтээс хөрөнгө оруулалт татсан учраас хууль, журмынхаа дагуу мэдээллээ цацах үүрэгтэй/ мөн ёс суртахуунтай удирдлагатай бол санхүүгийн тайлангаа үнэн зөв мэдүүлж ашиг орлого нь бодитоор харагдана.
  • Нийт хөрөнгийнхөө багагүй хувийг олон нийтээс татан төвлөрүүлсэн учир эргээд жижиг хөрөнгө оруулагчдыхаа эрх ашгийг хамгаалах асуудалд ач холбогдол өгнө.

 

Ийм компаниуд олон болвол зах зээл нийтээрээ ил тод, хариуцлагатай, ёс суртахуунтай болж зах зээлийн цар хүрээ тэлэн хөрвөх чадвар сайжирна. Өөрөөр хэлбэл, эрсдэл буурч тэр үед  л гадны сангууд хөрөнгөө оруулах таатай орчин бүрдэнэ.

Тэгэхээр гаднаас хөрөнгө татахаасаа өмнө дотооддоо хөрөнгө босгож “чанартай бүтээгдэхүүн”-ийг нэмэгдүүлэхээс өөр гарц харагдахгүй байна. Чанартай бүтээгдэхүүнүүд нэмэгдээд ирэхээр зах зээл томорч, хөрвөх чадвар нэмэгдэн эцэстээ гадны хөрөнгө оруулагчид манайхыг зориод ирдэг болно. Харин өнөөдөртөө уриж залаад ч эргэж харахгүй байна.

 

 

Чанартай хувьцааг хэрхэн гаргах вэ?

 Чанартай сайн хувьцаа мөн эсэхийг андеррайтерийн компани нь тодорхойлно. Тэд л ёс суртахуунтай, зөв хүмүүсийн компанийг зах зээлд гаргах ёстой. Хамгийн гол нь ёс суртахуун гэдгийг мартаж болохгүйг санхүүгийн зах зээлийн үе үеийн түүх бидэнд сануулдаг.

 

Андеррайтерийн компани нь чанартай сайн хувьцаагаа олсон гэе. Гэтэл том хөрөнгө оруулагчид зах зээлд бараг байхгүй учир хөрөнгөө хэнээс, хаанаас босгох вэ? Мэдээж андеррайтерийн компани нь өөрсдийн харилцагчиддаа санал болгоно. Тэгсэн ч гэлээ том дүнтэй IPO-ийг амжилттай хийхэд хүндрэлтэй.

 

Ийм л учраас “Хөрөнгийн зах зээлд хөгжлийн сан байгуулъя” гэсэн санааг дэвшүүлж байна. Сангийн хөрөнгийн эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улсад орж байдаг татварын тодорхой хувь, өмч хувьчлалын үр дүнд улсын төсөвт орж буй мөнгөн хөрөнгө, эсвэл гадаад зах зээлээс татсан урт хугацаатай, бага хүүтэй бонд байж болно.

 

Жишээ нь, Чингис бондын хөрөнгөөс үйлдвэрлэлийн салбарт 722 тэрбум орчим төгрөгийг банкуудаар дамжуулан олгожээ. 888 төслийн хүрээнд гэхэд л 2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй 35 төсөлд 172.7 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны 9 банкаар дамжуулан олгов. 2 тэрбумаас бага үнийн дүнтэй 655 төсөл хэрэгжүүлэгчдэд 99.98 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-аар дамжуулан олголоо.

 

Тэгвэл энэхүү мөнгөөр “Хөгжлийн сан” байгуулж, зээл гаргахдаа тухайн компанид дараах нөхцлийг тавьж болох байв. Жишээ нь, төсөл хэрэгжүүлэгч өөрөө 3 тэрбумын хөрөнгөтэй. Нэмж 3 тэрбумын зээл хүссэн гэвэл 2 тэрбумыг нь сангаас олгож, харин үлдсэн 1 тэрбумын хөрөнгийг хөрөнгийн захаас IPO хийх замаар хөрөнгө оруулалт татах нөхцөл тавьж болох юм. Чингис бондын зарцуулалтыг ийм хэлбэрээр хэрэгжүүлсэн бол:

 

  • Бондын зарцуулалт ил тод, үр дүнтэй болж эргэн төлөлт тодорхой болох байв.
  • Зээл авах гэсэн төсөл хэрэгжүүлэгчид мөнгөө авахын тулд хэн нэг даргад хээл, хахууль өгөх шаардлагагүй болох байлаа.
  • Олон нийтийн хөрөнгө оруулалт, засгийн газрын зээл, төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн хөрөнгөөс бүрдсэн компанид маш сайн засаглал бий болох юм. Ялангуяа хариуцлага, хяналтын тогтолцоо, мэдээллийн ил тод байдал эрс сайжирна.
  • Иргэд олон нийт хувьцаа эзэмшиснээр хөрөнгө оруулагчид болж хувирах ба эдийн засаг өсөхийн хэрээр хувьцааны үнэ цэнэ нь өсч жинхэнэ утгаараа эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд мэдрэгдэх байв.
  • Эцсийн бүлэгт “Биржийн лангуу чанартай бүтээгдэхүүн”-ээр дүүрч зах зээл томрон, хөрвөх чадвар нэмэгдэж, төвлөрөл буурах байлаа.
  • Энэхүү үр дүн нь дараагийн том хөрөнгө оруулагчдыг дуудах эхлэл болох байсан юм.

 

 

Дүгнэлт

“Хөгжлийн сан”-г яаралтай байгуулах хэрэгтэй байна.Гэхдээ улс төрийхний гар хөл болгохгүйн тулд сангийн зорилго, үйл ажиллагааны цар хүрээ, хязгаарлалт, эрх, үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоо, удирдлагыг нарийвчлан гаргаж сайн засаглалтай байгууллага байгуулах ёстой. Мөн зээл олгох шийдвэр гаргалтыг боловсруулахдаа ул суурьтай судалгаа хийж, хатуу дүрэм журам тогтоон, сахилга баттай ажиллах ёстой. Ингэж чадвал хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

“Чанартай хувьцаа”-г хөрөнгийн захад гаргахад хөнгөвчилсөн нөхцөлтэй (5 жилийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, эхний 12 сар эргэн төлөлтөөс чөлөөлөгдсөн зээлийг хөгжлийн банкнаас олгосон) зээл олгох нь маш чухал хөшүүрэг болно. Мэдээж хэрэг дан ганц хөрөнгө оруулалтаар бизнес урагшлахгүй нь ойлгомжтой. Тэрхүү хөрөнгө оруулалтыг оновчтой, үр ашигтай зарцуулах ёс суртахуунтай, мэргэжлийн удирдлага, баг хэрэгтэй. Гагцхүү тийм л хүмүүсийн компанийг хөрөнгийн захад гаргахын тулд андеррайтерийн компани бүх хүчин чармайлтаа гаргах нь хамгийн чухал.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4318

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%