Нийтлэл 07 сарын 21, 2015

Наадмаар төрсөн бодлууд

Энэ жил анх удаа Улаанбаатарт наадаж, төв цэнгэлдэхэд нээлт үзлээ. Жуулчдын хэсэгт  суусан болохоор Монголчууд бүгд Хөвсгөл явчихсан мэт сэтгэгдэл төрнө. Харин гадаадуудын хувьд морин хуурын оронд Бээжингийн олимпийн нээлтийн хуулбар мэт үзүүлбэр үзсэн болоод ч тэр үү алга таших нь цөөн санагдаж байв. Уйтгартай байсан уу, эсвэл саравч байгаад ч нэмэргүй 35 хэмийн халуунд муужирсан уу, хажууд суух Солонгос үе үе суудал дээрээ үүрэглэнэ. Винтов шиг урт аппарат барьсан хэдэн нөхөр л хөлбөмбөгийн талбай дүүрэн Марио шиг хувцастай бүжигчдээс анхаарлаа үл салгана…

Нээлт үзэж буй жуулчдын 90 гаруй хувь нь тэтгэврийн хөгшчүүл. Америк Европыг хэд тойроод аль хэдийн уйдчихсан болохоор Төвд эсвэл Монгол шиг ѳвѳрмѳц газар л сонирхолтой болсон хөгшчүүл УБ-г зорьж, мөнгөө зардаг юм болов уу гэсэн бодол төрнѳ. Харин  Монголоос илүү Марсын талаар сайн ойлголттой гэхэд хилсдэхгүй барууны залуусын хувьд УБ-г сонирхохгүй, сонирхлоо ч үнийг нь дийлэхгүй нь олон. Сүмо, NHK-ийн ачаар бидний талаар гайгүй мэддэг болсон Япон оюутнууд ч “Монголд очиж үзмээр л байна, гэхдээ дараа” гэж соёлтой хариулж байхтай олон тааралдаж байсан. Тэдэнд англи хэлээ сайжруулангаа Америк явах нь илүү зугаатайгаас гадна хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийн зовж хураасан мөнгөнд нь хэмнэлттэй учраас ингэж хариулах нь ч аргагүй байх. Ер нь тив алгасч нисэхээс ч үнэтэй онгоцны билет, 12 гээд л хаачихдаг пабууд, цөөхөн хэдэн үзвэр үйлчилгээ, жуулчны базууд нь гадаад хүн гэхээр л хэд дахин үнэтэй болчихдог үед залуус Улаанбаатарыг сонирхохгүй нь лав. Бангкок шиг энтэртайнмэнт эсвэл Лондон шиг түүхээ байг гэхэд ядаж Наадмын нээлтэн дээрээ морин хуураа гайхширтал нь тоглоод үзүүлэхгүй бол хөгшчүүл ч энд дэмий иржээ гэж бодох биз...

 

Хотын наадмыг ТВ-ээр ч үзэж байгаагүй миний хувьд  жинхэнээр нь ирээд үзтэл багадаа очдог байсан овооны наадам нь дээр байж гэсэн бодол төрж байв. Хурга тугал гэсэн өдөр тутмын уйтгартай ажлуудаас амралтаа авч, өвөөгөө дагаад наадамд очих нь ямар ч эргэлзээгүй зуны амралтын маань ноён оргил нь болдог байлаа. Хэдэн өдрийн өмнөөс аль морио унах, ямар эмээл хазаараар гангарахаа шийдэх гэх мэт овооны наадмын өмнөх догдлолоос нэг их дутахааргүй хүлээлттэй байсан маань хотын наадмыг тийм ч зугаатай гэж үзээгүйд нөлөөлсөн байж магадгүй. Бөх үзэхээр ихэнх нь таньдаг ах нар, хэн нь зүүний магнайд зогсох вэ гэх мэт гэсэн асуудалгүй; морин дээр очихоор саахалт айлын даагыг таньдаг жаал унаж түрүүлэхийг хардаг байсан болохоор том хотын наадмын хажууд нэг л сэтгэлд ойр байж. Харин иймэрхүү дурсамж, их зүйл хүсэн хүлээгээгүй жуулчдын нойрыг хүргэлгүй Wow! гэсэн сэтгэгдэлтэй буцаагаад, хариад бүх найзууддаа “Дараа жил УБ-ын наадамд цуг явъя гэтэл нь сэтгэл хангалуун буцаах хэр хэцүү вэ?” гэж бодонгоо гарах хаалга руу зүглэлээ...

 

Хэдийгээр 5 хоногийн урт амралттай ч тайван алхах хүн цэнгэлдэхийн эргэн тойронд харагдсангүй. Гадаад Монгол хэн хүнгүй л тэр хавийн хоолны саравчуудыг дүүргэж, хэр амттайгаас үл хамааран бүх хуушуур зарагдаж байв. Ганц хоёр зураг дарангаа энэ тэрийг сонирхон алхаж байтал хаанаас ч юм харвасан сум нисч ирээд урд явж байсан эгчийн дэргэд унав. “Аллаа ш дээ!” гэж тэр хавийн хүмүүс шуугилдахад “Төрийн 3 өндөрлөг харваж байна” гэсээр нэг дээлтэй залуу хашааны араас гүйж гарч ирээд сумаа аваaд буцаж орoв. Жаахан гайхаж араас нь харж хоцорсон хүмүүс тэгсхийгээд л тарцгаалаа. Хуушуураа дууссан нь түрүүчээсээ Баянзүрхийн товчоо руу түгжрээ үүсгэн хотоос гарахаар одоцгоов…

 

Дээлтэй палажтай хэнийг ч ялгалгүй хѳлсийг нь урсгасан их халууны дараа дэгдсэн хүчтэй салхи соёолонгийн тоосыг хотоор нэг тарааж бүгдэд хүртээсэн тул Хүй Долоон худаг явах хэрэг гарсангүй. Харин хотоос гартал гантай зун болж байна гэгдэх учрыг ойлгов. Наадам дуусаагүй байхад аль хэдийн намар шиг цагаан тал. Хонин толгойгоор тооцоход 75 саяын багтаамжтай бэлчээрт 86 сая мал байгаа үед өвс ингэж ургавал бичин жил нь биш байсан ч энэ өвөл зуд болох нь тодорхой санагдана. Тариа ч бас ургахгүй байгаа гэж цуг явсан эгч маань ярив. Энэ намар хямдхан мах, үнэтэй талхтай л байх бололтой гэж бодсоор хотын зүг эргэж харахад тэнгэр газар нийлсэн шороо боссон байлаа...

 



Сэтгэгдэл бичих

    • bb
    • 2015-08-03

    tiim shuu sanal neg bn ene jiliin naadam bol zugeer l buh ard tumniiii 21 dugeer spartakad gej nerleheer sanagdsan.

    • Ulzii
    • 2015-07-25

    Бүүх холын тэртээх алсын нэгэн сумын наадам л үзэх сайхан шүү дээ. Хуучны уламжлал алдагдаагүй байдаг юм.

    • Зочин
    • 2015-07-22

    Taltssan buhchuud, bayachuudiin hurdan mori, tsuuhun heden harvaachid, buun tugjiree, uzej harah um homs geed naadam sonirhol tatahaa baigaad udaj bn. Tiim bolohoor l Huvsgul pig hun ochson biz.

    • WAVY
    • 2015-07-21

    Бид л энд дэлхийн наадам, монгол наадам гэж өөрсдийгөө хөөрцөглөдөг болохоос үнэндээ хог шүү дээ, наадмын нээлт гэж хэдэн хүн бүжиглэсэн болж, хэдэн морьтой цэрэг давхилдаж, Чингис хэмээсэн нэг хүн хэсэг зогсож байгаад буугаад л дуусдаг хэмнэлтэй. Залуу хүний хувьд би ерөөсөө наадам үзэж сонирхдоггүй. Мэдэхгүй зүгээр л миний сонирхолыг татдаггүй. Бас дэлхийд байхгүй байгальтай гэнэ, хараал ид онгон сайхан байгальтай улс орнууд зөндөө л байна. Бас ашигт малтмал гээд л бүүр нэг өөрсдийгөө бусдаас дөвийлгөсөөр байгаад дөжирчихсөн, бодит байдлаа мэдрэхээ байчихсан, даруу биш онгироо бардам зан нь дэндчихсэн нөхдүүдээр манай улс дүүрээд байна уу даа гэж л бодох юм.

    • Зочин
    • 2015-07-21

    Hedeegiin naadam ch uneheer goe shuu

arrow icon