Нийтлэл 08 сарын 04, 2015

Монголын эдийн засаг 1990-2008 онд буюу хэн ч мөнгөгүй үеэс хэн нь их мөнгө тараахаа үзсэн үе

80-аад оны тѳгсгѳлд манай эрх баригчид болон хойно тѳгссѳн тухайн үеийн хэсэг элит залуус ЗХУ-т болж буй чичиргээн Монголд ѳѳрчлѳлтийн салхи авчрахыг гадарлаж байв. Харин монголчууд сайхан амьдралд хүрэхэд юуг яаж ѳѳрчлѳхийг мэдэх хүн байгаагүй тул тал нутагт маань салхи биш ширүүн шуурга шуурчээ.

 

Социалист систем задрахад ДНБ ⅓ -тэй тэнцэж, эдийн засгийн маань нэг гол тулгуур болдог байсан Зѳвлѳлтийн тусламж алга болж бид нийгмээрээ харанхуй хонгилд унасан. Татаасгүй болсон улсын үйлдвэрүүд шил дарааллан дампуурцгаав. Дэлгүүрийн лангуу хоосорч, талхаа хүртэл картаар эсвэл шагаар авдаг дүр зураг тэр үеийг хамгийн товч тодорхойлно. Есийн тосны үе өнгөрч юмны үнэ тэнгэрт хадаж, төгрөг цаас боллоо. Зоосон мөнгө хэрэггүй болж 1000, 5000, 10,000-ын дэвсгэртүүд хэвлэгдэв. Ажилгүй болсон мянга мянган хүн амьдралаа залгуулахын тулд гахай зѳѳх, гадагшаа харлах эсвэл мал дээр гарах гэсэн 3 л сонголттой л үлдсэн байв. Харин бүх зүйл хэтэрхий харанхуй санагдаж, хонгилоос гарах гарц олж хараагүй олон эрчүүд ар араасаа архинд живцгээлээ. Монгол эмэгтэйчүүд арай тэвчээртэй байсан ч хүчин мѳхсдѳх үе гарч хотын гудамж траншей харах хандах хүнгүй золбин хүүхдүүдээр дүүрэв. Эдийн засгийн агшилт, ѳндѳр инфляци болон ажилгүйдэл ард түмний амьдралд ингэж нѳлѳѳлжээ.

 

Улстѳр, эдийн засгийн хувьд бие даасан ч, хувь заяа маань хойд хѳрштэйгээ тун тѳстэй байсан нь шилжилтийн эхэн үеийн нэг онцлог байв. Оросууд соц үед хатуу барьж байсан үнээ гэнэт чѳлѳѳлснѳѳр инфляци огцом өссөн. Хуулиа сайн хийлгүй ѳмч хувьчлал явуулснаар улсын ѳмчит үйлдвэр, барилга болон орд газруудыг цѳѳхѳн хэдэн хүн завшиж тэрбумтан олигархууд тѳрцгѳѳв. Тэгээд капиталын урсгалыг чѳлѳѳтэй болгонгуут шинэ оросуудын мѳнгѳ Швейцарийн банк, Лондонгийн үл хѳдлѳх хѳрѳнгѳ рүү урсаж байлаа. Харин ѳмчөө "дээрэмдүүлсэн" улсын тѳсвийн орлого нь хүрэхээ байж эмнэлэг сургуулиуд санхүүжилтгүй болсноор ард түмний боловсрол эрүүл мэнд доройтлоо.

 

Ийм анархи дунд найдвар харагдаагүй тул Oросын олон шилдэг толгойнууд нь хэзээ ч эргэж ирэхгүйгээр барууны орнуудыг зорив. Эрдэмтэн байснаас арай ихийг олох боломжтой ч такси барихыг хүсээгүй зарим цөмийн физикчид дэлхийн хамгийн боловсролтой мафийг үүсгэжээ. Дундаж наслалт нь буурсаар (архинаас болж) 60-аас доош орсон эрчүүдийнхээ эрүүл мэндийн тухайд цалингүй эмч нарт хийж чадах зүйл бараг л байсангүй. Харин үлдсэн ард түмний хувьд ѳдѳр тутмын хэцүү амьдралаа даван туулахад водка эсвэл шашин шүтлэг л эцсийн найдвар нь болж үлдэж. Архинд толгойгоо мэдүүлж, мухар сүсэгт сохорсон олон хүмүүс энэ улс оронд юу болоод байгааг ухаарах ч сөхөөгүй байлаа... 

Ийнхүү Америк эдийн засагчдын зѳвлѳсѳн шокийн эмчилгээ ѳвчнѳѳс нь хортой болсонд цѳхѳрсѳн зарим нь хуучин дайснаа нэг мѳсѳн дарах гэсэн санаатай үйлдэл гэж ч ярьж байлаа...

 

Өөрчлөлтийн ширүүн шуурганаар Монголын эдийн засаг 90 он гараад 4 жил дараалан агшсаны эцэст 94 оноос л тэлж эхэлжээ. Хүнд үедээ -9.3% (1993 он) хүртэл унаж байсан эдийн засгийн өсөлт нэмэх рүү орж, 90-ээд оны сүүлийн хагаст дунджаар жилд 3.8% ѳсөв. “Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” гэж яригдах болсон ч баярлахад эрт байлаа. Хаврын тэнгэр шиг солигдсон засгийн газруудтай тогтворгүй байдал дунд 1996-2000 оныг өнгөрөөгөөд шинэ зуунтай золготол 3 жил дарааллан үргэлжилсэн зуд болов. Эдийн засгийн 30% гаруйг бүрдүүлж байсан ХАА-н салбар 2000-02 онуудад жилд дунджаар 16% агшиж, ѳсѳлтѳд том дарамт авчирчээ. Зуданд нэрвэгдсэн олон мянган малчин ѳрхийн сүүлийн найдвар нь Улаанбаатарын арын дэнж болж, их нүүдэл эхэлснээр нийслэл хот Утаанбаатар болох замдаа орлоо.

 

Энэ бүхний дараа 2002 онд л сая нэг Монголын эдийн засаг социализмын төгсгөл буюу 89 онд байсан хэмжээндээ эргэж хүрэв. Эдийн засгийн бодит хэмжээ одооныхоос 3 дахин жижиг байсан ба ХАА, Уул уурхай гэсэн хоёрхон салбар 50% гаруйг нь бүрдүүлж байжээ. Олон улсын байгууллагуудын зээл тусламж, малчин ард, улсынхаа тѳлѳѳ цалингүй шахуу зүтгэж байсан тѳсвийн ажилчид, Монголд хувийн секторыг босгож ирсэн бизнесменүүд, бүх зүйлээрээ дэнчин тавин харь оронд хамгийн хүнд хортой ажлыг нь нууцаар хийж олсон хэдэн цаасаа гэр лүүгээ илгээдэг байсан залуусын ачаар бид энэхүү хүнд он жилүүдийг туулж ард нь гарчээ.

.

Харин энэ үед хонгилын үзүүрт жинхэнэ гэрэл ассан нь Хятадын эдийн засгийн хурдтай ѳсѳлт байлаа. Аль хэдийн дэлхийн үйлдвэр гэж нэрлэгдэж, энергийн эх үүсвэр болон металлыг мангас шиг л залгиж байсан урд хѳршийн эрэлт жил ирэх тутам улам бүр л нэмэгдэж байв. 

2000 онд дэлхийн нүүрсний хэрэглээний 30%, металийн хэрэглээний 13% Хятадад ногдож байсан бол 2014 он гэхэд аль аль нь 50% болтлоо ѳссѳн байна. Энэ хугацаанд урд хөрш маань дэлхийн нүүрс болон металийн хэрэглээний өсөлтийг бараг дангаараа бий болгосон. Хятадын энэхүү хэрэглээний өсөлтийн нөлөөгөөр үргэлж савалж байдаг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ 10 жил үргэлжлэн ѳссѳн "супер цикл" гэж нэрлэгддэг үе эхэлжээ.

Ингэснээр экспортын бүтээгдэхүүнүүд маань тѳсѳвт орлого сайн оруулж 2000-2008 оны хооронд төсвийн зарлага бараг 6 дахин өсөв. Эдийн засгийн өсөлт 2004 болон 2007 онуудад 2 оронтой тоонд хүрч, Улс богино хугацаанд хэзээ ч урьд өмнө нь үзэж харж байгаагүй их мөнгөтэй болсноор "Хэн нь их мөнгө тарааж чадах вэ?" гэдэг уралдаан сонгууль бүрээр явагдаж, ард түмэн халамжийн бодлогод угжигдаж эхлэв. Яг энэ үеэр  Google iPhone дэлхийг өөрчилж, хэнийг ч ялгалгүй нэг дэвжээн дээр ѳрсѳлдүүлэх шинэ цаг үеийг авчирч байлаа. Харин энэхүү ширүүн өрсөлдөөнд ялагч, ялагдагчийн хэн нь байхыг шийдэх учиртай боловсролын систем маань сайн багш, чанартай сургуулиар дутагдсаар л...

 

 

Үргэлжлэл бий.



 

Сэтгэгдэл бичих

    • nj
    • 2019-03-10

    urgeljlel ni hna bga ve?

    • zochin
    • 2015-12-15

    hetsuu bsn ue sanaand orchloo. saihan zaluu nas mini. ghdee davaad tuulaad irsen bna da.

    • Зочин
    • 2015-08-04

    Ah-n duu mass ruu chigelsen ym bichih arai boloogui bn! Heterhii ongots, duuren paradox bn! Gehdee bitgii shantaraarai! urgeljluuleed bai!! private bolg n tuvshind!!

    • Зочин
    • 2015-08-04

    20 жилийг 1 нүүрэнд багтаахад дутуу зүйл байгаа ч нэг иймэрхүү л дүр зураг харагдаж байна

    • Зочин
    • 2015-08-04

    yag shdee

arrow icon