Нийтлэл 08 сарын 31, 2015

Өдөр бүр аз жаргалтай байхад тань туслах шинжлэх ухаанаар батлагдсан 7 зуршил

           Ажлын болоод хувийн шаардлагаар өдөр бүр хийдэг зүйлс л биднийг бүтээж, яг тухайн хоромд байгаа хүнийг бий болгодог. Сайн ч бай муу ч бай хамаагүй бид үүний нөлөөгөөр л хором бүрийг жаргал, зовлон хэмээн үнэлдэг.

Гэвч хүн бүрийн сэтгэлд нуугддаг, цор ганц хүсэл бол ердөө л аз жаргал. Зөв шалтгааныхаа төлөө зөв зүйлсийг хийсээр л байвал үр дүнд нь жаргалтай гэж тооцох хором бүр олширно. Бидний маш сайн мэддэг боловч огтхон ч хэрэгжүүлдэггүй энгийн нэгэн дадал зуршлууд л амьдралыг чимж байдаг аж. Тиймээс эдгээрийг хэвшүүлж чадсанаар стресс буурч, эрч хүч нэмэгдэж, нойрны хэв маяг сайжирч, өөрийгөө хүндлэх хүндлэл ихсэх зэрэг эрүүл мэндэд олон талын ашигтай нь хэд хэдэн судалгаагаар батлагдсан байна.

Өдөр бүр бие, сэтгэл санаа, оюун бодолдоо анхаарал тавих нь чухал. Хэдийгээр хэн нэгний хувьд байнгын зуршил нь байж болох ч бусдын хувьд огт анхаарч үздэггүй зүйл нь ч байж болно. Зөв зохистой хооллолт, тогтмол хөдөлгөөн, бясалгал хийх нь өдрийг ерөнхийд нь гэгээлэг, сайхан болгож өгдөг.

Харин танд илүү ч үгүй, дутуу ч үгүй өдрийн 24 цаг бий. Энэ цагийг хэрхэн зарцуулж байгаагаар нь хүнийг шинжиж болно. Тиймээс цаг хугацааг үнэлж, үүнийг алтнаас ч үнэтэй гэдгийг нь ухаараарай. Цагаа зөв зохистой зохицуулж сурснаар өдөр хоног илүү стресс багатай өнгөрдөг бөгөөд хэрэгцээгүй зүйлсээс холдож танд хамгийн их хамааралтай, чухал хүмүүс болоод зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болдог.  

Гэхдээ юм бүхний үндэс өөрийгөө хүндлэхээс эхэлдэг. Дараа нь бусдыг хүндэл. Хүндлэл бол ямар нэгэн зүйлийн төлөө өгч буй шагнал урамшуулал биш. Энэ бол хүн төрөлхтний үндсэн эрх. Тухайн хүн хэн байх, ямар байх нь хамаагүй хүндэлж, хүндлэгдэх эрхтэй. Өнөө үед хүндлэлийн үнэ цэнэ буурч байгаа ч та үүний тодоос тод жишээ болох хэрэгтэй.

Түүнчлэн өөртөө аз жаргалтай байх боломжийг өг. Бусадтай сайхан харьцахад л та үүнээс аз жаргалыг мэдэрнэ. Өвчтэй, сэтгэл санаагаар унасан найз нөхөдтэйгөө дэлгүүр хэс, ганц аяга кофе байсан ч бусдад өг. Тэдэнд хаалга онгойлгож өг. Ердөө л энгийн үйлдлүүд шүү дээ. Та бусадтай сайхан харьцсанаар өөрөө л илүү сайн сайхныг мэдрэх болно.

Эсрэгээрээ хов жив ярьдаг, хор хутгадаг хүмүүсээс хол байх хэрэгтэй. Ухаалаг хүмүүстэй харилцаа тогтоож, сайхан яриа өрнүүл. Сөрөг бодлоос татгалзаж, зөвхөн эерэг зүйлсийг бодож сэтгэснээр аяндаа таны амнаас ч эерэг үг л гардаг болно.

Хүмүүс танд туслахдаа хэзээд л баяртай байх болно. Үүнийг сул дорой хэн нэгэн хийдэг зүйл гэж андуурах хэрэггүй. Хүмүүсийг үнэлж, тэднээс зөвлөгөө,  тусламж хүснэ гэдэг бол ухаалаг, хүчирхэг хүний л хийдэг зүйл.

Эцэст нь амьдралдаа байгаа бүхнээрээ бахарх. Эрүүл байгаадаа, гэр орон, гэр бүл, ажил, машинтай байгаадаа, хоол хүнс, хувцас хунар худалдаж авах мөнгөтэй байгаадаа талархаж сураарай. Таны гэсэн бүхэнд талархлаа илэрхийлэх нь хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг зүйл. Бас дээр нь үргэлж инээмсэглэж байгаарай.

Сэтгэгдэл бичих

arrow icon