500 ҮГЭНД: Даншигийн арслан

Төр шашин, урлаг, уламжлал, улстөр, спорт  холилдсон Даншиг хэмээх бантан. Тэргүүн хамба бөхийн цол олгож, төрийн захиргааны нэгжтэй хамтран туурга тусгаар наадах хэмжээнд шашны толгой томорч хувалзарсан нь хэмээх нэг асуудал. Тэрнээс гадна  хурдан морь, бөхийн цол тойрсон маапаан, бас дээр нь үндэсний бөхөөс тусдаа үүссэн даншгийн цол гэх мэт элдэв асуудлын цөм хаана байгааг нэр хүнд, нийгмийн статус талаас нь нэг харж үзье.

 

Даншигийн арслан

Хүлгийн түрүүг яагаад хамаг бизнес  лидерүүд маань  эзэлж, хүчит бөхчүүд  яагаад хэдэн зуун саяыг заран барин цолны араас үхэлдэнэ вэ? Улсын наадамд жолоо өргүүлэх, цолоо дуудуулахаас өөр шинэ цагийн бахархал, нэр хүнд, нийгмийн статусын хэмжүүр бүрдэхгүй байгаагаас биш үү? Бөхийн цолоос илүү эрэмбэтэй, системтэй, нийтэд хүртээмжтэй нэр хүнд, нийгмийн статусын илэрхийлэл өөр байдаг билүү? Өрсөлдөж магадгүй нь гавьяат, тэр нь гэхдээ дуучин юм уу жүжигчин.  Нэжгээд нь барилдана,  нээлт хаалт хийгээд нөгөөдүүл нь дуулна.  Дуулсан нь ч барилдсан нь ч цолоо авна, дуурсах алдартай болно. Угаасаа урлаг спорт олны нүдэнд илийн дээр, ил харагдаж байгааг л (эсвэл угаасаа мэддэг сонирхдог нь тэр юм уу) цоллодог төрөөсөө шагналаа аваад хөрөнгө оруулсан хөдөлмөр, цаг, хөрөнгөө нөхөөд авна. Хүн гэдэг амьд үлдэх зөнтэй рациональ амьтан, юунд хөрөнгө оруулвал юу болж эргэж ирэхийг андахгүй. Тэр дундаа монголчууд төрт ёсны түүх арвин, төрийн сүлдэндээ залбирдаг, социалист шагналын ой санамжтай. Тиймдээ ч нэр хүнд, нийгмийн статус нь төрийн цол гуншин, зэрэг дэвээс багагүй хамааралтай, авбал баярладаг, урамшдаг.  Төрийн наадмаас цол авч, жолоо өргүүлээд харихад нүүр дүүрэн, нутгийн зөвлөлийнхөн  сэтгэл хангалуун.

Өмнөх тэмдэглэлээр мөн хөндсөн,  манай төрд хуучнаас өвлөгдсөн ийм цогц нийгмийн статусын системийг хадгалдаг юм гэхэд шинийг нэмж, орчин үе авчрах шинэ мотивац үүсгэж хөгжүүлэх манлайлал алга.  Аан биш нийслэлийг хэлмэгдүүлэх гэж байна, даншгийн арслан хэмээх нэр хүндийн баталгаа шинээр үүсээд ганц хонож байна. Нийслэл бас их сэргэлээн, цоо шинийг биш юм гэхэд ямар нэг шинэвтэр цол гуншин үүсгэхгүй бол хүн ам, залуусын тоо нэмэгдэж хуучин нь хүрэлцэхээ байж ирсэн газар. Бизнесмэн хэмээх нийгмийн шинэ бүлэг үүсэж ядаж байгаа ч гавъяат авах шаансгүй, авсан одонгоо угаах, аав ээжээ баярлуулах, нутгийн зөвлөл нийслэлийн захиргаа мэтийн мафийн бүлэглэлд тоогдох тооцоогүй.  Харин Англи, АНУ, Франц, Япон гэх зэрэг шинэ түүхэнд хамгийн амжилттай улс орнууд  Роял Академидаа хэнийг элсүүлж, Конгрессийн алтан медалаа хэнд өгч, ер нь хамаг арслангаа хаанаас төрүүлэх бодлого барьж судалж үзвэл их сонирхолтой. Ганцхан жишээ, АНУ-ын зохион бүтээгч Томас Эдисон гэхэд Францаас Ordre national de la Légion d'honneur, Напелеоны үеэс өгч ирсэн хамгийн дээд цолоор шагнуулж байв.

Цол, эрэмбэ гэдэг материаллаг бус сэдлээс гадна түүнийг дагуулсан мөнгөн шагнал урамшуулал нь ч залуусын мөрөөдөл, эрч хүчийг модерноос гэдрэг цахалж, мэдлэгийн бус, бүтээмжгүй салбар руу уриалан дуудах үүрэг гүйцэтгэдэг. Нэг эрдэмтэн ланд 200-р шагнуулвал баярлаад зүрх нь хаагдаж мэднэ. Шинжлэх ухааны академийн нэг дэлбэрцэн өрөө олны нүдэнд ил болж шуугиан тараад сүүлдээ бүр татан буулгаж аваад бүр санаа амарсан.

Ланд 200 гэдэг бай үнэтэйгээс гадна гадаадад хийгдсэн гэдэг нэг онцлогтой. Шинэ дэлхийн өрсөлдөөний эсрэг уралддаг, уралдаад түрүүлсэнд нь болохоор дэлхийн өрсөлдөөний өрмийг авч өгдөг нь өөрсдөө үргэлж өнгөрсөн рүүгээ ухарч, өнөөдрийг бусдаас зээлж хэрэглэж аргацааж явдаг маргаашийн бодлогогүй манай улсын нэг хөөрхөөн жижиг загвар болж өгдөг.  Ингээд бид үндэсний баяр дээрээ шашинжсан хувилбар нэмэн барин шинэ арслангууд төрүүлээд л, тэднийгээ өөр бодлогоор хөгжсөн газрын эд зүйлсээр байлаад л, бүр хаа хамаагүй хүний нутгийн спортоос хөдөлмөрийн баатар гаргаж долдойгоод л явж байна. Наадаж цэнгэх, уламжлалаа хамгаалах төсөв зардлаас гадна инновац, мэдлэгийг дэмждэггүй нийгмийн бүх дарамт, өртгийг үүрч байгаа чимээгүй баатрууд, оюуны салбарынхан, татвар төлөгчид тэдний сүүдэрт дарагдаж шороонд булагдаад үлддэг.

Ид насанд хүрч, ир бяр нь жигдэрч эрч хүчээ чиглүүлэх орон зай эрэлхийлж байгаа  Монголын хүн амын хамгийн том бүлэг болсон хүүхэд залуу үе тэгээд юу хийж, ямар мөрөөдөл тээж амьдарвал дуудуулах  цолтой, дуурсах алдартай, баян чинээлэг болж ланд 200 унах вэ? Бүгд барилдаж дуулаад, багтаж шингэхээ болихоор нь шинэ төрлийн наадам концерт үүсгээд яваад байх юм уу? 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4874

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%