Медальд дарагдсан хүүхэд нас буюу шилдгүүдийн бүтээсэн шилдэг бус орон  

Дээр Молор-Эрдэнэ докторын лекцийг сонсож байтал медальд дарагдсан хүүхдүүдийн тухай сонин юм хэлж байна. Нэг тв-д яриа хийхээр очтол үзэгч хүүхдүүд нь хүзүүнээсээ хөлөө хүртэл битүү медальтай, нэг нь бүр хөлнөөс нь ч доош гарч, энгэртээ эвхэж тэврээд орж ирсэн аж. Нээрээ л зургийг үзвэл манлай уяачийн олон жил сойсон морь мэт. Наадахаа больж үз гэж хүүхдүүдэд захисан сурагтай. Хааяа ширүүдээд баахан дайсантай болдгоос биш голтой юм хэлдэг энэ хүний үгийг тэр хүүхдүүд ойлгосон болов  уу яасан бол.

Ер нь боловсролын үүрэг хүнтэй уралдахад хэдэд жагсаж байгаагаас үл хамааран,  хувь хүний ертөнцийг бие даасан өөрийн гэсэн үнэ цэнэ, утга учраа олтол хөгжүүлж, өөрийг нь нээж, хөтөлж өгөхөд байдаг бололтой. Зарим нэг сүрхий хүүхдийг эс тоовол даанч манай боловсрол, хүмүүжлийн орчин улам нөгөө тийш яваад байгаа юм шиг санагдана.  Одоо сойлго бүр багаас, бүр хавтгай эхэлдэг болж, хугацаа нь уртсаж, төрөл нь олширчээ.

Цэцэрлэгийн шинэ жил, бас хүүхдийн баяр боллоо. Төрөл бүрийн урлагийн номер, олны хөлд үймж ядарсан хүүхдүүдээс заримыг нь концертын төгсгөлд циин цциин циин гээд л сүржин ая явж, микрофоноор нэрийг нь дуудаад ламинатороор бүрсэн цол, урдаас авчирсан хөх алаг оосортой төмөр медаль, мөн л ард урдаас ирсэн чихэр чипс боосон гялгар уутын хамт гардуулна. Цол цолын дундаас хамгийн абсурд, хамгийн хөгийн нь “Шилдэг хүүхэд”. Хурдан уншигч, тооны аварга гэх мэт бол бас яая гэхэв. Хүүхэд хэмээх хэзээ ч хооронд нь харьцуулж, сайн мууг нь үнэлэх аргагүй дор бүрнээ өвөрмөц ертөнцийг 4, 5хан настайгаас нь тэгээд эрэмбэлээд ялгаад эхэлнэ.  Шилдэг хүүхэд байдаг бол шилдэг хүн бас байх нь. Хэдэн зуунаар, мянганаар судалж бага багаар тайлж ирсэн энэ ойлголтын өмнө Монголчууд хөнгөхөөн сайн мууг нь шийдсэн тэмдэг нэр зүүнэ... хамар ам бие хааг нь харж шийдээгүй байлтай. Шилдэг болсон хүүхэд нь хөөрхий нялх юм чинь би шилдэг гэж бодно. Бусад нь би шилдэг биш гэж бодно. Ингээд “би хэн бэ”, “хэн болох вэ” биш “би хэрхэн шилдэг болох вэ” гэдэг уралдаан эхэлнэ. Зарим нь хүнээс илүү гарч байж л өөрийгөө хүндэлдэг болно. Зарим нь бүр эрт хожигдож шийдээд хар нялхаараа өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэлгүй муу сурлагатан болох араандаа орно.

Ингээд дунд сургуульдаа орно. Аль сургууль хэний хүүхдийг хамгийн олон медальтай болгож чадсан эсэхээ үзнэ, эцэг эхэд нь хэлэх үгтэй, харуулах юмтай, төлбөрөө нэмсэн ч орох элсэгчтэй. За ингээд шилдгүүд маань шилдэг их сургуулийг сайн оноогоор цохиод авчихна. Яваандаа гайгүйнүүд нь гадаад дотоодын шилдэг их сургуульд тэтгэлэг аваад гарчихна.  Төгсөөд ажлын байранд гарна. Шилдэг ажилтан болно. Одоо юм хөгжөөд бүр нарийн болж, зөвхөн шилдгүүдийг тодруулах, ламинатор биш сүрхий жаазтай цол чимэг хэвлэх, сүржин сайхан цол бодож олох төрийн бус байгууллагууд хүртэл үүссэн. Төр нь бол угаасаа хүний хөдөлмөрийг цалингаар биш одон тэмдэгээр үнэлдэг аргатай.

Ийм олон шилдэгтэй, өсөхөөс аваад үхэх хүртэл шилдгийн даллагатай. Тийм байтал юунд улс орон маань улам бүр шилдэг бусын эгнээ рүү ухарна вэ? Хаа нэг газар юу нэгэн буруу ухагдаж, буруу үйлдэгдээд байна биш үү? 

Энэ асуултад хариулт эрэхэд туслах нэг багаж санаанд бууж байна.  Англи хэлээр doing, being гэсэн хоёр ойлголт хувь хүний хөгжлийн хэлэлцүүлэгт их гарч ирдэг. Doing нь “би юу хийж байна” гэж өөрийгөө харах, being нь ер нь би хэн бэ гэдгээ илүү харна. Эхнийх нь хувьсал хөдөлгөөнтэй, дараагийх нь харьцангуй тогтмол ойлголт. Энд хөндсөнчлөн чи шилдэг, чи мундаг, чи толгойтой гээд байхаар хүүхэд юу хийж байгаадаа биш би хэн бэ гэдэгтээ, аливааг чадаж байгаа би, бусдаас илүү би гэдэгтээ их ороогдох болж ирдэг. Гэтэл улс орны хөгжил гэдэг шилдэг бие хүмүүс(being)-ийн нийлбэр биш, бодит үйлдэл(doing)-үүдийн үр дүн бололтой. Үйлдэл хэзээ хамгийн үр дүнтэй вэ гэвэл хүмүүс тэрийг хийж байхдаа аз жаргалтай, түүндээ дурлаж хийж байхад. Өөрөөр хэлбэл дор бүрнээ бусдаас илүү гарах гэж, эсвэл шагнал авах гэж биш харин бусдаас үл хамааран хийж буй ажлынхаа процесст дур сонирхолтой, итгэл үнэмшилтэй байхад. Медаль авах,  олимпиадад түрүүлэх, нэгт жагсах, хамгийн сайн гэгдэж байгаа сургуульд сурах. Мэдээж бүх хүүхэд тийм биш  ч дандаа ийм уралдаан дунд босоо тэнхлэгт сэтгэж сурсан хүүхдийг том болсон хойно нь за тэр хүнээс илүү дутуу яах вэ,  чи яг юу хиймээр байгаа юм бэ гээд асуухаар хариултаа мэдэхээсээ мэдэхгүй нь олон таарах вий. Харин тоог медаль авахын төлөө биш 1+1=2 хэмээх өөрийнх нь нууцад дурлаж, өөрийн сонирхол, эрмэлзлээр сурсан хүн бол ажил мэргэжлээ ч тийм хандлагаар сонгодог болж магадгүй.  

Боловсролын менежмент хийсэн болох, шинэ жилээ арга хэмжээ дүүрэн болгох,  сургуулийн нэр хүндээ авч явах... томчуудын элдэв амбиц дор медалиар дарж, шилдгээр цоллож өсгөхдөө бид хүүхдүүдээ юу хиймээр байгааг нь ажиглаж,  нээн хөгжүүлж, doing-ээ олоход нь туслахгүй байна. Энэ нь макро түвшинд бол манай нийгмийг  проферциональгүй, өмнөх ажилдаа чин сэтгэлийн хандлагагүй, шилдгийн цагаан цацаг харагдахаа байчихаар л нүхэндээ орж байгаа тарвага шиг мотивацгүй болчихдог тийм бөөн being-ийн нийлбэр болгон хувиргаж байх шиг.  Мэдээж хүний нийгэмд амьдарч байгаагаас хойш өрсөлдөөн, ялалт ялагдал байх.  Гэхдээ хэн нь хэнээсээ илүү дутууд хамаг ач холбогдлыг өгөхөөс түрүүнд хүүхэд бүрийн өвөрмөц ертөнцийг хүлээн зөвшөөрч нээн хөгжүүлмээр. Медаль бол сонирхлыг нь нээж олсон хойноо тэрийг нь хөгжүүлэх арга хэрэгсэл төдий байхаас биш боловсролын зорилго байх ёсгүй. Хүүхэд нас өөрийн үнэ цэнээ медалийн тоогоор харж, насандаа гарсан генерал шиг тэрийгээ энгэр дүүрэн унжуулаад тэвэрч явах нас биш.

Сурагчийн чинь, хүүгийн чинь, охины чинь хүүхэд нас хүзүүнээс нь унжсан олон медальд татагдаад бөхийгээгүй байгаа? Ургаж, өсөж, тэмүүлж байх нас даа, уг нь. 

 

 


avatar
    • Х.Баавгай
    • 162.158.88.*

    Үнэхээр сайн өгүүлэл байна. Өнөөдөр манай хүүхдүүд боловсролын салбар, хүүхдийн байгууллага аль аль нь яг ийм болчихоод байгаа юм. Энэ нь хүүхдийг хөгжилд биш хорсолд хоцрогдолд хүргэж байна

    • Од
    • 162.158.118.*

    Бичхээсээ өмнө тэдгээр хүүхдүүдээ ямар медальд дарагдсанг нь сонирхож, медалийнх нь бичээсийг уншиж үзсэн юм уу? урлагийн үзлэг төдийхөнд авсан медаль мөрнөөс өлмий хүрэхээр их болохгүй дээ. Аль нэг спортын улсын аварга, өсвөрийн аварга, бүх ард түмний наадмын аварга, олон улсын хүүхдийн наадам, дэлхийн чанартай тэмцээний мундагуудаа муулаад байгаам биш биз? Эсвэл улс хот, дүүргийн олимпиадын аварга, эх орноо сурталчилж яваа шилдэг хүүхдүүдийн медаль л ийм их болдог юм аа. мэддэг хүний хувьд хэлэхэд. очоод уншаад үз ядаж. дараа нь бич анализ хий. битгий харснаараа дүгнэ

    • Ara
    • 162.158.59.*

    Uneheer bodoh l zuil

    • oyunaa
    • 172.68.253.*

    Nobel awsan mongol erdemten bhgui shde kkkkk

    • зочин
    • 162.158.178.*

    Ийм л учраас багшийн цалин өндөр байх ёстой юм. Ухамсар болоод оюуны өндөр чадамжтай, зөв хүн багш байсан бол юу гээд ингээд элийрээд нийгмийн ухамсрыг одоогийнх шиг доош нь чангаагаад хошин шогийн номер шиг байж бай вэ дээ.

    • Зочин
    • 27.123.214.*

    Huuhed medal avah n baidag l zuil, huuhed uramshaad tsaashid hicheene. Medaltai geed ajild orohgui, ih hurliin gishuuj bolohgui. Zugeer l ter huuhdiig uranshuulj bgan. Nasand hurchiheed eniig oilgohgui bol odoo yu gehev dee..

    • Usukhbaatar
    • 202.9.40.*

    Хөгжсөн улсын хөгжиж байсан түүх, хөгжсөний дараах бодлогыг та судлаад үзээрэй. Цөөхөн хэдэн боддог, хийдэг, удирддаг хүмүүсийн хүчээр л хөгжсөн байдаг юм. Харин нэгэнт хөгжсөний дараа тухайн улсын бодлого эрс өөрчлөгддөг юм шиг байгаа юм. Учир нь олонх хүнээсээ хэт тасраад явсан тэр чадалтай хүмүүсийн боловсрол эргээд нийгэмдээ гүйцэгдэхээ байдаг болохоор үр дүнгүй, магадгүй сөрөг нөлөөтэй болж эхэлдэг. Олонх хүмүүсийг боловсротой болгох талруугаа хандаж улс орноо хөгжүүлдэггүй юм аа гэхэд чирээд байхааргүй түвшинд аваачих гэж оролддог юм шиг байгаа юм. Хан Академи, edX гээд онлайн сургалтын үнэгүй платпормуудын зорилгыг та юу гэж дүгнэж байна вэ? Миний бодлоор нийгмийг тэр чигээр нь хөгжүүлэх, боловсролтой хүмүүсийн бүтээлийг амьдралдаа хэрэглэж чадах чадвартай болгох. Тэгж байж л хөгжлийн дараагийн шатруугаа алхах боломжтой болж байгаа юм. Жишээ математикийн ихэнх нээлтүүд зуун жилийн дараа л үр дүнгээ өгдөг юм. Учир нь тэр нээлтийг ашиглаж чадах хүн байхгүй болохоор л тэр шүү дээ. Гэтэл манайхан хөгжсөн улсын жишгийг хуулах гээд байдаг нь л тоогүй. Угаасаа Монгол хэдий цөөхүүлээ ч гэсэн нийгмийн бүхэлд нь хөгжүүлэх гээд дайраад байвал явахгүй л дээ. Бид яаж ийж байгаад цөөхөн хэдхэн чадалтай хүмүүс л бий болгох хэрэгтэй. Тэр хүмүүс бодоод, хийгээд, удирдаад эхлэхийн цагт улс орон маань хөгжөөд ирэх байлгүй дээ. Тиймээс хэдхэн хүнээ ядаж боловсролтой, хийдэг, боддог болгочих хэрэгтэй байх. Харамсалтай нь манай залуус төр засгаас дэмжүүлж дэмжүүлж сурч сурч дуусаад ид юм хийх насан дээрээ google, facebook гээл гадны компаниудад ХУВИА ХИЧЭЭГЭЭД ажиллаад явчих юм даа. Дараа нь юу ч хийж чадахгүй хөгшин үнэг болж буцаж ирээд нийгмийг үймүүлээд байх жишээний. Миний бодлоор юм хийх хүсэлтэй хүүхдүүдээ ямар нэгэн аргаар дэмжээд л байх хэрэгтэй. Нэг хэлбэр нь медаль байгаа биз. Ямар хамаа байдаг юм. Тэр хүүхэд чинь медаль авах гэж хөдөлмөрлөж байгаа, интернет тоглоомын газар тоглоод сууж байгаа хүүхдээс шал өөр биш гэж үү? Хэзээ нэгэн цагт миний зорилго медаль биш боловсрол байж гэдгээ ухаарах л болно. Ухаарахдаа би зөв замаараа явж байж ээ гээд баярлах болно. Учир нь зорилт нь өөр ч эцсийн зогсоолруу дөхөж яваа зам юм шүү дээ. Харин би нандин, би чамин, би бусдаас өөр гээд юу ч хийхгүй залхуурч суугаа хүүхэд бол багадаа хичээлээ хийдэг байж л гэж ухаарч байхад юм хийх нас нь дуусах вий дээ. Манайхан чадалтай хүүхдээ дэмжээд өгдөггүй юм аа гэхэд хойноос нь чангайхаа л больчихвол хөгжилрүү нэг алхам дөхөж байна аа л гэж бодох юм. Яагаад тэмцээнд оролцох гээд өөрийгөө дайчлаад, нойр хоолоо хасан байж бэлдэж болохгүй гэж...

    • Зочин
    • 202.131.248.*

    Yag zuv sedev hundjee. Tanii niitleliig unshih durtai shuu.

    • Зочин
    • 68.146.62.*

    Mash zuv zuiliig hundsun bna, huuhed bur uur uuriin gesen ontslog, sonirhol, husel ermelzeltei. Hun bur uur. Tiimees har nyalhaas ni eldev uraldaanaar zereglen dugaarlah, dun tavij sain muugaar ni olni umnu duudaj uralduulsan ene tenegleliig zogsooh heregtei. Ene bol yamar ch utga uchirgui unuu l neg muuhai mongol zan hiirheliin neg. Huuhdedee yadaj bie bienee hundelj bayarlalaa, udriig saihan unguruuleerei gh met naad zahin mendchilgeeg ni zaaj uguugui baij eldev shildeg mildeg gsn balai yumaar evdeh hereggui

    • 42
    • 103.9.90.*

    Манцуйтай тамирчин ТВ8 эсвэл МН25-р сувгаар гардаг нэвтрүүлэгт 4 нас хүрээгүй хүүхдүүдийг мөлхүүлж уралдуулж, нүд хөмсөг царай зүсээр нь ялгаж нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлж медал хүзүүнд зүүж өгснөөр медалийн уралдаан эхэлдэг юм болов уу. Хоёрдугаарт аав ээжүүд фэйсбүүкээр хүүхдийнхээ зургыг янз бүрээр авах ба нэг тэмцээнд оролцож байна тиймээс лайк, шэйр хийнэ үү гэх хувийн месежүүд. Хүүхэд эцэг эхдээ хайрлагдах ёстой болохоос аав ээжийн ямар нэг уралдаанд орох объект байх ёсгүй болов уу. Түрүүчийн бичвэрийг үргэлжлүүлэхэд MNC тв-ээр 5-6 настай хүүхдүүдийг хооронд нь барилдуулж алт, мөнгө, хүрэл медал хүзүүнд зүүж өгснөөр цааш үргэлжилдэг юм болов уу. Have or being ойлголтын have-д их анхаарал хандуулж байна. Медалийн уралдаан, бага ангид дүн тавих нь хүүхдийг being -ээс улам холдуулж have руу түлхэж байна. Have нь би хэрхэн байх, би хэн бэ, би яавал хүн шиг байх хүн байх вэ гэдэг ойлголтоос холдуулж медал, нэгийн тоо, дүн, албан тушаал, ... өөртөө бий болгодог. Төгсгөлд нь have -д суурилсан тв-ийн нэвтрүүлэгүүд, боловсролын систем, нийгэм өөрчлөгдөж being -д суурилахад таны нийтэл хувь нэмэр оруулах болов уу.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4868

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%