Монголын эдийн засаг 2000-2009 онд буюу нэг шуурга намжиж нөгөө нь ирэхийн өмнө

21-р зуун гарахад тал нутагт шуурга намдаж, сайхан амьдрах мөрөөдөлтэй Монголд цоо шинэ эрин үе эхэллээ. Манай эдийн засгийн хэмжээ жижиг бөгөөд бүтэц нь энгийн, аж үйлдвэр хөгжөөгүй байсан тул шилжилтийн үеийн өвдөлт хурц хэдий ч түргэн мэдрэгдэж өнгөрчээ. Заримтай харьцуулахад нурах юм харьцангуй бага байсан эдийн засаг маань 90-93 онуудад агшсаны эцэст 94 оноос өсч 2002 он гэхэд социализмын үеийн түвшингээ даван, цаашид улам хурдтай өсч эхлэв. Зах зээлд шилжсэн бусад орнууд дундаас зөвхөн Польшийн эдийн засаг л манайхаас илүү явж байв. Шинэ зуунд эдийн засгийн олон үзүүлэлт зэрэг сайжирч, хувь заяа Монголчуудын талд эргэсэн мэт байлаа.  

 

2000 он гараад макро орчин харьцангуй тогтворжиж, цаг агаар таатай байж Хятадын өндөр өсөлтийн “ачаар” уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ ч түүхэндээ байгаагүйгээр өссөн нь манай эдийн засагт маш сайнаар нөлөөлжээ. 90-ээд оны эхээр 300% давж “галзуурч” байсан инфляци буурсаар ихэнхдээ 1 оронтой тоонд л хэлбэлзэх болов. Анх 4 төгрөгтэй л тэнцэж байснаа 1000 давж эрчтэй өссөн долларын ханш нэлээн хэдэн жил 1100-1200 хавьд тогтлоо. Банкууд ч 90-ээд оны сүүл үеийн 2 тѳгрѳг болгоны 1 нь чанаргүй зээл болон хувирч байсан хэцүү үеийн ард гарч хэвийн үйл ажиллагаандаа орцгоосон байв. Эдийн засаг сайжрахын зэрэгцээ Оросын өрийг хөнгөлүүлснээр гадаад өрийн дарамт (96-2005 онуудад хэмжээ нь 3 дахин нэмэгдэж ДНБ-ийн 88%-д хүрч байсан) буурах хандлагатай болжээ.

 

Зэс алтны үнийн нөлөөнд экспорт сайжирч, төсвийн орлого хэзээ ч байгаагүйгээр нэмэгдэн жил дарааллан алдагдалгүй гардаг болов. 90-ээд оны дунд үеийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг (230 тэрбум, төсвийн зардлын 10% орчим) зөвхөн халамжид зарцуулах болсон нь төсвийн чадавхи хэр нэмэгдсэнийг илхэн харуулж байв. Монгол 90-ээд онд байсан шигээ ядуу орон биш, харин шинэ боломж эрэлхийлэгчдийн зорьдог газар болжээ. Монголд байдаг гадны иргэдийн гуйвуулга гадаадад ажиллаж буй монголчуудын эх орон руугаа явуулдаг мөнгөний хэмжээг давж эхэлсэн нь үүний нэг нотолгоо болж байв. Урьд нь зөвхөн төсвийн алдагдал, валютын нөөцөө хангахаар гадаадын орнуудаас зээл тусламж л хардаг байсан бол одоо хөрөнгө оруулагчид өөрсдөө манайхыг сонирхон мөнгөө оруулж ирдэг болов.

 

 

Ингээд 2008 он гэхэд эдийн засаг маань бодитоор 2002 оны хэмжээнээсээ 65% тэлж, үйлдвэрлэлийн багтаамж энэ хэмжээгээр нэмэгдсэн байв. 

  • 2003-08 хооронд бий болсон өсөлтийн ⅓ орчим нь ХАА (21%) болон Уул уурхайн (15%) салбаруудын өсөлтийн үр дүн байв. Шилжилтийн үед эдийн засгийн өсөлтийн гол мотор (95-99 хооронд бий болсон өсөлтийн 50% гаруй нь зөвхөн ХАА болон Уул уурхайд ногдож байв) болж байсан эдгээр салбарууд шинэ зуунд ч чухал хэвээрээ байлаа
  • ⅓ орчмыг нь Тээвэр (16%), Санхүү (7%), Худалдаа үйлчилгээ (7%) болон Мэдээлэл холбоо (6%) зэрэг хурдтай ѳссѳн салбарууд нийлээд ⅓ орчмыг нь бүрдүүлсэн. Монголд хувийн хэвшил эрчтэй хөгжиж, эдийн засагтаа ийнхүү чухал хувь нэмэр оруулах болжээ.
  • Үлдсэн ⅓ өсөлтийн 50% орчим нь Бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт байв. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, Монголчуудын худалдан авах чадвар нэмэгдсэнтэй холбоотой импортын өсөлт, аж ахуй нэгжүүд болон хувь хүмүүсийн орлогын өсөлт зэрэг нь татварыг нэмэгдүүлж улсын төсвийг илүү чадавхитай болгож байв.

 

Ийнхүү монголчуудын баялаг үйлдвэрлэх хүчин чадал өсөхийн хэрээр хэрэглээ ч нэмэгджээ. Бидний худалдан авах чадвар дээшлэн амьдрал сайжирч байгааг ДНБ-ийн өсөлтийн гол хүчин зүйл болж байсан өрхийн хэрэглээний өсөлт харуулж байлаа. Хувийн хэвшил хөгжиж, ажлын байр нэмэгдэн, дундаж цалин ч өссөөр ядуурлын түвшин буурч эхлэв. Үндэсний нийт орлогын (GNI) түвшнээр Монгол бага орлоготой орнуудын ангиллаас албан ёсоор гарч, дундаж орлоготой орнуудын тоонд орох болсныг Дэлхийн банк зарлалаа.

Эдийн засаг 2000-02 оны зуднаас хойш эрс хурдтай өсч, 2003-08 хооронд жилд дунджаар 8.8% тэлсэн байв. ДНБ-ийн бодит өсөлт 2004 онд 2 оронтой тоонд хүрч дэлхийн нийтийн анхаарлыг татсан амжилтаа 2007 онд ч дахин давтаж 10.2%-т хүрэв. Улаанбаатарт өрнөж буй зүйлсийг харахад л эдийн засаг хэр хурдтай өсч байгаа нь тодорхой байлаа.

 

Хот руу чиглэсэн их нүүдэл түргэсч, 1999-2009 хооронд нийслэлийн хүн ам 60% орчим өсөв. Дэлгүүрийн лангуу хоосон байхаа больж захуудаар Эрээний бараа дүүрсэн байв. Байшин хоорондын завсар чөлөө болгонд шахуу барилгын ажил өрнөж эхэллээ. Ганзагын наймаа аль хэдийн алтан үеэ өнгөрөөж алтны уурхай, газрын наймаа, орон сууцны хорооллууд шинэ үеийн баячуудыг "үйлдвэрлэв" . Саяхан л талхандаа очерлон зогсож байсан хүмүүс харин одоо хотын гудамжинд багтахгүй олон Toyota хөлөглөх болжээ. Хятадуудаар барилгаа бариулж, Вьетнамчуудаар машинаа засуулдаг болж эхэллээ. 10 жилийн хүүхдүүд ч гар утас барьцгааж, автобусанд чимхүүлж явдаг оюутнуудын үе улиран одож байв. Гадаад нисэхэд жилийн цалин нь хүрдэггүй байсан үе дуусч гадаад дотоодын хэд хэдэн авиакомпанийн онгоцоор дүүрэн монгол өдөр бүр хилийн дээс алхах боллоо...

 

Хэдийгээр ололт амжилт олон байсан ч авилгал хавтгайрч (авилгын индексээр 2004 онд дэлхийд 85-д жагсдаг байснаа 2009 онд 120 болж хойшлов), Зайсан болон гэр хороололд өдөр шөнө шиг ялгаатай амьдрал өрнөх өөр нэг цаг үе эхэлж байлаа. Мөн өсөлтийн мотор болж байсан зэс болон алтны үнэ үргэлж өсөхгүй гэдгийг сануулах дохио 2007 оны зунаас Америкт асаад эхэлчихсэн байв...

 

 

Үргэлжлэл бий. 

Нэгдүгээр хэсэг: Монголын эдийн засаг 1990-2008 онд буюу хэн ч мөнгөгүй үеэс хэн нь их мөнгө тараахаа үзсэн үе

 

 

НЭМЭЛТ:

  • Долларын ханш

  • Инфляци

  • Улсын төсөв

  • Гадаад худалдаа

  • Экспорт ба уул уурхайн бүтээгдэхүүн


avatar
    • Zayka
    • 122.201.28.*

    Tumee. Daraagiin niitlelee Hyatadiin ediin zasgiin talar bicheerei. Er n Hyatadaas ulbaalj daraagiin recess ireh bh shuu.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4865

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%