Нийтлэл 10 сарын 09, 2015

УУРХАЙН ХААЛТ-2015 ОНОЛ ПРАКТИКИЙН 10 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ

 Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо Уурхайн хаалт-2015 “Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” сэдэвт онол практикийн 10 дахь удаагийн хурлыг 9-р сарын 17-18 ны өдрүүдэд Налайх дүүрэг дэх Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуульд нийт 321 оролцогчтойгоор 2 өдрийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Германы гео-шинжлэх ухааны хүрээлэн (BGR) Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран 2006 оноос эхлэн Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал төслийн хүрээнд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт” сэдэвт шилдэг нөхөн сэргээлтийг танилцуулах, туршлага солилцох зорилготой үзүүлэх сургалт, семинарийг 250-300 оролцогчтойгоор жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Манай холбоо энэ хурлыг Германы гео-шинжлэх ухааны хүрээлэн (BGR) төсөл болон МХЕГ-тай хамтран 2014 онд зохион байгуулж, улмаар төсөл хэрэгжиж дууссантай холбогдуулан жил бүр зохион байгуулах эрхийг албан ёсоор хүлээн авсан бөгөөд энэ удаа ерөнхий зохион байгуулагчаар бусад байгууллагуудтай хамтран ажиллаа.

  1. Үндсэн хуралдаан   

2015 оны 9-р сарын 17-ны өдөр.

Хурлыг МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ нээж үг нээж үг хэлсэн бөгөөд МБОМХ-ны гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр мэндчилгээ дэвшүүлснээр хуралдааны үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Өмнөх жилүүдийн хурлаас ялгагдах онцлог нь төрийн бодлогогүйгээр орхигдсон уурхайн талбай буюу муу жишээг хуралд оролцогчдод танилцуулж уул уурхайн байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт гэхээсээ илүү том цар хүрээний асуудлуудыг хөндөж, уурхайн хаалт хийхэд тухайн орон нутгийн нийгмийн асуудал, эдийн засгийн асуудлуудыг эртнээс шийдвэрлэж цаашид тогтвортой байх зарчмыг баримталж явах чиг хандлагыг тогтоох зорилготойгоор илтгэлүүдийн агуулгыг чиглүүлсэн.

 

2015 оны 9-р сарын 18-ны өдөр.

“Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” сэдвийн хүрээнд уул уурхайн салбар дахь тулгамдсан асуудлын талаар харилцан санал солилцох, эдийн засгийн үр ашигтайгаар уурхайг хаах асуудлыг төрийн бодлого шийдвэрт тусгах, шийдвэр гаргагчдад мэргэжлийн санал зөвлөмжийг урьдчилан хүргэх зэрэг асуудлыг хэлэлцэж, уул уурхайн салбар дахь байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал, уурхайг хаах бодлогогүйгээс үүсэх эрсдэлийн тухай тогтвортой хөгжлийн өргөн хүрээнд хэлэлцэж цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлон хурлын зөвлөмжийг гаргалаа.

  1. Салбар хуралдаан

2015 оны 9-р сарын 18-ны өдөр

Энэ удаагийн хурал нь 2 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд хурлын 2 дахь өдөр хуралд оролцогчдыг 3 бүлэгт хувааж Налайхын орхигдсон уурхайн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, мөн Налайхын нүүрсний ордын үлдсэн нөөцийг цаашид ашиглах боломжийг хайх талаар салбар хуралдаан, хэлэлцүүлгийн зохион байгуулллаа. Үүнд:

  1. Налайхын уурхайн жишээн дээр эдийн засгийн асуудлыг хэлэлцэх
  2. Налайхын уурхайн жишээн дээр бүс нутгийн байгаль орчны асуудлыг хэлэлцэх
  3. Налайхын уурхайн жишээн дээр бүс нутгийн нийгмийн асуудлыг хэлэлцэх
  1. Үзэсгэлэн

Хурлын үеэр сургууль дотор байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөвлөгө үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа суртачилж үзэсгэлэн гаргала. Үзэсгэлэн гаргасан байгууллагууд:

  • “Усны Эрчим” ХХК
  • “Мон Мэп” ХХК
  • “Текдрай” ХХК
  • “Эко Нэйшнл” ХХК
  • “Миреко Монгол” төлөөлөгчийн газар
  • АНУ-Азийн сан


  1. Шагнал гардуулах ёслол

МБОМХ-ноос 21 аймагт шилдэг нөхөн сэргээлт хийж байгаа уул уурхайн компаниудын судалгаа гаргуулж санал авахаар хүсэлт бичиг хүргүүлж, санал болгосон аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн ажлын тодорхойлолт, тайлангуудыг хүлээн авч шалгаруулах ажлыг хурлын өмнө хийж гүйцэтгэсэн.

Нийт 9 аймгаас шилдэг нөхөн сэргээгчийг санал болгож тодорхойлолт, тайлангуудыг ирүүлсэн. Үүнээс 6 аймаг санал болгох нөхөн сэргээлт хийсэн шилдэг уул уурхайн компани байхгүй гэж ирүүлсэн. Харин 3 аймгаас нийт 9-н уул уурхайн компанийг шилдэг нөхөн сэргээгчээр тодорхойлж нөхөн сэргээлтийн гүйцэтгэлийн тайлангуудыг ирүүлснийг шалгаруулах комисс ажиллаж Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Платиниум Ланд” ХХК, “Илт Гоулд” ХХК, “Уулс Заамар” ХХК-уудад “Green Mining-Ногоон Уурхай шагналыг гардуулллаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon