5 триллионы эдийн засаг чин сэтгэл дээр тогтдог

Олон ажил сольж явсны эцэст супермаркетад касс бичих ажил дээр тогтож, эхлээд энгийн боловч ажлын техникээ бүрэн төгс эзэмших, улмаар хийж буй ажлынхаа сайн сайхан чанарыг нээж мэдсэн бүсгүйн тухай түүх нэг дурсамж сэдрээж, буулгахсан гэж санаж явсаар өнөөдрийг хүрэв. Чин сэтгэл. Чин сэтгэлээсээ хандвал ямар ч ажил сайхан. ...ийм санаа агуулcан жирийн нэг түүх уншигчдын таашаалд нийцсэн нь цаанаа нэг чихэнд чимэгтэй, тэгсэн хэрнээ нэг л хүнд, нэг л хол сонсогдох энэ ойлголтоор нийгэм цангаж байгаагийн илрэл ч байж мэднэ.

"Чин сэтгэлээсээ хандвал ямар ч ажил сайхан"

Ингээд олныг цаашид эс өгүүлж, өөрийн бяцхан дурсамжаас сөхвөл:

 

2005 оны зун хоёрдугаар курсэд суралцаж байсан үе, эдийн засгийн сэтгэлгээний философи гэж хичээл авав. Багш нь манай сургуулийн үндсэн багш биш, гаднаас ирж заадаг профессор. Хамаг хошин шогчид нь төрөн гардаг баруун японоос гаралтай, 40 эргэм насны, нэлээн том биетэй, сахалтай,  манай сургуулийн том том нүдний шилтэй туранхай багш нарыг бодвол хаа хамаагүй хоёрдугаар сувгийн онигоо ч үе үе хичээл дундуураа яриад авдаг, ихэнх баруунчуудын адил Тоокёог муулах гэж үздэг нэлээн нахаалны нөхөр байв. Адам Смитээс эхлээд Шюмпэтр хүртэл эдийн засгийн сэтгэгчдийн тухай унаган шогийн мэдрэмжээ сүлжиж ирээд их гоё ярина(эдийн засгийн ухааны үндэс нь үнэхээр тэгшитгэл биш философи юм шиг санагддаг).  Харин тэр багш хийсвэр философи зааж байсан тусмаа бидэнд, үгүй ядахад надад их үнэ цэнэтэй нэг зүйл хэлж өгсөн юм:  Марксын тухай хичээл дээр байх  

Та нар Тоодаи(манай сургуулийг тэнд ийн товчилно) төгсөөд автоматаар бүгд цагаан захтнууд болно.  Япон хэлээр бол “гэмба” буюу үйл явдал яг өрнөдөг газар, бодит ажил явагддаг талбарт ажиллаж үзэх, туршиж мэдэх шаанс одоо л оюутан байхад олдоно. Мөнгөний төлөө биш туршлага, хичээл гэдэг утгаар ажиллаж үзэцгээ. Тэгж байж намайг юу яриад байсныг, дараа нь удирдах ажил хийсэн ч тэрнийхээ утга учрыг ойлгох хараатай болно” 

гэж байна. Манай эх хэл ядуудаа биш түүх, эдийн засгийн онцлогоос хамаараад гэмба гэж үгийг яг орлох үг байхгүй. Иймд гадаад үг хэрэглэлээ гэж их шүүмжлүүлдэг ч энэ үгийг тэр хэвэнд нь хэрэглэе.

 

Хичээлээ л сайн хийх ёстой гэдэг хандлагад маань шинэ салхи үлээж, би гэр бүлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан ресторанд тогооч, Wendy’s  сүлжээ бургерийн газар касс, комбини буюу манайхаар бол найман нэрийн барааны сүлжээ дэлгүүрт касс гэсэн ажлуудыг нэг хоёр, нэг хоёр сар сэлгэн хийж үзэв. Цагаан малгай өмсөөд үйлчилгээний инээмсэглэл тодруулан  –Тавтай морил гэж чанга хоолойгоор их хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэг Шибуягийн залууст үйлчилж зогссон хорин хэдтэй охиныг одоо эргэн дурсахад хөнгөн гуниг, инээмсэглэл, эгдүү зэрэг хүрч ирнэм. Одоо бол тэр хичээлийг авсандаа, багшийн зөвлөгөөг авах зөөлөн чих нэг удаа гаргасандаа бурханд ч юм уу хувь заяанд  ч юм уу талархана. Баялаг сайхан эх хэлэндээ түшиглэж сурснаар япон хэл маань харьцангуй хурдан сайжирсан  тул төд удалгүй багшийн зөгнөн хэлж асан гэмбагаас хол ажилд оноогдож эхэлсэн. Бараг 3D(аюултай, бэрх, заваан) гэгддэг түргэн хоолны ажлыг нугалалцаж, бараа өрж, ширээ арчиж, паста чанаж, пизза эргүүлж явсан хэдхэн сард би хэзээ ч сурах бичгээс олж сурахгүй байсан өчнөөн зүйлийг сурч мэдсэн билээ. Азийн бар гэгдэх аварга эдийн засгийн эрэг шураг хаанаа байдгийг, яаж эргэж байдгийг  үндэснээс үндэсний гүнд нь очиж харсан гэж боддог.

Миний харсан “гэмба”-г тайлбарлахад  хариуцлага гэдэг үг хуурайдна. Түүнийг тайлбарлах гол түлхүүр үг бол “чин сэтгэл”. Үсээ шарлуулж будсан, өмдний салтаа нь өвдөг хүртлээ унжсан ямар ч хулигаан нь хуваарьт цагтаа орж ирээд ажлын форм өмссөн бол чин сэтгэлтэн болж хувирдаг.  Чин сэтгэлтнүүд  секундын нэгжээр зохион байгуулагдсан, оногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг, тэгээд тэр чин сэтгэлийг тулах цэгээ болгосон 5 триллионы эдийн засаг эргэдэг, өсдөг. Кассчин бүсгүй ч тэдний нэг. Хожим гэмба-д сэтгэл татагдсан би бээр зөвхөн үйлчилгээний биш эд зүйлийн үйлдвэр дотор ч орж үзсэн. Дамжлага хоорондын урсгал тасалдуулахгүйн тулд хэмнэлээ барих ёстой техник үйлдвэр нэг хэрэг. Харин хурд бүтээмж хувь хүнээс их хамаарах үйлчилгээний салбарын ажлыг ердөө л 7 хоногт 2 удаа шилжих цагаар гардаг хэдхэн оюутанд даатгаад, тэд нар нь ажил эргэх циклийг огт доголдуулахгүй, олон улсын франчаизингийн үйлчилгээний түвшинг унагаахгүй, өдөр тутмын нүсэр цэвэрлэгээг нэг булан ч оромдож үлдээлгүй уйгагүй хийж дуусгаад харьдаг...ийм  системийг бүхэлд нь хариуцлагаар тайлбарлахад хүний аз жаргал, чөлөөт хүсэл хаа нэгтээ орхигдчих ч юм шиг санагдаад байдаг. Харин хүнд гаргаад өгөх таваг хоол, касс бичих ганц шоклад,  бургертэй тор атгуулахдаа инээмсэглэх нэг агшин гэх мэт энгийн ажлаас авахуулаад бизнес хийх, улс удирдах гэх мэт бүх түвшиндээ хийх ажлынхаа утга учрыг(мөн чанар гэх нь ч зөв байж мэднэ) бүгд биш юм гэхэд ихэнх нь ухаж ойлгодог, тиймдээ ч утга учрыг нь алдагдуулалгүй чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг эдийн засгийн цавуу маягийн, эсвэл мотоорын тос маягийн том соёлыг нь яруу алдарт Тоодаигийн номын санд биш гэмбад  олж харсан. Нэг бөөрөнхий талх барьсан ч энэ талх бусдын хувьд юу билээ гэдгийг тунгааж байж хийдэг улс.  Гэхдээ ном сурах ёсгүй гэж хэлж байгаа хэрэг ерөөсөө биш. Гэмбагаас олж мэдэх боломжгүй макро хараа, түүхэн явц, гүнзгий анализ, тунгаах, мэдээлэл боловсруулах чадвар гэх мэтийг хүн ном хичээлээр л олж авна.   Мэдлэг, туршлагын аль аль нь мөн чанарыг ойлгодог болж хөгжихөд хэрэгтэй. Энд яригдаж буй сэдвийн хувьд гэхэд хэн нэгний эрх мэдэл их тусмаа чинсэтгэлгүйн төлөөсийг өөрөө болон бусад нь их үнээр төлөх болдгийг түүх хүүрнэсэн номноос л уншиж мэднэ.

Хэн нэгний эрх мэдэл их тусмаа чинсэтгэлгүйн төлөөсийг өөрөө болон бусад нь их үнээр төлөх болдог.

 Манай боловсрол бол онолоо больё гэхэд гэмбагаас хэр хол хадуурч ирснийг ярихын тулд өөр сэдвээр бичих хэрэгтэй болно, дараа болъё.  Оюутнуудын хувьд нийтлэгч Түмэнцэнгэлийн "Оюутан насны даалгавар" нийтлэлийг санал болгох байна. Ойрд кэйданрэн буюу далд засгийн газар нь гэхэд хилсдэхгүй японы хамгийн том бизнесмэнүүдийн холбооныхон айлчилж, удахгүй Монгол Японы бизнес форум болох гэж байна.  Монголчууд бид иймэрхүү сэтгэлгээтэй хүмүүстэй мөнгө, хувийн ашиг гэх мэт өнцгөөс харьцвал тэр дороо үнэ хүндээ алдана, ил илэрхийлэхгүй ч дотроо чимээгүй шүүж итгэл алддаг хүмүүс.

 

Төгсгөлд нь

Өнөөдөр номын ах Сонни өөрийн фэйсбүүк хуудаснаа Эдийн засгийн өсөлт нийгмийн хөгжлийг бий болгодог уу эсвэл Нийгмийн хөгжил өөрөө эдийн засгийн өсөлтийг бий болгодог уу? гэсэн асуулт постолж сонирхолтой хэлэлцүүлэг өрнөж харагдсан. Би хувьдаа

Нийгмийн хөгжил чин сэтгэлтнүүдийг бүтээж, чин сэтгэл эдийн засгийн өсөлтийг авчирна

гэж хариулмаар байна. Өсөлтийн үр шимийг эргээд тэднийхээ хөгжилд хөрөнгө оруулдаг болвол нийгэм хөгжлийн хэмнэлээ олно. Зарим цуврал нийтлэлээр мэдээлэл хүргэсэн домогт Мэижигийн их өсөлт ч эх орноо хэнд ч дээрэлхүүлэхгүй их гүрэн болгоно гэж шазуур зуусан самурай нарын чин сэтгэлээс л урган гарсан. Өдгөө хамгийн зоригтой, хамгийн чин бат баатрууд нь мөнгөн тэмдэгт дээр нь залран байдаг. Монгол улс иргэдээ чин сэтгэлтэй, мэдлэг туршлага хослуулсан бие хүн болгон бүтээхээс бусдаар хөгжих гарцгүй.

Шинэ улирал ирж байна. Шинэ сурагч оюутнууд ч, ажиллаж, удирдаж, судалж буй ах эгч нар нь ч өмнөх ажлынхаа мөн чанарт чин сэтгэлээсээ хандаж, Монгол эх оронд маань илүү сайхан маргааш ирэх болтугай.

 

 

Жич. Миний хувийн дурсамж, үзэл бодол тул редакцын биш хувийн тэмдэглэл хөтөлдөг хаягаар нийтлэв.


avatar
    • Tsolmon
    • 182.251.240.*

    Taalagdlaa. Монгол улс иргэдээ чин сэтгэлтэй, мэдлэг туршлага хослуулсан бие хүн болгон бүтээхээс бусдаар хөгжих гарцгүй.

    • Л.Жаргалсайхан
    • 112.72.13.*

    Замын хажуугаар урсах усыг бусад руу юман чинээ бодолгүй цацлан давхих, өөрийн барааг борлуулах гэж байж ярвай харьцах худалдагч, дээрэлхүү замын цагдаа гээд л өнөөгийн манай нийгмийн дүр төрх. Гэхдээ муугаас сайн нь илүү орчлонд бусдаас суралцахад юуны буруу байх билээ. Их л цаг хугацаа орох байх. Гэхдээ хүн бүр л сайныг сайхныг амар тайван эрүүл нийгмийг хүсдэг шүү дээ. Нийтлэлээ бичсээр байгаарай. Монгол гоё болноо.

    • Зочин
    • 43.242.243.*

    hahahahahaha

    • Encarta
    • 124.158.90.*

    chin setgel gedeg zuil xuvi xuniix gexeesee iluu xatuu chand xariuzlaga, saxilga bat, shudraga xariltsaa, xunleg setgelees uuden bii boldog baix. manai mongoliin nuxtsuld xunleg setgel yadaad ogt baixkuu boloxoor chin setgeleesee ajildaa xandyaa ch gesen ter ni xuvi xunees toimgui ix burxanlig chanar shaardax yumshig bodogdson. 200 myangan tugrugnii tsalintai ugluu 9-oos oroi 9 tsag xurtel borvi boxisxiilgui ajillaj baigaa uilchlegchdee udriin xooliig ni bish yumaa gexed uux tsai, coffeeg ni avch uguxgui nariilj baigaa murtluu xajuugaar ni uchigdur 2 sayaar xool ideed gej xeevneg yariad peedegnen, bardam alxalddag udirdlagatai gazar chin setgel yaaj bii bolxiimbe. yuunii umnu Mongold xamgiin turuund erx tegsh baidal, shudraga yos daraa ni chanartai bolovsrol, eruul mend, mungu xuuleltiin bish mergejliin bank sanxuugiin togtoltsoo xeregtei. ene bugdiig ni xangaad ugux tiim nuxtsul bololtsoog l burduulex xeregtei. ug ni zailuul mongolchuud unen genen, chigluulexed xyalbar xumuus shuudee. niislel xotiinx ni tsever, boxir usniix ni system buren evdrex shaxaad Xotiin darga ni nuguu irgedee xotoos ni, gerees ni xuuguud, amraltiin udur ta nar xuduu yavtsgaa geed zagnasan chine mashintai bolgon ni salxind garax neriidleer yavj ch baixshig. mass ni yag iim genen, alsiin bodolgui, amarxan tuilshirdag boloxoor Mongol yamar ch ireedugui oron. 1920-30aad ond bux elite ger bulee xuis temtreed, 60, 70 jil 3,4 uyeer ni bodlogoor demjeed saya neg seheeten, bolovsroltoi xumuusiin davxarga burdej baital ardchilal gesen baaxan 18-20toi zaluuchuud garch ireed niigmiig samraad bur emx zambraagui bolgochixson. tegenguut amidrax chadvar xamgiin saitai niigmiin ali xog shaar, shavxruunuud ni ene zambraagui baidlaas xojchixson. ter xog shaar shavxruunuudiin xuuxduud ni seheetenlig, eliteleg davxraag burduulexiin tuld dor xayaj daxiad 50 jil. niigmiig arai eruuleer xarax 80aad oniixon ni 30,40 jil uuriin gesen togtoltsoo, amidrax chadvartai bolchixson systemiig uurchilj chadaxgui. shiljiltiin niigmiin zolios bolchixson 90-eed oniixonoos bol yamar ch naidlaga xuleex xereggui. xarin 2000aad oniixon garch irex uyed arai tsegtsrex baix. ter chine tegeed l 2050aad on gesen ugshte. ene xurtel odoogiin ene xund garuud ni yaax ch yum bilee.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%