УИХ-ыг тарааж, шинэ сонгууль нэн даруй явуулахыг шаардъя!

Улаан цагаандаа гарсныг нь Өршөөлийн хууль тод харууллаа. “Авилгачдыг суллах нь” гэж бүх нийгмээрээ сонсов. Учир мэдэх нэг нь бүү хэл, уншиж сураагүй хүүхэд хүртэл шудрага бусын тухай мэдрэмж авах хэмжээнд нийгэм сэтгэл хөдлөлд автаж байна. Өнгөц харахад Энхбаярыг, Дэнзэнг, Гансүхийг ялгүйд тооцно уу, суллана уу гэдэг яг үнэндээ ард түмний амьдралд хүртээлгүй мэт. Хоногийн хоол ихсэх, багасах нь хэдэн хүнийг “өршөөснөөс” шалтгаалахгүй ч юм шиг. Эдийн засаг гэгч өчнөөн олон хүчин зүйл, нөхцөлдөөний цогц.

Гэвч, гэвч! Удирдагчид шудрага бусын тухай мэдрэмжийг нийгэмд өгч байгаа нь нийгмийн тайван байдалд хортой, бүүр маш их аюултай!

 Өдий хэмжээний увайгүй хууль нийгэмд “яасан ч яадаг юм бэ?” гэсэн сэтгэлзүйг дэлгэрүүлж, яахаас ч буцахгуй хэсгийн тоо олширч, уур уцаар, хүчирхийлэл, гэмт хэрэг нэмэгдэнэ. Удахгүй хулгайчид улам бүр түрүүд ноцоход хүрнэ. Улс нийгэм, хотын өмчийг цөлмөнө. Бяцхан үрийн чинь гараас мөхөөлдөс булааж дээрэлхэх, хотын гудамжаа чимдэг хөөрхөн охидыг тохуурхаж сэтгэл рүү нь ус цацах юу ч биш болно. Магадгүй, тун удахгүй... зүүний эсвэл барууны хэт туйлширсан үзэлтэй “шилийн сайн эрчүүд” шудрага ёсыг нудрагын хүчээр тогтооно гэж гарч ирнэ. Тэднийг орчин үед террористууд гэдэг... Бидний энгийн амьдрал, тайван байдал улам бүр алдагдаж, улс төрийн бохир заваан хэрүүл гэр бүл, хувийн амьдрал уруу дайран орж ирнэ.

Удирдагчдын увайгүй байдал нийтийн ёс зүйг эвдэнэ гэж үгийг дундаж европ иргэн бүр мэддэг, ойлгодог. 

 

Өнөөгийн Засгийн Газар ажиллаж чадахгүй юм байна, УИХ-д олонхи бүрдүүлэхийн тулд яаж ч наймаалцахаас буцахгүй, юу ч хийхээс сийхгүй юм байна гэдгийг бид ойлголоо. Европын ардчилсан орнуудад ийм увайгүй үзэгдэл харагдаггүй. Өөрчлөлт, шинэчлэл, шургуу хөдөлмөр, бодит үр дүнг шаардаж зогсолтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц, олон улсын өрсөлдөөний цаг үед ёс зүйтэй улс төрчид “лай болохоор бушуухан зай болъё” гэдэг. Хэрэв Засгийн Газар бүрдүүлэх хэмжээний үзэл баримтлал нэгдсэн олонхи үүсгэж чадахгүй бол парламент сонгуульт хугацаанаас өмнө тарж, шинэ сонгууль явуулж, шинэ эхлэлийг цаг алдалгүй нээдэг. Энэ бол улс орныг урагшуулах ёстой алтан цагийг алдахгуйн тулд хийх ёстой, ёс зүйтэй шийдвэр.

 

 

ЕВРОПЫН ЖИШЭЭ: ХБНГУ

ХБНГУ-ын Үндсэн Хуулийн 68 дугаар зүйлд

“Холбооны Улсын Канцлер (Ерөнхий сайд) өөрт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлаар Бундестагийн гишүүдийн (парламентийн) олонхийн санал авч чадахгүй бол Холбооны Улсын Канцлерийн хүсэлтээр санал хураалт явуулсан өдрөөс хойш 21 хоногийн дотор Холбооны Улсын Ерөнхийлөгч Бундестагийг сонгуульт хугацаанаас нь өмнө тараах эсэх асуудлаар шийдвэр гаргана.”

гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу Бундестаг Холбооны Улсын Канцлерт итгэл хүлээлгэх эсэх талаар санал хураалт явуулж, Канцлерт итгэл хүлээлгэхгүй гэж Бундестагийн олонхи санал өгвөл Канцлер Бундестагийг хугацаанаас өмнө тарааж, сонгуулийн өдрийг товлох хүсэлтийг Холбооны Улсын Ерөнхийлөгчид тавьдаг процедуртай (Ерөнхийлөгч Канцлерийн хүсэлтийг хүлээж аваагүй түүх германд байхгүй, Ерөнхийлөгч энэ үйл явцад хэлбэрийн буюу билэгдлийн үүрэгтэй гэж үздэг герман хуульчид бий).

Засгийн газар, хууль тогтоох байгууллага сонгуульт хугацаанаасаа өмнө байн байн тарж, улс оронд эмх замбараагүй байдал бий болсны улмаас германд Адольф Гитлер 1933 онд Үндсэн хуулийн дагуу Канцлераар томилогдож, улмаар хэрцгий дарангуйлалын засаглал тогтоосон. Дэлхийн 2 дугаар дайны дараа германчууд өнгөрсөн түүхийн энэ гашуун туршлагыг давтахгүйн тулд Үндсэн хуулийнхаа 68-р зүйлийг засгийн газар, парламентийн үйл ажиллагааг сонгуульт хугацааг нь дуустал, тогтвортой явуулах нөхцлийг бүрдүүлэх эрмэлзлийн үүднээс уншиж, тайлбарлаж, хэрэглэдэг. Чингэхдээ герман хуульчид засгийн эрх барьж буй нам, эвсэл Бундестагт олонхийн дэмжлэг авах боломжгүй байвал энэ нь Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэж үзэх үндэслэл мөн, ийм нөхцөлд Канцлерт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт Бундестагт явуулж, улмаар Бундестагийн сонгуулийг ээлжит хугацаанаас нь өмнө явуулж болно гэдэг асуудал дээр санал нэгтэй байдаг.

Харин засгийн эрх барьж буй нам Бундестагт олонхи болж байгаа үед Канцлерт итгэл хүлээлгэх санал хураалтыг Бундестагт даалгаж болох эсэх талаар герман хуульчдын дунд маргаантай байдаг. Энэ асуудал нь Засгийн Газар улсыг урагш хөдөлгөх бодит чадалтай байна уу?, Засгийн Газар Бундестагийн олонхийн дэмжлэгийг авч үйл ажиллагаа явуулах бодит боломж хэр зэрэг байна вэ? Засаглалын хямралыг Бундестагийг тарааж шинээр сонгууль явуулах замаар шийдэх нь үр дүнтэй юу? гэх мэтэд хэрхэн хариулт өгөхөөс шалтгаалах ба төрийн тогтвортой байдлыг хангах эрх ашгийг улсыг урагш хөдөлгөх эрх ашигтай харьцуулж үзэж шийдэх улс төрийн, хууль зүйн шийдвэрээс шалтгаална.

Үүнд холбогдуулан Холбооны Улсын Үндсэн Хуулийн шүүх Үндсэн хуулийн 68-р зүйлийг “засаглалын жинхэнэ хямрал” бий болсон үед хэрэглэх шаардлага тавьдаг тул ХБНГУ-ын Үндсэн Хуулийн түүхэнд нийт 5 удаа Канцлерт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, 3 удаа Бундестаг хугацаанаас өмнө тарж байжээ.

 

Хамгийн сүүлд 2005 онд Бундестаг ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө тарж, дахин сонгууль явуулсан. Тухайн үед Канцлер Герхард Шрёдерийн Засгийн Газрын ар тал болох Социал Демократ Нам (SPD), Ногоонтны намын (Die Grünen) эвсэл 7 суудал илүүтэйгээр Бундестагт олонхи болж байсан.

 

Бундестагт (хэдий чамлалтай ч) 7 суудлаар олонхи болж байсан үед Канцлер өөрт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулж болох уу? гэдэг нь герман хуульчдын хувьд төрийн тогтвортой байдлыг хангах эрх ашгийн үүднээс маргаантай байсан. Гэвч 2005 оны 5-р сард Норд-Райн-Вестфаллен холбооны гишүүн улсын сонгуульд (сайн монголчилбол орон нутгийн сонгуульд) Холбооны түвшинд эрх барьж байсан Шрёдерийн Социал демократ нам (SPD) ялагдал хүлээж, үүний үр дүнд сөрөг хүчин болох Христийн ардчилсан нам (CDU) ба Чөлөөт Ардчилсан Намын (FDP) эвслүүд Бундесратид олонхийн суудлыг эзлэх болсон юм.

Бундесрат нь Холбооны гишүүн улсуудын Засгийн Газрын төлөөлөл бүхий зөвлөл юм. Будесрат нь Холбооны Улсын хэмжээнд хуулийн төсөл санаачлах эрхтэй байдаг. Үүний дээр Холбооны гишүүн улсуудын санхүү, засаг захиргааны удирдлагад хамаарах Холбооны Улсын хуульд хамтран шийдэх эрхтэй оролцох болон хуулийн төсөлд Зуучлах комисс байгуулах замаар “хориг” тавих эрхтэй байдаг. Энэ нь ХБНГУ-ын хэмжээнд өргөн хүрээтэй, бүтцийн аливаа шинэчлэлийг Бундесратын (сайн монголчилбол: орон нутгийнханы) дэмжлэггүйгээр хийх боломжгүй гэсэн үг юм.

Засгийн эрх барьж байгаа нам Бундестагт олонхи болж байлаа ч Бундесратын олонхигүйгээр Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжих чадваргүй юм. Чухам ийм нөхцөл байдал 2005 онд ХБНГУ-д бий болсон.

Холбооны хэмжээнд эрх баригч Социал демократ нам, Ногоонтны намын эвсэл Бундесратад цөөнх болж, Бундестагт долоохон суудлаар олонхи болж байгаа нөхцөл байдлыг засаглалын хямрал мөн гэж Канцлер Шрёдер үзэж байгаагаа 2005 оны Бундестагийн “өөрөө тарах” санал хураалтын үеэр хэлсэн үгэндээ дурьдсан байдаг. Үүний дээр Канцлер Шрёдер улс орны хэмжээнд тулгарч буй амин чухал асуудал болох ажилгүйдлийг бууруулах, нийгмийн халамж, тэтгэврийн системийн шинэчлэлд Христийн ардчилсан нам, Христийн социал холбоо, Чөлөөт ардчилсан намын эвсэл нь тухайн үед Бундестагийн олонхи байсан Социалдемократ нам ба Ногоонтны намын эвслээс ихээхэн зөрүүтэй бодлого баримталж байгааг онцлоод, улс төрийн намуудын хүчний харилцааны ийм нөхцөлд Засгийн газрын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах боломжгүй гэж Бундестагт хэлсэн үгэндээ онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, германчуудад ёс зүйгүй, популист гэж загнуулдаг, шүүмжлэлийн бай болж байсан Герхард Шрёдер хүртэл засгийн эрхэнд үлдэхийн тулд амь тэмцэн зуурсангүй. Тэрээр улс орныхоо өмнө тулгарч байгаа амин чухал асуудлыг шийдэх арга зам, бодлого хөтөлбөрийн хувьд сөрөг хүчинтэй ихээхэн ялгаатай үзэл баримтлалтай байгаа тул улсаа урагшлуулахад бид саад болохгүй, Бундестаг хугацаанаас өмнө тарж, шинээр эхлэхийг бид хүсч байна гэж хэлж байж. Тухайн үед Бундестаг ээлжит сонгуулийн хугацаанаас нэг жилийн өмнө тарж, дахин сонгууль явагдаж Христийн ардчилсан нам, Христийн социал холбоо, Чөлөөт ардчилсан намын эвсэл сонгогчдын олонхийн санал авсан боловч Бундестагийн олонхийг бүрдүүлэх боломжгүй байсан тул өнөөгийн Канцлер Ангела Меркел Засгийн газрыг толгойлж Их эвслийн Засгийн газар байгуулагдаж улмаар өнөөдрийн германы амжилтын суурь болсон ажилгүйдэл ба тэтгэврийн системийн жинтэй шинэчлэлийг хийж чадсан юм.

 

УИХ-ЫГ ХУГАЦААНААС ӨМНӨ ТАРААЖ, СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС: МОНГОЛ УЛС

1) Германтай харьцуулбал Монгол Улсад төрийг тогтвортой байлгах ашиг сонирхолыг хуулиар илүү хүчтэй хамгаалжээ. ХБНГУ-д Бундестагийг тараах Канцлерт итгэл үзүүлэх санал хураалтад Бундестагийн нийт гишүүний олонхийн санал шаардлагатай байдаг бол Монгол Улсад үнэмлэхүй олонхи буюу Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналыг авч байж УИХ өөрөө тарах процедурын зохицуулалт үйлчилж байна (МУ-ын УИХ-ын тухай хуулийн 31.1).

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэх чадвартай байх уян хатан чанараас төрийг тогтвортой байлгах эрмэлзлэлийг илүүд тавьсан байна. Энэ нь ардчилалын эхний жилүүдэд чухал, шаардлагатай байсан байж магадгүй. Харин ирээдүйд төрийг уян хатан удирдах, хувьсах чадвартай засаглалын удирдлагын, сонгогчдын хяналтын, засаглалын хямралаас хурдан гарах зарчмуудыг төрийг тогтвортой байлгах зарчимтай хослуулах замаар шинэ шийдэл олох талаар хуульчид, нийгмийн зүтгэлтнүүд санал бодлоо хуваалцах, ярилцах хэрэгтэй болсон байна.  

 

2) Геополитикийн эгзэгтэй орон зайд, их гүрнүүдийн байгалийн эх үүсвэр ба улс төрийн нөлөөллийн хүчтэй өрсөлдөөний цаг үед монголын жирийн иргэд хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт хөөрхийлөлтэй байна. Бидний байгалийн баялагтай, мэдлэггүй ард түмэн улам бүр эрчимтэйгээр хувьсал өөрчлөлт, дасан зохицлыг шаардаж буй дэлхийн эдийн засгийн тогтолцооны золиос болж үлдэх эрх тэгш бус орон зай, цаг үед амьдарч байна. Ийм цаг үед бидэнд Баянхошууны, Толгойтын энгийн иргэд авилгажсан төрийн золиос болж зовлонд унахгүй байх Үндсэн хуулийн баталгаа,  залуу хосуудаа жуулчны визтэй Өмнөд Солонгос уруу илгээж, ямар ч эрүүл мэндийн даатгалгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд хууль бусаар ажиллаж байгаад эндэж энх тайванч цаг үед эр цэргүүд мэтээр үрсээ өнчрүүлээд хорвоогоос халихыг зогсоох чадалтай хүсэл зоригийн нийгэмлэг, монголын иргэний, жинхэнэ ардчилалын төлөө хамтдаа зогсох иргэдийн дуу хоолой, бодит хяналт хэрэгтэй байна.

Үндсэн Хуулийн эрх зүйн утгаар Монгол Улсад шууд ардчилалын хэлбэрийг парламентийн ардчилалтай хослуулах замаар иргэдийн хүчтэй хяналттай Үндсэн хуулийн бүтцийг бий болгох шаардлагатай байна.

Практик талаас авч үзвэл Засгийн эрх барьж буй, УИХ-д олонхийн суудал авсан улс төрийн нам, эвслийн нийт гишүүдийн талаас илүү хувийн гарын үсгийг авч чадвал УИХ өөрөө тарах тогтоолын төслийг УИХ-д оруулдаг байх гэх мэт улс төрийн намын гишүүдийн хяналт хэрэгтэй байна. Үүний дээр Монгол Улсын сонгуулийн эрхтэй бүх иргэдийн 1/5-ийн гарын үсгийг авч чадсан үед мөн адил УИХ өөрөө тарах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулдаг тогтолцоо байж ч болох юм. Мэргэшсэн, мэдлэгийн өнөөгийн тогтолцоонд парламентийн ардчилал давамгайлах ёстой нь эргэлзээгүй. Чухам иймээс эрх барьж буй намын гишүүд ба нийт сонгогчдын тодорхой хувийн шахалтаар УИХ өөрөө тарах тогтоолын төслийг УИХ-д оруулдаг байх, УИХ нийт гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар татгалзах эсвэл зөвшөөрөх шийдвэр гаргаж ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө тарах боломжтой байх Үндсэн хуулийн тогтолцоог бий болгож болно. Иргэдийн оролцоог хангаж, шууд ардчилалыг хэрэгжүүлж байж өнөөгийн монголын нийгэмд тайван байдлыг бэхжүүлж, нийгмийн нэг хэсэг хэт туйлширсан үндсэрхэг үзэл эсвэл социализм руугаа эргэн очих мөрөөсөл эсвэл төрийг зайлуулчихвал бүх зүйл сайхан болох мэт анархизмд автахгүй байх болно.   

 

 

3) Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хуулийн дагуу УИХ-ыг ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө тараах процедурыг УИХ өөрөө эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж УИХ-д санал оруулснаар эхлүүлэх боломжтой байна. УИХ өөрийн санаачлагаар санал оруулах тохиолдолд мөн л УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг шаардлагатай.

УИХ-ыг ээлжит хугацаанаас нь өмнө тараах босго одоогоор МУ-д өндөр байгаа хэдий ч иргэд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах шаардлагыг тавих хэрэгтэй байна. Өнөөгийн Засгийн Газар, УИХ  дахь эрх барих намын мөрийн хөтөлбөр бол цаас юм байна. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд УИХ-д суудалтай намууд хамтран зөвшилцөж Засгийн Газраа цааш авч явах бус харин  хувийн ашиг хонжоогоо гүйцэлдүүлэхийн тулд ард түмний шудрага ёсны мэдрэмжийн наад захын зарчмыг эвдэж, нийгмийн тэнцвэртэй байдлыг улам бүр алдагдуулах хамгийн аюултай алхамыг хийж байна. Тэд шоронжсон Эрүүгийн хууль, монголын авилгач улс төрчдийн бүтээсэн ядуурлын золиос болсон нийгмийн бүлэг, Өршөөлийн хуулиар шоронгоос суллагдахыг тэсэн ядан хүлээж байсан залуус, хүүхдүүд, эмэгтэйчүүдийн сэтгэлзүйгээр тоглож, тэднийг гэртээ хүлээн суугаа аав, ээж, үр хүүхдүүдийг нь зовоож Өршөөлийн хуулийг тойрсон дааж давашгүй улс төржилтийг эхлүүллээ. 

Өнөөгийн хууль зүйн орчинд УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналыг авч УИХ өөрөө тарах тогтоолын төслийг УИХ-д оруулах нь хатуу даваа. Нөгөө талаас Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөж УИХ өөрөө тарах тогтоолын төслийг УИХ-д оруулах хууль зүйн боломж байна. Иймээс Өршөөлийн хуулийн авилгачдыг хаацайлсан хэсэгт хориг тавихыг Ерөнхийлөгчөөс шаардаад зогсохгүй, УИХ-ыг өөрөө тарах тогтоолын төслийг УИХ-ын даргатай зөвшилцөж оруулахыг шаардъя, ард иргэд бид.

 

Одоо үйлчилж байгаа хуулийн дагуу тогтоолын төслийг УИХ-аар батлуулахад УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай. УИХ-ын индрээс хувийн бизнесээ хийгчид нэг жил ч гэсэн суудлаасаа зуурч, төрийн мөнгийг хувийн компани уруугаа гуйвуулж, хувийн бизнесээ тэжээсэн хуулиудаа баталсан хэвээр суухыг хичээх тул УИХ-д үнэмлэхүй олонхийн санал бүрэлдэхгүй нь ойлгомжтой. Гэвч бид ард түмэнд өгсөн амлалт, мөрийн хөтөлбөрөө үл ойшоон хувийн эрх ашгаа урьтал болгож улаан цагаандаа гарсан энэ чуулганы эсрэг дуу хоолойгоо хүргэх цаг иржээ. Чухам иймээс бид энэ удаа ялахгүй нь ойлгомжтой ч, ирэх жилийн сонгуульд ард түмэн байна шүү гэдгийг харуулж, УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараахыг чанга дуугаар шаардъя! Үндсэн хуульд шууд ардчилалын хэлбэрийг оруулахад нийтээрээ анхаарал тавьж хэлэлцэж эхлэе! Иргэд бид тайван амьдралаа хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна!


avatar
    • Зочин
    • 122.201.22.*

    ter butehguiee. odoo zugeer neg zasgiin gazrar UIH-r ni oligotihon shig urt hugatsaand ajiluulaadahaachee

    • Зочин
    • 103.229.121.*

    ганц УИХ яах вэ дэээ??? Энэ бүх хулгай, луйвар, авилгалын эх үүсвэйиг тавьсан бүх хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Засгийн газрыг огцоруулаад, Ерөнхийлөгчийг огцоруулах хэрэгтэй. Тэгээд дараа нь УИХ тарах ёстой!!!!!!

    • төмөр
    • 122.201.31.*

    улсын их хурлыг тарааж шинээр байгуулбал тун зүгээр байна. америкын ардчилал цорын ганц зөв зам биш, баабаруудын уншсан нь их гэдэгт эргэлзэх юм алга, харин ойлгодог ухааны хэмжээ нь хир юм болдоо, баабаруудыг монгол гентэй гэхэд эргэлзэх юм алга харин монголоо мэддэг, ойлгодог гэдэг нь

    • ogtsoruul
    • 103.229.121.*

    Ерөнхийлөгчийг огцоруулах хэрэгтэй!!!!!!!!! Тэгээд дараа нь УИХ тарах ёстой!!!!!!

    • Зочин
    • 103.26.194.*

    БОЛЬЁ ОО

    • Shikodin
    • 150.129.140.*

    ene baidlaaraa iregnii dain garaxwiidee

    • монгол
    • 119.40.97.*

    тараачэээ

    • монгол
    • 119.40.97.*

    ийм увайгүй УИХ-ын даргыг шууд огцруулах хэрэгтэй.

    • ogtsoruul
    • 103.229.121.*

    Ерөнхийлөгчийг огцоруулах хэрэгтэй!!!!!!!!! Тэгээд дараа нь УИХ тарах ёстой!!!!!!

    • ЛТ
    • 202.179.18.*

    Чадамжгүй төрийн түшээдээс болж улс оронд тогтворгүй байдал үүсэхээс өмнө УИХ сайн дураараа тарах хэрэгтэй.

    • ЗОЧИН
    • 122.201.21.*

    БОЛЬЁ ОО

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%