Шийтгэл нийгмийг өөрчилдөг гэж үү? Шагнал л хүмүүсийг хөдөлгөдөг гэж үү?

– Торгууль ногдуулснаар зөрчил буурах уу?

Ийм нэгэн асуултад хариулахаар Израилийн 10 цэцэрлэгт туршилт хийж үзжээ.
Хүүхэдтэй хүмүүс мэднэ дээ, цагаасаа хоцордог эцэг эхчүүдийг цэцэрлэг үзэн яддаг.
Израильд ч ялгаагүй, 7 хоногт дунджаар 6 -10 эх эцэг найдвартай хоцорч, цэцэрлэгийг хүндрүүлдэг байна.

– Яаж муусайн юмнуудын хариуцлагыг өндөрсгөх вэ?
– Торгууль тогтооё. Яг зөв!!!

Ингээд 10 минут тутамд 10 шекел (5100 төгрөг)-ийн торгууль тогтоов.
Үр дүн ч тэр дороо гарлаа. Сарын дараа гэхэд цагаасаа хоцордог эх эцгийн тоо даруй 3 дахин өсч, түүнээс цааш ч нэмэгдсээр...

– Торгууль зөрчлийг бууруулдаггүй юм байна...
– Үгүй ээ, харин ч торгууль тогтоосны ачаар эцэг эхчүүд баавартай гэгч нь хоцордог боллоо...

– Нэг хоцорвол 10 шекель? Тэрийг нь төлчихвөл ямар ч асуудалгүй гэсэн үг үү?
гэсээр, эцэг эхчүүд асуудлыг "мөнгөөр шийдэх" хандлагатай болж, торгуульгүй үед халгадаг байсан "эвгүй байдал" хийгээд "гэмтний сэтгэл"–ээсээ эгнэгт чөлөөлөгдөж орхив.
Торгууль ямар нэг үйлдлийг хорих байтугай, харин ч сэтгэл амар эрх чөлөө, муу зуршилд амтшуулдаг ч юм шиг.

– Дүрмээс илүү маннер
гэх үг бий. Торгуульгүй үед хүмүүс огтхон ч хоцроё гэж хоцордоггүй байв. Түүний цаана бичигдээгүй нийгмийн ёс зүй буюу маннер оршиж байсан учраас тэр.
Гэвч торгууль гэдэг "дүрэм" зохиосны ачаар, дүрмээс гажаагүй л бол дураараа тонгочиж болдог болжээ.

Гашуун сургамж авсан цэцэрлэгийнхэн 3 сарын дараа торгууль гэдэг дүрмээ санал нэгтэйгээр авч хаяв. Тэгээд амар сайхандаа жаргах гэсэн боловч нэгэнт оройтжээ. Хоцролт хорогдох төлөв огт алга. Нэгэнт гээгдсэн цэцэрлэгийн маннер дахиж сэргэхгүйгээр устсан байлаа.

Ёс зүйгээс дүрэм гаргаж болох авч, дүрмээс ёс зүй үүсгэж болдоггүй бололтой юм. Өөрөөр хэлбэл "ёс зүй → дүрэм" нь ганц урсгалтай зам шиг эд ажээ.

Тэрнээс гадна бас нэг зүйл, энэхүү туршилтын илэрхийлж буй зүйл нь рациональ эдийн засгийн онол утгаа алдсаар буйн нэг баталгаа байж ч мэдэх юм.

Стандарт эдийн засгийн онолоор бол, гаднаас үйлчилсэн хүчин зүйл (торгууль, урамшуулал г.м.) л хүмүүсийг удирдан залдаг. Нөгөө талаар, хүмүүсийн дотоод сэтгэлд байх хөдөлгөгч хүчийг хөнгөхөн хэрэгсэх (үл тоож) хандлага давамгайлж ирэв.
– Хүмүүс цалингийн төлөө л ажилдаг, тэрнээс бусад шалтгааныг хэрэгсэхгүй байж болно
гэсэн үг.
 

Хүмүүс мөнгөний төлөө л ажилладаг гэж үү?
Гэтэл сүүлийн үеийн дижитал технологийн хувьсгалууд дээх ойлголтыг сууриар нь хөмрүүлж байгааг та бид харж байна.
Интернет ертөнцөд тоймгүй олон хүн харин ч "шагнал урамшуулалгүйгээр" дуртай нь аргагүй бужигналдаж байна бус уу? (түүний нэг нь та бид 2). Linux (open source), Wikipedia, Blog, Twitter, Facebook...

Нью–Йоркийн их сургуулийн профессор Clay Shirky–ийнхээр бол, интернет ертөнц дэхь сайн дурын идэвхжилт нь мэдлэгийн илүүдэл (congnitive surplus) дээр тогтож байдаг гэнэ. Дэлхий даяар "нэг жилийн дотор нэг их наяд цагийн мэдлэг илүүдэж" байдаг юм байх. Өдрөөр тооцвол 2.7 тэрбум цаг, тоймлоод хэлбэл өдрийн 24 цагийн 1 нь илүүдэж байдаг байх нь.

Дуслыг хураавал далай болно оо гэдэг чухам энэ.

Үүний тод жишээг Кени улсаас харж болно.
2007 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал газар авч, үндэстэн хоорондын зэвсэгт мөргөлдөөндөө тулсан үед, "арга буюу"  Засгийн газраас хэвлэл мэдээлэлд хязгаарлалт хийсэн байна. Харин өмгөөлөгч Ory Okolloh амаа үдүүлээд зүгээр суусангүй, Кенид болж байгаа бодит явдлыг блог дээрээ бичиж гарчээ. Блогоороо дамжуулан мэдээлэл хуваалцахыг уриалтал тэр дороо захидалд дарагдаж орхив. Яаж ч мэрийгээд ганц хүн эмхэтгэж барахгүйд хүрчээ. Энэ үеэр хоёр програмист өмгөөлөгч хатагтайд туслахаа илэрхийлж, нүд ирмэхийн зуур програм бичиж өгснөөр асар их мэдээллийг автоматаар газрын зураг дээр эмхэтгэн дүрслэх боломжтой болжээ.
Ийнхүү засгийн газраар лацдуулсан ард түмний ам түлхүүрээ олж, иргэний дайны бодит байдлыг дэлхийн хаанаас ч хэн ч ажиглах боломжтой болсон гэдэг. 
 
Мэдээллийг газрын зураг дээр дүрсэлж шэйрлэх технологийг "crisis mapping" гэх бөгөөд, Кенийн үймээнд анхлан ашиглагджээ.
Энэхүү гайхамшигтай програм түүнээс хойш гуравхан жилийн дотор бүх дэлхийгээр тархсан. Учир нь зохиогчид болох Ushahidi нар програмаа open source буюу хэн бүхэнд үнэгүй хэрэглэж болохоор бүтээсэн юм.

Clay Shirky профессорын хэлж буйгаар

"Хүмүүст төрөлхөөс бүтээлч тэмүүлэл болон түүнийгээ бусадтай хуваалцах эрмэлзэл байдаг"

гэнэ.
Цаг нь ирэхээр энэ эрмэлзлээс гарах хөдөлгөгч хүч дижитал давалгаанд ачигдан дэлхийгээр тарж, материаллаг үнэ цэнээс ч илүү хүч болно. Тэр цаг ирэхэд бүхнийг зоосны нүх, рациональ тооцоогоор хардаг загвар зайгаа тавьж өгнө . Гаднаас үйлчлэх шийтгэл болон шагнал төдийхнөөр түүх эргэдэггүй юм аа гэнэ.

Виртуал ертөнцийг таашаадаггүй хүмүүсийнхээр бол
– Тэнд чинь дэмий хогоор дүүрэн
гэх. Яриа байхгүй үнэн. Гэвч Clay Shirky профессороор хэлүүлбээс
– Дэмий бүтээл ч бас бүтээл мөн.
 

Юу юунаас чухал нь тэрхүү "бүтээх" гэдэг үйл хэрэг юм. Ердийн нэг муурны бичлэг байсан ч болно.

(Ердөө л энэ бичлэгийг 90 сая удаа үзсэн байна гээд боддоо?!)

Номыг л бодоод үз л дээ. Анхны шинжлэх ухааны бүтээлээс 150 жилийн өмнө эротик өгүүллэг хэвлэгдэж байлаа шүү дээ.
– Тушаалаар хийдэг юм биш, цалингийн төлөө ч хийдэг юм биш

Тийм хүмүүсийн дотоод энерги интернэтийг цас шиг дарж байна. Эдийн засгийн онол үүнийг хэрхэн тааж хэлсэн билээ?


...Ер нь дэмий хог ч бай, сэтгэн бодогчийн тархиар дамжвал ямар ч том нээлт болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Ньютоны нүдэнд ердөө л нэг алим унаж харагдсан шиг, Архимедийн нүдэнд ердөө л ус тэвшнээсээ цалгисан шиг, таны дэмий нэг бүтээл өөр хэний ч тархинд оч болж харваа билээ...

Ямар ч жижигхэн зүйл бай хамаагүй, ямар ч богинохон зав бай хамаагүй, зүгээр л түүнийгээ хуваалц. Дижитал технологи тэрүүгээр чинь ямар цац суврага бүтээхээ мэднэ.

Зүгээр л шинэ үеийн Архимед, Ньютонд итгэцгээе!!!

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3264

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%