Нийтлэл 08 сарын 26, 2015

Хямралын үеэр компаниа хэрхэн удирдах талаар Starbucks-ийн захирлаас суралцъя

 

        Өчигдөр соошил медиад #Greatfallofchina хаштаг трэнд боллоо. Хятадын хөрөнгийн зах зээлийн үймээн Азийг хүрээлсэн зах зээлүүдэд доргилт өгч, зарим компаниудын хувьцаа унах хүртэл аюул нүүрлэв. Ийм үед ихэнх компанийн удирдлагууд дэмий санаа зовж суух эсвэл ажилчдаа урамшуулах боломжийг үл тоон суудаг. Харин Starbuks-ийн гүйцэтгэх захирал Ховард Шульц 190,000 орчим ажилчдынхаа санаа зовнилыг үгүй хийж, тэдэнд урам өгөхийн тулд нэгэн онцгой мэйлийг илгээжээ. Үүгээрээ тэр хямралыг ажрахгүй өнгөрөх зөв тактиктай, бусдыг магтаж, үнэлэх чадвартай удирдагч болохоо харуулсан юм. Starbucks-ын түншүүд, компанийн үйл ажиллагааг явуулж буй удирдлагууд, ажилчиддаа илгээсэн түүний захидлыг бүрэн эхээр нь дор орчуулан хүргэлээ. 

Эрхэм түншүүдээ,

Компанийнхаа 23 жилийн түүхэн хугацаанд бид хэд хэдэн удаа хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдалтай нүүр тулж, үүнийг амжилттай даван туулж чадсан. Одоо ч бид дэлхийн хөрөнгийн зах зээлийн уналтад дархлаатай биш байна. Гэсэн хэдий ч компани болон та бүхэнд итгэх итгэл минь хэзээ ч ийм их байсангүй.

Яг одоо бид бас нэгэн дээд амжилт тогтоох жилийг туулж явна. Бид кофе болон цайны шинэчлэлээс маш их хамааралтай, технологийн хэт өндөр хэрэглээтэй хэрэглэгчдийг татахын зэрэгцээ өөрсдийн онцгой “гурав дахь газрыг” бүтээхээр ажиллаж байна. Бид дэлхий нийтэд үйлчилж, олон нийтийн дунд гүн гүнзгий нөлөөг бий болгож чадсан. Бид үүнийгээ өнөөдөр ч, ирээдүйд ч үргэлжлүүлсээр л байх болно.

Манай компани маш олон төрлийн "шуургыг" даван туулж байсан. Гэхдээ манай бранд өмнө нь хэзээ ч ийм хүчирхэг, нийгэмтэй холбоотой байгаагүй. Шинэ бүтээгдэхүүн, шинэ инновацийн нээлт маань хэзээ ч ийм бат бөх байсангүй. Хүндэт хэрэглэгчиддээ үйлчилж ирсэн энэ урт хугацааны үүрэг маань ч гуйвшгүй хэвээр байна.

Та бүхэнд хандаж хэлэхэд би үргэлжлүүлэн компаниа удирдан, зохион байгуулсаар байх болно. Харин та бүхнийг гэр бүлдээ компаниараа бахархах бахархлыг бий болгохын төлөө боломжтой бүхнийг хийж, үүнийхээ төлөө ч зогссоор байна гэдэгт итгэж байна.

Өнөөдрийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, дотоодод болон хилийн чанадад ч нүүрлээд байгаа улс төрийн тодорхой бус байдал хэрэглэгчдийн итгэх итгэлд, тэр ч байтугай хандлага, зан аашт ч нөлөөлөх нь тодорхой. Үйлчлүүлэгчид маань таагүй, тогтворгүй байдал нэмэгдэж буйг мэдэрч магадгүй. Бидний амжилт бол эрх ямба биш өдөр бүр бидний цоо шинээр олох ёстой зүйл гэдгийг санаж, ажиллацгаая. Хэрэглэгчдэд дарамт мэдрүүлэхээс зайлсхийж, тэдний итгэж найдсан үйлчилгээг үзүүлэхийн төлөө багаараа болон дангаараа чадах бүхнээ хийцгээе!

Манай компанийн ирээдүйн өсөлтийн төлөвлөгөө санхүүгийн зах зээлийн хямралын нөлөөнд автахгүй. Өнгөрсөнд бид асуудлыг эерэгээр удирдан гарсан шиг өнөөдрийн энэ хүнд хэцүү байдлыг ч эерэгээр зохицуулж, даван туулах болно.

Үйлчлүүлэгчиддээ үйлчилж ирсэн бидний туршлага, манай брандийн тогтвортой, хүчирхэг байдал, бидний одоогийн болон ирээдүйн амжилт зөвхөн та бүгдээс шалтгаална. Энэ бүхэн байгаагийн хамгийн гол шалтгаан бол та бүгд. Би та нарт итгэж байна. Таны хамтрагч гэдгээрээ туйлаас их бахархаж байна.

Урагшаа,

Ховард

Сэтгэгдэл бичих

arrow icon