Нийтлэл 07 сарын 09, 2015

Ханхайж хоцорсон ХАНХ

Улс орон гэдэг бол айл гэр юм. Айлын хоймрын авдар дээрх гүнгэрвээ, шилэн хорго эсвэл жаазтай зурагнууд тэр айлын түүх, соёл, итгэл бишрэл зэргийг харуулсан олон үнэт зүйл нь байдаг шиг улс орны тийм гүнгэрваа нь МУЗЕЙ юм. Гүнгэрваагаа сайхан дэглэсэн, цэвэр цэмцгэр арчиж байрлуулсан айлын хоймор сайхан харагддаг шиг музейгээ донжийг нь олж сайхан дэглэсэн улс орнууд шүүрс алдам бишрэм үзмэрүүдээрээ жуулчдыг даллан дуудах нь сайхан. Энэ тухай дараа тухтай нь аргагүй мэргэжилтний өнцгөөс бичнээ.

Айлын хойморт гүнгэрваагаа залсан бор өнгийн эсвэл арслантай авдар байдаг. Энэ авдарт тэр айлын ҮҮЦ байдаг. Хэзээ хойно “цаг нь ирэхээр хэрэглэнэ” гэсэн нарийн нандин зүйлүүдийг энэ авдар агуулдаг. Хоймрын авдарт алт ч бий, мөнгө ч бий хэмээн ярилцдаг шиг Монгол улсын хоймор сайхан нутагт Хөвсгөл далайг эмжээрлэсэн Ханх сум ханхайж хоцорсон нь туйлын харамсалтай. Энэ тухай хэдэн үг бичье гэж 2 жил бодож байлаа.

Бүрэнхаан уулын энгэрт эрхлэн хурган эрхлэх Хөвсгөл далайн зулайд Ханх сум оршдог. Зулайд нь өхөөрдөн үлдээсэн гөхөл үс шиг хошуурч орсон Хирвисийн үзүүрээс сум алган дээр тавьсан юм шиг харагдана. Хөлгүй, гүн цэнхэр их далай Бүрэнхааны уулын энгэртээ хоргодон хоргодон үүл, хөх тэнгэрийг өөрийн биендээ хучиж өглөө сэрээд сэтгэл шулуудсан үсээ задгай тавьсан “айлын бэр” шиг үүдэн хоймор луу асгаран тэнийж тогтсон сувдан цэнхэр далай минь” 2012.08 сар.

 Далайг анх хараад сэтгэл хөдлөн бичсэн энэ мөр маань далайд очиж золгох бүр хөглөгдөж уярдаг ч жил бүр харамсах сэтгэл улам өвтгөх боллоо. 2009 онд өмнө нь явж байсан орон нутгийн хэд хэдэн газар очоод үнэхээр сэтгэл өвддөг болсноос хойш аль болох явахгүй байхыг хичээдэг болж дээ.

Дулаарал, хуурайшилтаас илүү хүний үйл ажиллагаанаас л хөдөө нутаг сэмэрсэн хадаг шиг гандан салбайж байгаад сэтгэл маш өвддөг.

Айлд үүц гэдэг зүйл маш чухал. Ганцхан жишээ 1867 онд Аляскийн хойгийн  1,5 сая дөрвөлжин км газар нутгийг Хаант Орос улсаас 7,2 сая доллараар худалдан авсан. АНУ нь 1900 он гэхэд Аляскаас 700 сая долларын зөвхөн алт олборлосон бөгөөд дэлхийн 2-р дайны дараа дархалж Үндэсний хэмжээний “ҮҮЦ” болгосноос хойш ямар ч уурхай ажиллаагүй. 

Хөвсгөл далайд алт ч бий, мөнгө ч бий гэдэг шиг асар их нөөцтэй газрын тухай биш утаагүй үйлдвэрлэл Аялал жуулчлал хөгжихгүй байгаад харамсаж байна

Ханх суманд Саян Радиан, Сереберный берг гээд Оросуудын эзэмшдэг 2-хон жуулчны бааз байдаг. Нутгийн иргэд аялал жуулчлал эрхлэх дэмжлэг, санхүүгийн боломж байдаггүй. Аргагүй. Одоо хүртэл Оросын Монд-оос цахилгаанаа, хямд өртөгтэй хэрэглээний бараагаа авдаг, төгрөгөөс илүү рубль эргэлт сайтай “саттелит” буюу дагавар сум гээд хэлчүүл улс төрийн хэрэгт орчих болов уу? Нийт жуулчдын 90 хувь Оросууд. Аялал жуулчлалын улирал Ханхад их эрт эхэлдэг. 5 сараас Оросын жуулчид ирдэг. Загасны түрс гарах үед онцгой ихэсдэг гэж Ханхын хил, гаалийнхан хэлдэг. Жуулчдаас зохих татвар авах, хамтарсан үйл ажиллагаа явуулахад сум орон нутгийн хүмүүсийн сэтгэл, хүсэл эрмэлзэл байвч хүч чадал хүрэхгүй. Энэ жил 2 улс визгүй зорчдог болсноос хойш Ханх суманд бараг 20.000 гаруй жуулчид ирнэ гэсэн тооцоо бий. Эрхүү болон Сибирийн хотуудын оросууд Байгаль далай – Олхунь – Култуг – Саян – Аршаан – Жемчук – Ханх гэдэг аяллын маршруттай, бүх цэгүүд өөр өөрийн гэсэн аяллын бүтээгдэхүүнтэй бөгөөд хамгийн эцсийн цэг Ханх нь хамгийн үзэсгэлэнт байгалийн бодит бүтээгдэхүүн гэж улам сонирхон ирцгээх болжээ. “Та нар манай Байгаль нуур шиг болгочих вий” гэж сэтгэл гарган сануулж шогширч байгаа Оросууд байхад Новорусь-ийн зангаар байгаль бидний үйлчлэгч, 00-ын өрөө гэж ханддаг нь ч их байна. Ялангуяа сумын төвийн 2 тал Шар хоолой, Анжигас хүртэл сайн дурын, машин хөлөглөсөн орос жуулчид зөндөө байхаас гадна ариун дагшин, хүний хөл хүрээгүй шахам долоон Мундрага, Шар нуураар шинэ зам гаргаж олноороо зорчих болжээ. Жуулчдын тоо ихсэх тусам сумын иргэдийн амьжиргаанд огт нөлөөлөхгүй, байгаль – уул, усаараа бид хохирсоор байна. Оросуудтай тохирохгүй асуудал гарвал цахилгаан тасарна. Ихэнх үйлчилгээ, хангамжаа Монд, Керингээс авах нь өртөг хямд. Ханх сумын захиргаа, байгаль орчны ажилтан, багийнхан тэдэнд зохих шаардлага, татвар авах гэж оролдож байгаа боловч бас хүч, хөрөнгө дутахаас илүү төрийн дэмжлэг, бодлого огт байхгүй нь харагддаг.

Хойморт залагдсан Ханх маань нэг л мэдэхэд “хорин сайхан шарыг минь 2, 3-хан хулгана идчихлээ” гэдэг шиг үүцгүй, ханхай цоорхой авдар болчих вий.

 Ханхад дотоодын жуулчид бараг ирэхгүй. Дотоодын жуулчид маань Хөвсгөл далайн сайхныг Хатгалаас буюу хүнээр бол оймсоо солиогүй удсан хөлөөс нь мэдэрчхээд буцдаг. Хатгалаас Ханх явна гэдэг 120 км замыг ямар ч сайн машин 10 гаран цаг явдаг нэг хэлбэрийн бие махбодийн сорилго болдог. Усан онгоц, шууд чартер нислэгүүдийг Ханхад нээж дотоодын жуулчдыг очуулахад хөхүүлэн дэмжих, сум орон нутгийг өөд татахад онцгой анхаарах хэрэгтэй байна. Чоно борооноор гэдэг шиг үзэсгэлэнтэй газар бүрийг толгой дараалан нядааж байгаа Алтайн Хүдэр ХХК нь Хөвсгөл нуурын зүүн эрэгт амралтын газар байгуулаад тэндхийн шинэ эзний аяг ааш гаргаж байна. Далайн эргийн цөөхөн газар байдаг элсийг ухаж элсээр хучсан эрэг байгуулж, бохироо стандарт бусаар булшилж, Хатгал, сум орон нутагтай холбосон замыг нь том машинуудаар онгичуулж аймшигтай болгожээ. Далай хамгаалах захиргаа Алтайн Хүдэр ХХК-иййн байгаль орчны нөлөөллийн шалгалт хийж хяналтдаа байлгах хэрэгтэй. Алтайн Хүдэр гэхээр ална тална гэж байгаам шиг санагдах болсон нь Говь-Алтайн Бигэр, Сэлэнгийн Бугант гээд олон газраас гарж болно. Тэд “амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэдэг эцэг өвгөдийнхөө сургаалийг бага боловч санаж байгаасай.

Хөвсгөл далай руу явахаасаа өмнө хөх цэнхэр далай ээжийнхээ шаналлын тухай бичнэ гэж амласан тул бодон бодон биш босон суун яаран бичлээ. Ц. Балдорж гуайн гайхамшигт нийтлэл шиг болоогүй нь мэдээж, гэхдээ Хөх өвст гүн нуур \Көв-Сү Куль\ гэсэн утгатай түрэг гаралтай Хөвсгөл далайгаа Монголчууд бид л цаазын тавцанд гаргах гээд байгааг анхаараасай.

Тэтгэвэртээ суухаас өмнө Ханхын 10 жилийн сургуульд Түүх – Уран зохиол – Одон орны багшаар ажиллах далайн эргэ дээр Сибирийн мөнгөлөг гацуур, шинэсний үрсэлгээний үйлдвэрлэл хийнэ дээ. Далай ээж ...

Ийшээ орж Аялал жуулчлалын шинэ зам УБ – Дархан – Алтанбулаг – Хиагт – УлаанҮд – Слюдянка – Байгал далай – Култук – Саян – Аршан – Жемчук – Монд – Ханхыг хараарай. 1200 км замын 800км ойгоор явдаг.

https://www.facebook.com/serdaram/media_set?set=a.10151548074287536.1073741832.590742535&type=3

Сэтгэгдэл бичих

    • зочин
    • 2018-03-13

    ханх явах замаа засвал амрагчид аялагчид очношдээ?

    • hanh
    • 2015-07-13

    ene niitleliig bichsen erhemd talarhal ilerhiiley Bi ene sumiin udirdlagaar ajillaj bsan Tanii hundsun asuudal boditoi gedegt sanal negdej bna Huwsgul nuur orchimiin aylal juulchlal turiin demjleg zohitsuulalt demjlegiin hvsen hvleej baigaag nuuh yun Unuudur Orosiin hurungu oruulalttai 2 nutgiin 3 otog juulchnii baaz vil ajillagaa yawuulj bna Ene hvmvvsiig bodlogoor demjih ni bitgii hel eldew shaltag gargan torjoj hvnd surtal gargan daramt vzvvleh ni elbeg Orosiin juulchid hamgiin gol ni harius gedeg jijigheh zagas barih gej irdeg Getel zuwshuurliin bichig ni oldodgvi gants neg chadaltai neg ni yaman deer ochij zuwshuurliig ni awad monopolidoh jisheetei Jiriin irged ni bitvv modon dotor suuj baij tvleegee ch beldeh erhgvi Oin mergejliin angi gej tanil tal erh medeltnvvdiin gar hul bolson heden nuhud hair nairgvi duraaraa mod ogtlon biznes hiij bgaad yawdag Jiriin irgen urgah chadwargvi hugshirsun huurai mod unagah erhgvi shuud shorond orno Tusgai hamgaalalttai gazriin zahirgaa gej iimerhvv l ajil hiij mungu oldog heden nuhud bna Getel hog howsh diildhee bailaa Ene bol zahiin jisheenvvd Odoo duraaraa durgitsgaaj bolson baih tur zasag anhaarlaa handuulj aylal juulchlaliin tsegtstei neg bodlogoor demjij ajillah tsag ni boljee

arrow icon