Нийтлэл 07 сарын 07, 2015

ПОПУЛИЗМЫН БУДАА ИДЭЭД БУРУУ ЗАМААР

Улстөрчид эдийн засгийг хэрхэн баллаж байгааг Европ-Грекийн жишээнээс бид харцгааж байна. Грекчүүдийн хувьд бүтэнсайны санал асуулгаар 61% нь “Үгүй” гэж хэлснээр цаашдын ирээдүй нь тун бүрхэг боллоо. Харин Европын холбооны хувьд Грек шиг жижиг асуудлыг шийдэж чадахгүй бол цаашид оршин тогтнож чадах уу гүй юу гэдэг эргэлзээтэй учирч байна. Энэ талаар дэлхийн хэмжээний академик, медиа, улстөр гээд салбар бүрийн л хүмүүс ярьцгааж байгаа ч доорх 2 зүйлийг орхигдуулаад байх шиг:

  1. Олон улсын валютын сан (IMF), Европын төв банк (ECB), Европын комисс (EC) эдийн засаг ойлгохгүй мэдэхгүйдээ биш, харин сонгогчдод таалагдах гэсэн улстөрчдийн үйлдэл нь эдийн засгийг баллаж байна.  Эдгээр зээлдүүлэгч нарын алдаатай бодлогын үр дүнд Грекийн эдийн засаг сүүлийн 5 жилийн дотор ¼-ээр агшиж, ажилгүйдэл нь 25% давж Европтоо хамгийн өндөр түвшинд хүрлээ. Ингэж хямарсан Грекчүүд $360 тэрбумын өрөө төлөх ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой бөгөөд эхнээсээ зээлүүдээ дефолт хийгээд эхэллээ. Гэсэн ч Тройка (IMF, ECB & EC)  сүүлийн 5 жилд хийсэн алдаатай бодлогоо одоо хүртэл эргэж харахгүй, хүнд шаардлагуудаа үргэлжлүүлэн тулгасаар энэхүү хямралд “чухал хувь нэмэр” орууллаа. Уул нь Грект явуулсан хэмнэлтийн бодлого нь үр дүн авчрахгүй гэдэг амархан тооцоог хийхэд заавал Нобелийн шагналтан байх шаардлагагүй...

    Европт боловсролтой улстөрч, эдийн засгийн PhD нар дутагдсандаа ийм алдаа хийсэн гэж үзэх аргагүй. Харин татвар төлөгчдийнхөө хэдэн тэрбум еврог Грект аваачаад цацчихлаа гэх сонгогчдоосоо айсан улстөрчид л ийм бодлого явуулсан гэхээс өөр тайлбар харагдахгүй байна (Жишээ нь, хамгийн том зээлдүүлэгч болох Германы сонгогчдын ихэнх нь аль эртнээс хойш Грекийг Еврозоноос гарах хэрэгтэй гэж үзэж байгаа ). Уул нь зээлүүлсэн мөнгөнийхөө ядаж талыг олж авъя гэсэн санаа тѳрѳхѳд заавал эдийн засагч байх хэрэггүй. Харин Тройкагийн улстөрчдийн хувьд Грек дефолт хийгээд нэг ч евро төлөхгүй боллоо ч хувиасаа алдах том зүйлгүй болохоор тэгж бодох шаардлага байсангүй. Тиймээс сонгогчиддоо очоод “Ѳрийг төлүүлэх гэж яаж ч чангалаад болсонгүй. Грекчүүд үнэхээр бүтэхгүй улс юм” гээд хэлчих нь амар. Ингэснээр хөнгөлөлт үзүүлээд зарим өрийг төлүүллээ ч “Хичээсэн бол үүүнээс илүүг төлүүлэх боломж байсан” гэх шүүмжлэлтэй ч тулахгүй...

  2. Грекийн еренхий сайд /Ципрас/ эдийн засаг ойлгохгүй мэдэхгүйдээ биш, харин сонгогчдод таалагдах гэсэн үйлдэл нь улс орныхоо эдийн засаг төдийгүй цаашдын ирээдүйг маш том эрсдэлд оруулж байна. Тэрээр сүүлийн жилүүдэд Грекийн эдийн засаг огцом муудаж, ард түмний амьдрал хэцүүдсэнийг далимдуулан популизм хийж гарч ирээд одоо ард түмнээсээ “Цаашид яах вэ?” гээд сууж байна. Уул нь дуучин, бөх эсвэл тогооч хүнээс  “Эдийн засгийг яах вэ?” гэж асуугаад нэмэргүй нь ойлгомжтой. Хуульч эсвэл инженер байсан ч ялгаагүй. Гоё дуулж, сайн барилдаж эсвэл амттай хоол хийдэг учраас макро эдийн засгийн асуудлыг зөв шийдэж чадна гэвэл эргэлзээтэй. Энэ нь тухайн хүн муу гэдэг утгаар биш, зүгээр л мэддэг чаддаг бөгөөд хийх ёстой зүйл нь макро эдийн засаг биш учраас тэр гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу.

    Ингээд Грекчүүд “Үгүй” гэж хэлээд “Ардчилал яллаа!” хэмээн талбай дээрээ гаран баярлацгааж байна. Гэхдээ баруун солгойгүй зээл аваад түүнийгээ эдийн засгийн өсөлт болгож хувиргаж чадаагүй хариуцлагагүй улстөрчдийнхөө тарьсан гайг хангалттай амсаж буй грекийн ард түмний бэрхшээл дөнгөж л эхэлж байна. Хэдийгээр Европын зээлдүүлэгчдийн тулгасан шаардлага хэцүү ч, "Европоос хөөгдчихвөл” Грекчүүдийн амьдрал бүр л хэцүү болно: Европын холбоон дотор чөлөөтэй зорчих, ажиллахаас эхлээд бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахад олон тариф нэмэгдэх гэх мэт олон асуудлууд үүснэ. Эрх мэдэлд хүрэхийн тулд юугаар ч хамаагүй риск хийх популист улстөрчид хэр аюултай вэ гэдгийг бид удахгүй харцгаах байх...

 

Тэгэхээр Европ-Грекийн асуудлаас  эдийн засагт эдийн засагчдаас илүү сонгогчид чухал нөлөөтэй, харин үүн дээр нь тоглосон улстөрчдийн популизмд маш их золиос төлөх болдог нь харагдаж байна.  

 

 

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 

НЭМЭЛТ:

 Грекийн тухай товч

Өнөөгийн дүр зураг: $360 тэрбум буюу ДНБ-ийн 170% давсан улсын өр. Дампуурах гэж байгаа улс, дампуурах гэж байгаа банкууд. Үүнээс айн хадгаламжаа буцааж авахаар банкинд очерлох хүмүүс--хямралын хамгийн муу дүр зураг. Хэрэв банкуудаа хааж ATM-үүддээ өдрийн 60 еврогийн лимит тогтоогоогүй бол бүх хүн мөнгөө татаж авснаар асуудалтай хэвийн ялагаагүй бүх банк дампуурна. Хэрэв ингэвэл эдийн засаг тэр чигтээ царцаж, аль хэдийн бухимдалтай байгаа хүмүүс үймээн самуун дэгдээж ч магад... Яг юу болохыг тодорхой хэлэх хэцүү ч 2010-15 хооронд 25% агшсан эдийн засаг, 25% давж Европдоо тэргүүлэх өндөр ажилгүйдлийн түвшин хажууд нь юу ч биш байж болохоор том асуудал, бүрхэг байдалтай Грекчүүд одоо нүүр тулаад байна.

Өрнөл: Уул нь Грекчүүд 2007 онд ДНБ-ийн 100%-тай тэнцэх өр, 7%-тай тэнцэх төсвийн алдагдал гэх мэт асуудалтай хэдий ч аргалж бүрэн болохоор эдийн засагтай байж. 2002 оноос хойш Герман, Францын банкууд тэргүүтэй хөрөнгө оруулагч зээлдүүлэгчид засгийн газрын бондыг нь аваад төсвийн алдагдлыг нь санхүүжүүлчихдэг байж. Гэхдээ хариуцлагагүй улстөрчид нь зээлсэн мөнгөө зөв зарцуулж эдийн засгаа босгож чадсангүй. Ингээд 2008-09 оны санхүүгийн их хямрал болоход Грек шиг улст итгэх хөрөнгө оруулагч үлдээгүй тул засгийн газар нь төсвийн алдагдлаа нөхөх аргагүй болов. Сүүлийн найдвар болсон Олон улсын валютын сан (IMF), Европын төв банк (ECB), Европын комисс (EC) тусламжийн гараа сунгаж Грекийг дампуурлаас аврах плантай орж ирцгээж. Гэхдээ тэд мөнгөө өгөхдөө үрэлгэн Грекчүүдэд бүсээ чангалж төсөвийн алдагдал болон өрөө багасгах шаардлага тавив. Өөр ямар ч сонголтгүй, дампуурлын ирмэгт ирсэн Грекчүүд ч үг дуугүй биелүүлэв.

Гэтэл Тройка (IMF, ECB, EC)-ийн Грект хийсэн эмчилгээ нь өвчнөөсөө хортой болжээ. Тусламжийн ихэнх мөнгө Герман Францын банкууд тэргүүтэй хувийнхны өрийг барагдуулахад зориулагдаж, харин Грекийн эдийн засгийн суурь асуудлууд шийдэгдсэнгүй. Хямралын үед хумих бодлого явуулсны үр дүнд эдийн засаг 2010-15 хооронд 5 жилд ¼-ээр агшиж, ажилгүйдлийн түвшин Европын дунджаас (9.8%) 2.6 дахин өндөр болов. Эдийн засаг агшснаар ДНБ-д ногдох өр суга өсч 177% болсон ба ажилтай үлдсэн цөөхөн хүний татвараар төлж барагдуулах боломжгүй гэдэг нь тодорхой болжээ. Ингээд эдийн засаг сайжрахгүй болохоор цөхөрсөн Грекчүүд энэ оны эхэнд эрх баригч намаа солив. Тройкатай тэмцэнэ, эдийн засгаа сэргээнэ гэж популизм хийж гарч ирсэн шинэ ерөнхий сайд нь тоглоомын онолоор мэргэшсэн сангийн сайдтайгаа нийлээд зээлдүүлэгчиддээ “Өрийг хөнгөл, эсвэл огт төлж чадахгүй” гэдэг тоглоом тоглов. Зээлдүүлэгчид харин хүлээж авсангүй, тавьсан шаардлагуудаасаа ухарсангүй.

Үр дүн: Ингээд Грекийн ерөнхий сайд Тройкад юу гэж хэлэхийг ард түмнээс асуух л үлдэж:

  •  “За” гэж хэлээд хэцүү нөхцөлтэй зээлээ төлөх үү?, эсвэл
  • “Үгүй” гэж хэлээд дефолт хийн, магадгүй Еврозоныг орхих уу?

Санал асуулгаар Грекчүүдийн дийлэнх “Үгүй” гэлээ. Гэхдээ ингэлээ гээд тэдний эдийн засгийн суурь асуудлууд шийдэгдэхгүй. Банкууд нь дампуурах уу? Aжилгүй залуусаа яах вэ? Эдийн засгаа хэрхэн өрсөлдөхүйц болгох вэ? гэх мэт бүх асуудлууд нь хэвээрээ үлдэнэ. Зөвхөн Еврозоноос ирдэг байсан тусламж дэмжлэг л алга болно. Харин Тройкагийн хувьд Грек шиг нөлөөгүй шахуу жижиг улсыг "Өрөө төл!" гэж айлгаад болохгүй бол хөөгөөд гаргачихсан ч асуудалгүй (Германы сонгогчид Грекчүүдэд угаасаа дургүй байгаа, Меркел ч сонгогчдынхоо хүслийг биелүүлэх байх). Ингэснээр холбоондоо оруулахад эхнээсээ л асуудалтай байсан 1 нөхрийг няслахаас гадна  Итали (€2 триллион давсан өртэй), Испани (€1 триллион ) гэх мэт бусад их өртэй нөхдүүдэд дохио өгнө.

Жижиг улс өөрсдөө л өрөө сайн удирдахгүй бол том гүрнүүдийн эсрэг барих хөзөр үнэндээ байхгүй гэдгийг Грекийн жишээ харуулж байна.

 

 Эх сурвалж & Холбоотой нийтлэлүүд:

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-08-21

    ЗӨВ ШҮҮ

    • Зочин
    • 2015-07-08

    buruu juil baina . europa-iin holboonoos hoohgui. Euro mongol temdegt hereglehgui bolno

arrow icon